Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт “Жолооны багшийн үнэмлэх олгох журам, жолооны багшийн үнэмлэхийн загварыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, жолоодох эрхийн үнэмлэх олгох журам, жолоодох эрхийн үнэмлэхийн загвар, үнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.” гэж заасныг үндэслэн “Жолооны багшийн үнэмлэх олгох журам, жолооны багшийн үнэмлэхийн загвар”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна.
Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 07 дугаар сарын 31-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
ЖОЛООНЫ БАГШИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ
Журмын танилцуулга
Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт жолооны багшийн үнэмлэх олгох журам, түүний загварыг эрх бүхий байгууллага батлахаар хуульчилсан байдаг. Үүнтэй уялдуулан жолооны багш бэлтгэх сургалтын зохион байгуулалт, үнэмлэх олгох, сунгах, хүчингүй болгох үйл ажиллагааг нэгдсэн байдлаар зохицуулах зорилгоор “Жолооны багшийн үнэмлэх олгох журам”-ын төслийг боловсруулсан болно.
Сүүлийн жилүүдэд тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын чанар, агуулга, хэрэгжилтэд тавигдах шаардлага нэмэгдэж, хөдөлмөрийн зах зээлд мэргэшсэн багшлах боловсон хүчний хэрэгцээ өсөж байна. Гэвч жолооны багш бэлтгэх, үнэмлэх олгох үйл ажиллагааг зохицуулах эрх зүйн орчин нь салангид, зарим тохиолдолд хэрэгжилтийн уялдаагүй явж ирсэн зэргээс уг журмыг шинэчлэн боловсруулж, зохицуулалтыг боловсронгуй болгох шаардлага үүссэн байна.
Журмын төсөл нь жолооны багш бэлтгэх сургалтын үйл ажиллагааг чадамжид суурилсан байдлаар зохион байгуулах, сургалтын төрөл, хэлбэрийг тодорхойлох, сургалтад тавигдах шаардлага, оролцогч талуудын чиг үүргийг ялган тодорхойлох, мөн жолооны багшийн үнэмлэх олгох, нөхөн олгох, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой үйл ажиллагааг нэгтгэн зохицуулснаараа онцлог юм.
Түүнчлэн уг журамд сургалтыг танхимын, цахим, зайн болон ажлын байранд суурилсан хэлбэрээр зохион байгуулах боломжийг бүрдүүлж, насанд хүрэгчдийн суралцах онцлог, суралцагчийн хэрэгцээнд нийцсэн уян хатан тогтолцоог бий болгох чиглэл баримталсан. Мөн сургалтын агуулгад замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэг, жолоодлогын онол, дадлагын чадвар, заах арга зүй, харилцааны ур чадвар, жолоочийн сэтгэл зүй зэрэг мэргэжлийн үндсэн чадамжийг цогцоор нь тусгахаар журамласан болно.
Журмын төсөлд төрийн захиргааны байгууллага, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоо, төрийн бус байгууллагын оролцоог тодорхойлж, тэдгээрийн чиг үүргийг ялган зааснаар сургалтын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, арга зүйн дэмжлэгийг системтэйгээр хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Мөн жолооны багшийн үнэмлэхийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр олгох, мэдээллийн санд бүртгэх, мэргэшүүлэх сургалтад хамруулах, багшийн мэргэжлийн тасралтгүй хөгжлийг хангах зохицуулалтыг тусгасан нь уг журмын хэрэгжилтийг орчин үеийн шаардлагад нийцүүлэх ач холбогдолтой юм.
Энэхүү журмын төсөл нь замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, жолооч бэлтгэх сургалтын чанарыг сайжруулах, жолооны багшийн мэргэжлийн түвшнийг дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд хууль, эрх зүйн болон мэргэжлийн зохицуулалтын уялдааг хангах цогц баримт бичиг болохоор боловсруулагдсан болно.
“ЖОЛООНЫ БАГШИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ”-ЫН НӨЛӨӨЛЛИЙН ШИНЖИЛГЭЭ
Нэг. Журмын үндэслэл, шаардлага, зорилт
Захиргааны ерөнхий хуулийн 61.5-д заасны дагуу “Жолооны багшийн үнэмлэх олгох журам”-д нөлөөллийн шинжилгээг хийв. Монгол Улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хууль, эрх зүйн актуудад жолооны багш бэлтгэх, үнэмлэх олгох үйл ажиллагааг зохицуулах шаардлага тусгагдсан боловч хэрэгжилтийн түвшинд нэгдсэн зохицуулалт хангалтгүй явж ирлээ.
Сүүлийн жилүүдэд жолооны багш бэлтгэх, мэргэшүүлэх сургалтын үйл ажиллагаа тасалдсан нь салбарын хүний нөөцийн хомсдол үүсгэж, жолооч бэлтгэх сургалтын чанарт сөргөөр нөлөөлөх нөхцөлийг бүрдүүлсэн байна. Иймд жолооны багш бэлтгэх, үнэмлэх олгох, мэргэшүүлэх тогтолцоог сэргээх, эрх зүйн нэгдсэн зохицуулалтыг бий болгох зорилгоор энэхүү журмыг боловсруулсан болно.
