Боловсролын салбарын хөрөнгө оруулалтын үйл ажиллагааг хувийн хэвшлийн байгууллагаар дамжуулах, байгууллагын борлуулалтын орлогын 1%-ийн татварын хөнгөлөлтийг ЕБС-д цахим анги тохижуулах хүрээнд Боловсролын Яам, Google for Education-ийн албан ёсны түнш байгууллага болох iCORE Co.,Ltd, Бодь электроникс ХХК-ийн нийгмийн хариуцлагын хүрээнд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Санамж бичгийн хүрээнд:
Нэгт, Боловсролын яам, Google for Education-ийн албан ёсны түнш iCORE Co.,Ltd болон Бодь электроникс ХХК хамтран “ChromeOS Flex” аяныг хэрэгжүүлэхээр боллоо.
Энэ аян нь боловсролын салбарын цахим шилжилтийг дэмжих, ашиглагдахаа больсон компьютерыг дахин ашиглах боломж бүрдүүлж, технологийн хог хаягдлыг бууруулах зорилготой юм.
Хуучин зөөврийн болон суурин компьютерт Google-ийн ChromeOS Flex үйлдлийн систем суулган, тэдгээрийг ерөнхий боловсролын сургуулиудад сурагчдын хичээлд ашиглах нөхцөл бүрдэнэ.
Хоёрт, хувийн хэвшлийн байгууллагууд борлуулалтын орлогын 1%-ийг ЕБС-д цахим анги байгуулахад зарцуулснаар татварын хөнгөлөлт эдлэх боломжтой болох юм.
Иймд таны байгууллага эсвэл таны хувийн хэрэглээнд ашиглагдахгүй байгаа компьютер байвал энэ аяны хүрээнд дахин ашиглахад хандивлахыг уриалж байна.
Холбоо барих: Ayan@moes.edu.mn