Боловсролын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6 дахь хэсэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 26.5, 27 дугаар зүйлийн 27.7 дахь заалтыг тус тус заасныг үндэслэн "“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чанарын үнэлгээний журам”-ын төслийг боловсрууллаа. Энэхүү журамтай холбгдох саналаа Bumangerel@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
“Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын
чанарын үнэлгээний журам”-ын төслийн танилцуулга
Боловсролын ерөнхий хууль, сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль тус тус батлагдсантай холбогдуулан шинээр боловсруулах хэрэгцээ үүссэн.
Иймд Боловсролын ерөнхий хуулийн 35 дугаар зүйлийн 35.3, 35.6 дахь хэсэг, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.3, 26.4, 26.5, 27 дугаар зүйлийн 27.7 дахь заалтыг тус тус заасныг үндэслэн энэхүү журмын төслийг танилцуулж байна.
Журмын төсөлд боловсролын чанарын судалгаагаар тухайн боловсролын түвшний хуульд заасан зорилго болон түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны нийцтэй байдлыг судалж, дүгнэлт гаргаж боловсролын бодлого, төлөвлөлтийг сайжруулах зөвлөмж боловсруулах зорилго тавьсан.
Төсөлд тусгаснаар Чанарын судалгаа нь үндэсний болон олон улсын судалгаа гэсэн 2 хэлбэртэй байна. Боловсролын чанарыг үнэлэх үндэсний судалгааг 3 жил тутам зохион байгуулж, ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй 10, 14, 17 настай суралцагчдыг хамруулж, судалгааны үр дүнд үндэслэн боловсролын бодлого, төлөвлөлтийг сайжруулах арга хэмжээг үндэсний түвшинд зохион байгуулна.
Мөн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чанарыг хөндлөнгөөс үнэлэх олон улсын түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн судалгаанд 3 жил тутам тухайн судалгааны байгууллагын удирдамж, арга зүйн дагуу хамрагдах зохицуулалтыг тусгасан.
Боловсролын чанарын судалгааг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага хариуцан зохион байгуулах бөгөөд үндэсний болон олон улсын судалгаа боловсролын тухайн түвшинд нэг жил давхцахгүй байхаар зохицуулна.
Журам 5 бүлэгтэй бөгөөд бүлэг тус бүр дараах агуулгыг тус тус хамарсан:
Нэг. Ерөнхий зүйл: Энэ бүлэгт журмын зохицуулах харилцаа, боловсролын чанарын судалгааны зорилго, хэлбэр, зэргийг тусгасан.
Хоёр. Чанарын судалгааг зохион байгуулахад баримтлах зарчим: Чанарын судалгааны үр дүнтэй байдлыг хангах нөхцөл бүрдүүлэх үүднээс судалгааг зохион байгуулах, арга хэрэгсэл боловсруулах, турших, найдвартай байдлыг хангах, түүвэр хийх зэрэгт баримтлах зарчмыг тодорхой тусгасан.
Гурав. Үндэсний чанарын судалгааны хамрах хүрээ, арга хэлбэр: Энэ бүлэгт Чанарын судалгааны 3 жил тутам зохион байгуулах үндэсний чанарын судалгаанд хамрагдах сургууль, анги, түүврийн хэмжээ, олон улсын судалгааг сонгох болон судалгааг зохион байгуулах байгууллагыг тодорхойлсон. Судалгааг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын манлайлал дор Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага зохион байгуулна.
Дөрөв. Үндэсний чанарын судалгааны төлөвлөлт, зохион байгуулалт: Энэ бүлэгт Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага/Боловсролын үнэлгээний төв/ судалгааг зохион байгуулах бөгөөд судалгааны бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах, үнэлгээний мэдээллийг боловсруулах, тайлагнахтай холбоотой үйл ажиллагааны зохицуулалтыг тусгасан. Судалгааг Боловсролын үнэлгээний төв арга зүйгээр хангаж, мэргэжлийн байгууллага, судлаачдын оролцоог ханган зохион байгуулна.
