“ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД МӨРДӨХ ЖУРАМ”-ын төсөлд санал авч байна.
Захиргааны ерөнхий хуулийн 62.1-д "Захиргааны хэм хэмжээний актын төслийг тухайн захиргааны байгууллагын цахим хуудас болон мэдээллийн самбарт 30-аас доошгүй хоногийн хугацаанд байрлуулж санал авна" гэж заасны дагуу “Цэцэрлэгт хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх журам”-ын төсөлд санал авч байна.
Та бүхэн журмын төсөлтэй танилцан саналаа Сургуулийн өмнөх боловсролын хэлтэс Б.Энхцэцэг enkhtsetseg@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Төсөл
ЦЭЦЭРЛЭГТ ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХЭД
МӨРДӨХ ЖУРАМ
Нэг.Нийтлэг үндэслэл
1.1.Өмчийн бүх хэлбэрийн хүүхдийн цэцэрлэг /цаашид “цэцэрлэг” гэх/-т хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх, хяналт тавихад энэхүү журмыг мөрдөнө.
1.2.Журмыг хэрэгжүүлэхэд Хүүхдийн эрхийн тухай конвенц, Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль болон бусад холбогдох хууль дүрэм, журмыг баримтална.
1.3.Хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэхэд мөрдөх журам нь сургуулийн өмнөх насны хүүхдийн эрүүл, аюулгүй, ээлтэй орчинд сурч хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, хүүхэдтэй зүй бус харилцах, хүүхдийн эсрэг хүчирхийллийн тохиолдол илэрсэн, эсхүл хүүхдийн эсрэг хүчирхийлэл илэрч болзошгүй тухай мэдээлэл, сэжиг таамгийг хүлээн авах хариу үйлчилгээ үзүүлэх, эрсдэлт нөхцөлөөс урьдчилан сэргийлэх, хяналт үнэлгээний нэгдсэн тогтолцоог бий болгоход чиглэнэ.
1.4.Журмыг хэрэгжүүлэхдээ хүүхдийн эсрэг хүчирхийллийн бүх хэлбэрийг хүлээн зөвшөөрөхгүй байж тэдний эрхийг дээдлэх, хор хөнөөл учруулахгүй байх, ялгаварлан гадуурхахгүй байх, эрсдэлийг тооцох, урьдчилан сэргийлэх зарчмыг баримтална.
1.5.“Хүүхэд хамгаалал” гэж Хүүхэд хамгааллын тухай хуулийн 4.1.2-т заасан утгаар ойлгоно.
1.6.Журмыг өмчийн бүх хэлбэрийн цэцэрлэгийн удирдлага, хүүхэд хамгааллын баг, хүүхэдтэй ажилладаг багш, ажилтнууд, эцэг эх, асран хамгаалагчид сургалт, үйл ажиллагаандаа хамтран хэрэгжүүлнэ.
Хоёр.Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн зохион байгуулалт, чиг үүрэг
2.1.Цэцэрлэг нь хүүхэд хамгааллын багтай байна.
2.1.1. Хүүхэд хамгааллын багийн бүрэлдэхүүнд цэцэрлэгийн эрхлэгч, арга зүйч, багш, ажилчид (манаач, тогооч, угаагч гэх мэт үйлчилгээний ажилтны төлөөлөл), эцэг эх, асран хамгаалагчийн төлөөлөл багтана.
2.1.2.Багийг төлөөллийн тэнцвэр, оролцооны зарчмыг хангаж, 5-7 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна.
2.2.Хүүхэд хамгааллын багийн гишүүн нь хүүхэдтэй зүй бус харилцах харилцаа, хүчирхийлэл, төрөл, шинж тэмдгийг таньж мэддэг чадвартай байх ба дараах үүргийн дагуу ажиллана.
2.2.1.Хүүхэд хамгааллын багийн гишүүд нь хүүхэд хамгааллын сургалтад заавал хамрагдаж, нууцлалын гэрээ хийнэ.
