Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн “Боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 147 дугаар тогтоолын 2.6 дахь заалтын хэрэгжилтийн хүрээнд Боловсролын сайдын 2025 оны “Журам, шаардлага батлах тухай” А/559 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх журам”-д нэмэлт оруулах саналыг авч байна.
Журамд оруулах нэмэлтийн төсөлтэй танилцан саналаа nomintsetseg@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх журам (https://legalinfo.mn/mn/detail?lawId=17434743780812&showType=1)”-ын нэмэлт
Боловсролын сайдын 2025 оны “Журам, шаардлага батлах тухай” А/559 дүгээр тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Мэргэжлийн болон техникийн, дээд боловсролын сургалтын байгууллага болон хөтөлбөрийг магадлан итгэмжлэх, магадлан итгэмжлэл хийх журам”-ын Гурав.Магадлан итгэмжлэлийн үйл ажиллагаа хэсэгт доор дурдсан агуулгатай 3.6, 3.7 дахь заалт нэмсүгэй.
“1/3.6.Хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлийн зохицуулалт:
3.6.1.Дээд боловсролын шинэ хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэл нь тухайн хөтөлбөрийн боловсруулалт, сургалтын төлөвлөгөө, багшлах хүний нөөц, сургалтын орчин, материаллаг бааз, дотоод чанарын баталгаажуулалтын бэлэн байдлыг сургалтын байгууллагын өөрийн үнэлгээний тайлан болон Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системд бүртгэгдсэн бодит өгөгдөл, нотолгоонд суурилан үнэлж, шийдвэр гаргах үйл ажиллагаа байна.
3.6.2.Сургалтын байгууллага нь дээд боловсролын шинэ хөтөлбөрөөр сургалт эрхлэх хүсэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад гаргана. Тухайн байгууллагын тусгай зөвшөөрлийн нөхцөл, шаардлагын биелэлтийг Дээд боловсролын удирдлага, мэдээллийн системд бүртгэгдсэн бодит өгөгдөл, цахим нотолгоонд суурилан нягталж, урьдчилсан магадлан итгэмжлэл хийлгэхээр магадлан итгэмжлэлийн байгууллагад шилжүүлнэ.
3.6.3.Урьдчилсан магадлан итгэмжлэлийн хөндлөнгийн үнэлгээг магадлан итгэмжлэлийн байгууллагаас томилсон тухайн хөтөлбөрийн чиглэлээр мэргэшсэн 3 хүний бүрэлдэхүүнтэй шинжээчийн баг гүйцэтгэнэ. Шинжээчийн баг нь сургалтын байгууллагын өөрийн үнэлгээний тайлан холбогдох баримт бичиг, дээд боловсролын удирдлага, мэдээллийн системийн өгөгдөл, нотолгоонд үндэслэн үнэлгээ хийх бөгөөд шаардлагатай тохиолдолд сургалтын орчинтой танилцаж магадлах үйл ажиллагааг ажлын хоёр өдөрт зохион байгуулна.
3.6.4.Магадлан итгэмжлэлийн байгууллага шинжээчийн багийн хөндлөнгийн үнэлгээний тайланг хүлээн авч энэхүү журмын 3.4.5-д заасан шийдвэрийг ажлын 10 өдрийн дотор гаргаж, баталгаажуулан тухайн сургалтын байгууллагад хүргүүлнэ.
3.6.5.Шинэ хөтөлбөрийн урьдчилсан магадлан итгэмжлэлийн шийдвэр хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн шийдвэрийг орлохгүй.
3.6.6.Урьдчилсан магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааны зардлыг хөтөлбөрийн магадлан итгэмжлэлийн үйл ажиллагааны зардлын 50 хүртэлх хувиар тогтооно.
3.6.7.Урьдчилсан магадлан итгэмжлэлийн шийдвэр гарснаас хойш 2 жилийн хугацаанд сургалтын үйл ажиллагаа эхлүүлээгүй бол урьдчилсан магадлан итгэмжлэлийн үнэлгээг дахин хийлгэнэ.
2/3.7.Бакалаврын энгийн зөвшөөрөлтэй хөтөлбөрөөр дэд бакалаврын сургалт эхлэхэд урьдчилан магадлан итгэмжлэл хийлгэхгүй байж болно.”
---о0о---