Мөн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшин тус бүрд хамрагдах олон улсын судалгааг сонгох, судалгааг тухайн олон улсын судалгааны байгууллагын удирдамжийн дагуу зохион байгуулахаар тусгасан.
Тав. Судалгааны мэдээлэлд дүн шинжилгээ хийх, тайлагнах, үр дүнг ашиглах: Энэ бүлэгт судалгааны үр дүнд үндэслэн гаргах дүгнэлтийн хамрах хүрээ, чиглэлийг тодорхойлж, тайлан гаргах, танилцуулах хугацаа, судалгааны үр дүнг хэрхэн ашиглах талаарх зохицуулалтыг тусгасан.
Зургаа. Бусад: Энэ бүлэгт судалгааг зохион байгуулахад шаардагдах дэмжлэг, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлсон.
Энэхүү журмыг батлан хэрэгжүүлснээр сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чанарыг хөндлөнгөөс тодорхой давтамжтай үнэлж, хариу арга хэмжээ авах үндэслэлүүдийг тодорхойлж, боловсролын бодлого, төлөвлөлтийг сайжруулах боломж бүрдэх юм.
БОЛОВСРОЛЫН ЯАМ
ТӨСӨЛ
Боловсролын сайдын 2025 оны . . . дүгээр сарын ....... -ний өдрийн .......................тушаалын хавсралт
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН
ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭНИЙ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чанарыг хөндлөнгөөс үнэлэх судалгаа /цаашид “Чанарын судалгаа” гэх/-г зохион байгуулахад үүсэх харилцааг зохицуулахад энэхүү журмыг баримтална.
1.2.Боловсролын чанар гэж тухайн түвшний боловсролын зорилго болон боловсролын үйлчилгээний үр дүнгийн нийцтэй байдлыг ойлгоно.
1.3.Чанарын судалгааны зорилго нь сургуулийн өмнөх болон ерөнхий боловсрол /цаашид “боловсрол” гэх/-ын чанарыг хөндлөнгөөс үнэлж, боловсролын чанарын түвшнийг тодорхойлж, түүнд нөлөөлж буй хүчин зүйлсийг илрүүлэн боловсролын бодлого, төлөвлөлт, хэрэгжилтийн чанар, үр дүнг сайжруулах бодлогын зөвлөмж гаргах, боловсролын чанарыг сайжруулахад оршино.
1.4. Чанарын судалгаа нь үндэсний болон олон улсын гэсэн 2 хэлбэртэй байна.
1.4.1.Үндэсний чанарын судалгаа гэж боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагаас сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын түвшинд тодорхой давтамжтай зохион байгуулдаг судалгааг ойлгоно.
1.4.2.Олон улсын чанарын судалгаа гэж олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн үнэлгээний байгууллага /OECD-IELS, PISA, SAT гэх мэт/-аас тодорхой хугацаанд давтамжтайгаар зохион байгуулдаг судалгааг ойлгоно.
1.5.Үндэсний чанарын судалгаагаар боловсролын түвшин тус бүрийн зорилтыг хэрэгжүүлэх доор дурдсан сургалт, үйл ажиллагааны орц, явц, гарцын хүрээнд хүрээнд цогц үнэлгээ хийж, боловсролын чанарт нөлөөлөх хүчин зүйлийг илрүүлэн, боловсролын бодлого, төлөвлөлт, чанар, үр дүнг сайжруулах бодлогын зөвлөмж гаргах ажлыг зохион байгуулна:
1.4.1.сургуулийн өмнөх боловсролын түвшинд: бага насны хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн хөгжлийг дэмжиж, сургуульд бэлтгэх;
1.4.2.ерөнхий боловсролын түвшинд: суралцагчийг бие даан сурч, амьдрахад шаардагдах суурь мэдлэг, чадвар, чадамжийг хөгжүүлэх, ёс суртахуунтай, хариуцлагатай, ажил мэргэжлийн чиг баримжаатай иргэн төлөвшүүлэх.
