Булган аймагт Хойд бүсийн зөвлөлийн анхдугаар хуралдаан амжилттай зохион байгуулагдлаа. Хуралдаанд Булган, Орхон, Хөвсгөл аймгийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид, иргэд оролцож, бүсийн хөгжлийн зорилт, тулгамдаж буй асуудлууд болон тэргүүлэх төслүүдийн талаар хэлэлцэв.
Хуралдаанаас Хойд бүсийг “Байгалийн аялал жуулчлалын төрөлжсөн, аж үйлдвэрийн дэд бүс” болгон хөгжүүлэх чиглэл баримтлахаар шийдвэрлэж, дараах томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна. Үүнд:
• Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр,
• Мөрөнгийн 4С ангиллын нисэх буудал,
• Эгийн голын усан цахилгаан станц,
• Авто замын дэд бүтцийн төслүүд багтжээ.
Иргэд, орон нутгийн удирдлагуудын гаргасан санал, санаачлагын заримыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр болсон байна.
Хуралдаанаар Боловсролын сайд П.Наранбаяр иргэдийн асуултад хариулахдаа “ Хойд бүсийн хүн амын өсөлттэй уяалдуулаад ухаалаг оюун ухаанаар тандалт хийхэд шинээр барих шаардлагатай сургууль, цэцэрлэгийн хэрэгцээ Булган аймагт харьцангуй гайгүй, Орхон, Хөвсгөл аймгуудад нилээд байгааг харгалзан үзэж, төсөв санхүүгийн тооцоолол гаргана. Баригдаж дуусахгүй олон жил болж байгаа сургууль, цэцэрлэгийн барилгуудад шалгалт оруулж, гэрээ цуцлах шаардлагатайг нь цуцалж, ажлыг хурдасгана ” гэлээ.