Оросын Холбооны Улсын Бүгд Найрамдах Буриад Улсын нийслэл Улаан-Үд хотноо Монгол, Оросын их сургуулиудын ректоруудын чуулга уулзалт 2025 оны 07 дугаар сарын 4-6-ны өдрүүдэд болж байна.
Чуулга уулзалтыг Боловсролын сайд П.Наранбаяр, Оросын Холбооны Улсын Шинжлэх ухаан, дээд боловсролын дэд сайд К.И. Могилевский болон Бүгд Найрамдах Буриад Улсын Тэргүүн А.С.Цыденов нар нээж үг хэлэв.
Боловсролын сайд П.Наранбаяр хэлсэн үгэндээ: 2024 оны 12 дугаар сард Оросын Холбооны Улсад зохион байгуулагдсан Монгол, Оросын Засгийн газар хоорондын Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны комиссын 26 дугаар хуралдааны хэрэгжилтийн хүрээнд уг арга хэмжээг зохион байгуулж байгааг дурдан, хуралдаанд оролцогчдод амжилт хүсэж, хэлэлцүүлэгт үр бүтээлтэй оролцохыг уриаллаа.
Чуулга уулзалтад Монголын талаас Монгол Улсын их сургууль, Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Анагаахын шинжлэх ухааны их сургууль, “Этүгэн”, “Идэр” их сургууль зэрэг 12 их сургуулийн 57 төлөөлөгч оролцсон бол Оросын Холбооны Улсын М.В. Ломоносовын нэрэмжит Москвагийн улсын их сургууль, Новосибирскийн улсын техникийн их сургууль, Москвагийн олон улсын харилцааны дээд сургууль, Алс Дорнодын зам харилцааны улсын их сургууль, Доржи Банзаровын нэрэмжит Буриадын улсын их сургууль, Томскийн политехникийн их сургууль, Санкт-Петербургийн нэгдүгээр анагаах ухааны их сургууль зэрэг 54 их сургуулийн 63 төлөөлөгч оролцсон байна.