"ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ8 ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ"-ын төсөлд санал авч байна

A- A A+

Монгол Улсын Их Хурлын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" 36 тогтоолд хүүхдийн хоол, хүнсний хангамжийн оновчтой тогтолцоог бий болгох асуудлаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулахаар заасныг үндэслэн хуулийн төслийг боловсруулан санал авахаар цахимд байршуулж байна. 
Хуулийн төслийг боловсруулахдаа i) Олон улсын хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн “үл ялгаварлах” зарчим, ii) Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд сайн засаглалын зарчим, iii) Төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжих зарчмыг баримтлан дараах нэмэлт өөрчлөлийг оруулахаар хуулийн төслийг боловсруулсан.  
a.    Баталгаатай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр нийлүүлэх тогтолцоог 
b.    Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбогдуулан боловсрол, эрүүл мэнд, нийгэм хамгаалал, хүнс хөдөө аж ахуй, эдийн засгийн салбарын уялдаа холбоог хангах, 
c.    Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний явц, үр дүнг хяналт шинжилгээ хийхээс гадна хүүхдийн өсөлт, хөгжилтийг хэмжих үзүүлэлт болон хоол үйлдвэрлэлийн үр нөлөөг үнэлж, үр дүнг мэдээллийн санд оруулах зэрэг нэмэлт өөрчлөлтийг тусган боловсруулав. 

Хуулийн төслийн талаар саналаа Dulamkhand@moe.gov.mn хаягт ирүүлнэ үү.

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХООЛ ҮЙЛДВЭРЛЭЛ, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙН

ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

 

            2025 он ... сар ... өдөр                                                                                                              Улаанбаатар хот

 

Монгол Улс нэгдэн орж, соёрхон баталсан Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт[1], Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пакт[2],  Хүүхдийн эрхийн тухай конвенц[3], Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц[4]-д “хүрэлцээтэй хоол хүнстэй байх” эрхийг хүлээн зөвшөөрсөн байдаг. 

"Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого[5]", "Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл[6]", Монгол улсын Засгийн газрын 2024-2028  оны үйл ажиллагааны хөтөлбөр[7]сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний тогтолцоог хөгжүүлэн сургууль бүр стандартын шаардлага хангасан хоол үйлдвэрлэлийн байр, тоног төхөөрөмж, хүний нөөцтэй байх, ерөнхий боловсролын сургуульд "Үдийн хоол"-ны үйлчилгээг бүрэн нэвтрүүлэх, хүүхдийн хоолны зардлыг хувьсах зардлаар санхүүжүүлэх эрх зүйн орчныг бүрдүүлэхээр тус тус заасан байна.

             “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай" Монгол Улсын Их Хурлын 2022 оны 36 тогтоолд хүүхдийн хоол, хүнсний хангамжийн оновчтой тогтолцоог бий болгох асуудлаар холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулахыг Засгийн газарт даалгасан.

     Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт 2024, 2025 онд хийсэн үнэлгээний тайлан[8] болонЕрөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний тогтолцоог бүрдүүлэх бодлогын шийдэл боловсруулах төслийн тайлан”[9], “Сургуулийн үдийн хоол болон дотуур байрын хоолны өртөг тооцох судалгааны тайлан”[10]-д  нэгдүгээрт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тогтолцоо (дэд бүтэц, мэдээллийн сан, хүнсний хангамжийн нэгдсэн тогтолцоо)-г бүрдүүлэх, хоёрдугаарт, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх, хангах, гуравдугаарт, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үр дүн, үр нөлөөг үнэлэх, дөрөвдүгээрт, хоол үйлдвэрлэлийн зардлыг сургуулийн хувьсах зардлаас салган тусад нь зорилтот хөтөлбөр арга хэмжээ болгож, төсвийн шинэчлэлийг хийхийг зөвлөмж болгожээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, дараах зарчмын шинжтэй өөрчлөлтийг тусгана.Үүнд:

1/Олон улсын хүний эрхийн зарчим, хэм хэмжээнд нийцүүлэн “үл ялгаварлах”, “төр, хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих” зарчмыг нэмж тусгахаас гадна хуулийн үйлчлэх хүрээг өргөтгөж, зохицуулалтгүй үлдсэн цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн хүнсний хангамжтай холбоотой нийтлэг харилцааг энэ хуулиар зохицуулна. Мөн зарим нэр томьёог шинээр тайлбарлах, зарим нэр томьёог өөрчлөн найруулна.

2/ Хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд сайн засаглалын зарчмыг хэрэгжүүлэх зорилгоор удирдлагын, мэргэжлийн болон үйл ажиллагааны тогтолцоог тодорхой тусгана. Үйл ажиллагааны зохион байгуулалтын хүрээнд хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх, хүүхдийн эрүүл мэнд, насны онцлог, шим тэжээлийн үндэсний нормд тулгуурлан хоолны цэс төлөвлөх, хүүхдийн хоол хүнсний хэрэглээ, соёл, дадлыг төлөвшүүлэхээр тусгана.

3/Баталгаатай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг тогтвортой үнээр нийлүүлэх тогтолцоог бүрдүүлэх зорилгоор орон нутгийн өмчит болон хувийн ханган нийлүүлэлтийн төв байгуулах, орон нутагт борлуулалтын сүлжээтэй хүнсний компаниудтай урт хугацааны гэрээ байгуулж, хамтран ажиллахаар тусгана.   Мөн  орон нутгийн уламжлал, газар зүйн байршлын онцлогтой холбогдуулан орон нутгийн хүнсний хангамжийн чадавхыг сайжруулахад чиглэгдсэн зохицуулалт тусгана.

4/Хүүхдийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээтэй холбогдуулан боловсрол, эрүүл мэнд, нийгэм хамгаалал, хүнс хөдөө аж ахуй, эдийн засгийн салбарын уялдаа холбоог хангах зорилгоор Хүнсний аюулгүй байдлын Үндэсний зөвлөлийн дэргэд Хүүхдийн хоол, тэжээлийн салбар зөвлөл, аймаг, нийслэлийн Засаг даргын дэргэд “Хүүхдийн хоолны зөвлөл” байхаар тусгана.

5/Засгийн газрын 2021 оны 403 дугаар тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газрын хоол үйлдвэрлэл, үйлчилгээний талаар хүлээх үүргийг  тусгав.

6/Хүнсний анхан шатны үйлдвэрлэлээс хоол үйлдвэрлэл, үйлчилгээ хүртэлх үе шат буюу ханган нийлүүлэлтийн шат “хүнсний түүхий эдийн зардал” болон “сургуулийн хоол хувьсах зардал”-ыг тодорхой болгоно. Засгийн газар “хүнсний түүхий эдийн зардал” буюу “хоолны зардлын норматив”-ыг жил бүр, харин “хоолны хувьсан зардал”-ыг 2 жил тутам шинэчлэн батлахаар тусгана.  

7/Төр, хувийн хэвшлийн оролцоог дэмжих зарчмын хүрээнд хоол үйлдвэрлэл, үйлчилгээний санхүүжилтийн эх үүсвэрийг өргөжүүлж, хүнсний ханган нийлүүлэлт, тээвэрлэлт, хадгалалт, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчид төрөөс үзүүлэх дэмжлэгийн хэлбэр, дэмжлэг үзүүлэх хэлбэрийг  тодорхой тусгаж,  холбогдох хуульд өөрчлөлт оруулна.

8/Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний явц, үр дүнг хяналт шинжилгээ хийхээс гадна хүүхдийн өсөлт, хөгжилтийг хэмжих үзүүлэлт болон хоол үйлдвэрлэлийн үр нөлөөг үнэлж, үр дүнг мэдээллийн санд оруулахаар тусгана.

Хуулийн төсөл батлагдсанаар хүүхдийн хоол хүнсний хангамж, үйлчилгээний нэгдсэн удирдлага, зохион байгуулалтыг цогцоор хэрэгжүүлэх тогтолцооны засаглал, институци, хүний нөөц, санхүүжилт, хяналт, үнэлгээг тодорхой болгосноор хүүхдийн хөгжил, эрүүл мэндийн чанарыг дээшлүүлэх, цаашилбал улс орны тэргүүлэх салбар болох боловсрол, эрүүл мэнд, хүнс хөдөө аж ахуй, нийгэм хамгаалал, эдийн засгийн өсөлтөд томоохон ахиц гарна.

 

 

---о0о---

 

[5] Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

[6] Монгол Улсын Их Хурлын 2020 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

[7] Монгол Улсын Их Хурлын 2024 оны 21 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт

[8] Монгол улсын Их хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд хийх төлөвлөгөөт хяналт шалгалтын ажлын цаглаварт тусгагдсаны дагуу хийсэн Ерөнхий боловсролын сургуулийн хоол, үйлдвэрлэл үйлчилгээний тухай хуулийн хэрэгжилтийн үр дагаварт хийсэн үнэлгээний тайлан (УБ хот. 2024 он), Зөвлөх үйлчилгээний хүрээнд 2025 онд хийсэн үнэлгээний тайлан

[9]Боловсролын яамны захиалгаар 2024 онд хийсэн

[10] 2024 онд  олон улсын байгууллагын дэмжлэгээр Сангийн яамны захиалгаар хийсэн