ИРГЭНИЙ АЛБАН БУС БОЛОВСРОЛ БОЛОН АМЬДРАЛЫН ОРЧИНД СУРАЛЦАЖ ЭЗЭМШСЭН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ АЛБАН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМын төсөлд санал авч байна

A- A A+
ИРГЭНИЙ АЛБАН БУС БОЛОВСРОЛ БОЛОН АМЬДРАЛЫН ОРЧИНД СУРАЛЦАЖ ЭЗЭМШСЭН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ АЛБАН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМын төсөлд санал авч байна

Журмын  саналыг bolorchimeg.j@moe.gov.mn хаягаар авна. 

ИРГЭНИЙ АЛБАН БУС БОЛОВСРОЛ БОЛОН АМЬДРАЛЫН ОРЧИНД СУРАЛЦАЖ ЭЗЭМШСЭН МЭДЛЭГ, ЧАДВАРЫГ АЛБАН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦООНД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөх, баталгаажуулахтай холбогдох харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах үйл ажиллагаа нь хүний эрхийг хүндэтгэсэн, сурч боловсрох эрхийг дээдэлсэн, ашиг сонирхлын зөрчил, аливаа ялгаварлан гадуурхалтаас ангид байх,  хөгжлийн онцлогт нийцсэн, нээлттэй, ил тод байна.
1.3.Иргэний эзэмшсэн мэдлэг, чадварыг баталгаажуулахад Засгийн газрын тогтоолоор батлагдсан хүчин төгөлдөр үйлчилж байгаа мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг баримтална. 
                 1.3.1.мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийн I-VII түвшинд хамаарах суурь чадамжийн суралцахуй, бага, суурь, бүрэн дунд боловсрол, мэргэжлийн боловсрол, техникийн боловсрол, дэд бакалавр (диплом) гэх боловсролын түвшинг баталгаажуулна.
1.4.Аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэс, ерөнхий боловсролын сургуулийн удирдлагууд Боловсролын ерөнхий хуулийн 31.1.1, 32.1.2 -т заасны дагуу  сум, дүүрэг, баг, хорооны Засаг даргын үйл ажиллагааг дэмжин, хэрэгжүүлэхэд хамтран ажиллана.
1.5.Боловсролын ерөнхий хуулийн 9.7-д заасны дагуу  суралцагч нь тухайн түвшний боловсролын агуулгыг бүрэн эзэмшээгүй тохиолдолд аливаа боловсролын баримт бичиг олгохгүй.
1.6.Иргэний суурь чадамжийн суралцахуй ,ерөнхий боловсролын бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшинг түвшин бүрд тодорхойлж, баталгаажуулна. Боловсролын түвшинг алгасаж тодорхойлж, баталгаажуулахгүй. 

Хоёр. Иргэн хүсэлт гаргах
2.1.Иргэн албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцаж эзэмшсэн, мэдлэг, чадвараа албан боловсролын түвшинд хүлээн зөвшөөрүүлэх, баталгаажуулах хүсэлтээ тухайн аймаг, дүүргийн Насан туршийн суралцахуйн төв (цаашид “төв” гэх)-д гаргана.        
2.1.1.Алслагдсан сум, багийн иргэн хүсэлтээ албан бус боловсролын 
багшаар дамжуулан төвд өгч болно.
2.2.Иргэн хүсэлтээ гаргахад дараах баримт бичгийг бүрдүүлнэ:
2.2.1.өргөдөл; 
                2.2.2.төрсний гэрчилгээ эсхүл иргэний үнэмлэхийн хуулбар (лавлагаа);
     2.2.3.иргэн боловсролын сургалтын байгууллагад өмнө нь суралцаж байсан бол нотлох баримт бичиг (эх хувь эсхүл хуулбар үнэн)-ийн хамт;
     2.2.4.иргэн амьдралын орчноос сурсан мэдлэг, чадвар эзэмшсэнийг нотлох баримт бичиг  (бүтээлийн сан, ажлын байрны тодорхойлолт, тухайн улсад ажилласныг тодорхойлох баримт,  зураг, дүрс бичлэг, бусад)-ийн хамт; 

