"Сурах бичгийн эх зохиох, санал авах, дүгнэлт гаргуулах үйл ажиллагааны журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж Захиргааны ерөнхий хуулийн 62.1-д заасны дагуу санал авч байна. Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дотор soyolmaa@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
СУРАХ БИЧГИЙН ЭХИЙГ ЗОХИОХ, САНАЛ АВАХ, ДҮГНЭЛТ ГАРГУУЛАХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЖУРМЫН ТӨСӨЛ
Нэг.Нийтлэг зүйл
1.1.Ерөнхий боловсролын сурах бичгийн /цаашид “сурах бичиг” гэх/ эх зохиох, санал авах, дүгнэлт гаргуулахтай холбогдон үүсэх харилцааг энэхүү журмаар зохицуулна.
1.2.Сурах бичгийн эх зохиох, санал авах, дүгнэлт гаргуулах үйл ажиллагаа нь шударга, ил тод, нээлттэй, талуудын оролцоог тэгш хангасан, төр, хувийн хэвшлийн түншлэл, хамтын хариуцлагад суурилсан байна.
1.3.Сурах бичиг нь судлагдахууны онцлогоос хамааран суралцагчийн ном, багшийн ном, дасгал ажлын дэвтэр бүхий багц байна.
1.4.Сурах бичиг нь Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11.5-д заасны дагуу хэвлэмэл болон цахим хэлбэртэй байна.
1.5.Сурах бичгийн эх нь сургалтын хөтөлбөрт нийцсэн, сурах бичгийн стандартын шаардлагыг бүрэн хангасан, хэвлэж олшруулахад бэлэн болсон бүтээгдэхүүн байна.
1.6.Сурах бичиг зохиох, санал авах, дүгнэлт гаргуулах, тохирц, нийцлийг шалган турших үйл ажиллагаа хоёр жилээс хэтрэхгүй байхаар төлөвлөж, шаардагдах төсвийн хамт боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага баталж хэрэгжүүлнэ.
1.7.Энэ журмын 1.6-д заасан төлөвлөгөө нь өөрийн хөрөнгөөр сурах бичиг зохиох үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээдэд хамаарахгүй.
Хоёр.Сурах бичгийн эх зохиох
2.1.Сурах бичгийн эх зохиох үйл ажиллагаа нь эх зохиох, хянах, хэлэлцүүлэх, тохирц, нийцлийг шалган турших, туршилтын үр дүнг тусган сайжруулах, хэвлэлийн эх бэлтгэх, эхийг хянан сайжруулах цогц ажил байна.
2.2.Сурах бичгийн эх зохиох үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид заасны дагуу боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дор дурдсаны дагуу зохион байгуулна:
2.2.1.сурах бичгийн эх зохиогчийн багийг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн сонгон шалгаруулж, үр дүнг нийтэд нээлттэй мэдээлэх, гэрээ байгуулах;
2.2.2.сурах бичгийн эхийг хянах баг, дүгнэлт гаргах шинжээчийн баг томилох;
2.2.3.сурах бичгийн бүтэц, агуулга, дизайныг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагатай хамтран боловсруулж, мөрдөх;
2.2.4.сурах бичгийн эхийн тохирц, нийцлийг шалган туршихад зориулан туршилтын хувилбарыг боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагад шилжүүлэх;
2.2.5.сурах бичгийн эхийг журмын 2.2.4-т заасан тохирц, нийцлийг шалган туршсан үр дүн, саналд үндэслэн зохиогчийн багтай хамтран сайжруулах;
2.2.6.энэ журмын 2.2.2, 4.5-д заасан баг болон холбогдох төлөөлөл, зөвлөлөөс өгсөн санал, дүгнэлт, зөвлөмжийн дагуу зохиогчийн багтай хамтран сурах бичгийн эхийг сайжруулж эцэслэх;
2.2.7.сурах бичиг зохиох явцад хяналт тавих, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулах;
2.2.8.суралцагчийн номыг брайл бичиг, бага ангийн суралцагчийн номыг үндэстний цөөнхийн эх хэлээр тус тус хөрвүүлэх;
2.2.9.хичээлийн онцлог, суралцагчийн ялгаатай хэрэгцээнээс хамааран зарим сурах бичгийг аудио хэлбэрт хөрвүүлэх;
2.2.10.сурах бичгийн эх бэлтгэх үйл ажиллагааг холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн зохион байгуулах.
2.3.Энэ журмын 2.2.1-д заасан зохиогчийн баг нь их сургуулийн багш, эрдэмтэн, судлаач, мэргэжилтэн, арга зүйч, ерөнхий боловсролын сургуульд ажиллаж байгаа багш болон мэргэжлийн чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийн оролцоог хангасан байна.
2.4.Энэ журмын 2.3-т заасан оролцоо хангасан баг, эсхүл мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллага, хэвлэлийн газар шаардлага хангасан баг байгуулан зохиогчийн багийн сонгон шалгаруулалтад оролцож болно.
