“Зайн болон цахим сургалт зохион байгуулах, эзэмшсэн боловсролыг үнэлэх, дүйцүүлэх журам”-ын төсөлд санал авч байна

A- A A+
“Зайн болон цахим сургалт зохион байгуулах, эзэмшсэн боловсролыг үнэлэх, дүйцүүлэх журам”-ын төсөлд санал авч байна

“Зайн болон цахим сургалт зохион байгуулах, эзэмшсэн боловсролыг үнэлэх, дүйцүүлэх журам”-ын төсөлтэй танилцан, саналаа jargal@moe.gov.mn хаягаар 2026 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

 

ТӨСӨЛ

БОЛОВСРОЛЫН САЙДЫН ТУШААЛ

2026 оны ... дугаар сарын ...-ны өдөр                                     Дугаар ...                                                 Улаанбаатар хот

Журам батлах тухай

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Боловсролын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.11 дахь заалтыг тус тус үндэслэн ТУШААХ нь:

1.“Зайн болон цахим сургалт зохион байгуулах, эзэмшсэн боловсролыг үнэлэх, дүйцүүлэх журам”-ыг хавсралтаар баталсугай.

2.Энэхүү тушаалын хэрэгжилтийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Ерөнхий боловсролын бодлого зохицуулалтын газар /М.Цогзолмаа/, Дээд, мэргэжлийн боловсролын бодлого зохицуулалтын газар /Н.Нарангэрэл/-т хэрэгжилтэд арга зүйн дэмжлэг үзүүлж ажиллахыг Боловсролын ерөнхий газар /Т.Ням-очир/, зайн болон цахим сургалтын хөтөлбөр боловсруулах, сайжруулах, холбогдох арга хэмжээг авч ажиллахыг Боловсролын судалгааны үндэсний хүрээлэн  /П.Оюунаа/-д тус тус үүрэг болгосугай.

3.Тушаалын хэрэгжилтийг хангаж ажиллахыг аймаг, нийслэлийн Боловсролын газрын дарга, дээд, мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага,  ерөнхий боловсролын сургуулийн захирал нарт даалгасугай.

4.Энэхүү тушаалын хавсралтаар баталсан журмын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар /Л.Төгсбаяр/-т үүрэг болгосугай.

 

 

САЙД                                     П.НАРАНБАЯР

 

 

ЗАЙН БОЛОН ЦАХИМ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ, ЭЗЭМШСЭН БОЛОВСРОЛЫГ ҮНЭЛЭХ, ДҮЙЦҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Энэ журмаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагаас бусад боловсролын сургалтын байгууллага /цаашид “сургалтын байгууллага” гэх/, Насан туршийн суралцахуйн төвд зайн болон цахим сургалтыг зохион байгуулах, эзэмшсэн боловсролыг үнэлэх, дүйцүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулна.

1.2.Энэ журамд заасан, “зайн сургалт”-ыг Боловсролын ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.5 дахь хэсэг,  “цахим сургалт“-ыг  мөн хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.17 дахь хэсэгт зааснаар тус тус ойлгоно.

1.3.Энэ журмыг хэрэгжүүлэхтэй холбогдсон харилцаанд Боловсролын ерөнхий хууль, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, Кибер аюулгүй байдлын тухай  хууль болон  холбогдох бусад хууль тогтоомжийг дагаж мөрдөнө.

1.4.Зайн болон цахим сургалт зохион байгуулж, эзэмшсэн боловсролыг үнэлж дүйцүүлэхдээ тэгш хүртээмжтэй, тасралтгүй, уян хатан, ил тод, шударга, ёс зүйтэй, мэдээллийн технологид үндэслэсэн, аюулгүй байдлыг хангасан, эх оронч, үндэсний үнэт зүйлсийг дээдэлсэн байх зарчмыг баримтална.

Хоёр. Журмын үйлчлэх хүрээ

2.1.Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үед сургалтын байгууллага, Насан туршийн суралцахуйн төв нь зайн болон цахим сургалтыг зохион байгуулна.

2.2.Гэнэтийн буюу давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдал үүссэний улмаас сургалтын үйл ажиллагаа тасалдахад хүрсэн бол сургалтын байгууллага, Насан туршийн суралцахуйн төв нь тухайн нөхцөл байдлыг арилах хүртэл, эсвэл эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зайн болон цахим сургалтыг зохион байгуулна.

