Монголын Ахмад багш нарын холбоо 2005 онд байгуулагдсанаас хойш 20 жилийн хугацаанд 30 мянга гаруй ахмад багшийг эгнээндээ нэгтгэсэн, улс даяар салбар зөвлөлтэй, тогтвортой үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага болон өргөжжээ.
Ойн арга хэмжээнд Боловсролын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Б.Алтансүх, Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир нар оролцож, мэдлэг тушлагаа залуу үедээ өвлүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад багш нарт шагнал гардууллаа.
Холбоо нь ахмад багш нарыг боловсролын бодлогын хэрэгжилтэд оролцуулах, туршлагыг нь залуу үед өвлүүлэх, тэдний хөдөлмөр бүтээлийг үнэлүүлэх чиглэлээр олон ажлыг хэрэгжүүлсээр ирсэн юм. “Тэргүүний холбоо зөвлөл”, “Бүтээлч ахмад багш”, “Тэргүүний удирдах ажилтан” зэрэг шагналыг жил бүр олгодог уламжлалтай.
Боловсролын яамтай хамтран туршлагатай ахмад багш нараас бүрдсэн “Зөвлөн туслах баг”-ийг орон нутагт ажиллуулан, арга зүй, туршлага түгээх ажлыг зохион байгуулсан юм.
Ахмад багш нарыг үнэт баялаг хэмээн үзэж, тэдний үйл ажиллагааг цаашид ч тууштай дэмжин ажиллахаа Боловсролын сайд П.Наранбаяр хэлсэн үгэндээ илэрхийллээ. 2026 оныг “Боловсролыг дэмжих жил” болгон зарласантай холбоотойгоор боловсролын салбарын зорилтуудыг ахмад, залуу үе хамтдаа хэрэгжүүлэхийн чухлыг тэрбээр онцлов.