Боловсролын ерөнхий тухай хуулийн Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.8-д заасны дагуу "Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх журам”, “Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийн магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх шинжээчид тавих шаардлага”-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх заасны дагуу Та бүхнээс санал авч байна. Та бүхэн нийтлэг шаардлагын төсөлтэй танилцан саналаа nomintsetseg@moe.gov.mn, bolormaa.p@moe.gov.mn хаягаар ирүүлэхийг хүсье.
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН, ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН
БАЙГУУЛЛАГА БОЛОН ХӨТӨЛБӨРИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ,
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ХИЙХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Энэхүү журмын зорилго нь мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллага (цаашид “сургалтын байгууллага” гэх) болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2.Магадлан итгэмжлэх, үйл ажиллагааг Боловсролын ерөнхий хуулийн 3.1.22-д заасны дагуу мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллага, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх эрх бүхий байгууллага (цаашид “магадлан итгэмжлэлийн байгууллага” гэх) зохион байгуулна.
1.3.Магадлан итгэмжлэлийн байгууллага Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль болон холбогдох стандарт, шаардлагад нийцүүлэн сургалтын байгууллага болон хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийнэ.
1.4.Энэхүү журмын 1.2-т заасан үйл ажиллагаанд дараах зарчмыг баримтална.
1.4.1.хууль дээдлэх;
1.4.2.ил тод байх;
1.4.3.шударга ёсыг хангах;
1.4.4.хараат бус, бие даасан байх;
1.4.5.хариуцлагатай байх;
1.4.6.ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
1.4.7.чанарт суурилсан, тасралтгүй, үе шаттайгаар хөгжих үйл явцыг
дэмжих
Хоёр.Удирдлага, зохион байгуулалт
2.1.Боловсролын ерөнхий хуулийн 17.13-д заасан байгууллага дараах удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлнэ:
2.1.1.Боловсролын ерөнхий хуулийн 17.13-д заасан “Боловсролын сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөрийн чанарыг эрх бүхий байгууллагын баталсан стандарт, шаардлагын дагуу магадлан итгэмжлэх, чанарын баталгаажуулалтыг удирдлага, арга зүйгээр хангах, мэргэшлийн үндэсний шаталсан бүтцийг эрхлэн хариуцах чиг үүргийг хэрэгжүүлнэ”.
2.1.2.Боловсролын ерөнхий хуулийн 17.14-д заасан “Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага нь магадлан итгэмжлэл хийх эрхийг дотоодын байгууллагад олгох, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.9-д заасны дагуу гадаадын хуулийн этгээдэд зөвшөөрөл олгох, гадаад улсын болон олон улсын эрх бүхий байгууллагатай хамтран магадлан итгэмжлэл хийх, олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийг баталгаажуулах, бүртгэх үйл ажиллагааг хэрэгжүүлнэ”.
2.1.3.Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон Техникийн боловсролын тухай хуулиар тусгайлан заасан хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх
2.1.4.Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 7.9-д заасан зөвшөөрлийг мэргэжлийн байгууллагад олгож, хяналт тавих;
2.1.5.Мэргэжлийн болон техникийн боловсрол, дээд боловсролын сургалтын байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэл хийх нийтлэг шалгуур, шаардлагыг батлах;
2.1.6. Шинжээчид тавигдах шаардлагыг хангасан иргэнд шинжээчээр ажиллах эрх олгох;
2.1.7.Магадлан итгэмжлэлийн хүсэлт гаргах, магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааны явц, шийдвэрийн талаарх мэдээллийг агуулсан цахим систем хөгжүүлэх, бүртгэх;
2.1.8.Магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага болон хөтөлбөрийн бүртгэлийг энэхүү журмын 2.1.7-д заасан цахим системд бүртгэж, нийтэд ил тод мэдээлэх;
2.1.9.Магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаанд шаардагдах зардлыг тооцох аргачлалыг боловсруулж, батлах;
2.2.Магадлан итгэмжлэлийн байгууллага дараах зохион байгуулалтыг хэрэгжүүлнэ:
2.2.1.Батлагдсан шалгуур, шаардлагын дагуу магадлан итгэмжлэл хийх, хөндлөнгийн хараат бус шийдвэр гаргах;
2.2.2.магадлан итгэмжлэлийн шийдвэрийг энэхүү журмын 2.1.7-д заасан цахим системд бүртгэх;
2.2.3.магадлан итгэмжлэлийн шийдвэрийг хэрэгжүүлэхэд чанарын дотоод баталгаажуулалтын алба нэгжид зөвлөмж өгөх, чанарыг тасралтгүй сайжруулахад дэмжлэг үзүүлэх;
2.2.4.магадлан итгэмжлэлийн мэдээ тайланг хагас жил тутамд Боловсролын ерөнхий хуулийн 17.13-т заасан Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагад тайлагнах.