2.3.Танхимын сургалтад хамрагдах боломжгүй, ялгаатай хэрэгцээтэй, эрүүл мэндийн болон нийгмийн зайлшгүй хүндэтгэн үзэх шалтгаантай, сургалтын байгууллагад үргэлжлүүлэн суралцах, боловсрол нөхөн эзэмших хүсэлтэй суралцагчдыг холбогдох байгууллагын нотлох баримтад үндэслэн “Ерөнхий боловсролын цахим сургууль”-д зайн эсвэл цахим хэлбэрээр суралцуулан суурь, бүрэн дунд боловсрол эзэмшүүлж болно.

2.4.Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхэд “Ерөнхий боловсролын цахим сургууль”-д суралцан суурь, бүрэн дунд боловсрол эзэмшиж болно.

2.5.Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн суралцагчийн хэрэгцээ, сонирхол, мэргэжил сонголт, мэргэжлийн багшийн хангалт, бүлэг дүүргэлт зэрэгт үндэслэн сонгон судлах хичээлийг цахим хэлбэрээр суралцах сонголт нь баталгаажсан суралцагч ᠎“Ерөнхий боловсролын цахим сургууль”-д суралцана.

2.6.Ерөнхий боловсролын сургууль нь хичээлийн жилийн бүтцэд заасан цахим сургалтаас гадна орон нутгийн байгаль, цаг уурын нөхцөл байдлыг харгалзан, сургуулийн онцлогт тохируулж, сургалтын хөтөлбөр төлөвлөгөөтэй уялдуулан хичээлийн 8 долоо хоног хүртэлх хугацаанд цахим сургалтыг танхимын сургалттай хосолсон хэлбэрээр зохион байгуулж болно.

2.7.Сургалтын байгууллага, Насан туршийн суралцахуйн төв нь мэдлэг, ур чадвар олгох сургалт /Микрокредит/-ыг зайн болон цахим хэлбэрээр зохион байгуулж болно.

2.8.Хилийн чанадад амьдарч буй монгол хүүхэд “Ерөнхий боловсролын цахим сургууль”-д суралцан монгол хэл, үндэсний бичиг сурч болно.

2.9.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь энэхүү журмын 2.3-т заасан нөхцөлд сургалтыг зайн болон цахим хэлбэрээр зохион байгуулж болно.

2.10.Дээд боловсролын сургалтын байгууллага нь холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн баталсан тухайн сургуулийн дотоод дүрэм, журмын дагуу зайн болон цахим хэлбэрээр сургалтыг зохион байгуулна.

Гурав. Тавигдах шаардлага

Сургалтын байгууллага, Насан туршийн суралцахуйн төв нь зайн болон цахим сургалт зохион байгуулахад дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

3.1.Боловсрол, сургалтын зориулалтаар ашиглах мэдээллийн системд тавих ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан сургалтын байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем (SMS/LMS)-тэй байх;

3.2.Цахим сургалт зохион байгуулахад ашиглагдаж буй программ хангамж, систем нь албан ёсны лицензтэй байх бөгөөд мэдээллийн аюулгүй байдлыг хангасан, хоёр шатлалт баталгаажуулалтаар нэвтрэх боломжтой, өгөгдөл дамжуулахдаа гаднын нөлөөллөөс хамгаалагдсан байх;

3.3.Домэйн нэртэй, агуулга нь тогтмол шинэчлэгддэг, эцэг эх, асран хамгаалагч нартай эргэх холбоо тогтоох боломжтой мэдээллийн системтэй байх;

3.4.Мэдээллийн системийн мэдээлэл нь хараа, сонсголын бэрхшээлтэй суралцагч мэдээлэл авах, ашиглах боломжтой аудио видео, дохионы хэлний тайлбартай, хадмал бичвэртэй  байх;

3.5.Интернэтэд холбогдсон хурд 20 Mbps-аас багагүй байх ба утастай болон утасгүй дотоод сүлжээний орчныг бүрдүүлсэн байх;

3.6.Мэдээлэл зүйн кабинет, лаборатори, цахим сургалтын танхим, техникийн шаардлага хангасан орчноос орон зай үл хамааран цахим сургалт зохион байгуулах уян хатан боломж, нөхцөлөөр хангана. 