1.6.Чанарын судалгааг төлөвлөх, зохион байгуулах, дүн шинжилгээ хийх, тайлагнах ажлыг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага /цаашид “Боловсролын үнэлгээний төв” гэх/ энэ журамд заасны дагуу зохион байгуулна.
Хоёр. Чанарын судалгааг зохион байгуулахад баримтлах зарчим
2.1.Чанарын судалгааг зохион байгуулахад доор дурдсан зарчмыг баримтална:
2.1.чанарын судалгаа зохион байгуулах үйл ажиллагаа нь технологид суурилсан, шударга, хөндлөнгийн нөлөөллөөс ангид байх;
2.2.шалгалтын сэдэв, даалгавар нь сургалтын хөтөлбөрт нийцсэн, шалгуурт суурилсан байх;
2.3.судалгааны арга хэрэгслийг үнэлгээний ижил төстэй нөхцөлд туршиж, тохирц, найдвартай байдлыг хангасан байх;
2.4.судалгааны мэдээллийн сан бүрдүүлэх явцад санамсаргүй алдаа гарах болон хууран мэхлэх эрсдэлээс сэргийлэх орчин, нөхцөл бүрдүүлсэн байх;
2.5.судалгааны түүвэр хийх болон мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийхэд ашиглах программ хангамжийг туршиж тохирц, найдвартай байдлыг хангасан байх;
2.6.үнэлгээнд хамрагдах сургалтын байгууллага болон суралцагчдын түүвэр нь бүс нутаг болон тухайн насны суралцагчдыг төлөөлөхүйц, үр дүн нь хүчинтэй, найдвартай, судалгааны үр дүнгээр бүс нутаг, сургалтын байгууллагыг харьцуулах нөхцөлийг хангасан байх;
2.7.хувь хүний нууцлалыг хадгалсан байх.
Гурав. Үндэсний чанарын судалгааны хамрах хүрээ, арга хэлбэр
3.1.Үндэсний чанарын судалгаанд төрийн болон төрийн бус өмчийн ерөнхий боловсролын сургуулийг түүврээр хамруулна.
3.2.Ерөнхий боловсролын сургуулийн үндэсний чанарын судалгааг доор дурдсан хүрээнд холбогдох арга хэлбэрээр зохион байгуулна.
Судалгааны хүрээ |
Судалгааны арга хэлбэр |
|
Орц |
|
|
Явц |
|
|
Гарц/үр дүн |
|
|
3.4.Энэ журмын 3.2-д заасан “Гарц/үр дүн” хүрээнд хамаарах бичгийн шалгалтад ерөнхий боловсролын сургуульд суралцаж буй 10, 14, 17 настай суралцагчдыг түүврээр хамруулна.
3.5.Түүвэрт хамрагдах суралцагчдын төлөөллийг тухайн хичээлийн жилд суралцаж буй суралцагчдын 20%-иас багагүй байхаар тооцно. Хэт цөөн бүлэгтэй буюу бүлэг дэх суралцагчийн тоо 20 хүртэл байх тохиолдолд суралцагчдыг 100% хамруулна.
Дөрөв. Чанарын судалгааны төлөвлөлт, зохион байгуулалт
4.2.Үндэсний чанарын судалгааг зохион байгуулахаас 12-оос доошгүй сарын өмнө чанарын судалгааны техникийн шинжээчийн баг /цаашид “шинжээчийн баг” гэх/-ийг эрх бүхий албан тушаалтнытушаалаар байгуулна. Шинжээчийн багт боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын боловсролын чанарын үнэлгээний асуудал хариуцсан албан тушаалтан, Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, багш бэлтгэх их, дээд сургууль болон боловсролын үнэлгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага, судлаачдын төлөөллийн оролцоог хангасан байна.
