Төрийн бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулж, салбарын хөгжил дэвшилд идэвх зүтгэл гарган, мэдлэг чадвараа дайчилж, манлайлан ажилласан албан хаагчдын гавьяа зүтгэлийг Монгол Улсын Засгийн газраас жил бүр онцлон үнэлж, Хүндэт өргөмжлөл, цомоор шагнан урамшуулдаг.
Энэ жилийн хувьд Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Боловсролын яамнаас Гадаад хамтын ажиллагааны газрын ахлах шинжээч О.Оюунбилэг тус шагналыг хүртэж, Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатараас шагналаа гардан авлаа.
О.Оюунбилэг нь боловсролын салбарт 31 дэх жилдээ ажиллаж байна. Ажиллах хугацаандаа боловсролын салбарын гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвх санаачилгатай ажиллаж, боловсролын салбарт хамтран ажиллах тухай гэрээ, хэлэлцээр байгуулах ажлыг хариуцан, амжилттай гүйцэтгэсэн.
Тэрбээр Отгонтэнгэр дээд сургууль, Удирдлагын академид англи хэлний багш, гадаад харилцааны мэргэжилтнээр ажиллаж байгаад 2008 оноос хойш Боловсролын яамны гадаад харилцаа, дээд боловсролын асуудал хариуцсан нэгжүүдэд мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, шинжээч, ахлах шинжээчээр өнөөг хүртэл тасралтгүй ажиллаж байгаа төрийн албан хаагч юм.