3.7.Номын сан нь нээлттэй ашиглах боломжтой цахим ном, гарын авлагын нэгдсэн сантай, боловсролын нээлттэй нөөцийг ашиглах нөхцөлийг бүрдүүлсэн байх;

3.8.Сургалтын материал, интерактив хичээл, контент, цахим сурах бичиг зэрэг нь үндэсний цөөнхөд монгол хэл болон тухайн эх хэл дээр ашиглах боломжтой, ялгаатай хэрэгцээтэй суралцагчийн онцлог хэрэгцээнд тохирсон аудио, видео нь хадмал бичвэртэй, дохионы хэлтэй байх бөгөөд чухал хэсгүүдийг онцолж тайлбарласан байна.

3.9.Мэргэжлийн болон техникийн боловсролын, мэргэжлийн сургалтын байгууллага нь чадамжид суурилсан хөтөлбөрийн агуулгад нийцүүлэн зайн болон цахим сургалтыг хөдөлмөрийн болон кибер аюулгүй байдлыг хангасан ᠋платформ ашиглан зохион байгуулна.  

3.10.Багш, суралцагчид албан ёсны лицензтэй и-мэйл хаяг ашигладаг байх;

3.11.Сургалтын үйл ажиллагаанд олон нийтийн сүлжээ (facebook, instagram, twitter гэх мэт)  ашиглахгүй байх;

3.12.Багш нь сургалтын цахим орчныг удирдах, техник технологид суурилсан сургалтын арга зүйг эзэмшсэн, цахим орчин дахь эрүүл мэнд, хууль эрх зүйн мэдлэг, чадвартай байх;

3.13.Цахим хичээлийн үргэлжлэх хугацаа нь “Сургалт хүмүүжлийн орчны эрүүл ахуйн шаардлага” MNS6799:2019 стандартад нийцсэн байна.

Дөрөв.Сургалтын зохион байгуулалт

Сургалтын байгууллага, Насан туршийн суралцахуйн төв нь зайн болон цахим сургалтад доор дурдсан үйл ажиллагааг  зохион байгуулна. Үүнд:

4.1.Зайн болон цахим сургалтыг Боловсролын ерөнхий хуулийн 14.2-т заасан албан боловсролын агуулгын хүрээ, сургалтын хөтөлбөрийг үндэслэн, мөн хуулийн 14.8-д заасан цахим сургалтын хөтөлбөрийн дагуу холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулна.

4.2.Энэ журмын 2.3-д заасан үндэслэлээр ерөнхий боловсролыг нөхөн эзэмшүүлэхдээ Боловсролын ерөнхий хуулийн 15.2-ыг мөрдөнө.

4.3.Зайн болон цахим сургалт зохион байгуулах хичээлийн хуваарийг гарган батлуулж, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдэд нээлттэй мэдээлнэ.

4.4.Суралцагч, тэдний эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч болон багшид цахим сургалтын зохион байгуулахтай холбоотой мэдээлэл, ашиглах программ, эх сурвалжийн холбоос (линк), хичээлийн хэрэглэгдэхүүн, бие даан судлах материалын талаарх заавар, зөвлөмжийг урьдчилан өгнө.

4.5.Энэ журмын 2.1, 2.2-т заасан нөхцөлд интернэтийн хүртээмж хязгаарлагдмал бүс нутагт байгаа суралцагчдад сүлжээнээс хамааралгүйгээр (оффлайн) бие даан ашиглах боломжтой дижитал эх сурвалжийг болон  урьдчилан татаж авсан нөөц материалыг ашиглах зэргээр  зайн сургалтыг зохион байгуулж болно.

4.6.Сургуулийн болон суралцахуйн удирдлагын мэдээллийн системийн цахим хичээлийн талбар дахь үзүүлэлтүүдийг бүртгэн, хамтын ажиллагаанд дүн шинжилгээ хийж сургалтын чанар, үр дүнг дээшлүүлнэ.

4.7.Суралцагчийн хичээлийн агуулгыг нөхөх, хоцрогдлыг арилгах, эзэмшсэн мэдлэгээ бататгах, гүнзгийрүүлэн судлах, бие даан суралцах чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зайн болон цахим сургалтыг зохион байгуулж болно.

4.8.Цахим сургалт явуулах платформ, серверийн найдвартай ажиллагаа, мэдээллийн сангийн  аюулгүй  байдлыг  хангаж, системийн саатлаас шалтгаалж суралцагч хохирохгүй байх нөхцөлийг бүрдүүлж, суралцагчийн хувийн мэдээллийн нууцлалыг хадгална.

4.9.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь зайн болон цахим хэлбэрт шилжүүлэх боломжгүй дадлага, ур чадварыг эзэмшүүлэх сургалтыг сургалтын байгууллага болон ажлын байранд зохион байгуулна. 

