БОЛОВСРОЛЫН ОРЧИН ДАХЬ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ
НИЙТЛЭГ ШААРДЛАГА
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Боловсролын сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төв, сүм хийдийн шашны сургууль /цаашид “Байгууллага” гэх/ хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд өмчийн хэлбэр үл харгалзан энэхүү нийтлэг шаардлагыг мөрдөнө.
1.2.Хүүхэд хамгааллын үйлчилгээ гэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.9-д заасныг ойлгоно.
1.3."Хүүхэд хамгааллын баг" гэж боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан холбогдох журамд зааснаар ойлгоно.
1.4.Хүүхэд хамгааллын үйлчилгээнд НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандартыг мөрдлөг болгоно.
1.5.Нийгмийн ажилтан нь үйл ажиллагаандаа “Нийгмийн ажлын үйлчилгээний нийтлэг шаардлага”-ыг дагаж мөрдөнө.
1.6.Сэтгэл зүйч нь ажил, үйл ажиллагаандаа “Хүүхдэд сэтгэл зүйн тусламж, үйлчилгээ үзүүлэх нийтлэг шаардлага”-ыг дагаж мөрдөнө.
Хоёр. Хүүхэд хамгааллын үйлчилгээний хэлбэр
2.1.Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь шуурхай тусламжийн, хамгаалах, нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх хэлбэртэй байна.
2.1.1.шуурхай тусламжийн үйлчилгээнд мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах, нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хангах, холбон зуучлах үйлчилгээ багтана.
2.1.2.хамгаалах болон нөхөн сэргээх үйлчилгээнд хүүхдийг гэр бүлийн орчинд нь хамгаалах нөхөн сэргээх болон хүүхдийг гэр бүлээс нь тусдаа орчинд хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээ багтах бөгөөд хямралыг даван туулах, дэмжих, нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, сэтгэл зүйн цочрол, гэмтлийг даван туулахад туслах, танин мэдэхүй-зан үйлийн шаталсан зөвлөгөө өгөх, чадавхжуулах, дэмжих үйлчилгээ байна.
2.1.3.урьдчилан сэргийлэх үйлчилгээнд хүүхэд, эцэг эх, гэр бүл, олон нийтэд чиглэсэн, хүний нөөцийг чадавхжуулах сургалт, нөлөөллийн үйл ажиллагаа багтана.
Гурав. Хүүхэд хамгааллын үйлчилгээнд тавигдах шаардлага
3.1.Хүүхэд хамгааллын үйлчилгээ нь хүүхдийн дээд эрх ашгийг хангаж, хүүхдийн нас, хөгжлийн онцлог, ялгаатай хэрэгцээнд нь нийцсэн, хүүхдэд хор хөнөөл учруулахгүй байна.
3.2.Үйлчлүүлэгч монгол хэл мэдэхгүй, эсхүл хараа, сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй бол орчуулагч, хэлмэрчийг байлцуулж, хамтран ажиллана.
3.3.Хүүхэд хамгааллын үйлчилгээ авч буй хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалж, нууцлалын гэрээ байгуулсан байна.
3.4.Хүүхэд хамгааллын үйлчилгээний дагуу хөтөлж буй маягт, түүнийг дагалдуулан бүрдүүлсэн баримт, тэмдэглэл, гэрэл зураг, аудио бичлэг зэрэг нь нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэнэ.
3.5.Байгууллага нь хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх хүүхэд хамгааллын багтай байна, багийг захирал, эрхлэгч ахална.
3.5.1.Багийн бүрэлдэхүүнд нийгмийн ажилтан, сургалтын менежер, анги удирдсан багш, эмч, сэтгэл зүйч, дотуур байрны багш, хоол зүйч байна.
3.5.2. Баг нь үйл ажиллагааныхаа дүрмийг хурлаараа хэлэлцэн баталж мөрдөнө.
3.5.3.Нийгмийн ажилтан нь хүүхэд хамгааллын шуурхай тусламж, хамгаалах нөхөн сэргээх, урьдчилан сэргийлэх мэргэжлийн үйлчилгээг Хүүхэд хамгааллын тухай хуулийн 15 дугаар зүйлд заасан кейс менежментийн үе шатаар хүргэнэ.
3.5.4.Сэтгэл зүйч нь хүүхдийн хөгжил, сэтгэл зүйн тулгамдсан асуудал, сэтгэц зан үйлийн төлөв байдлыг үнэлэх, оношлох, дүгнэлт гаргах, сэтгэл зүйн ганцаарчилсан болон бүлгийн зөвлөгөө өгөх, нөхөн сэргээх, сэтгэл зүйн сургалт, үйлчилгээг зохион байгуулна.
