“ТӨРИЙН ӨМЧИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН, ТӨВИЙН СУДАЛГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ,  САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

A- A A+
“ТӨРИЙН ӨМЧИТ ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ ХҮРЭЭЛЭН, ТӨВИЙН СУДАЛГААНЫ ҮНДСЭН ЧИГЛЭЛИЙГ ТОДОРХОЙЛОХ,  САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ”-ЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.

 Төсөл

ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАХИАЛГАТ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАЛТ БОЛОН ИННОВАЦЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
    1.1. Дээд боловсролын тухай хуулийн 32.2.2 –т заасан Засгийн газрын захиалгат судалгаа шинжилгээ, дэвшилтэт технологи дамжуулалт болон инновацын үйл ажиллагааны зардал (цаашид “эрдэм шинжилгээний зардал” гэх)-ыг төрийн өмчит дээд боловсролын сургалтын байгууллага(цаашид “их сургууль”) гэх, хүрээлэнд эрдэм шинжилгээний үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэх зорилгоор санхүүжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино. 
    1.2. Энэ журмын 1.1-д заасан санхүүжилтийг их сургууль болон хүрээлэнгийн судалгааны үндсэн чиглэлд хамаарах Засгийн газрын захиалгат судалгаа, лабораторийн түвшинд боловсруулсан технологи, бүтээгдэхүүний загварыг үйлдвэрлэлийн нөхцөлд турших, боловсронгуй болгох, технологийн баримтжуулалт хийх төсөл болон инновацийг хэрэглээнд нэвтрүүлж, эдийн засгийн үр ашиг, өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн үйлчилгээг сайжруулах зорилго бүхий арга хэмжээнд олгоно. 
    1.3. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ 1.2-д заасан зардалд шаардагдах санхүүжилтийг улсын төсөвт тусган санхүүжүүлнэ. 
    1.4. Захиалгат судалгаа шинжилгээ, дэвшилтэт технологи дамжуулалтын  үйл ажиллагааг гүйцэтгэлээр, инновацын үйл ажиллагааг үр дүнд суурилсан хэлбэрээр санхүүжилтийг олгоно. 
Хоёр. Төсөл, инновацын үйл ажиллагаанд тавигдах шаардлага

