Боловсролын яам, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Эмнести Интернэшнл ТББ, Монголын хуульчдын холбоо, Монгол Улсын Их Сургуулийн Хууль зүйн сургууль болон бусад хамтрагч байгууллагуудтай хамтран , “Хүний эрхийн боловсролын симпозиум 2025” -ыг өнөөдөр зохион байгууллаа.
Хүний эрхийн боловсролыг дэмжих энэхүү симпозиум нь жилээс жилд өргөжин тэлж, зөвхөн хууль зүйн салбарынхан төдийгүй боловсролын байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагууд, олон улсын түншүүдийг хамарсан нээлттэй, ухаалаг хэлэлцүүлгийн талбар болж хүний эрхийн боловсролыг бүх түвшний боловсролын тогтолцоо, сургалтын хөтөлбөрт хэрхэн үр дүнтэй тусгах талаар хэлэлцэв.
Энэхүү арга хэмжээ нь НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай Тунхаглал болон Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрийн 5 дугаар үе шат (2025–2029)-ны хүрээнд, хүүхэд, залуучуудад чиглэсэн хүний эрхийн боловсролыг дэмжих зорилготой юм.
Симпозиумын үеэр бүс нутгийн сайн туршлагуудыг хуваалцсан нь онцлог байв. Тухайлбал, Тайландын ерөнхий боловсролын сургуулиудад хүний эрхийн боловсрол түгээж буй туршлага, Энэтхэг Улсын сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрүүд, Япон улсын Хүний эрхийн боловсролыг дэмжих хуулийн хэрэгжилтийн талаар танилцуулсан нь оролцогчдын анхаарлыг татлаа.
Мөн симпозиумыг угтаж зохион байгуулсан “Монгол Улсын боловсролын тогтолцоонд хүний эрхийн боловсрол хэрхэн туссан байдал болон олон улсын туршлагатай харьцуулсан” сэдэвт илтгэлийн уралдаанд 30 гаруй судлаач оролцож, шалгарсан илтгэгчид өөрсдийн судалгааны ажлаа олон нийтэд танилцууллаа.
Монгол Улсад хүний эрхийн боловсролын симпозиумыг хоёр жил тутам зохион байгуулж ирсэн уламжлалтай.