3.5.5.Эмч нь Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнээс гадна хоёр дахь болон гурав дахь шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээ шаардлагатай, эсхүл бусад мэргэжилтний тусламж, үйлчилгээ шаардлагатай бол хүүхдийг холбогдох эмнэлэг, сургуулийн хүүхэд хамгааллын баг болон хорооны хамтарсан багт холбон зуучилж, үйлчлүүлэгчийн мэдээллийг холбон зуучлах маягтын дагуу шилжүүлнэ.
3.5.6.Багийн гишүүн бүр үйлчлүүлэгчийн нууцыг хадгалах, ёс зүйн гэрээ байгуулсан байна.
3.5.7.Баг нь шаардлагатай тохиолдолд хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороотой хамтран ажиллана.
Дөрөв.Шуурхай тусламжийн үйлчилгээ
4.1.Шуурхай тусламжийн үйлчилгээнд мэдээлэл хүлээн авах, илрүүлэх, шалгах, нөхцөл байдлын үнэлгээ хийх, аюулгүй байдлыг хангах, холбон зуучлах үйлчилгээ /үе шат/ багтана.
4.4.1.Хүүхдийн амь нас, эрүүл мэндэд шууд аюул учруулах эрсдэлтэй үед аль ойр эмнэлгийн байгууллагад холбож, шуурхай тусламж үзүүлнэ.
4.1.2.Эрсдэлийн үнэлгээгээр илэрсэн бэртэл, гэмтлийг яаралтай эмчлэх шаардлагатай тохиолдолд эмнэлэг, хууль эрх зүйн шуурхай тусламж үзүүлж, сэтгэл зүйн болон нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээ үзүүлж, гэр бүлд мэдэгдэнэ.
4.1.3.Хүүхдийн аюулгүй байдал алдагдсан тухай мэдсэн, таамагласан, илрүүлсэн тохиолдолд 24 цагийн дотор сургуулийн захирал, нийгмийн ажилтанд мэдээлнэ.
4.1.4.Дуудлага, мэдээллийг хүлээн авснаас хойш 24 цагийн дотор нөхцөл байдлын үнэлгээг сургуулийн нийгмийн ажилтан хийнэ.
Тав.Хамгаалах болон нөхөн сэргээх үйлчилгээ
5.1.Хүүхэд хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээнд хүчирхийллийн хохирогч хүүхдийг хамруулж, сэтгэл зүйн цочрол, гэмтэл, хямралыг даван туулахад нь туслах, дэмжих, нийгэм сэтгэл зүйн зөвлөгөө өгөх, танин мэдэхүй-зан үйлийн шаталсан зөвлөгөө өгөх, чадавхжуулах үйлчилгээ, үйл ажиллагаа хамаарна.
5.1.1.Эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үзүүлэх хамгаалах, нөхөн сэргээх үйлчилгээг хүүхдийн нөхцөл байдлыг үнэлэх, үйлчилгээг төлөвлөх, хүргэх, үнэлэх, төгсгөх гэсэн үе шатаар хүргэнэ.
5.1.2.Боловсролын орчин дахь ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд зориулсан хамгаалах нөхөн сэргээх үйлчилгээний төлөвлөгөө, хөтөлбөртэй байна.
5.1.3.Хамгаалах болон нөхөн сэргээх үйлчилгээг тухайн кейсийн нөхцөл байдлаас хамаарч нийгмийн ажилтан, сэтгэл зүйч удирдан чиглүүлж, хүүхэд, гэр бүлтэй ажиллах төлөвлөгөөний дагуу кейсийг үнэлж, хаах хүртэлх мэдээллийг цаасан хэлбэрээр кейс файлд хадгалж, мэдээллийн сан үүсгэнэ.
5.1.4.Хүүхэд хамтарсан баг болон бусад байгууллагаас хамгааллын үйлчилгээг гэр бүлээс бусад орчинд авч байх хугацаанд хичээл, сургалтын үйл ажиллагаанд танхимаар хамрагдах боломжгүй тохиолдолд сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй байх нөхцөлийг бүрдүүлнэ.
5.1.5.Кейсийг хааснаас хойш 3-6 сарын ажиглалтын хугацаанд байлгах бөгөөд үүний дараа кейсийг бүрэн хаагдсан гэж үзнэ.
Зургаа.Урьдчилан сэргийлэх үйлчилгээ
6.1.Хүүхэд хамгааллын үйлчилгээний урьдчилан сэргийлэх үйлчилгээг анхдагч, хоёрдогч, гуравдагч урьдчилан сэргийлэлт гэсэн гурван түвшинд хүргэнэ.