2.1. Засгийн газрын захиалгат судалгаа нь Монгол Улсын урт, дунд хугацааны  хөгжлийн бодлого, Монгол Улсын шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх  тэргүүлэх чиглэл, цөм технологийн жагсаалт, улс орны эдийн засаг, нийгмийн хэрэгцээ шаардлага, хүрээлэн буй орчны асуудал, шинжлэх ухааны хөгжлийн олон улсын чиг хандлагатай уялдсан байна.
2.2. Засгийн газрын захиалгат судалгаа шинжилгээ, дэвшилтэт технологи дамжуулалтын төсөл нь төр болон хувийн хэвшлийн байгууллагын захиалгаар  хамтран хэрэгжүүлэх төсөл байна. 
2.3. Инновацын үйл ажиллагаанд тухайн байгууллагад хэрэгжсэн төслийн судалгааны үр дүнг турших, үйлдвэрлэлд нэвтрүүлэх, өрсөлдөх чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийг үйлчилгээг сайжруулах түүнтэй холбогдох арга хэмжээний зардалд санхүүжилт олгоно. 
2.4.  Засгийн газрын судалгаа шинжилгээ нь: 
   2.4.1. салбар, салбар дундын тулгамдсан асуудлыг судлах, шийдвэрлэхэд чиглэсэн байх;
      2.4.2. Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд хамаарах;
      2.4.3.  төслийг хэрэгжүүлэх  төлөвлөгөөг хугацаатай уялдуулан боловсруулсан байх; 
     2.4.4. төслийн багийн чадавхи, туршлага, салбар хоорондын хамтын ажиллагааг хангах;       
2.4.5 Үр дүнгийн нийгэм, эдийн засгийн болон шинжлэх ухааны ач холбогдол, үйлдвэрлэл, үйлчилгээнд хэрэглэгдэх бодит боломжтой эсэх зах зээлийн эрэлт хэрэгцээний судалгаа, гарах үр дүнгийн төсөөлөл;
2.5. Дэвшилтэт технологи дамжуулалт нь : 
    2.5.1. өмнө хийгдсэн судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд туршин нэвтрүүлэх, боловсронгуй болгоход чиглэсэн эсэх;
  2.5.2. шинээр үйлдвэрлэгдэж байгаа эсхүл зах зээл дээрх ижил төстэй бүтээгдэхүүн, технологи, үйлчилгээтэй харьцуулахад өрсөлдөх чадвар, техник, эдийн засгийн үзүүлэлтээр илүү эсэх төслийн өртөг зардлыг бодитой тооцсон эсэх; 
      2.5.3. төслийн багийн чадавхи, салбар хоорондын хамтын ажиллагааг хангасан байдал;
2.5.4. зах зээлийн эрэлт хэрэгцээний судалгаа, гарах үр дүнгийн төсөөлөл;
     2.5.5. гэрээнд заасан хугацаанд инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд гаргах боломжтойг нотолсон байх;
2.6. Төслийн баримт бичиг нь дор дурдсан бүрдэлтэй байна:
2.6.1    төслийн нэр;
2.6.2.    хугацаа (эхлэх, дуусах он, сар);
2.6.3.    гүйцэтгэгч байгууллага;
2.6.4.    нийт зардал;
2.6.5.    санхүүжүүлэх этгээд;
2.6.6.    удирдагчийн овог, нэр, регистрийн дугаар, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг, цол;
2.6.7.    оролцогчдын овог, нэр, регистрийн дугаар, албан тушаал, мэргэжил, боловсролын болон эрдмийн зэрэг цол, төсөлд тэдний оролцох хэлбэр (үндсэн болон туслан гүйцэтгэгч, гэрээгээр ажиллах гэх мэт);
2.6.8.    төсөл хэрэгжүүлэх шаардлага, үндэслэл, судалгаа;
2.6.9.     эцсийн үр дүнгийн талаарх төсөөлөл, шинэлэг, дэвшилттэй тал;
2.6.10. эдийн засаг, нийгмийн болон шинжлэх ухааны ач холбогдол;
2.6.11.    зорилт, төслийг хэрэгжүүлэх төлөвлөгөө;
2.6.12. өртөг зардлыг тооцсон товчоо, түүний задаргаа; 
2.6.13.лаборатори, туршилтын бааз;
2.6.14.гүйцэтгэгч байгууллагаас төсөл хэрэгжүүлэхийг Эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлсэн хурлын тэмдэглэл, дэмжсэн албан бичиг.
2.7. инновацийн үйл ажиллагааг дэмжих зардалд санал ирүүлэхдээ судалгааны үр дүнг турших,  шинэ санаа, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хэрэглээнд нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэх, нийгмийн үйлчилгээг сайжруулахад чиглэгдсэн байна. 
Гурав. Төсөл мэдүүлэх, шалгаруулах