2.3.Сургалтын байгууллага дараах зохион байгуулалтыг хэрэгжүүлнэ:
2.3.1. Сургалтын байгууллага болон хөтөлбөрийн дотоод чанарын баталгаажуулалтын тогтолцоог хэрэгжүүлж, түүний хэрэгжилт, ахиц, үр дүнг бодитой үнэлэх;
2.3.2. Хөндлөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн багийн тайлан, магадлан итгэмжлэлийн комиссоос өгсөн зөвлөмж, шаардлагын дагуу сайжруулалтын арга хэмжээг төлөвлөж, хэрэгжүүлэх;
2.3.3. Магадлан итгэмжлэлийн шалгуурыг тогтмол хангах, чанарыг тасралтгүй сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх.
Гурав.Магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа
3.1.Магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа нь хүсэлт гаргаж гэрээ байгуулах, магадлан итгэмжлэл хийх, шийдвэр гаргах үе шаттай байна.
3.2.Хүсэлт гаргаж, гэрээ байгуулах:
3.2.1.сургалтын байгууллага магадлан итгэмжлэлийн байгууллагад байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлүүлэх хүсэлтийг цахим болон цаасан хэлбэрээр ирүүлнэ.
3.2.2.магадлан итгэмжлэлийн байгууллага хүсэлт, баримт бичгийн бүрдлийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан хянан үзэж, шаардлага хангасан тохиолдолд сургалтын байгууллагатай гэрээ байгуулна.
3.2.3.энэхүү журмын 3.2.2.- д заасан гэрээнд оролцогч талуудын эрх, үүрэг хариуцлага, төлбөрийн нөхцөлийг тусгаж, магадлан итгэмжлэлийн шийдвэр гаргах хүртэлх үйл ажиллагааны төлөвлөгөөг хамтран батална.
3.3.Магадлан итгэмжлэл хийх:
3.3.1.Магадлан итгэмжлэлийн байгууллагаас сургалтын байгууллага, хөтөлбөрийн өөрийн үнэлгээний багт зориулан сургалт зохион байгуулж, арга зүйн зөвлөмж өгнө.
3.3.2.сургалтын байгууллагын өөрийн үнэлгээний тайланг тухайн сургуулийн удирдах зөвлөл, хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайланг холбогдох нэгжийн хурлаар хэлэлцүүлж, гэрээнд заасан хугацаанд магадлан итгэмжлэлийн байгууллагад ирүүлнэ.
3.3.3.магадлан итгэмжлэлийн байгууллагын гүйцэтгэх удирдлага сургалтын байгууллага болон хөтөлбөрт хөндлөнгийн үнэлгээ хийх шинжээчийн багийг томилж, гэрээ байгуулна.
3.3.4.шинжээчийн багтай байгуулах гэрээнд талуудын эрх, үүрэг, хариуцлага, ажлын нөхцөл, хугацаа, ажлын хөлс, ёс зүйн хэм хэмжээ, бусад нөхцөлийг тодорхой тусгана.
3.3.5.магадлан итгэмжлэлийн байгууллагаас сургалтын байгууллага болон хөтөлбөрийн өөрийн үнэлгээний тайлан, холбогдох нэмэлт баримт материалыг шинжээчийн багт хүлээлгэн өгнө.