4.10.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 3.1.10-т заасан хосмог сургалтын онолын сургалтыг зайн болон цахим хэлбэрээр зохион байгуулж болно.

4.11.Хосмог сургалтын онолын сургалтын агуулгыг энэхүү журмын 4.10-т заасны дагуу зайн болон цахим хэлбэрээр зохион байгуулах тохиолдолд сургалтын байгууллага, суралцагч, аж ахуйн нэгж, байгууллагын хамтарсан гуравласан гэрээнд тусгаж баталгаажуулна.

4.12.Энэ журмын 2.3-д заасан шалтгаанаар сурч байгаа суралцагч  цахим сургалтаас танхимын сургалтад шилжин суралцаж болно.

Тав.Багш, суралцагчийн үйл ажиллагаа

Зайн болон цахим сургалтаар багш, суралцагч  доор дурдсан үйл ажиллагааг  хэрэгжүүлнэ. Үүнд:

5.1.Багш нь суралцагчийн ялгаатай хэрэгцээ, онцлог, ачаалалд тохирсон, тэдний бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх, бие даан ажиллах чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн даалгаврыг  боловсруулна.

 5.2.Багш үнэлгээний үр дүнд үндэслэн дэмжлэг шаардлагатай суралцагчийн ялгаатай хэрэгцээнд тохируулан хоцрогдсон агуулгын хүрээнд мэдлэг, чадвараа бататгах цахим эх сурвалжуудыг зааж өгнө.

5.3.Багш нь шинэ сэдэв, сонгон судлах болон гүнзгийрүүлэн судлах агуулгуудаас суралцагчдын бие даан суралцах боломжтой сэдвүүдийг зайн болон цахимаар урьдчилан судлуулж, танхимын хичээлээр нь бататгаж болно.

5.4.Багш болон суралцагч байршлын хувьд өөр байж болох ч нэгэн зэрэг бодит цаг хугацаанд  шууд харилцаа үүсгэх синхрон (synchronous), суралцагч өөрийн боломжит цаг хугацаанд, өөрийн хурдаар сургалтын материалыг бие даан суралцах асинхрон (аsynchronous) сургалтын аргыг тус тус хэрэглэж болно.

5.5.Багш нь суралцагчдад цахим орчны ёс зүй, аюулгүй байдлын талаар мэдээлэл өгч, гарч болзошгүй сөрөг нөлөөнөөс урьдчилан сэргийлнэ.

5.6.Суралцагч нь сургалтын хөтөлбөрийн агуулгыг бүрэн судалж, даалгавар, бие даалтыг хугацаанд нь гүйцэтгэж, явцын үнэлгээнд хамрагдсан байна.

5.7.Суралцагч бүртгэлийн нэвтрэх нэр, нууц үгийг бусдад дамжуулахгүй, алдахгүй, системд үйлдэл хийж дууссан бол заавал гарах үйлдлийг хийх, өөрийн эрхийг зөвхөн сургалтын үйл ажиллагаанд ашиглахаас өөрөөр ашиглахыг хориглоно.

Зургаа. Үнэлэх, дүйцүүлэх

6.1.Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн зайн болон цахим сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадварын ахиц, амжилт, үр дүн, төлөвшлийг үнэлэхэд Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн  27.7-д заасан журмыг баримтална.

6.2.Хичээл сургалтын явцад суралцагчийг үнэлэхдээ сургалтын ирц, системд ажилласан хугацаа, хандалт, хэлэлцүүлэг, вебинарын оролцоог тооцно.

6.3.Багш нь цахим шалгалтыг энэ журмын 4.8-г баримтлан зохион байгуулна.

6.4.Анги дэвших болон улсын шалгалтын  дэг зөрчсөн нь нотлогдсон бол тухайн үнэлгээг хүчингүйд тооцно.

6.5.Хүндэтгэн үзэх шалтгаанаар зайн болон цахим хичээлд хамрагдаагүй суралцагч багшид мэдэгдэн, системд хадгалагдсан хичээлийн агуулгыг нөхөн үзэж, эзэмшсэн мэдлэг, чадвараа үнэлүүлж болно.

6.6.Суралцагчийн тодорхой хугацаанд зайн болон цахим сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшлийг тухайн сургалтын байгууллага үнэлж, баталгаажуулна.

