Боловсролын сайд П.Наранбаяр Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Фиона Блайтыг хүлээн авч уулзлаа.
Боловсролын яам, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсын Гадаад хэрэг, хамтын нөхөрлөл, хөгжлийн яамтай Чевнингийн тэтгэлгийг хамтран хэрэгжүүлэх Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулж, жил бүр 15 оюутан магистрын зэрэгт суралцаж байгаад баяртай байгаагаа Боловсролын сайд П.Наранбаяр илэрхийллээ.
Мөн 2024 онд ИБУИНХУ-ын санхүүжилтээр, НҮБ-ын Хүүхдийн сангийн хэрэгжүүлсэн орон нутаг дахь англи хэлний багшийн чадавхыг хөгжүүлэх ажлын хүрээнд Баян-Өлгий, Баянхонгор, Сүхбаатар аймагт 325 багш мэргэшил дээшлүүлсэн сургалтыг амжилттай зохион байгуулсан нь боловсролын салбарт оруулж буй бодит хөрөнгө оруулалт гэж үзэж байна.Төлөвлөгдөж буй бага боловсролын болон англи хэлний мэргэжлийн 399 багш нарт зориулсан англи хэлний сургалтыг МУБИС-ийн Багшийн хөгжлийг дэмжих төв болон МУИС-ийн дэргэд Англи хэлний төв хамтран зохион байгуулах байдлаар хэрэгжүүлэх саналтай байгаагаа онцоллоо.
Элчин сайд Фиона Блайт Боловсролын яамны дэмжлэг, хамтын ажиллагааны хүрээнд хоёр орны боловсролын салбарт хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийлж, цаашид үр дүнтэй хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв.