МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ САЙЖИРЧ, БНХАУ-ААС “ХЭВИЙН” АНГИЛАЛД БАГТЛАА

A- A A+
МОНГОЛЫН ИХ, ДЭЭД СУРГУУЛИУДЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ САЙЖИРЧ, БНХАУ-ААС “ХЭВИЙН” АНГИЛАЛД БАГТЛАА

 

Боловсролын сайд П.Наранбаярын БНХАУ-д хийсэн ажлын айлчлалын үеэр БНХАУ-ын Боловсролын дэд сайд Ву Ян-тай хийсэн албан ёсны уулзалтын үеэр дэвшүүлэн тавьсан ажил хэрэгч санал эхнээсээ хэрэгжиж эхлэв.

Монгол Улсад суралцаж буй БНХАУ-ын иргэн оюутнуудын боловсролын чанар, сургалтын нөхцөлийн талаар БНХАУ-ын Боловсролын солилцооны үйлчилгээний төв (CSCSE) 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр чанарын үнэлгээ, шалгалт хийжээ.

Шалгалтын дүнг үндэслэн CSCSE 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Монгол Улсын 8 их, дээд сургуулийг “хэвийн” ангилалд багтааснаа албан ёсоор мэдэгдэв. Энэ нь эдгээр сургуулиудын дипломыг Хятадын тал албан ёсоор хүлээн зөвшөөрөх, оюутнууд нь өөрийн улсад боловсролын зэрэг үнэлүүлэхэд асуудалгүй болохыг илтгэж байна.

БНХАУ-ын талаас цаашид хятад оюутнуудыг Монгол Улсад суралцуулахтай холбоотойгоор дараах зөвлөмжүүдийг хүргүүлжээ. Үүнд:

1. Танхимын сургалтыг эрхэмлэнэ.

Онлайн хэлбэрийн сургалтыг БНХАУ-ын тал хүлээн зөвшөөрөхгүй тул хятад оюутнуудыг заавал танхимын сургалтад хамруулах шаардлагатай байна.

2. Итгэмжлэгдсэн агентлагтай хамтрах

Элсэлтийн үйл ажиллагаанд оролцож буй агент, зуучлагч байгууллагыг сонгохдоо хянуур хандаж, итгэлтэй, баталгаатай түншүүдтэй хамтран ажиллахыг зөвлөж байна.

3. Нээлттэй, тодорхой мэдээлэл өгөх

Их, дээд сургуулиуд элсэлтийн талаарх албан ёсны мэдээллээ тодорхой байлгаж, вебсайт, цахим шуудан, холбоо барих утасны дугаараа идэвхтэй ажиллуулах ёстой гэжээ.

Энэхүү алхам нь Монголын дээд боловсролын салбарын олон улсын үнэлгээ, хүлээн зөвшөөрөлтөд эерэг нөлөө үзүүлж, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагаанд шинэ боломж нээж буй юм.