3.3.6. Шинжээчийн баг нь магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагын хүрээнд сургалтын орчин, нөөц, хэрэгжилтийн байдалд шинжилгээ хийж, холбогдох талуудтай ярилцлага зохион байгуулан, баримт бичиг, нотолгоонд үндэслэн хөндлөнгийн үнэлгээ хийнэ.
3.3.7. Үнэлгээний явцад илэрсэн мэдээлэл, нотолгоонд үндэслэн багийн гишүүд хамтран шинжээчийн тайлан боловсруулж, зөвлөмж, шаардлага гаргана.
3.3.8.шинжээчийн баг гэрээнд заасан хугацаанд сургалтын байгууллагад ажиллаж, шинжээчийн багийн үнэлгээний тайланг магадлан итгэмжлэлийн байгууллагад ирүүлнэ.
3.4.Магадлан итгэмжлэлийг шийдвэрлэх:
3.4.1.магадлан итгэмжлэх байгууллагын эрх бүхий комисс, мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар шинжээчийн багийн үнэлгээний тайланг хэлэлцэнэ.
3.4.2.шинжээчийн баг магадлан итгэмжлэх байгууллагын эрх бүхий комиссын хуралдаанд бүрэлдэхүүнээрээ оролцож үнэлгээний тайланг танилцуулна.
3.4.3.магадлан итгэмжлэх байгууллагын эрх бүхий комисс, мэргэжлийн зөвлөлийн гишүүдээс нээлттэй санал хурааж, олонхын саналаар магадлан итгэмжлэлийн шийдвэрийг гаргаж, тогтоолоор баталгаажуулна.
3.4.4.магадлан итгэмжлэлийн шийдвэр дараах төрөлтэй байна.
Үүнд:
3.4.4.1.магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг 85-100 хувь хангасан бол “магадлан итгэмжилнэ”;
3.4.4.2. магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагыг 70-84 хувь хангасан бол “нөхцөлтэйгөөр магадлан итгэмжилнэ”;
3.4.4.3. магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагын 69 хүртэлх хувийг хангасан бол “магадлан итгэмжлэхээс татгалзана”.
3.4.5.Дээд боловсролын шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэхийн өмнө тухайн хөтөлбөрт урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэнэ. Урьдчилсан магадлан итгэмжлэлийн шийдвэр нь дараах төрөлтэй байна.
3.4.5.1. урьдчилсан магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагын 85-100 хувийг хангасан бол “Хангасан”,
3.4.5.2. урьдчилсан магадлан итгэмжлэлийн шалгуур, шаардлагын 84 хүртэлх хувийг хангасан бол “Хангаагүй” гэж шийдвэрлэнэ.
3.4.6. Урьдчилсан магадлан итгэмжлэлийн шийдвэр гарсан сургалтын хөтөлбөрийг тухайн хөтөлбөрөөр төгсөлт хийсний дараа магадлан итгэмжлүүлнэ.
3.4.7.Магадлан итгэмжлэлийн шийдвэрийн хугацаа:
3.4.7.1.“магадлан итгэмжлэл”-ийн шийдвэрийн хугацаа 5 жил байна.
3.4.7.2.Дээд боловсролын сургалтын байгууллага гурван удаа магадлан итгэмжлэл хийлгэсэн тохиолдолд энэхүү журмын 3.4.4.1-д заасан шийдвэрийг хангаж байвал магадлан итгэмжлэлийн хугацаа 10 жил байна
3.4.7.3.“нөхцөлтэй магадлан итгэмжлэл”-ийн хугацаа 2 жил байна.
3.4.7.4.“магадлан итгэмжлэхээс татгалзана” гэж шийдвэрлэсэн тохиолдолд магадлан итгэмжлүүлэх хүсэлт гаргаж, магадлан итгэмжлэлийг шинээр эхлүүлнэ.
3.4.7.5. Энэхүү журмын 3.4.4.1, 3.4.4.2-д заасан шийдвэрийг үндэслэн магадлан итгэмжлэх байгууллагын гүйцэтгэх удирдлага магадлан итгэмжлэлийг баталгаажуулж, гэрчилгээ олгоно.