4.3.Энэ журмын 4.2-д заасан шинжээчийн баг нь үндэсний чанарын судалгааг зохион байгуулахад баримтлах техникийн шаардлага /цаашид “Техникийн шаардлага” гэх/ боловсруулах, судалгааг зохион байгуулах тов тогтоох ажлыг Боловсролын үнэлгээний төвийн оролцоотой боловсруулж, судалгаа зохион байгуулахаас 10-аас доошгүй сарын өмнө эрх бүхий албан тушаалтнаар батлуулах, судалгааны бэлтгэл хангах, судалгааг зохион байгуулах, үр дүнг боловсруулах, тайлагнах, бодлогын зөвлөмж боловсруулах, судалгааны үр дүнг олон нийтэд танилцуулах ажлыг удирдлагаар хангаж, хяналт тавих үүрэг хүлээж ажиллана.
4.4.Энэ журмын 4.3-д заасан “Техникийн шаардлага” доор дурдсан хүрээг хамарсан байна:
4.4.1.судалгаанд хамруулах төрийн болон төрийн бус өмчийн сургуулийг бүс нутаг, сургалтын байгууллагын бүтцийг харгалзан, энэ журмын 3.1 дэх заалтад нийцүүлэн түүвэрлэхаргачлал;
4.4.2.судалгаанд хамрагдах зорилтот бүлэг/эх олонлог/-ийг тодорхойлох, түүнд хамрагдах суралцагчдын насыг сараар нарийвчлан тооцох, суралцаж буй сургууль, тасралтгүй суралцсан байх хугацааг тогтоох, тухайн насны суралцагчдад тавих хязгаарлалтыг тогтоох үндэслэл;
4.4.3.энэ журмын 3.4-д заасан хувь хэмжээнд нийцүүлэн судалгаанд хамрагдах зорилтот бүлэг дэх суралцагчийн тооноос хамааруулан түүврийн хэмжээг тодорхой заах, түүвэр хийх аргачлал боловсруулах, түүвэр хийхэд ашиглах программ хангамж хөгжүүлэлт, ашиглалт;
4.4.3.судалгааны арга хэрэгсэл болон арга хэрэгсэл боловсруулагчдад тавих шаардлага, хязгаарлалт тавих нөхцөл, шалгуур;
4.4.4.туршилтын болон үндсэн судалгааг зохион байгуулах үед баримтлах дэг, санамсаргүй алдаа, зориудын нөлөөлөл үүсэхээс сэргийлэх хязгаарлалтууд;
4.4.5.программ хангамж ашиглан явуулах судалгааны аргачлалыг туршин сайжруулах, түүнийг ашиглан мэдээлэл цуглуулах ажилтныг бэлтгэх сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр, зохион байгуулах аргачлал;
4.4.6.судалгааны арга хэрэгслийг боловсруулах, турших, хянах, баталгаажуулах, хэвлэхэд тавих шаардлага, нууцлал, аюулгүй байдлыг хангах аргачлал;
4.4.7.туршилтын судалгааг зохион байгуулах бүлэг, хугацаа, туршилт зохион байгуулах аргачлал, туршилтын найдвартай байдлыг хангах зорилгоор тавих хязгаарлалт;
4.4.8.үндсэн судалгааны мэдээлэл цуглуулах судлаач, хяналтын ажилтныг сонгох, тэдэнд тавих шаардлага, хязгаарлалтыг тодорхойлох, мэдээлэл цуглуулах үед баримтлах арга зүй, чанартай үнэн зөв мэдээлэл цуглуулах хариуцлагын гэрээ, болзошгүй эрсдэлээс сэргийлэх аргачлал;
4.4.9. судалгааны өгөгдөлд тавих шаардлага, хүчингүй болгох нөхцөл, туршилтын болон үндсэн судалгааны өгөгдөлд шинжилгээ хийхэд тавигдах шаардлага, аргачлал.
