Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар 2025-2026 оны хичээлийн жилийн бэлтгэл болон намар, өвөлжилтийн бэлтгэл ажлын явцтай газар дээр нь танилцахаар Нийслэлийн Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, 181 дүгээр бага сургууль, 356 дугаар цэцэрлэгийн цогцолбор дээр ажиллалаа.
Боловсролын сайд П.Наранбаяр салбарын хэмжээнд хэрэгжиж буй хөрөнгө оруулалт, бэлтгэл ажлын талаар танилцуулга хийв.
Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд нийт 17 барилга ашиглалтад ороод байна.
Нийслэлийн хэмжээнд улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгөөр нийт 139 төсөл, арга хэмжээ хэрэгжиж байгаа бөгөөд үүнээс 4 сургууль, 8 цэцэрлэг, 6 сургууль-цэцэрлэгийн цогцолбор ашиглалтад орсон. Тэдгээрийн нэг нь өнөөдөр Ерөнхий сайдын ажилласан 181-р сургууль, 356-р цэцэрлэгийн 280 хүүхдийн цогцолбор юм.
Ашиглалтад орсон барилга байгууламжийг шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах зорилгоор 2025 оны улсын төсөвт 21.4 тэрбум төгрөг батлагдсан бөгөөд сурагчийн ширээ, сандал, гал тогооны тоног төхөөрөмжөөс бусад хэрэгслийг нийлүүлэхэд бэлэн болжээ. Харин ширээ, сандлыг цахим дэлгүүр болон гадаадын зээл, тусламжийн хүрээнд үе шаттайгаар нийлүүлэхээр төлөвлөсөн байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар шаардлагатай тоног төхөөрөмжийн санхүүжилтийг улс, орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламж, дараа төлбөрт түрээсийн зохицуулалт зэрэг олон хувилбараар судалж, шийдвэрлэн 2025 оны есдүгээр сарын 1-нээс өмнө цогцолборыг бүрэн бэлэн болгох үүргийг холбогдох байгууллагуудад өглөө.
Ширээ, сандал, тавилга хэрэгсэлд шаардлагатай санхүүжилтийг дараа төлбөрт түрээс болон хуульд нийцэх бусад арга замаар шийдвэрлэх эрхийг Боловсролын яамд олгосон тогтоолын төслийг ирэх лхагва гарагийн ЗГ-ын хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтов.
Худалдан авах ажиллагаанд АТГ болон бусад холбогдох байгууллага хяналт тавьж ажиллах болно.