3.4.7.6. Энэхүү журмын 3.4.7.3-д заасан хугацаагаар магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага, хөтөлбөрийг дахин магадлан итгэмжилж 3.4.4.1-д заасан шийдвэр гарсан тохиолдолд өмнөх магадлан итгэмжлэлийн хугацааг шийдвэрийн хугацаанд оруулан тооцно.
Дөрөв.Магадлан итгэмжлэлийн шийдвэрийн
дараах үйл ажиллагаа
4.1. Магадлан итгэмжлэлийн байгууллага нь сургалтын байгууллагын чанарын ахиц дэвшлийн тайланд үндэслэн сургалтын байгууллага, хөтөлбөрийн чанарыг тасралтгүй сайжруулахад удирдлага, арга зүйгээр хангана.
4.2. Магадлан итгэмжлэлийн байгууллага нь сургалтын байгууллагын ахиц дэвшлийн мэдээлэл, нотолгоог цахим системд байршуулах боломжийг бүрдүүлж, цахим системийн мэдээлэлд дүн шинжилгээ хийж, зөвлөмж өгч ажиллана.
4.3 Энэхүү журмын 4.1-д заасан чанарын ахиц дэвшлийн тайланг хугацаанд нь ирүүлээгүй, эсхүл сургалтын байгууллага болон хөтөлбөрийн чанарт мэдэгдэхүйц ахиц дэвшил гараагүй нь нотлогдсон тохиолдолд магадлан итгэмжлэлийн байгууллага тухайн шийдвэрийг дахин үнэлж, хугацааг богиносгох, түдгэлзүүлэх, эсхүл хүчингүй болгох арга хэмжээ авч болно.
Тав. Магадлан итгэмжилсэн шийдвэрт өөрчлөлт оруулах
5.1. Сургалтын байгууллага нь магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага болон хөтөлбөрийн шалгуур, шаардлагыг хангахад нөлөөлж болзошгүй өөрчлөлт орсон тухай бүрд мэдээллийг албан бичгээр баталгаажуулан магадлан итгэмжлэлийн байгууллагад ирүүлнэ.
5.2.Энэхүү журмын 5.1-д заасан мэдээлэлд үндэслэн магадлан итгэмжлэлийн байгууллага магадлан итгэмжлэлийн хүчин төгөлдөр байдлын талаар магадлан итгэмжлэлийн байгууллага эрх бүхий комисс, мэргэжлийн зөвлөлийн хурлаар шийдвэр гаргана.
5.3.Сургалтын байгууллага магадлан итгэмжлэлийн өмнөх шийдвэр дуусах хугацаанаас 12-оос доошгүй сарын өмнө дахин магадлан итгэмжлүүлэх хүсэлтээ гаргана.
Зургаа. Хариуцлага, гомдол гаргах
6.1.Сургалтын байгууллага магадлан итгэмжлэлийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 сарын дотор шийдвэртэй холбоотой гомдлыг магадлан итгэмжлэлийн байгууллагад гаргах эрхтэй.
6.2.Магадлан итгэмжлэлийн байгууллагаас гаргасан шийдвэр болон үйл ажиллагаатай холбоотой гомдлыг Боловсролын ерөнхий хуулийн 17.13-д заасан байгууллагад гаргана.
6.3. Боловсролын ерөнхий хуулийн 17.13-д заасан байгууллага нь эрх бүхий комисс, мэргэжлийн зөвлөлийн санал, шийдвэр гарах үед үнэлэгдсэн нотлох баримтын хүрээнд тухайн санал, шийдвэрийг хянан үзнэ.
6.4.Гомдлыг хэлэлцэх хуралдаанд шаардлагатай бол сургалтын байгууллагын төлөөллийг оролцуулж болно.
6.5.Боловсролын ерөнхий хуулийн 17.13-д заасан байгууллага нь эрх бүхий комисс, мэргэжлийн зөвлөлийн шийдвэрт давах гомдлыг хянан үзэхдээ хангалттай нотлох баримтаар нотлогдоогүй гэж үзсэнээс бусад тохиолдолд үйл баримтын талаарх магадлан итгэмжлэх эрх бүхий комисс, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрнө.