3.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас их сургууль, харьяа хүрээлэнгийн судалгааны үндсэн чиглэлд /ЭЗХЯ-ын баталсан/ хамаарах агуулгаар Засгийн газрын болон хувийн хэвшлийн  захиалгат судалгаа шинжилгээ, дэвшилтэт технологи дамжуулалтын хүрээнд хамтран ажиллах мэдээллийг  тухайн оны 1 дүгээр сард багтаан олон нийтийн  хэрэгслээр зарлана.
3.2. Төслийн удирдагч зарласан болзол, шаардлагын дагуу бичиг баримтыг боловсруулж, журмын 2.6-д заасан бүрдэлтэйгээр боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагад тогтоосон хугацаанд цахим хэлбэрээр мэдүүлнэ.
3.3. Дэвшүүлсэн төслийн төслийн саналын бүрдэл, агуулга, үр дүнгийн даалгаврын давхардал, гүйцэтгэгч, удирдагчийн өмнө нь хэрэгжүүлсэн төслийн гүйцэтгэлийг хянаад шаардлага хангасан тохиолдолд  үнэлгээ өгч, дүгнэлт гаргах мэргэжлийн шинжээчдийг ажиллуулна. 
3.4. Шинжээчийн Үндэсний шинжлэх ухаан, технологийн сангийн эрдэмтдийн цахим мэдээллийн сангаас шинжлэх ухааны салбар, төслийн сэдэв, агуулга, түлхүүр үгийн илэрцийг үндэслэн санамсаргүй түүврийн аргаар сонгоно.        
3.5. Шинжээч нь төсөлд үнэлгээ өгч, дүгнэлт гаргахдаа “Шинжлэх ухаан, технологийн төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах аргачлал”-ыг  тус удирдлага болгоно. 
3.6. Төсөл, арга хэмжээний төсвийн тооцоолол, зардал үр ашгийг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Санхүү, төсөв хариуцсан нэгжийн холбогдох мэргэжилтэн чиг үүргийн дагуу хянан магадлагаа хийж танилцуулна.
3.7. Төслийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар байгуулна. Ажлын хэсэгт яамны шинжлэх ухаан, технологи, инновацын салбар зөвлөлийн гишүүдийн төлөөлөл, мэргэжлийн шинжээчид, санхүүгийн болон хуулийн асуудал эрхэлсэн нэгжийн төлөөлөл бүхий 9  хүний бүрэлдэхүүнтэй байна.
3.9. Ажлын хэсэгт төслийн дэлгэрэнгүй танилцуулгыг төслийн удирдагч биечлэн танилцуулна. Удирдагч хүндэтгэн үзэх шалтгаанаар танилцуулах боломжгүй тохиолдолд багийн гишүүн танилцуулж болно.
3.10. Мэргэжлийн шинжээчийн үнэлгээ, төслийн талаарх мэдээллийг үндэслэн үнэлгээ, дүгнэлт гаргах бөгөөд нийт гишүүдийн олонхын санал авсан төслийн саналыг  Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна.
3.11. Тухайн жилд шинээр санхүүжүүлэх арга хэмжээний жагсаалт, санхүүжилтийн хэмжээ, хэлбэрийг  Боловсролын Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
Дөрөв. Гэрээ байгуулах, санхүүжилт олгох 
         4.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, төсөл хэрэгжүүлэгч, байгууллага (цаашид “Талууд” гэх) энэхүү журмын 3.11-д заасан шийдвэр гарснаас хойш 20 хоногийн дотор  гэрээ (цаашид “Гэрээ” гэх) байгуулна.
        4.2.Төслийн болон инновацын үйл ажиллагаанд олгох санхүүжилтэд Боловсролын яамны Санхүү, төсөв хариуцсан нэгж хяналт тавьж, ажиллана. 
4.3.Судалгааны ажлыг мэдүүлэх, ажлын явц, санхүүжилт, үр дүнг цахим хэлбэрээр мэдээллийн систем ашиглан ажиллах бүрэн боломжийг бүрдүүлнэ.
4.4.Батлагдсан санхүүжилтийг эрдмийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн  хуваарилалтыг үр ашигтай зарцуулах, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих, тайлагнах үүргийг  тухайн байгууллагын төсвийн шууд захирагч хүлээнэ.

Тав. Бусад
5.1. Гэрээнд заасан шаардлагыг хангаагүй гэсэн үндэслэлээр захиалагч төслийн эцсийн үр дүнг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд уг ажлыг дахин гүйцэтгүүлэх буюу санхүүжүүлсэн хөрөнгийг гүйцэтгэгчээр нөхөн төлүүлэх арга хэмжээг авна. 
5.2. Төсөл, арга хэмжээг сонгон шалгаруулж, хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авч шийдвэрлэнэ. Хэрэв гомдол гаргагч энэ шийдвэрийг эс зөвшөөрсөн тохиолдолд маргааныг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

                                                        ---o0o---