2.2.2.Хүүхэд хамгааллын бодлогын баримт бичгийг байгууллагын бүх ажилтан, сургалт, үйл ажиллагаанд оролцогч талуудад танилцуулна.
2.2.3. Хүчирхийлэл, дарамтад өртсөн хүүхдэд үзүүлэх хамгааллын үйлчилгээний хэлбэрүүд, багш ажилтныг ажилд авахдаа хэрхэн нягтлах зэрэг хүүхдэд аюулгүй үйлчилгээ үзүүлэх үйл явц, шат дарааллыг товч, тодорхой харуулсан мэдээллийн самбарыг нүдэнд харагдахуйц газар байршуулан сурталчилна.
2.3.Хүүхэд хамгааллын баг нь дараах үүргийг хэрэгжүүлнэ.
2.3.1.Цэцэрлэгийн орчинд хүүхдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх, хохирогч хүүхдийг хамгаалах, холбон зуучлах үйлчилгээг хүргэнэ.
2.3.2.Багийн гишүүд нь хүүхэдтэй зүй бус харилцсан болон хүүхдийн эсрэг хүчирхийллийн талаар сэжиг таамаг, зөрчил хэргийг илрүүлэх, мэдээллийг хүлээн авах ба хүүхэд хамгааллын багт мэдэгдэнэ.
2.3.3.Хүүхдийн аюулгүй, сайн сайхан байдал, хүүхэд хамгааллын чиглэлээр сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулж хэрэгжүүлнэ.
2.3.4.Хуульд заасны дагуу хүүхдийн эсрэг хүчирхийллийн сэжиг, таамаг, тохиолдлыг мэдээллийн мөрөөр шуурхай арга хэмжээ авах, холбон зуучилна.
2.3.5.Эрсдэлд өртөж болзошгүй хүүхдийн эрүүл мэнд, хоол тэжээл, нийгэм-сэтгэл зүйн байдлын талаар байнгын үнэлгээ хийж, мэдээллийн нэгдсэн баазыг бий болгоно.
2.4.Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогын удирдлага, зохион байгуулалтыг цэцэрлэгийн эрхлэгч хариуцна.
2.4.1.Эрхлэгч нь өөрийн цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийг удирдах, гишүүдийн үүрэг хариуцлагыг жигд хуваарилах, үйл ажиллагаанд нь хяналт тавих, үнэлэх, хариуцлага тооцно.
2.4.2.Цэцэрлэгийн хэмжээнд хүүхдийн эсрэг хүчирхийллийг илрүүлэх, таслан зогсоох, шуурхай арга хэмжээ авах, хүүхдэд тасралтгүй боловсрол олгох, боловсрол нөхөн олгох үйлчилгээг хүүхэд хамгааллын багийн гишүүдийн хамт цаг алдалгүй хүргэнэ.
2.4.3.Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагаанд шаардагдах санхүүжилтийг шийдвэрлэж, төсөв бүрдүүлнэ.
2.4.4.Цэцэрлэгт шинээр ажилтан, багш сонгон шалгаруулж авахдаа тухайн иргэний өмнөх ажлын түүхийг судалж сонгон шалгаруулах ба шинээр ажилд авсан тохиолдолд хүүхэд хамгааллын бодлогыг танилцуулах, хяналт тавина.
2.4.5.Хүүхдийн эсрэг хүчирхийлэл, үл хайхрах байдалд өртөх эрсдэлтэй хүүхдийг олж тогтоох, илрүүлэх ажлыг хүүхэд хамгааллын багийн гишүүдтэй хамтран хэрэгжүүлэх, үйл явцыг хянана.
2.4.6.Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх сургалт, сурталчилгааг тогтмол хийх, сургагч, багш ажилтнуудын оролцоо, сургалтын агуулга, арга зүй, хүртээмжтэй байдалд хяналт тавих ажлыг удирдан зохион байгуулна.