6.7.Зайн болон цахимаар суралцсан суралцагчийн  суурь, бүрэн дунд боловсролын түвшний төгсөх ангийн улсын шалгалтыг Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага авч, баталгаажуулна.

6.8.Зайн болон цахимаар суралцсан суралцагч сургалтын агуулгыг бүрэн эзэмшсэн нь холбогдох эрх бүхий байгууллагын үнэлгээгээр баталгаажсан тохиолдолд тухайн түвшний боловсролын баримт бичиг олгож, танхимын сургалтаар олгосон боловсролтой дүйцүүлэн тооцно.

6.9.Суралцагчийн цахим сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшлийг үнэлж, баталгаажуулсан бол сургалтын үнэлгээг танхимын сургалтын үнэлгээтэй адил дүйцүүлэн тооцно.

Долоо. Хяналт, хариуцлага

7.1.Сургалтын байгууллага, Насан туршийн суралцахуйн төв  зайн болон цахим сургалтын явц, хэрэгжилтэд дотоод хяналт тавин,  чанар, үр  дүнг улирал бүрээр дүгнэж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгах арга хэмжээ авна.

7.2.Сургалтын байгууллага, Насан туршийн суралцахуйн төв  нь зайн болон цахим сургалтын үйл ажиллагаатай холбогдох хариуцлагын заалтыг сургуулийн хүчин төгөлдөр эрх зүйн актад тусгаж мөрдөнө.

7.3.Сургалтын байгууллага, насан туршийн суралцахуйн төвийн зайн болон цахим сургалтыг зохион байгуулах, эзэмшсэн боловсролыг үнэлэх, дүйцүүлэх үйл ажиллагаанд боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага хяналт тавина.

7.4.Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын байгууллагын зайн болон цахим сургалтыг зохион байгуулах, эзэмшсэн боловсролыг үнэлэх, дүйцүүлэх үйл ажиллагаанд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага хяналт тавина.

7.5.Энэ журмын хэрэгжилтэд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага жил бүр хяналт-шинжилгээ хийж, үр дүнг тооцно.

7.6.Зайн болон цахим сургалтын бүртгэлийн мэдээллийг хуурамчаар хөтөлсөн, энэ журмын 2.3-д заасан шалтгаанаар нотлох баримтгүй суралцагчийг цахим сургалтад хамруулсан, зохих түвшний боловсролын агуулгыг бүрэн эзэмшээгүй иргэнд боловсролын баримт бичгийг олгосон холбогдох албан тушаалтанд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

7.7.Энэ журам болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд хууль тогтоомжид заасны дагуу хариуцлага хүлээлгэнэ.

Найм. Бусад зүйл

8.1.Зайн болон цахим сургалтыг зохион байгуулахтай холбоотой энэхүү журамд тусгагдаагүй асуудлыг хүчин төгөлдөр үйлчилж байгаа холбогдох  бусад хууль, тогтоомжид зааснаар зохицуулна.

8.2.Суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчдээс зайн болон цахим сургалтын материал хэрэглэгдэхүүн (ном, гарын авлага, интерактив хичээл, ээлжит хичээлийн цахим контент, видео, аудио бичлэг)-ий төлбөр авахыг хориглоно.

8.3.Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллага нь зайн болон цахим хэлбэрээр сургалтын үйл ажиллагааг зохион байгуулсан тохиолдолд Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 466 дугаар тогтоолоор баталсан “Хувьсах зардлын дундаж норматив, итгэлцүүр, журам батлах тухай”-ын 5.6 дахь заалт, 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 421 дүгээр тогтоолоор баталсан “Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг олгох журам болон тэтгэлгийн хэмжээ батлах тухай”-ын 1.5 дахь заалтын дагуу нэг суралцагчид ногдох хувьсах зардал болон суралцагчийн тэтгэлгийг олгоно.

8.4.Зайн болон цахим сургалтын хэлбэрээр суралцсан суралцагчийн суралцсан тухай баримтыг Архив албан хэрэг хөтлөлтийн хуульд заасан хадгалах хугацааны дагуу хадгална.

8.5.Энэ журмын 3 дугаар зүйлд заасан тавигдах шаардлагыг хангаагүй сургалтын байгууллага, Насан туршийн суралцахуйн төв нь зайн болон цахим сургалтыг зохион байгуулахгүй.

8.6.Зайн болон цахим сургалтын үйл ажиллагаа, үнэлэх, дүйцүүлэхтэй холбоотой гаргасан аливаа хүсэлт, гомдлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.

---о0о---