"МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ТАВИХ ШААРДЛАГА" -д санал авч байна

A- A A+

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн  11.5 дахь хэсэгт “Мэргэжлийн сургалтын байгууллагад тавих шаардлагыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж заасныг үндэслэн “Мэргэжлийн сургалтын байгууллагад тавих шаардлага”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна.

Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 07 дугаар сарын 31-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

ТӨСӨЛ

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД

ТАВИХ ШААРДЛАГА

Журмын танилцуулга.

Монгол Улсын Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 9.4, 6.15, 8.3 дугаар зүйл, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.2, 14.5 дугаар зүйл, мөн холбогдох бусад хууль, эрх зүйн акт, стандартын хүрээнд мэргэжлийн сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг нэгдсэн байдлаар тогтоох хэрэгцээ шаардлагад үндэслэн энэхүү “Мэргэжлийн сургалтын байгууллагад тавих шаардлага”-ын төслийг боловсруулсан болно.

Сүүлийн жилүүдэд мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт чанар, үр өгөөж, хөдөлмөрийн зах зээлийн хэрэгцээнд нийцсэн хүний нөөц бэлтгэх шаардлага нэмэгдэж байгаа боловч сургалтын байгууллагын хүний нөөц, сургалтын орчин, үйл ажиллагаанд тавигдах шаардлага нь нэгдмэл бус, хэрэгжилтийн түвшин харилцан адилгүй байдал ажиглагдаж байна. Иймд сургалтын байгууллагын үйл ажиллагааг эрх зүйн болон мэргэжлийн шаардлагад нийцүүлэн зохион байгуулах, чанарын нэгдсэн суурь шаардлагыг тогтоох зорилгоор энэхүү баримт бичгийг боловсруулсан.

Төслийн хүрээнд мэргэжлийн сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг дараах үндсэн чиглэлээр тодорхойлсон. Үүнд: сургалтын төвийн хүний нөөцөд тавих шаардлага, сургалтын орчны нөхцөл, тоног төхөөрөмж, дадлагын орчин, сургалтын хөтөлбөрийн баталгаажуулалт, сургалтын үйл ажиллагааны зохион байгуулалт, төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах үйл явц, бүртгэл мэдээллийн тогтолцоо, хяналт-шинжилгээний зохицуулалт зэрэг болно.

Энэхүү шаардлагад сургалтын төв нь холбогдох хууль тогтоомжийн дагуу бүртгэлтэй байх, баталгаажсан сургалтын хөтөлбөртэй байх, мэргэжлийн шаардлага хангасан багшлах боловсон хүчинтэй байх, сургалтын аюулгүй, эрүүл ахуйн шаардлага хангасан орчныг бүрдүүлэх, сургалтын үйл ажиллагааг батлагдсан хөтөлбөрийн дагуу зохион байгуулах зэрэг үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг тусгасан. Мөн сургалтын төв нь суралцагч, төгсөгчийн бүртгэлийг цахим системд бүртгэж, төгсөгчийн эзэмшсэн чадамжийг үнэлж баталгаажуулах тогтолцоог хэрэгжүүлэхээр тусгасан нь сургалтын үйл ажиллагааг ил тод, хяналттай болгох нөхцөлийг бүрдүүлнэ.

Түүнчлэн сургалтын төвийн үйл ажиллагаанд төрийн захиргааны байгууллага, холбогдох чиг үүргийн байгууллагууд хяналт тавих, шаардлагатай тохиолдолд мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын оролцоотойгоор сургалтын үйл ажиллагааг зохицуулах боломжийг тусгасан нь салбар хоорондын уялдаа, хамтын ажиллагааг дэмжих ач холбогдолтой юм.

Энэхүү баримт бичиг нь мэргэжлийн сургалтын байгууллагын үйл ажиллагаанд тавигдах хүний нөөц, сургалтын орчин, зохион байгуулалт, хяналт-шинжилгээний суурь шаардлагыг тодорхойлсон бөгөөд сургалтын чанар, хүртээмж, зохион байгуулалтын нэгдмэл байдлыг хангахад чиглэсэн зохицуулалтын баримт бичиг болно.

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД ТАВИХ ШААРДЛАГА

Нэг.Нийтлэг үндэслэл

1.1. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 9.4-т заасан мэргэжлийн сургалтын байгууллага (цаашид “сургалтын төв” гэх)-ын багшлах хүний нөөц, сургалтын орчныг энэхүү шаардлагаар тогтооно.

