Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэгт “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам, сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хэрэгжилтэд хяналт тавина.” гэж заасныг үндэслэн “ Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна.
Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 07 дугаар сарын 31-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ БЭЛТГЭХ ЖУРАМ
Журмын танилцуулга
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дэх хэсэгт тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам, сургалтын хөтөлбөрийг Мэргэжлийн боловсрол сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батлахаар хуульчилсан байдаг. Үүнтэй уялдуулан Монгол Улсын хэмжээнд жолооч бэлтгэх сургалтын үйл ажиллагааг нэгдсэн стандарт, шаардлагад нийцүүлэн зохион байгуулах, жолоочийн мэдлэг ур чадвар, хариуцлагыг дээшлүүлэн үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохицуулах зорилгоор “Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам”-ын төслийг боловсруулсан болно.
Тус журам нь жолооч бэлтгэх сургалтын байгууллага, сургалтад хамрагдах иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн болон сургалтын үйл ажиллагаанд оролцогч бусад талуудад хамаарна. Журмаар сургалтад элсүүлэх шаардлага, суралцагчийн эрх, үүрэг, сургалтын байгууллагын зохион байгуулалт, замын хөдөлгөөний дүрэм, онол болон дадлагын сургалтын хэлбэр, чадамжийн үнэлгээ, шалгалтын тогтолцоо, цахим мэдээллийн сангийн бүртгэл зэрэг харилцааг зохицуулсан байна.
Энэхүү журам нь замын хөдөлгөөний дүрэм, онолын сургалтыг цахимаар зохион байгуулах боломжийг бүрдүүлсэн, сургалтын бүртгэлийг цахимжуулсан, сургалтын төрөл, хэлбэрийг тодорхойлох, сургалтад тавигдах шаардлага, оролцогч талуудын чиг үүргийг ялган тодорхойлох мөн ангилал тус бүрд шаталсан шаардлага тогтоосон зэрэг онцлог давуу талтай.
Уг журамд сургалтыг танхимын, цахим, зайн хэлбэрээр зохион байгуулах боломжийг бүрдүүлж, насанд хүрэгчдийн суралцах онцлог, суралцагчийн хэрэгцээнд нийцсэн уян хатан тогтолцоог бий болгох чиглэл баримталсан. Мөн сургалтын агуулгад замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэг, жолоодлогын онол, дадлагын чадвар, харилцааны ур чадвар, жолоочийн сэтгэл зүй зэрэг мэргэжлийн үндсэн чадамжийг цогцоор нь тусгахаар журамласан болно.
Журмын төсөлд төрийн захиргааны байгууллага, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын оролцоог тодорхойлж, тэдгээрийн чиг үүргийг ялган зааснаар сургалтын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, арга зүйн дэмжлэгийг системтэйгээр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Журмын хэрэгжилтийн үр дүнд замын хөдөлгөөний аюулгүй байдал сайжирч, жолоочийн ур чадвар дээшилж, сургалтын чанар стандартчилагдаж, зам тээврийн осол буурах хүлээлттэй байна.
ТӨСӨЛ
ТЭЭВРИЙН ХЭРЭГСЛИЙН ЖОЛООЧ БЭЛТГЭХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1.Монгол Улсын нутаг дэвсгэр дээр механикжсан болон энэ журамд дурдсан бусад тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үйл ажиллагааг энэ журмаар зохицуулна.
1.2.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын стандартын шаардлагыг хангасан аж ахуйн нэгж, байгууллага, сургалтын төв /цаашид “Жолооч бэлтгэх сургалтын төв” гэх/ нь мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэх, сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг тогтоохтой холбогдуулан баталсан журмын дагуу бүртгүүлж, сургалтын үйл ажиллагааг энэхүү журмын дагуу эрхлэн явуулна.
1.3.Жолооч бэлтгэх сургалтыг замын хөдөлгөөний аюулгүй байдлын шаардлагад нийцүүлэн, суралцагчийн мэдлэг, ур чадвар, зан төлөв, эрсдэлийг үнэлэх чадварт суурилсан сургалтын зарчмаар зохион байгуулна.
Хоёр. Жолооч бэлтгэх сургалтад элсүүлэх
2.1.Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн жолооч бэлтгэх сургалтад хамрагдаж болно.
