Дээд боловсролын байгууллагын чадавх бэхжүүлэх Европын холбооны Erasmus+ RETEACH буюу "Монгол улсын багш бэлтгэх боловсролын хөтөлбөрийг ногоон болон дижитал шилжилт рүү шинэчлэх" төслийн багийн гишүүдийг чадавхжуулах сургалт Итали улсын Палермо хотод зохион байгуулагдлаа.
Сургалт "Багшийн боловсрол дахь Европын холбооны тогтолцоо ба Европын бодлогын механизмын тойм" сэдвийн хүрээнд явагдсан юм.
Сургалтад Монгол, Итали, Румын улсын төслийн багууд оролцсон. Монголын талаас Боловсролын яам, Боловсролын ерөнхий газар, Боловсролын үндэсний судалгааны хүрээлэн, “Отгонтэнгэр” их сургууль, МУБИС, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, “Дархан” дээд сургууль, “Хангай” дээд сургуулийн төлөөлөл оролцлоо.
Сургалтаар Европын түншүүд багш бэлтгэх хөтөлбөрийн сайн туршлага, хэрэгжүүлэх арга зам, бодлого, хэтийн төлөвийн талаар мэдээлэл өгч, туршлагаа хуваалцсан. Түүнчлэн багшийн мэргэжлийн ур чадварыг хөгжүүлэх, дижитал болон ногоон боловсролын чиг хандлага, их сургууль ба аж ахуй нэгжийн хамтын ажиллагааг сайжруулах талаар хэлэлцэв.
Уг сургалт нь багшийн боловсролыг сайжруулах, тогтвортой хөгжлийг дэмжих, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсан үйл ажиллагаа боллоо.