2.4.7.Хүүхэд хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран ажиллана.
2.4.8.Цэцэрлэгийн дотоод, гадаад орчны эрсдэлийн үнэлгээг жил бүр хийх ажлын хэсгийг байгуулж, үнэлгээнд тусгагдсан эрсдэлийн сөрөг нөлөөг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлж, хянана.
2.4.9.Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогын хэрэгжилтийн үр дүнг тайлагнах, холбогдох байгууллагад мэдээлнэ.
2.5.Цэцэрлэгийн арга зүйч нь хүүхэд хамгааллын багийн нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэнэ.
2.5.1.Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн үйл ажиллагаанд өдөр тутмын зохицуулалт хийж, баримт бичгийг хөтлөх, баталгаажуулна.
2.5.2.Цэцэрлэгийн хүүхдийг хамарсан эрсдэлийн үнэлгээний сантай болох, мэдээллийн нууцлалыг хадгална.
Хүчирхийлэл, дарамт, үл хайхрах байдалд өртсөний улмаас эсвэл тодорхойгүй шалтгаанаар цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдэд нийгэм, сэтгэл зүй, боловсролын байдлын үнэлгээ хийнэ.
2.5.3.Хүүхдийн нийгэм, сэтгэл зүй, боловсролын байдалд үндэслэн тасралтгүй сурах хөгжих боломжоор ханган ажиллана.
2.5.4.Цэцэрлэгийн хамран сурах тойрогт амьдардаг хэдий ч хүчирхийлэлд өртсөний улмаас цэцэрлэгт огт хамрагдаагүй, сургуулийн өмнөх боловсрол эзэмшээгүй хүүхдэд боловсрол олгох сургалт, үйл ажиллагааг зохион байгуулна.
2.5.5.Цэцэрлэгийн багш, ажилтнуудаас хүчирхийлэлд өртсөн болон өртөж болзошгүй хүүхдийн талаарх мэдээллийг хүлээн авах, баримтжуулах, цааш нь холбогдох газарт мэдээлнэ.
2.5.6.Хүчирхийлэлд өртсөн хүүхдийг яаралтай, шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах, хүүхэд хамгааллын багтай хамтран зохион байгуулна.
2.5.7.Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын багийн гишүүдийг удирдлага, арга зүйгээр ханган ажиллана.
2.5.8.Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын үйлчилгээний мэдээ, баримт, үйлчилгээний зардлыг нэгтгэн дүгнэх, тайлан мэдээнд тусгана.
2.6.Цэцэрлэгийн эмч нь хүүхдийн бие махбод, зан байдалд хүчирхийлэл, үл хайхрах байдалд өртсөнөөс үүссэн байж болзошгүй гэмтэл шарх, шинж тэмдэг илэрч буй эсэхэд анхааралтай хандаж шаардлагатай арга хэмжээг авна.
2.6.1.Хүчирхийлэлд өртсөн байж болзошгүй хүүхдийг багш, арга зүйчтэй хамтран илрүүлж, нууцыг хадгалах, харьяалах цагдаагийн байгууллагад мэдээлэх, хариу арга хэмжээ авна.
2.6.2.Хүүхдэд эрүүл мэндийн үзлэг хийх үед хүчирхийлэл, дарамт, үл хайхрах байдалд өртсөн, өртөж болзошгүйг таамагласан тохиолдолд тэмдэглэл хөтлөн баримтжуулж, хүүхэд хамгааллын багийн ахлагч болон бусад гишүүдэд мэдээлнэ.
2.6.3.Хүчирхийлэлд өртсөн хүүхдэд сургуулийн өмнөх боловсрол тасралтгүй олгоход арга зүйч, багштай хамтрах, нөхөн олгох үйлчилгээний үед хүүхдийн эрүүл мэндийн байдалд хяналт тавина.
2.6.4.Хүчирхийлэл, дарамт, үл хайхрах байдалд өртсөн хүүхдийн бие махбодыг эмчлэх, нөхөн сэргээх, эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэх, зөвлөгөө өгнө.