2.2.Энэ журмын 2.1-д заасан жолооч бэлтгэх сургалтад хамрагдах этгээд дор дурдсан шаардлагыг хангасан байна.
2.2.1.иргэний үнэмлэх буюу түүнтэй адилтгах баримт бичиг;
2.2.2.эрх бүхий эрүүл мэндийн байгууллагын тээврийн хэрэгсэл жолоодоход тэнцэх талаарх үзлэгийн хуудас;
2.2.3.тээврийн хэрэгслийн жолоодох эрх хасагдаагүй байх, шүүхийн шийдвэр тогтоолоор эрх нь хязгаарлагдаагүй байх;
2.2.4.тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамрагдах иргэн тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрх бүхий насанд хүрсэн байх;
2.2.5."С", “С1” ангиллын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамрагдах тохиолдолд "В" ангиллын тээврийн хэрэгслийг 1 жилээс доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан байх;
2.2.6."D", “D1” ангиллын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамрагдах тохиолдолд "В" ангиллын тээврийн хэрэгслийг 3 жилээс доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан байх;
2.2.7."ВЕ", "СЕ", “С1Е”, "DЕ", “D1E” ангиллын тээврийн хэрэгслийн бүрэлдэхүүний жолооч бэлтгэх сургалтад хамрагдах тохиолдолд тухайн үндсэн ангиллын тээврийн хэрэгслийг 6 сараас доошгүй хугацаанд жолоодож дадлагажсан байх;
2.2.8."С1”, “D1”, “C1E ", “D1E” дэд ангиллын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад хамрагдах тохиолдолд 2.2.5, 2.2.6, 2.2.7 заалтад заасан шаардлагыг хангасан байна;
2.2.9.“А”,“М” ангиллын тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтад өмнө нь В ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхтэй бол зөвхөн дадлагын хөтөлбөрт хамрагдана;
Гурав. Суралцагчийн эрх, үүрэг
3.1.Жолооч бэлтгэх сургалтад хамрагдах этгээд дор дурдсан эрхтэй байна.
3.1.1.онолын болон жолоодлогын дадлагын сургалтыг батлагдсан хөтөлбөрийн дагуу сургалтад бүрэн хамрагдаж, тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох мэдлэг, дадлага эзэмших;
3.1.2.онолын мэдлэгийг бие даан эзэмших;
3.1.3.сургалтын талаарх санал гомдлыг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, түүний салбар нэгж, тухайн мэргэжлийн сургалтыг удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагад гаргах;
3.1.4.сургалттай холбоотой мэдээлэл авах;
3.1.5.жолоодох эрхийн шалгалтад тэнцээгүй, үнэлгээний хуудасны хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд, бусад жолооч бэлтгэх сургалтын байгууллагыг сонгон суралцах эрхтэй.
3.2. Жолооч бэлтгэх сургалтад хамрагдах этгээд дараах үүргийг хүлээнэ.
3.2.1.жолоодлогын сургалтын батлагдсан хөтөлбөр, суралцах цагийн хуваарийн дагуу хамрагдах;
3.2.2.жолоодлогын сургалтад хамрагдах этгээд нь байгууллагын дотоод дүрэм, суралцах цагийн хуваарийг дагаж мөрдөх.
Дөрөв. Жолооч бэлтгэх сургалтыг зохион байгуулах
4.1.Жолооч бэлтгэх сургалтын байгууллага нь сургалтад хамрагдах иргэнтэй гэрээ байгуулна.
4.2.Сургалтын байгууллага нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1.4-д заасан санд суралцагчийн ерөнхий мэдээллээс гадна дараах мэдээллийг оруулна.
4.2.1.суралцагчтай байгуулсан гэрээний дугаар;
4.2.2.гэрээ байгуулсан огноо;
4.2.3.суралцах цагийн хуваарийн нийт үргэлжлэх хугацаа;
4.2.4.цахим санд оруулах бусад мэдээлэл;
4.3.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1.4-д заасан сангийн мэдээлэл нь мөн хуулийн 10.1.3-д заасан жолоочийн бүртгэл, мэдээллийн сантай мэдээлэл солилцох боломжтой байна.
4.4.Жолооч бэлтгэх сургалтын байгууллагын холбогдох журам, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас эрх олгосон мэргэжлийн байгууллага дүгнэлт гаргана.
