Засгийн Газраас 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулан бэлтгэл ажлыг хангах, боловсролын салбарт авч хэрэгжүүлэх шинэчлэлийн бодлого, арга хэмжээ, шаардлагатай хөрөнгө оруулалт, төсвийн санал боловсруулах чиг үүрэг бүхий ажлын хэсгийг Ерөнхий сайдын захирамжаар байгуулсан юм.
Тус ажлын хэсэг өнөөдөр анхны хуралаа хийж, Боловсролын яамны Нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Оюунаагийн “Боловсрол ба бусад салбарын хөгжлийн үзүүлэлтүүдийн уялдаа”, Боловсролын яамны Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Батцэцэгийн “Дунд хугацаанд боловсролын салбарт шаардагдах төсөв, хөрөнгө оруулалтын тухай” илтгэлүүдийг хэлэлцлээ.
Мөн Боловсролын сайд, тус ажлын хэсгийн ахлагч П.Наранбаярын “Ажлын хэсгийн үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн тухай” санал солилцов.
Үйл ажиллагааны төлөвлөгөөний төсөл нь Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт туссан "Эрдэм боловсролтой Монгол хүн" зорилгыг хэрэгжүүлэх, тэгш, хүртээмжтэй, чанартай боловсролын нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх зорилготой юм.
Тус төсөлд “Боловсролын салбарын 2026 оны төсвийн нээлттэй хэлэлцүүлэг, зөвлөлдөх уулзалт зохион байгуулах”, “Боловсролын хүртээмж, чанарыг сайжруулах чиглэлээр 2026 онд хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээний ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ, түүний эх үүсвэрийг тодорхой болгож, Засгийн газраар хэлэлцүүлж, батлуулах”, “Багшийн нийгмийн хамгааллын цогц арга хэмжээг танилцуулах уулзалтыг холбогдох ҮЭ-ийн байгууллагатай хамтран зохион байгуулах”, “Улаанбаатар болон бүсүүдэд төрөлжсөн ахлах сургуулийг нээх”, “Ажиллангаа сурах боломжийг олгох ТХХТ-д суурилсан хосмог сургалтын нээлт хийх” зэрэг томоохон ажлуудыг төлөвлөжээ.