---о0о---
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН, ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА БОЛОН ХӨТӨЛБӨРИЙГ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭХ,
МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛ ХИЙХ ШИНЖЭЭЧИД ТАВИХ ШААРДЛАГА
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Магадлан итгэмжлэлийн байгууллагаас мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх шинжээч (цаашид “шинжээч” гэх)-ийг сонгон шалгаруулахад энэхүү шаардлагыг баримтална.
1.2.Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх шинжээчийг ажиллуулахтай холбоотой үйл ажиллагааг Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллага удирдлага, зохион байгуулалтаар ханган ажиллана.
1.3.Шинжээч тодорхой салбар, судалгааны чиглэлээр мэдлэг, ур чадвар, туршлагатай, сургалтын байгууллага болон хөтөлбөрт хараат бус магадлан итгэмжлэл хийх, шийдвэр гаргах чадвартай шинжээчийн эрх олгох сургалтад хамрагдсан иргэн байна.
Хоёр. Шинжээчид тавих ерөнхий шаардлага᠋
2.1.Шинжээч нь дараах нийтлэг шаардлагыг хангасан байна.
2.1.1.Дээд боловсролтой байх;
2.1.2.Мэргэжлээрээ 5-аас доошгүй жил ажилласан байх;
2.1.3.Мэргэшлийн зэрэг эсхүл эрдмийн зэрэг, цолтой байх;
2.1.4.Боловсролын сургалтын байгууллагын үйл ажиллагаанд үнэлгээ, дүгнэлт өгөх, багаар ажиллаж, асуудал шийдвэрлэх чадвартай байх;
2.1.6.Ял шийтгэлгүй байх;
2.1.7.Ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй байх;
2.1.8.Авлига, ашиг сонирхлын зөрчилгүй байх;
2.2.Шинжээч нь дараах мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна.
2.2.1.Гадаад хэлний зохих мэдлэгтэй байх;
2.2.2.Судалгаа, шинжилгээний арга зүй эзэмшсэн байх;
2.2.3.Боловсролын салбарын холбогдох хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний актын хэрэглээний мэдлэг ур чадвартай байх;
2.2.4.Мэргэшлийн үндэсний шаталсан бүтэц, эрдмийн зэрэг харилцан хүлээн зөвшөөрөх, дүйцүүлэх болон кредит системийн талаарх мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх;
2.2.5.Сургалтын хөтөлбөрийн агуулга, арга зүй, үнэлгээний мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байх;
2.2.6.Чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэлийн чиглэлээр үнэлгээ хийх баримт бичиг, дотоодын болон олон улсын арга аргачлалыг хэрэглэх чадвартай байх;
2.2.7.Боловсролын салбарын хөгжил, хөдөлмөрийн зах зээлийн хэтийн төлөв, чиг хандлагын талаарх ойлголт, мэдлэг, ур чадвартай байх;
Гурав. Шинжээчид тавих тусгай шаардлага
3.1.Дээд боловсролын сургалтын байгууллагад магадлан итгэмжлэл хийх шинжээчид тавих шаардлага:
3.1.1.Доктор ба түүнээс дээш эрдмийн зэрэг, цолтой байх;
3.1.2.Магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллага болон эрдэм шинжилгээний байгууллагад 10-аас доошгүй жил, үүнээс дэд профессорын ангиллын албан тушаалд 3-аас доошгүй жил ажилласан байх;
3.1.3.Дээд боловсрол, шинжлэх ухаан, технологи, инновац, сургуулийн үйл ажиллагааны чиглэлээр урт болон дунд хугацааны хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлдэг байх;
3.1.4.Зөвлөх үйлчилгээ, эрдэм шинжилгээ, судалгаа, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлсэн байх;