6.1.1.Анхдагч урьдчилан сэргийлэх үйлчилгээ, үйл ажиллагаа нь нийт суралцагч, сургуулийн ажилтан, албан хаагчдын хүүхдийн эсрэг хүчирхийллээс урьдчилан сэргийлэх ойлголт, мэдлэгийг нэмэгдүүлэх үйл ажиллагаа байна.
6.1.2.Хоёрдогч урьдчилан сэргийлэх үйлчилгээ, үйл ажиллагаа нь эрсдэлт бүлгийн суралцагчдыг хүүхдийн эсрэг хүчирхийллээс хамгаалах, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйлчилгээ үйл ажиллагаа хамаарна.
6.1.3.Гуравдагч урьдчилан сэргийлэх үйлчилгээ, үйл ажиллагаанд хүчирхийлэлд өртсөн суралцагчийг дахин хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэхэд чиглэсэн үйлчилгээ, үйл ажиллагаа хамаарна.
6.2.Урьдчилан сэргийлэх сургалт, нөлөөллийн ажлын агуулга нь:
6.2.1.Хүүхдэд бол хүүхдийг эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, тэдний хөгжил, оролцоог дэмжих;
6.2.2.Эцэг эх, гэр бүлд чиглэсэн бол хүүхдийн эрх, жендэр, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хүүхдийн нас, сэтгэхүй, хөгжлийн онцлогт тохирсон өсгөн хүмүүжүүлэх, амьдрах ухаан, гэр бүлийн боловсрол олгох;
6.2.3.Олон нийтэд чиглэсэн бол хүүхдийн эсрэг хүчирхийллийг үл тэвчих хандлага, соёлыг бэхжүүлэх;
6.2.4.Хүүхэд хамгааллын салбарын болон салбар дундын байгууллагуудын хүний нөөцийг чадавхжуулахад чиглэсэн бол салбар дундын зохицуулалтыг хангах сургалт, нөлөөллийн ажил.
Долоо. Байгууллагад тавигдах шаардлага
7.1.Байгууллага нь хүүхэд хамгааллын бодлоготой, төлөвлөгөөтэй байна.
7.2. Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх төсөвтэй байна.
7.3.Багш, ажилтныг хүүхэдтэй зүй бус үг хэллэг, үйлдэл, зан байдал гаргахгүй байх, аливаа хэлбэрээр дарамт үзүүлэхгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх ёс зүйн хэм хэмжээг сахин биелүүлэх, хүүхдийн эрхэд суурилсан боловсролын үйлчилгээ үзүүлэх, холбон зуучлах болон бусад байгууллагатай хамтран ажиллах, хүүхдийн эрх, хамгаалал, хүүхэд хүмүүжлийн эерэг аргад сургах талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх сургалтад тогтмол хамруулна.
7.4.Байгууллага нь сургалтын орчинд хүүхэд хүчирхийлэл, гэмт хэрэг, зөрчил, үл хайхрах байдал, эрсдэл, үе тэнгийн дээрэлхэлтэд өртсөн болон өртсөн байж болзошгүй, хүүхдийн аюулгүй байдал алдагдсан талаар гомдол, мэдээллийг хүлээн авах нээлттэй сувагтай байна.
7.5.Гомдол, мэдээллийн дагуу хариу арга хэмжээ авах, харьяа орон нутгийн хүүхэд, гэр бүлийн асуудал хариуцсан байгууллага, эсхүл хүүхдийн тусламжийн 108 тусгай дугаар, цагдаагийн 102, 107 тусгай дугаарт шилжүүлэх талаар тодорхой заавартай байна.
7.6.Холбон зуучлах үйлчилгээний хүрээнд хамтран ажиллах мэргэжлийн байгууллагын жагсаалттай байна.
7.7.Мэдээллийн аюулгүй байдлыг хангах, үйлчлүүлэгчийн талаарх мэдээлэлтэй харьцах эрх, үүргийг холбогдох журам, зааварт тусгасан байна.
7.8.Хүүхэдтэй шууд ба шууд бус харьцах багш, ажилтан, сайн дурын ажилтан ажилд авахдаа өмнөх ажил олгогчийн тодорхойлолт, хүүхдийн эсрэг хүчирхийллийн зөрчил, гэмт хэрэгт холбогдож байгаагүй эсэх лавлагаа шаардана.
7.9.Хүүхэд хамгааллын багийн гишүүд болон нийт багш, ажилтантай байгуулах хөдөлмөрийн гэрээнд тусгайлан хүүхдийн хувийн нууцыг чанд хадгалах тухай заалт тусгасан байна.
7.10.Шинээр ажилд орсон хүүхэдтэй шууд ба шууд бус харилцан ажиллах бүх багш, ажилтанд багшийн ёс зүйн дүрмийн заалтуудыг танилцуулж, хүлээн зөвшөөрсөн гарын үсэг зуруулсан байна.
