Боловсролын сайдын 2025 оны тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Боловсролын яам болон Хөрөнгийн менежментийн төвөөс хамтран “Хүннү болон Хархорум хотод Сургалт–эрдэм шинжилгээ–үйлдвэрлэлийн цогцолбор байгуулахад их сургуулиудын оролцоо” сэдэвт уулзалтыг амжилттай зохион байгууллаа.
Уулзалтад төрийн өмчийн их сургуулиудын ректор, проректор болон холбогдох албан тушаалтнууд оролцож, сургалт, эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийг хослуулсан цогцолбор байгуулах боломж, оролцооны хэлбэр, хамтын ажиллагааны чиглэлүүдийн талаар санал солилцов.
Мөн Хүннү болон Хархорум хотын удирдлагын төлөөллүүд тус хотуудын хөгжлийн цогц төлөвлөлт, их сургуулийн хотхон, дадлагын бааз, судалгаа-үйлдвэрлэлийн нэгжүүдийг хөгжүүлэх боломж, хувилбарын талаар мэдээлэл өгч, салбар дундын хамтын ажиллагааны суурь тавигдлаа.
Энэхүү уулзалт нь шинжлэх ухаан, дээд боловсрол, бүс нутгийн хөгжил хоорондын уялдаа холбоог сайжруулах, төр-хувийн хэвшил-их сургуулийн түншлэлийг шинэ шатанд гаргах чухал алхам боллоо.