3.1.5.Эрдэм шинжилгээ, сургалт, мэргэжлийн үйл ажиллагааны чиглэлээр патент, зохиогчийн эрх эсвэл ашигтай загварын гэрчилгээ авсан байх;
3.1.6.Олон улсын мэдээллийн санд бүртгэлтэй хянан магадалгаа хийгддэг мэргэжлийн сэтгүүлд хоёроос доошгүй эрдэм шинжилгээний өгүүллийг нэгдүгээр эсвэл холбоо баригч зохиогчоор хэвлүүлсэн байх;
3.2.Дээд боловсролын сургалтын хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийх шинжээчид тавих шаардлага:
3.2.1.Доктор ба түүнээс дээш эрдмийн зэрэг, цолтой байх;
3.2.2.Сургалтын хөтөлбөрийн цогц баримт бичгийг боловсруулах арга зүй эзэмшсэн байх;
3.2.3.Судалгааны ажил, ном, эрдэм шинжилгээний илтгэл, өгүүлэл хэвлэн нийтлүүлсэн байх;
3.2.4.Сургалтын технологи, кредит систем, чанарын баталгаажуулалтын чиглэлээр сургалтад хамрагдсан байх;
3.2.5.Байгууллага, хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн өөрийн үнэлгээний баг эсвэл судалгааны багт ажилласан туршлагатай байх;
3.2.6.Сургалтын хөтөлбөр боловсруулах, ажлын байран дахь, зайн болон цахим сургалтыг хэрэгжүүлэх туршлагатай.
3.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх шинжээчид тавих шаардлага:
3.3.1.Магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх;
3.3.2.Боловсролын сургалтын байгууллагын удирдах ажилтан болон тэргүүлэх түүнээс дээш зэрэгтэй багш, албан хаагч байх;
3.3.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын чиглэлээр гадаад, дотоодод урт, богино хугацааны сургалтад хамрагдсан, судалгаа, шинжилгээ хийж байсан туршлагатай байх;
3.3.4.Зөвлөх үйлчилгээ, эрдэм шинжилгээ, судалгаа, хөрөнгө оруулалтын төсөл, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлсэн байх.
3.4.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын хөтөлбөрт магадлан итгэмжлэл хийх шинжээчид тавих шаардлага:
3.4.1.Магистр, түүнээс дээш боловсролын зэрэгтэй байх эсхүл мэргэшлийн өндөр ур чадвартай байх;
3.4.2.Сургалтын хөтөлбөрийн цогц баримт бичиг эсвэл ажил мэргэжлийн стандарт боловсруулах арга зүй эзэмшсэн байх;
3.4.3.Мэргэжлийн чиглэлээр боловсролын сургалтын болон эрдэм шинжилгээний байгууллага, мэргэжлийн холбоод, танхим, үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагад 5-аас доошгүй жил ажилласан байх;
3.4.4.Боловсрол судлал болон мэргэжлийн чиглэлээр судалгааны ажил, ном, сурах бичиг, гарын авлага, илтгэл, өгүүлэл хэвлэн нийтлүүлсэн байх;
3.4.5.Сургалт, үнэлгээ, ажил мэргэжлийн стандарт, чадамжид суурилсан сургалтын хөтөлбөр боловсруулахад гар бие оролцсон байх.
Дөрөв. Бусад
4.1.Боловсролын чанарын баталгаажуулалт-магадлан итгэмжлэлийн байгууллагаас “Шинжээчийн ажиллах журам”-ыг баталж, мөрдүүлнэ.
4.2.Дараах болзлыг хангасан тохиолдолд шинжээчээр ажиллуулж болно.
4.2.1.Олон улсад магадлан итгэмжлэгдсэн сургалтын байгууллага, хөтөлбөрийн өөрийн үнэлгээний баг ахалсан албан тушаалтан байх;
4.2.2.Олон улсын шинжээч байх;
4.2.3.Дэлхийн ур чадварын тэмцээний эксперт багш байх;
4.3.Сургалтын байгууллага, хөтөлбөрийг магадлан итгэмжлэх шинжээчийн багт ажиллах номын санч, эдийн засагч, санхүүч, сэтгэл зүйч, хуульч, ажил олгогч, оюутан, суралцагчийн төлөөлөлд тавигдах шаардлагыг энэхүү журмын 4.1-д заасан журмаар зохицуулна.
---о0о---