2.5.Энэ журмын 2.2.1-д зааснаас гадна хувийн хэвшлийн оролцоог хангах, дэмжих зорилгоор зохих шаардлага хангасан сурах бичгийн эхийг хуулийн этгээд зохиож болно.
2.6.Энэ журмын 2.5-д заасан сурах бичгийг журмын 1.5-д заасан шаардлагад нийцсэн эсэх дүгнэлтийг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага гаргана.
2.7.Энэ журмын 2.6-д заасан дүгнэлтийг үндэслэн хуулийн этгээдийн зохиосон сурах бичгийг сургалтад ашиглах асуудлыг Боловсролын ерөнхий хуулийн 34.1, 34.2-т заасан зөвлөл хэлэлцэн шийдвэрлэнэ.
2.8.Энэ журмын 2.5-д заасан сурах бичгийн эх зохиохтой холбогдон гарах зардлыг тухайн хуулийн этгээд хариуцна.
2.9.Сурах бичгийн эхийг брайл бичиг, бага ангийн суралцагчийн ном, дасгал ажлын дэвтрийг үндэстний цөөнхийн эх хэлээр тус тус хөрвүүлэх ажлыг сурах бичгийн эхийг зохиосон зохиогчийн баг, хуулийн этгээд хариуцна.
Гурав. Сурах бичгийн эхэд санал авах
3.1.Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 11.3-д заасны дагуу сурах бичгийн эхэд багш, эрдэмтэн, судлаач, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, мэргэжлийн холбооны төлөөллөөс санал авах ажлыг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага зохион байгуулна.
3.1.1.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагаас баталсан сурах бичгийн тохирц, нийцлийг шалган турших арга зүй, удирдамжийн дагуу багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчээс сурах бичгийн эхийг сайжруулах санал авна.
3.1.2.Сурах бичгийн стандартад заасан шаардлага, сургалтын хөтөлбөрт нийцүүлэн боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллагаас баталсан санал авах аргачлал, шалгуур үзүүлэлтийг баримтлан сурах бичгийн эхэд хэлний бодлогын үндэсний зөвлөл, хүний эрх болон жендэрийн асуудал хариуцсан холбогдох байгууллага, мэргэжлийн холбооны төлөөлөл, эрдэмтэн судлаачаас тус тус санал авна.
3.1.3.Сурах бичгийн эхийг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын цахим хуудсанд нээлттэй байршуулж санал авч болно.
Дөрөв. Сурах бичгийн эхэд дүгнэлт гаргуулах
4.1. Сурах бичигт дүгнэлт гаргах шинжээчийн багийн бүрэлдэхүүнд мэргэжлийн зөвлөл, тухайн шинжлэх ухааны болон боловсролын чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн, судлаач, багш, мэргэжлийн байгууллагын төлөөлөл байна.
4.2.Энэ журмын 4.1-д заасан шинжээчийн баг нь сурах бичгийн эхийн тохирц, нийцлийг шалган турших болон сурах бичгийн эх бэлтгэхийн өмнө журмын 3.1.2-д заасан аргачлал, шалгуур үзүүлэлтийн дагуу тус тус үнэлгээ хийж, дүгнэлт гаргана.
4.3.Зохиогчийн баг нь шинжээчийн багаас гаргасан дүгнэлтийн дагуу сурах бичгийн эхэд шаардлагатай засвар, өөрчлөлтийг хийнэ.
4.4.Тухайн сурах бичгийн эхийг турших, эсхүл эх бэлтгэлд шилжүүлэх боломжгүй болох дүгнэлт шинжээчийн багаас гарсан тохиолдолд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сурах бичгийн эхийг сайжруулах чиглэлийг зохиогчийн багт өгч, гүйцэтгэлд хяналт тавина.
4.5.Сурах бичгийн сайжруулсан эхийг шинжээчийн багийн дүгнэлтийг үндэслэн Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 10.6-д заасны дагуу Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, санал дүгнэлт авна.
4.6.Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага энэ журмын 4.1-д заасан шинжээчийн багийн бүрэлдэхүүнтэй хамтран хэвлэлийн газар, эсхүл зохиогчийн багийн зохиосон дасгал ажлын дэвтрийн эхийг боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас хүлээн авч, дүгнэлт гаргана.
Тав. Бусад
5.1.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь сурах бичгийн хэвлэлийн эх бэлтгэх, хэвлэх, түгээх ажлын гүйцэтгэгчийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу шалгаруулах ажлыг зохион байгуулна.
5.2.Шаардлагад нийцсэн дүгнэлт бүхий сурах бичгийн эхийг хэвлэж, түгээх, худалдах ажлыг энэ журмын 2.5-д заасан хуулийн этгээд хариуцна.
5.3.Дасгал ажлын дэвтрийг суралцагч худалдан авч хэрэглэнэ.
5.4.Сурах бичгийн агуулга, хэл найруулгын алдаа гарах тохиолдолд сурах бичгийн эхийг зохиосон зохиогчийн баг, хуулийн этгээд тус тус хариуцна.
---оОо---