1.2. Сургалтын төв нь үйл ажиллагаандаа Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, Иргэний хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, стандартаас гадна энэхүү шаардлагыг баримтална.

1.3. Сургалтын төв Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 16 дугаар зүйлд заасан холбогдох баримт бичгийг бүрдүүлэн улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн байна.

1.4. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.15-д заасан журмын дагуу дүгнэлт гарган баталгаажуулсан сургалтын хөтөлбөртэй байна.

1.5. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.2-д заасны дагуу тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам, сургалтын хөтөлбөрийг боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хэрэгжилтэд хяналт тавина.

Хоёр.Сургалтын төвийн хүний нөөцөд тавих шаардлага

2.1.Сургалтын төв Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулна.

2.2.Сургалтын төвийн багш доор дурдсан шаардлагыг хангасан байна.

2.2.1.багш нь сургалт зохион байгуулах мэргэжлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй эсхүл үйлдвэрлэл, технологийн туршлагатай, мэргэшлийн зэрэгтэй байх;

2.2.2.багш нь сургах зүйн сургалтад хамрагдаж, багшлах эрхийн үнэмлэх авсан байх;

2.2.3. гэмт хэрэг үйлдэж, шүүхээр ял шийтгүүлээгүй байх; жолооч бэлтгэх сургалтын төвийн багшийн хувьд, зөрчил үйлдэж жолоодох эрхээ хасуулсан тохиолдолд эрх хасагдсан хугацаа дууссан байх;

2.2.4.холбогдох хууль тогтоомжид заасан бусад шаардлага.

Гурав.Сургалтын төвийн сургалтын орчинд тавих шаардлага

3.1.Сургалтын төв нь дараах шаардлагыг хангасан сургалтын орчныг бүрдүүлсэн  байна.

3.1.1.сургалт зохион байгуулахад шаардагдах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан анги танхим, ширээ сандал, багаж хэрэгсэл, тоног төхөөрөмж болон бусад хэрэглэгдэхүүнтэй байх;

3.1.2.сургалт зохион байгуулах мэргэжлийн чиглэлийн дадлагын газар, техник тоног төхөөрөмжгүйн улмаас дадлага, сургалтыг үйлдвэр, аж ахуйн нэгж байгууллагад хийлгэх тохиолдолд хамтран ажиллах гэрээ байгуулсан байх;

3.1.3.энэхүү шаардлагын 3.1.2-т заасан аж ахуйн нэгж байгууллага нь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартын шаардлага хангасан байх;

3.1.4.холбогдох хууль тогтоомжид заасан бусад шаардлага.

Дөрөв.Сургалтын төвийн үйл ажиллагааны шаардлага

4.1.Сургалтын төв үйл ажиллагаандаа доор дурдсан шаардлагыг баримтална.

4.1.1.энэхүү шаардлагын 1.4, 1.5-т заасан сургалтын хөтөлбөрийн дагуу сургалтын үйл ажиллагааг зохион байгуулна.

4.1.2.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8.3-т заасан журмын дагуу төгсөгчийн эзэмшсэн чадамжийг үнэлж баталгаажуулан чадамжийн гэрчилгээ олгоно. Чадамжийн гэрчилгээ хэвлэмэл болон цахим  хэлбэртэй байж болно.

4.2.Сургалтын төв нь суралцагч, төгсөгчийн бүртгэлийг мэргэжлийн сургалтын цахим бүртгэлийн системд бүртгэж баталгаажуулсан байна.

Тав.Хариуцлага, хяналт

5.1. Энэхүү шаардлагын хэрэгжилт, сургалтын үйл ажиллагаанд боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, холбогдох чиг үүргийн төрийн байгууллагаас хяналт тавина. 

5.2. Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 10.9.7-д заасан зөрчил төрийн байгууллагын хяналт шалгалтын явцад илэрсэн тохиолдолд хуульд заасны дагуу арга хэмжээг авна.

5.3. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14.5.2-т заасан ажил үүргийг Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь мэргэжлийн сургалтыг удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлж болно.

--- о0о ---

 Хуулийн үндэслэл:

  1. МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ

11.5.Мэргэжлийн сургалтын байгууллагад тавих шаардлагыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.