БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСЫН “INVEST YOUR TALENT IN ITALY” (IYT) ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ ИТАЛИ УЛСЫН “INVEST YOUR TALENT IN ITALY” (IYT) ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨР ЗАРЛАГДЛАА

Бүгд Найрамдах Итали Улсын Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам, Италийн худалдааны агентлаг болон “Uni-Italia” байгууллага хамтран 2026-2027 оны “Invest Your Talent in Italy” (IYT) тэтгэлэгт хөтөлбөрийг зарлалаа. 

Нэг. Тэтгэлгийн чиглэл, хугацаа  

Тэтгэлгийг дараах үндсэн чиглэлүүдээр англи хэлээр заагддаг магистрын болон магистрын дараах (Postgraduate Master) хөтөлбөрүүдэд олгоно: 

  • Инженерчлэл ба дэвшилтэт технологи; 
  • Архитектур ба дизайн; 
  • Эдийн засаг ба менежмент. 

Хоёр. Тэтгэлэгт багтах зардлууд 

  • Жил бүр 10,800 еврогийн амьжиргааны тэтгэмж (эрүүл мэндийн даатгал болон байрны зардал ороогүй); 
  • Итали хэлний сургалт (L2/LS); 
  • Италийн компани эсвэл худалдааны холбоодод 3 сарын хугацаатай ажиллах дадлага; 
  • Жендэрийн тэгш байдлын талаарх тусгай сургалт. 

Гурав. Тавигдах шаардлага 

  • 2000 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр болон түүнээс хойш төрсөн байх; 
  • Италиас бусад улсад бакалаврын зэрэг хамгаалсан байх (Одоо суралцаж буй төгсөх курсийн оюутан байж болохгүй); 
  • Англи хэлний B2 болон түүнээс дээш түвшний мэдлэгийг баталсан олон улсын сертификаттай байх. 

Дөрөв. Бүртгэл ба хугацаа 

  • Бүртгэл 2026 оны 3 дугаар сарын турш явагдана. 
  • Хүсэлтийг зөвхөн цахимаар, IYT хөтөлбөрийн албан ёсны платформоор дамжуулан хүлээн авна. 

Тав. Тэтгэлэг сунгах нөхцөл 

  • Тэтгэлгийг хоёр дахь жилдээ сунгахын тулд суралцагч дараах шаардлагыг хангасан байна: 
  • 30-аас доошгүй ECTS багц цаг цуглуулсан байх; 
  • Итали хэлний сургалтад хамрагдаж, амжилттай дүгнэгдсэн байх; 
  • Дадлагын ажлын төлөвлөгөөгөө ирүүлсэн байх. 

Дэлгэрэнгүй мэдээллийг хөтөлбөрийн албан ёсны цахим хуудас (https://investyourtalentapplication.esteri.it/SitoIYT/EN/invest-your-talent-in-italy) авна уу.