2.6.5.Хүүхэд болон түүний гэр бүлийн гишүүдэд мэргэжлийн хүрээнд мэдээлэл, зөвлөгөө өгнө.
2.6.6.Хүчирхийлэлд өртсөн хүүхдийн эрүүл мэнд, бие бялдрын хөгжилд үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд өрхийн эмнэлэг, дараагийн шатлалын эмнэлэг, мэргэжлийн эмчид шилжүүлэх, эмчилгээ үйлчилгээний үр дүнг хянах, эргэх холбоотой ажиллана.
2.6.7.Цэцэрлэгийн хүүхдийг өвчлөл, осол гэмтэл, хүчирхийлэл, дарамтаас урьдчилан сэргийлэх ажлыг хүүхэд хамгааллын багтай хамтран зохион байгуулна.
2.6.8.Хүчирхийллээс болж эрүүл мэндээрээ хохирсон хүүхдэд богино болон урт хугацааны эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлнэ.
2.6.9.Гэр бүлийн хүчирхийлэлд бие махбод, сэтгэл санаа, бэлгийн хэлбэрээр өртсөн хохирогчийн амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор илрүүлэх, эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлнэ.
2.7.Бүлгийн багш нь хүчирхийлэл, дарамт, үл хайхрах байдалд өртсөн хүүхдийг таних, илрүүлэх, мэдээлэх, шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлахад хүүхэд хамгааллын багийн гишүүдтэй хамтран ажиллана.
2.7.1.Бүлгийн хүүхдүүдийн дунд эрсдэлийн үнэлгээ хийнэ.
2.7.2.Хүүхэд, тэдний гэр бүлд чиглэсэн заавар, зөвлөгөө өгнө.
2.7.3.Хүүхдэд учрах эрсдэлийг багасгах, таслан зогсоох талаар хүүхэд хамгааллын багтай хамтран ажиллана.
2.7.4.Бүлгийн хүүхдүүдийн өдөр тутмын ирцэд анхаарч, 3-аас дээш хоног тодорхойгүй шалтгаанаар ирээгүй хүүхдийн ар гэртэй холбогдох, гэрт нь очиж шалтгааныг тогтооно.
2.7.5.Бүлгийн хүүхдүүдийн хүчирхийлэл, дарамт, үл хайхрах байдалд өртсөн, өртөж болзошгүй эрсдэлийг тодорхойлох, нийгэм сэтгэл зүйн байдалд үнэлгээ хийнэ.
2.7.6.Хүчирхийлэлд өртсөн хүүхэдтэй ганцаарчлан уулзах, асуудал, нөхцөл байдлыг тодруулах, шаардлагатай үйлчилгээнд холбон зуучлах, хүүхэд хамгааллын багтай хамтран ажиллана.
2.7.7.Сэтгэл санааны зовуурьтай, түгшүүртэй, өөртөө итгэлгүй хүүхэдтэй ганцаарчлан ажиллах, ярилцах, дэмжих, урамшуулдаг байна.
2.7.8.Үнэлгээгээр эрсдэлийн түвшин өндөр, дунд гарсан хүүхдүүдийн талаар мэдээлэх, хүүхэд хамгааллын хариу үйлчилгээнд холбон зуучлах, шаардлагатай дэмжлэг туслалцаа үзүүлэхэд хүүхэд хамгааллын багтай хамтран ажиллана.
2.7.9.Сургуулийн бага ангийн хүүхэд, согтууруулах ундаа хэрэглэсэн эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчид цэцэрлэгийн хүүхдийг хүлээлгэн өгөхгүй байна.
2.8.Цэцэрлэгийн манаач, тогооч, угаагч зэрэг үйлчилгээний ажилтнууд нь хүүхдийн бие махбод, зан байдалд хүчирхийлэл, үл хайхрах байдалд өртсөнөөс үүссэн байж болзошгүй гэмтэл шарх, шинж тэмдэг илэрч буй эсэхэд анхааралтай хандаж хүүхэд хамгааллын багт мэдээлж, хамтран ажиллана.