Гурав. Зохион байгуулалт
3.1.Төв энэхүү журмын 2.2-т заасан иргэний хүсэлтийг боловсролын салбарын мэдээллийн системд бүртгэнэ.
3.2.Төв нь хүсэлт гаргасан иргэний холбогдох баримт бичгийг хянаж, шаардлагатай тохиолдолд түвшин тодорхойлогчоор үнэлгээг зохион байгуулж болно. 
3.3.Аймгийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтсийн даргын тушаалаар иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах ажлын хэсгийг 5-7 хүний бүрэлдэхүүнтэй байгуулна.  
3.3.1.боловсролын I түвшинг тодорхойлох, баталгаажуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс, төв, сургуулийн өмнөх боловсролын төлөөлөл;
3.3.2.боловсролын II-IV түвшинг тодорхойлох, баталгаажуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс, төв, ерөнхий боловсролын сургуулийн төлөөлөл;
3.3.3.боловсролын V-VI түвшинг тодорхойлох, баталгаажуулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтэс, төв, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын төлөөлөл;
3.4.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь иргэний албан бус боловсрол, амьдралын орчноос суралцсан мэдлэг, чадвар, төлөвшлийг тодорхойлох, суралцахуйн үр дүнг албан боловсролын I-VII түвшинд дүйцүүлэх даалгаврын санг боловсруулан, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллана. 
3.5.Боловсролын I түвшинг тодорхойлон хүлээн зөвшөөрч баталгаажуулахад:
3.5.1.суурь чадамжийн суралцахуйг тодорхойлон баталгаажуулахад сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 4.3-д заалт, 21 дүгээр зүйлээр зохицуулна. 
3.6.Боловсролын II-IV түвшинг тодорхойлон хүлээн зөвшөөрч баталгаажуулахад:
      3.6.1.сургуульд огт суугаагүй иргэний боловсролын түвшинг тодорхойлон  баталгаажуулахад энэхүү журмын 3.3.2-т заасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн зохих түвшинг тухайн орон нутгийн сургалтын байгууллага баталгаажуулан, үргэлжлүүлэн суралцахад төв зохион байгуулалт хийнэ. 
      3.6.2.бага болон суурь боловсролтой 18 нас хүртлэх иргэний боловсролын түвшинг тодорхойлж  баталгаажуулахад энэхүү журмын 3.3.2-т заасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн зохих түвшний ангид үргэлжлүүлэн суралцахад төв зохион байгуулалт хийнэ.
      3.6.3.бага болон суурь боловсролтой 18-35 нас хүртлэх иргэний боловсролын түвшинг тодорхойлж  баталгаажуулахад энэхүү журмын 3.3.2-т заасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн танхим болон цахим хосолсон хэлбэрээр, цаг хугацаа орон зайг үл хамааран үргэлжлүүлэн суралцахад төв зохион байгуулалт хийж, тухайн орон нутгийн сургалтын байгууллага боловсролын түвшинг баталгаажуулна.  