4.5.Эрх бүхий байгууллагаас дүгнэлт гаргуулснаас хойш жолооч бэлтгэх сургалтын төв нь өөрчлөлт хийгдсэн тохиолдолд холбогдох байгууллагад цахимаар хүсэлт өгч, тухайн өөрчлөлт бүртээ дүгнэлт гаргуулна.
4.6.Жолооч бэлтгэх сургалтын байгууллага нь ЗХХДүрэм, онол болон дадлагын тухайн сэдвийн сургалтыг тогтоосон хуваарийн дагуу тогтмол явагддаг байхаар төлөвлөнө.
4.7.Сургалтын байгууллага нь ЗХХДүрмийн сургалтыг танхимаар болон цахимаар явуулж болно.
4.8.Сургалтын хөтөлбөрийн дагуу ЗХХДүрмийн мэдлэг, талбайн дадлага эзэмшсэн суралцагчийг замын хөдөлгөөнд оролцуулж, дадлага хийлгэнэ.
4.9.Жолооч бэлтгэх сургалтын байгууллага нь ЗХХДүрэм, онолын мэдлэг, талбайн жолоодлогын ур чадвар, замын хөдөлгөөнд оролцох чадвар, эрсдэлийн үнэлгээ, зан төлөвийн үзүүлэлтүүдийг хамруулан иж бүрэн байдлаар гүйцэтгүүлэн чадамжийг үнэлж тэнцсэн суралцагчид жолоодох эрхийн шалгалтад орох үнэлгээний хуудас олгож, мэдээллийг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1.4-д заасан санд оруулна.
4.10. Үнэлгээний хуудас нь 6 сарын хугацаанд хүчинтэй байна.
4.11.Жолооч бэлтгэх сургалтын байгууллага нь төгсөгчийн мэдлэг, ур чадварыг сайжруулах зорилгоор давтан болон мэргэшүүлэх сургалтыг зохион байгуулж болно.
4.12.Жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөр нь дараах үндсэн чадамжийг хамарна.
4.12.1.замын хөдөлгөөний дүрэм, эрх зүйн мэдлэг;
4.12.2.тээврийн хэрэгслийг аюулгүй жолоодох ур чадвар;
4.12.3.замын хөдөлгөөний орчинд эрсдэлийг урьдчилан таних үнэлэх чадвар;
4.12.4.жолоочийн зан төлөв, хариуцлагатай оролцоо;
4.12.5.онцгой нөхцөл(осол, эвдрэл, саатал)-д зөв шийдвэр гаргах чадвар;
Тав. Унадаг дугуй, мопед түүний төрөлд хамаарах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгслийн сургалтыг зохион байгуулах
5.1.Жолооч бэлтгэх сургалтын байгууллага нь Унадаг дугуй, мопед түүний төрөлд хамаарах үзүүлэлт бүхий тээврийн хэрэгсэл жолоодох сургалтыг зохион байгуулна.
5.2.Сургалтыг дангаараа болон Ерөнхий боловсролын сургууль, дээрх төрлийн тээврийн хэрэгслээр түрээсийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай хамтран зохион байгуулна.
5.3.Сургалт явуулахдаа замын хөдөлгөөний дүрэмд заасан насны ангиллаар хамааруулан жолооч бэлтгэх сургалтын хөтөлбөрийн дагуу явуулна.
5.4.Сургалтад хамрагдсан суралцагч нарын чадамжийг үнэлж, дахин давтагдахгүй дугаар бүхий гэрчилгээг 16 нас хүрсэн иргэнд олгож, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 10.1.4-д заасанд санд оруулж түрээсийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагатай мэдээлэл солилцсон байна.
Зургаа. Бусад
6.1.Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсгийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хэрэгжүүлэхдээ тухайн мэргэжлийн сургалтыг удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагаар гэрээгээр гүйцэтгүүлж болно.
6.2.Төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоо нь жолооч бэлтгэх сургалтын чанарын хяналт, үнэлгээ, арга зүйн дэмжлэг, сургалтын хөтөлбөрийн хөгжүүлэлтэд оролцож болно.
6.3. 6.1, 6.2 дохь заалтыг хэрэгжүүлэхдээ олон нийтэд ил тод, нээлттэй байлгана.
6.4.Энэ журмыг зөрчсөн тохиолдолд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.
---о0о---
Хуулийн үндэслэл:
- ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ
14.2.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам, сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хэрэгжилтэд хяналт тавина.