2.8.1.Цэцэрлэгийн манаач нь хүүхдүүдийг асран хамгаалагч, харгалзан дэмжигчгүйгээр гадагш гаргахгүй байхад анхаарч ажиллана.
2.8.2.Цэцэрлэгийн манаач нь гадаад дотоод орчинд хяналт тавих, эрсдэлтэй нөхцөл байдал үүссэн тохиолдолд хүүхэд хамгааллын багт заавал мэдэгдэнэ.
Гурав.Урьдчилан сэргийлэх арга хэмжээ
3.1.”Урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэж хүүхдийн эрхийг зөрчиж, эмзэг байдал, эрсдэлд оруулж болзошгүй байгаа шалтгааныг арилгах, багасгах үйл ажиллагааг хэлнэ.
3.2.Цэцэрлэгийн гадаад, дотоод орчны үнэлгээг тогтмол хийж, анги танхимын тохижилтыг эрүүл ахуйн шаардлага хангасан түвшинд хийж, сайжруулах арга хэмжээг авч ажиллана.
3.2.1.Цэцэрлэгийн гадаад, дотоод орчны аюулгүй байдлыг бүрдүүлэхийн тулд Сургуулийн өмнөх боловсролын сургалтын орчны (MNS 6558:2015) стандартыг мөрдөнө.
3.2.2.Цэцэрлэгийн гадаад, дотоод орчны үнэлгээг жил бүр хийх талаар ажлын төлөвлөгөөндөө тусган стандартын хэрэгжилтийг хангаж ажиллана.
3.2.3.Цэцэрлэгийн гадаад орчин нь хүүхдийг зам тээврийн болон ахуйн осол гэмтэлд өртөхөөс урьдчилан сэргийлсэн бүс байна.
3.2.4.Эцэг, эх, асран хамгаалагчид хүүхдээ хүргэж өгөх, авах үед хүүхдээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлж, анхаарал болгоомжтой байх талаар анхааруулга сануулгыг аман болон бичгээр, цахим хэлбэрээр тогтмол өгнө.
3.2.5.Сургалт, үйл ажиллагааны хугацаанд эцэг, эх, асран хамгаалагч, иргэн, аж ахуйн нэгж нь аливаа баяр ёслол, төрсөн өдөр, буяны цайллага нэрийдлээр хүүхдэд гаднаас хоол, бэлэн бүтээгдэхүүн, амттан, ундаа зэргийг өгөхийг хориглож, хяналт тавина.
3.2.6.Цэцэрлэгийн байранд хүүхдийн сэтгэл санаа, аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй үйл ажиллагааг зохион байгуулахгүй байна.
3.2.7.Цэцэрлэгийн эрхлэгч нь хүний нөөцийн бодлого, сонгон шалгаруулалт, албан тушаалын тодорхойлолтод хүүхэд хамгааллын асуудлыг тусган ажиллана.
3.2.8.Багш, ажилтан, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхэд хамгааллын талаарх ойлголт, хандлагыг нэмэгдүүлэх нөлөөллийн үйл ажиллагаа явуулна.
3.2.9.Цэцэрлэгийн багш, ажилтан, эцэг, эх, асран хамгаалагч, бусад хүмүүс хүүхдийн эрх зөрчигдсөнийг мэдсэн, таамагласан тохиолдолд авах арга хэмжээ авч ажиллана.
3.2.10.Цэцэрлэгийн удирдах ажилтан, багш, ажилтантай хийх хөдөлмөрийн гэрээнд болон хамтран ажилладаг түнш байгууллагуудтай хийх үйл ажиллагааны гэрээнд хүүхэд хамгааллын холбогдох асуудлыг заавал тусгана.
