Монгол Улсын Их Хурлын Төсвийн Байнгын Хорооноос “Боловсролын салбарын 2026 оны төсвийн төсөл”-ийн хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, Боловсролын яам, Сангийн яамны удирдлага, холбогдох мэргэжилтнүүд болон Боловсролын салбарын үйлдвэрчний эвлэл, төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцлоо.
Боловсролын салбарт 2026 онд нийт 4.8 их наяд төгрөгийн санхүүжилт төлөвлөжээ. Энэ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 4.7 хувь, улсын төсвийн нийт зарлагын 14.6 хувийг эзэлж байна.
Үүнээс урсгал зардалд 3,878.6 тэрбум төгрөг, улсын төсөв болон зээл, тусламжийн хөрөнгө оруулалтаар хэрэгжих төсөл арга хэмжээг хэрэгжүүлэхэд 1,041.5 тэрбум төгрөг, эргэж төлөгдөх төлбөрийг хассан цэвэр зээлийн хэмжээг -117.1 тэрбум төгрөг байхаар тус тус тооцжээ.
Урсгал төсвийн хувьд 2026 оны төсвийн хязгаараас 255.9 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.
Нэг ангид суралцах хүүхдийн тоо хэтэрсэн буюу ачаалал ихтэй ажиллаж байгаа багшид хувьсах зардлаар дамжуулан нэмэгдэл хөлс олгох замаар багшийн цалин хөлсийг нэмэгдүүлэх, багшийн ур чадвар, ажлын ачаалалд нийцүүлсэн цалин хөлсний бүтцийг бий болгоход зориулж 100.0 тэрбум төгрөгийг төсвийн төсөлд нэмж тусгажээ.
Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид боловсролын чанар, хүртээмж, багш нарын цалин, нийгмийн асуудлыг шийдэхэд төсвийн оновчтой хуваарилалт чухал байгааг онцолж байв.