      3.6.4.бага болон суурь боловсролтой 35-аас дээш насны иргэний боловсролын түвшинг тодорхойлж  баталгаажуулахад энэхүү журмын 3.3.2-т заасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн бүрэн дунд боловсролын түвшинг тухайн орон нутгийн сургалтын байгууллага баталгаажуулан, үргэлжлүүлэн суралцахад төв зохион байгуулалт хийнэ.
3.7.Боловсролын IV-VI түвшинг тодорхойлон хүлээн зөвшөөрч баталгаажуулахад:
      3.7.1.иргэний эзэмшсэн мэдлэг, ур чадвар, амьдралын орчноос олж авсан мэргэшлийн түвшин дэх чадварыг үнэлэх, хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах харилцааг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8.2,  Хөдөлмөрийн тухай хуулийн 17.4-т заасан журмаар зохицуулна. 
3.8.Боловсролын VII түвшинг тодорхойлон хүлээн зөвшөөрч баталгаажуулахад:
    3.8.1.иргэний боловсролын VII түвшинг баталгаажуулахад Дээд боловсролын тухай хуулийн 20.8-д заасан журмаар зохицуулна.  
3.9.Боловсролын удирдлага мэдээллийн системд иргэний эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөх, баталгаажуулахад дараах бичиг баримтыг хавсаргана:
3.9.1.ажлын хэсгийн тушаал
3.9.2.үнэлгээний хуудас
3.9.3.хувийн хэрэг 
3.10.Боловсролын удирдлага мэдээллийн системд энэхүү журмын 3.9-д заасан бичиг баримтыг үндэслэн иргэний боловсролын түвшинг баталгаажуулна. 
3.11.Иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрч баталгаажуулсан тохиолдолд холбогдох түвшний боловсролын баримт бичгийг Боловсролын ерөнхий хуулийн 9.3-т заасан журмын дагуу олгоно.
3.12.Иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах, суралцагчийн статистик тоон мэдээллийг тогтоосон хугацаанд Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргүүлнэ.

Дөрөв. Оролцогч талуудын чиг үүрэг
4.1.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хэрэгжилтийг хангаж мэргэжил, арга зүйн удирдлага, зохион байгуулалтаар хангана. 
4.2.Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн уян хатан сургалтын хөтөлбөр боловсруулан хамтран ажиллана. 
4.3.Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага нь түвшин бүрд тохирсон уян хатан даалгаврын сан боловсруулна.
4.4.Боловсролын мэдээлэл технологийн төв мэдээллийн их өгөгдлийн сан үүсгэн цахим санг хөгжүүлнэ. 
4.5.Аймаг, нийслэлийн Боловсролын газар нь төвийн үйл ажиллагаанд холбогдох хуулийн хүрээнд дэмжлэг үзүүлэн хамтран ажиллана. 
4.6.Боловсролын сургалтын байгууллага нь аливаа ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлж, боловсролд тэгш хамруулан сургууль завсардалт үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллана.
4.7.Төв энэхүү журмын 4.1-4.6-д заасан байгууллагуудтай хамтран иргэний албан бус боловсрол болон амьдралын орчинд суралцаж эзэмшсэн мэдлэг, чадварыг албан боловсролын тогтолцоонд хүлээн зөвшөөрөх, баталгаажуулах үйл ажиллагааг зохион байгуулах, иргэдэд зөвлөн туслах үйлчилгээг үзүүлж хэрэгжилтийг ханган ажиллана.

Тав. Санхүүжилт 
5.1.Иргэн боловсрол нөхөн эзэмшихээр боловролын сургалтын байгууллагад цахим системд бүртгэгдсэн суралцагчийн ноогдох хувьсах зардлын санхүүжилтээс боловсролын түвшин тогтоох баталгаажуулах, зохион байгуулах төвд зохих санхүүжилтийг олгоно. 
5.2.Иргэний анхан шатны бүртгэлийг хийхэд төв бүртгэлийн хураамжийг дотоод журмын дагуу авч болно.

Зургаа. Бусад
6.1.Иргэний боловсролын II-IV түвшинг тодорхойлох, баталгаажуулахад боловсролын түвшинг хүлээн зөвшөөрөхгүй тохиолдолд гомдлоо зохион байгуулсан тухайн өдөрт багтаан үнэлгээний багт гаргаж ажлын 5 хоногт шийдвэрлүүлнэ.
6.2.Иргэний гаргасан өргөдөл, гомдлыг энэхүү журмын 5.1-д заасан хугацаанд шийдвэрлээгүй бол аймгийн Боловсролын газар, дүүргийн Боловсролын хэлтэст хүсэлт гаргаж өргөдөл гомдлын тухай хуулийн дагуу гомдлоо шийдвэрлүүлнэ.
6.3.Боловсролын баримт бичгийг хууль бусаар олгосон, хуурамчаар үйлдсэн, хүчингүй баримт бичгийг баталгаажуулсан тохиолдолд буруутай этгээдэд холбогдох хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.


--o0o—