3.2.11.Цэцэрлэг нь хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч, харгалзан дэмжигчтэй хамтран ажиллах гэрээ байгуулна.
3.2.12.Цэцэрлэг болон цэцэрлэгээс бусад орчинд хүүхдийн оролцох гэж буй аливаа үйл ажиллагаа, арга хэмжээний эрсдэлт нөхцөл байдлыг тооцож хүүхдийг оролцуулах эсэхийг шийднэ.
3.2.13.Цэцэрлэг нь хүүхэд болон хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагчийг хэвлэл, мэдээлэл, цахим орчин дахь хүчирхийллийн аливаа хэлбэрээс урьдчилан сэргийлэх, хамгаалах талаар дотоод журамд тусгасан байна.
3.2.14.Тусгай хэрэгцээ шаардлагатай хүүхдийн цэцэрлэгийн орчин дахь аюулгүй байдлыг хангаж ажиллахын тулд багш, ажилтнууд хүүхдийн онцлог, эрх, тэдэнд тулгардаг бэрхшээл, аюулгүй байдлыг нь хамгаалах мэдлэг, чадвар, туршлагатай байна.
3.2.15.24 цагийн үйл ажиллагаатай цэцэрлэгийн хүүхэдтэй ажилладаг багш, ажилтнуудад хүүхэд хамгаалал, хүүхэдтэй харилцах эерэг арга барилын талаар заавар боловсруулан мөрдөж ажиллана.
3.2.16.Цэцэрлэгийн орчинд багш, ажилтан нь хүүхдэд бие махбод, сэтгэл санааны шийтгэл үзүүлэхийг хориглоно.
Дөрөв.Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх
4.1.”Хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх” гэж хүүхэд хүчирхийлэлд өртсөн, өртөх магадлалтай эсэхийг таних, мэдээллийг хүлээн авах, шилжүүлэх, холбон зуучлах, яаралтай, шуурхай арга хэмжээ авах, хүүхдийг эрсдэлээс хамгаалах үйл ажиллагааг хэлнэ.
4.2.Цэцэрлэгийн багш, ажилтан нь хүүхэд хүчирхийлэлд өртсөн, өртөж болзошгүй эрсдэлд байвал хариу арга хэмжээг шуурхай авах ойлголт, мэдлэгтэй байна.
4.3.Хүүхдийн эрхийн зөрчлийг олж мэдсэн багш, ажилтан нь хүүхэд хамгааллын багт мэдээлэх үүрэгтэй.
4.4.Цэцэрлэгийн багш, ажилтнууд ажил үүргээ гүйцэтгэх явцдаа гэр бүлийн болон хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдэгдсэн, эсхүл үйлдэгдэж болзошгүй нөхцөл байдлын талаар олж мэдсэн бол цагдаагийн байгууллага, цагдаагийн албан хаагчийн эзгүйд сум, баг, хорооны Засаг даргад мэдээлэх үүрэг хүлээнэ.
4.5 Цэцэрлэгийн багш, ажилтнууд нь хүүхэд, гэр бүлийн мэдээллийн нууцлалыг хадгалах, хуулиар зөвшөөрснөөс бусад тохиолдолд байгууллага, албан тушаалтан, хувь хүнд мэдээлэхгүй байна.
4.5.Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын баг, багш, ажилтан нь хүчирхийлэл, эрсдэлд өртсөн хүүхдийн сэтгэл санааг хамгаалах, бие махбод, сэтгэл зүйн гэмтлийг эмчлэх, нөхөн сэргээхэд мэргэжлийн байгууллага, мэргэжилтнүүдэд холбон зуучилна.
4.6.Цэцэрлэг нь хүүхдийн эрхийг зөрчсөн, хүүхдийн эсрэг хүчирхийлэл үйлдсэн нь батлагдаж нотлогдсон, үүний улмаас арга хэмжээ тооцогдсон багш, ажилтныг хүүхдийн цэцэрлэгт ажиллуулахгүй.
***