7.11.Байгууллагад бусад байгууллагаас мэргэжилтэн, аливаа байгууллагын төлөөлөл ирж ажиллах үед гэрээ байгуулсан байна.
7.12.Багш, ажилтныг хүүхдийн эрх, хамгаалал, хүүхдийн аюулгүй байдлыг хангах талаар хууль, эрх зүйн баримт бичгийн агуулгын хүрээнд 2 цагаас доошгүй шаталсан сургалтад улирал тутам хамруулсан байна.
7.13.Багш, ажилтныг хүүхдийн үнэт зүйлийг нь хүндэтгэж, сэтгэцийн байдал болон бодол мэдрэмжүүдийг ойлгож, сэтгэл хөдлөлийг нь мэдэрч, хүүхдийн үгийг анхааралтай сонсож, харилцах арга зүйд сургасан байна.
7.14.Хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагаанд хүүхэд хамгааллын асуудлыг харгалзан үзэж, хүүхдийн аюулгүй байдлыг ханган, хоол хүнс, тээвэрлэлтэнд онцгой анхаарал хандуулан үйлчилнэ.
хүүхэд гэмтэж бэртэх, зам тээврийн осол хэрэгт өртөх, хүүхэд тээвэрлэх автобусны бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, техникийн үзлэгт бүрэн хамрагдсан байна.
7.15.Байгууллага нь дор дурдсан орчин бүрдүүлсэн байна.
7.15.1.Хүүхэдтэй уулзалт хийх, нийгэм, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх, зөвлөгөө өгөх тусгайлсан өрөөтэй байна. Өрөө нь хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирсон, хүүхдэд тав тухай уур амьсгалыг бүрдүүлсэн, зөөлөн буйдан, сандал, сэтгүүлийн ширээ, сэтгэл зүйн тусламж, үйлчилгээнд ашиглах тоглоом, төхөөрөмж, хэрэглэгдэхүүнтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд зориулсан нөхцөлийг бүрдүүлсэн байна.
7.15.2.Эмчийн өрөө нь яаралтай тусламжийн эм хэрэгсэл, эмийн цоожтой шүүгээ, жин, өндрийн хэмжүүр, чагнуур, даралт хэмжигч, үзлэг хийх зориулалтын ор, сандал, ширээ, суралцагчийн эрүүл мэндийн карт, түүнийг хадгалах шүүгээ, охидын сарын тэмдгийн үед туслах яаралтай тусламжийн багцтай байна.
7.15.3.Хүүхэд хамгааллын баг сургалтын гадаад болон дотоод орчинд эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөлтэй жилд 2 удаа эрсдэлийн үнэлгээ хийнэ.
7.15.4.Яаралтай, шуурхай тусламжийн үед хүүхэд ашиглаж болох утасны цэг, анхны тусламжийн хайрцагтай байна.
Найм.Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх
багш, ажилтанд тавигдах шаардлага
8.1.Хүүхдэд үзүүлж буй тусламж, үйлчилгээний мэргэжлийн чиглэлээр боловсрол эзэмшсэн байна.
8.2.Хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хариуцлага хүлээгээгүй байна.
8.3.Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх чиглэлээр мэргэжил дээшлүүлэх, мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байна.
8.4.Нийгмийн ажилтан нь кейс менежментийн явцад үйлчлүүлэгчийн мэдээллийг холбогдох шаардлагын дагуу тухай бүрд хөтлөх, цаас эсхүл цахим хэлбэрээр тэмдэглэж, архивын ажлын үндсэн зааврын дагуу кейс файлыг бүрдүүлж, мэдээллийн аюулгүй байдлыг хангаж ажиллах мэдлэг, ур чадвартай байна.
8.5.Нийгмийн ажилтан нь мэргэжил боловсролоо дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдах, мэргэжлийн удирдлагын уулзалт, хэлэлцүүлэгт тогтмол оролцох, мэргэжлээрээ өсөж хөгжих, тасралтгүй суралцах, үйлчлүүлэгчид нийгмийн ажлын мэргэжлийн үйлчилгээг үр дүнтэй үзүүлэх мэдлэг, ур чадвартай байна.
8.6.Сэтгэл зүйч нь эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд үүссэн сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг үнэлэх, оношлох, зөвлөгөө, үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлэх ажиллах чадвартай байна.
8.7.Нийгмийн ажилтан, сэтгэл зүйч нь мэргэжлийн болон салбар дундын мэргэжилтнүүдтэй хамтран ажиллах, зөвшилцөх мэдлэг, чадвартай байна.
Саналаа dulamsuren@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
--000--