4.5.Боловсролын үнэлгээний төв нь энэ журмын 4.4-д заасан техникийн шаардлагыг баримтлан энэ журмын 3.2-д заасан судалгааны хүрээ, арга хэлбэрт нийцсэн боловсролын чанарын судалгааны шалгуур, үнэлгээний арга хэрэгслийг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэнтэй хамтран боловсруулж туршиж тохирц, найдвартай байдлыг хангана:
4.5.1.ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөрт заасан мэдлэг, ур чадвар, чадамжийн түвшнийг үнэлэх даалгавар, боловсролын үйлчилгээний чанарыг үнэлэх судалгааны арга хэрэгслийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн боловсруулах;
4.5.2.судалгааны арга хэрэгсэл /асуулга, үнэлгээний хуудас, шалгалтын материал/-д өмнөх удаагийн чанарын судалгаанд ашигласан болон шинээр боловсруулах асуулт даалгавар 30:70 харьцааг баримтлах;
4.5.2.журмын 4.5.1-д заасан шалгалтын даалгавар, судалгааны арга хэрэгслийг ижил төстэй нөхцөлд турших, тохирц, найдвартай байдлыг хангах.
4.6.Судалгаанд хамрагдахаар сонгогдсон сургуулийн суралцагч, багш, ажилтныг боловсролын салбарын мэдээллийн системд суурилан энэ журмын 4.3-д заасан техникийн шаардлагыг баримтлансанамсаргүй түүврээр сонгоно.
4.6.1.бичгийн шалгалтад хүндэтгэх шалтгаанаар оролцох боломжгүй суралцагч гарах тохиолдолд нөхөн хамруулах нөөц болгон 5 хүртэлх суралцагчийг түүвэрт нэмж тооцох;
4.7.Үндэсний чанарын судалгааг зохион байгуулах удирдамжийг энэ журмын 4.3-д заасан техникийн шаардлагад нийцүүлэн боловсруулж, шинжээчийн багийн саналыг тусгаж баталгаажуулан судалгааг зохион байгуулна:
4.7.1.туршилтын болон үндсэн судалгаа зохион байгуулах судлаачдын багийг бүрдүүлж, удирдамж, арга зүйгээр хангах сургалтыг үе шаттай зохион байгуулна.
4.7.2.судалгааны арга хэрэгсэл боловсруулах, турших, хэвлэх, савлах, нэгж байгууллагад хүргүүлэх, судалгааг зохион байгуулах, судалгааны мэдээллийг боловсруулах шатанд ажиллах албан тушаалтан шалгалтын материалын нууцлалыг хангаж ажиллана.
4.7.3.туршилтын болон үндсэн судалгааг энэ журмын 4.7.1-д заасан судлаачидболон боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагатай хамтран зохион байгуулна.
4.8.Чанарын судалгааг цахим технологи, программ хангамж ашиглан зохион байгуулж болно. Энэ тохиолдолд үнэлгээ зохион байгуулах цахим орчин бүрдүүлсэн, техникийн нөхцөлийг хангасан байна.
4.9.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь Боловсролын үнэлгээний төвийн саналд үндэслэн сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын чанарыг үнэлэх олон улсын судалгааг сонгож, түүнд хамрагдах тухай шийдвэрийг тус тус гаргана. Олон улсын чанарын судалгаанд 5, 15 настай хүүхдийг 3 жил тутам хамруулна.
4.10.Боловсролын үнэлгээний төв нь энэ журмын 4.9-д заасны дагуу сонгогдсон олон улсын судалгааны арга зүйг судалж, холбогдох бэлтгэл ажлыг хангах, судалгааг зохион байгуулах ажлыг тухайн судалгааны байгууллагатай хамтран Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын манлайлал дор зохион байгуулна.
