Монгол Улсын Цахим үндэстэн болох зорилгын хүрээнд “Олон нийтийн цахим мэдээллийн ажилтан” (ОНЦМА) төслийг НҮБ-ын Хүүхдийн Сангийн санаачилгаар Боловсролын яам, Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам хамтран амжилттай хэрэгжүүллээ.
Дархан-Уул, Орхон, Дорнод, Хэнтий аймаг болон Улаанбаатар хотын нийт 35 сургуулийг түшиглэн хэрэгжсэн тус туршилтийн төсийн хүрээнд 70 гаруй багшийг сургалтад хамруулан, төрийн цахим үйлчилгээ болон боловсролын цахим платформуудыг хэрхэн ашиглах, цахим орчинд аюулгүй байдлыг хэрхэн хангах, сургуулийн интернэт холболтын чанар, хурд зэрэг мэдээллийг тогтмол хянаж, багахан эвдрэл гэмтлийг засах чадвартай болгосон юм.
“Олон нийтийн цахим мэдээллийн ажилтан” буюу товчоор ОНЦМА болон бэлтгэгдсэн багш нар тухайн орон нутгийн ахмад настан, эцэг эх, сурагчдад цахим боловсролын суурь мэдлэг олгох, төрийн болон боловсролын цахим үйлчилгээнүүдийг хэрхэн авах талаах сургалтуудыг 10 000 гаруй хүнд явуулжээ.
ОНЦМА нар 350 сурагч “Өсвөрийн Цахим Манлайлагч” нарыг бэлтгэж, сургасан. Тэд Eduten, Pearson, Medle зэрэг олон улсын цахим сургалтын платформуудыг ашиглахад бага ангийн дүү нартаа тусалж, үе тэнгийнхэндээ цахим орчны зохистой хэрэглээг түгээж ажилласан нь төслийн томоохон үр дүн юм.