МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ ЧАДАВХЖУУЛНА

A- A A+
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫГ ЧАДАВХЖУУЛНА

 

Боловсролын яам, Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн хамтран хэрэгжүүлж буй “Түншлэлд суурилсан техникийн болон мэргэжлийн боловсрол, сургалт II” төслийн удирдах хороо 2024 онд хэрэгжүүлсэн үйл ажиллагааны үр дүн болон 2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө хэлэлцлээ.

Уг төслийг ХБНГУ-ын Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн яам хамтран  Австралийн Засгийн газрын буцалтгүй тусламжийн санхүүжилттэйгээр 2026 оны 06 дугаар сарыг дуустал хэрэгжүүлэх юм.

Төсөл нь гүйцэтгэлд суурилсан санхүүжилтийн механизмыг нэвтрүүлэх, хосмог сургалтыг нэвтрүүлэхэд оролцогч талуудыг чадавхжуулах, жендерийн мэдрэмжтэй сургалтын орчныг дэмжих, сэргээгдэх эрчим хүчний хосмог сургалтын хөтөлбөрүүдийг нэвтрүүлэх зэрэг үндсэн зорилготой.

2024-2025 оны хичээлийн жилд дөрвөн мэргэжлийн болон техникийн боловсролын  сургалтын байгууллагад гурван компанийн 108 ажилтныг хосмог сургалтад хамруулан ажлын байран дээр сургаж байгааг, төслийн удирдах хороо хосмог сургалтыг амжилттай хэрэгжүүлж байна хэмээн онцолсон юм.

Төслийн удирдах хорооны хуралд Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал, Австралийн Элчин Сайдын Яамны дэд тэргүүн Эндрю Бэрримэн, Холбооны Бүгд Найрамдах Холбооны Герман Улсын Элчин Сайдын Яамны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн ажиллагааны хэлтсийн дарга Удо Вебер, МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Л.Төр-Од болон бусад гишүүд оролцлоо.

Төсөл нь 2025 онд мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтад гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийг  нэвтрүүлж  байгаатай  холбоотойгоор мэргэжлийн өөрийн өртөг тооцох аргачлалыг боловсруулах, хосмог сургалтын хамрах хүрээг өргөжүүлэх,  ажил олгогч, мэргэжлийн холбоодыг нийгмийн түншлэл-үйлдвэрлэлийн сургалтын арга зүйчид чадавхжуулах,  жендер болон тэгш хамрагдалтын талаар оролцоог дэмжсэн олон нийтэд чиглэсэн контентуудыг түгээх зэргээр олон үйл ажиллагаа явуулахаар төлөвлөжээ.