Боловсролын яам, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн үдийн хоол үйлдвэрлэлийг дэмжих төсөл”-ийн хүрээнд туршлага солилцох үйл ажиллагаа Дундговь аймагт зохион байгуулагдлаа.
Боловсролын яам, Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газар, ЖАЙКА, Шинжлэх ухаан технологийн их сургууль, Дундговь аймгийн Боловсролын газар, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Дундговь аймгийн 15 сумын ерөнхий боловсролын 19 сургуулийн захирал, менежер, хоол зүйч, тогооч нараас гадна Говьсүмбэр аймгийн Боловсролын газар, 5 сургууль, 3 цэцэрлэг, 1 политехник коллежийн хоол зүйч, тогооч нар нийт 71 хүн оролцлоо.
Дундговь аймаг нь төслийн хүрээнд шим тэжээлийн тэнцвэртэй “НЭГДСЭН ЦЭС”-ийг аймгийн хэмжээнд хэрэгжүүлж байгаагаа туршлага солилцох хүрээнд цэцэрлэг, сургуулийн хоол үйлдвэрлэлд тэнцвэртэй хоолны цэсийг нэгдсэн байдлаар зохион байгуулах арга зүй, хоол шим тэжээлийн боловсрол олгох, хүний нөөц, хүнсний хангамжийг зохион байгуулах талаарх арга зүйг төсөл хэрэгжүүлж буй загвар сургуулиудын үр дүнгийн хүрээнд танилцуулсан юм.
Тус аймгийн хувьд төслийн хүрээнд аймгийн цэцэрлэг, сургуулийн хийсэн судалгааны үр дүнд тулгуурлан Засаг даргын санаачилгаар аймгийн хэмжээнд цэцэрлэг болон ерөнхий боловсролын сургуулийн 1-5 ангийн суралцагчдад “СҮҮ ХӨТӨЛБӨР”-ийг 2023 оноос эхлэн хэрэгжүүлж 2025 онд хөтөлбөрийг өргөжүүлэн ерөнхий боловсролын сургуулийн дунд болон ахлах ангийн сурагчдыг хамруулжээ.
Арга хэмжээний үеэр жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг “ХҮҮХДИЙН ШИМ ТЭЖЭЭЛТ ХООЛ” уралдааныг аймгийн Засаг дарга ивээл дор гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж Говьсүмбэр аймгийн төрийн өмчийн 17 цэцэрлэг, 14 сургууль, 1 политехник коллежийн нийт 32 тогооч оролцож мэдлэг, ур чадвараараа өрсөлдөн шагналтнуудаа тодруулав.