Тав. Судалгааны үр дүнд шинжилгээ хийх, тайлагнах, үр дүнг ашиглах
- Боловсролын үнэлгээний төв нь үндэсний чанарын судалгааны мэдээлэлд шинжилгээ хийж, энэ журмын 1.4.2-д заасан боловсролын зорилтын хэрэгжилтийн чанарыг тогтоож түүнд доор дурдсан хүчин зүйл хэрхэн нөлөөлж байгаа талаар улсын хэмжээнд болон аймаг, нийслэл, сум, дүүргийн хэмжээнд бага, суурь, бүрэн дунд боловсролын түвшнээр тус тус тайлан, дүгнэлт боловсруулж, бодлогын зөвлөмж гаргана:
5.1.1.суралцах тэгш боломж бүхий орчин бүрдсэн байдал;
5.1.3.сургалтын орчин, сурах бичиг, хэрэглэгдэхүүний хүртээмж, ашиглалт;
5.1.4.сургуулийн дэд бүтэц, алслагдмал байдал;
5.1.5.орчны аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын хэрэгжилт;
5.1.6.багшийн хангамж, тэдний хөгжлийг дэмжих үйл ажиллагаа;
5.1.7.багшийн хичээлийн бэлтгэл, багшлах ур чадвар;
5.1.8.бүлэг дүүргэлтийн зохистой байдал, ээлжийн коэффициент;
5.1.9.хичээлээс гадуурх сургалт, үйл ажиллагаа, суралцагчийн сургууль дээр байх хугацаа;
5.1.10.хоол үйлдвэрлэл, үйлчилгээ;
5.1.11.удирдах ажилтны мэдлэг, ур чадвар, манлайлал;
5.1.12.суралцагчийн гэр бүлийн байдал, эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо.
5.2.Боловсролын үнэлгээний төв нь үндэсний чанарын судалгааны дэлгэрэнгүй тайланг үндсэн судалгаа зохион байгуулснаас хойш 4 сарын дотор Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад танилцуулж, цаасан болон цахим хэлбэрээр хүлээлгэн өгнө.
5.3.Энэ журмын 5.1-д заасан дүгнэлт, бодлогын зөвлөмжийг олон нийтэд танилцуулах ажлыг Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Боловсролын үнэлгээний төв хамтран зохион байгуулна.
5.4.Боловсролын үнэлгээний төвийн мэдээллийн санд чанарын судалгааны өгөгдлийн сан үүсгэн, судалгааны дүгнэлтийг Боловсролын ерөнхий газар, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн болон боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагад тус тус хүргүүлнэ.
5.5.Боловсролын ерөнхий газар үндэсний чанарын судалгааны үр дүнд үндэслэн багшид зөвлөн туслах ажлын агуулга, хөтөлбөрийг шинэчлэх, сургалтын орчин бүрдүүлэх, хичээл, сургалтын үйл ажиллагааны чанар, үр дүнг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг үндэсний түвшинд хэрэгжүүлнэ.
5.6.Боловсролын үнэлгээний төв, Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн хамтран чанарын судалгааны үр дүнд үндэслэн боловсролын чанарыг сайжруулах бодлогын зөвлөмж боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлнэ.
5.7.Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн чанарын судалгааны үр дүнд үндэслэн сургалтын хөтөлбөрийг сайжруулах бэлтгэл хангах, багшийн мэргэжлийн хөгжлийн хэрэгцээг тодорхойлох, багш бэлтгэх хөтөлбөрийг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг хэрэгжүүлнэ.
5.8.Олон улсын судалгааны дүнг холбогдох байгууллага, олон нийтэд таниулах ажлыг тухайн судалгааны байгууллагын зөвлөмжийн дагуу Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын удирдлага дор Боловсролын үнэлгээний төв, судалгааны үр дүнд үндэслэн боловсролын бодлого, төлөвлөлтийг сайжруулах санал боловсруулах ажлыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн тус тус зохион байгуулна.
5.9.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь чанарын судалгааны үр дүн, бодлогын зөвлөмжид тулгуурлан боловсролын бодлого, төлөвлөлтийг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлнэ.
Зургаа. Бусад
6.1.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага болон сургалтын байгууллага нь чанарын судалгааг зохион байгуулахад бүх талын дэмжлэг үзүүлж хамтран ажиллана.
6.2.Чанарын судалгаа зохион байгуулах зардлыг тухайн жилийн Улсын төсөвт тусган баталж, хэрэгжүүлнэ.
6.3.Чанарын судалгааны үр дүн нь судалгаанд хамрагдсан багш, суралцагчийг урамшуулах, арга хэмжээ авах үндэслэл болохгүй.
. . . 000 . . .