Хоёр. Журмын бүтэц, зохицуулах харилцаа, хамрах хүрээ
Журам нь нийт 7 бүлэг, 1 хавсралтаас бүрдэх бөгөөд жолооны багш бэлтгэх сургалтын зохион байгуулалт, сургалтын төрөл, хэлбэр, хугацаа, сургалтад тавигдах шаардлага, үнэмлэх олгох, нөхөн олгох, сэргээх, хүчингүй болгох үйл ажиллагаа, оролцогч талуудын чиг үүрэг, мэргэшүүлэх сургалтын зохицуулалт, мэдээллийн сан бүрдүүлэх зэрэг харилцааг цогцоор нь зохицуулна.
Журмын хамрах хүрээнд жолооны багш болох иргэн, сургалт зохион байгуулагч байгууллага, төрийн захиргааны байгууллага, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод багтаж байна.
Гурав. Нөлөөлөлд өртөх бүлгүүд
Журам нь жолооны багшаар ажиллахыг хүссэн иргэд, одоогийн жолооны болон замын хөдөлгөөний дүрмийн багш нар, сургалтын байгууллагуудад шууд нөлөөлөхөөс гадна жолооч бэлтгэх сургалтын чанар, замын хөдөлгөөний аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдалд шууд бус нөлөөлөл үзүүлэхээр байна.
Нөлөөлөлд өртөх бүлгүүдийг дараах байдлаар ангилна. Шууд нөлөөлөлд тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагууд, тэдгээр ажиллаж буй боловсон хүчин, жолоодлогын дадлагын болон замын хөдөлгөөний дүрмийн багш нар хамрагдана. Шууд бус нөлөөлөлд жолооч бэлтгэх үйл явцын чанар, замын хөдөлгөөний аюулгүй байдал, нийгмийн аюулгүй байдал хамрагдана.
Дөрөв. Нөлөөллийн үнэлгээ
Журам нь хүний эрх, ялгаварлан гадуурхалтын шинжгүй, тэгш боломжийг хангах зарчимд нийцсэн байна. Зах зээлийн өрсөлдөөнийг хязгаарлахгүй, шинэ оролцогчдод саад учруулахгүй, үнийн өсөлт үүсгэхгүй зохицуулалт юм. Захиргааны ачаалал дунд түвшинд байх бөгөөд төрд бага ачаалал үүсгэнэ. Авлигын эрсдэл бага, ил тод байдлыг хангах боломжтой байна.
Дараах шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд үнэлгээ хийв. Ялгаварлан гадуурхсан эсхүл аль нэг бүлэгт давуу байдал үүсгэхгүй бөгөөд журмын шаардлага нь бүх иргэн, сургалтын байгууллагад адил тэгш үйлчилнэ. Хүний эрхийг хязгаарласан зохицуулалт агуулаагүй бөгөөд мэргэжлийн шалгуур тогтоосон нь хуульд нийцсэн байна. Жендерийн эрх тэгш байдлыг хангаж, хүйс, нас, нийгмийн байдлаас үл хамааран адил нөхцөл үйлчилнэ. Дотоодын болон гадаадын аж ахуйн нэгж хоорондын өрсөлдөөнд нөлөөлөхгүй бөгөөд сургалтын үйл ажиллагаанд ижил стандарт мөрдөгдөнө. Өрсөлдөөн хязгаарласнаас үнийн хөөргөдөл бий болохгүй, зах зээлийн өрсөлдөөн хэвээр хадгалагдана. Шинээр зах зээлд орж буй аж ахуйн нэгжид хүндрэл үүсгэхгүй, ил тод, тодорхой шалгуур тавигдсан. Захиргааны нэмэлт ачаалал дунд түвшинд байгаа бөгөөд сургалт, шалгалт, бүртгэлтэй холбоотой зохистой ачаалал үүснэ. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсооход хүргэхгүй, харин үйл ажиллагааг стандартчилах нөлөөтэй. Эдийн засаг, нийгмийн үйл ажиллагаанд саад хориг үүсгэхгүй, эерэг нөлөөлөл давамгайлна. Хэрэглэгчийн эрх ашигт эерэг нөлөө үзүүлж, жолооч бэлтгэх сургалтын чанар сайжирна. Авлига, хүнд суртал үүсгэх эрсдэл бага, ил тод, шалгуурт суурилсан тогтолцоотой байна.
Тав. Эдийн засаг, нийгмийн нөлөөлөл
Энэхүү журам нь иргэдэд сургалтын тодорхой хэмжээний зардал үүсгэх боловч мэргэжлийн ур чадвар эзэмших боломжийг нэмэгдүүлнэ. Төрийн зардал бага байх бөгөөд нийгмийн хувьд жолооч бэлтгэх сургалтын чанар сайжирч, замын хөдөлгөөний аюулгүй байдалд шууд эерэг нөлөө үзүүлнэ.
Зургаа. Захиргааны ачааллын шинжилгээ
Журмын хэрэгжилт нь төрийн байгууллагад бага, иргэн болон сургалтын байгууллагад дунд түвшний ачаалал үүсгэх бөгөөд нийт дүнгээр хэрэгжих боломжтой, хэт дарамт үүсгэхгүй зохицуулалт байна.
Долоо. Хууль эрх зүйн уялдаа
“Жолооны багшийн үнэмлэх олгох журам” нь Монгол Улсын хүчин төгөлдөр хууль тогтоомжийн хүрээнд боловсруулагдсан бөгөөд дээд шатны хууль, салбарын зохицуулалт, мэргэжлийн боловсрол, сургалтын эрх зүйн орчинтой харилцан уялдсан байна. Тухайлбал, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4-д жолооны багшийн үнэмлэх олгох журам, үнэмлэхийн загварыг эрх бүхий Засгийн газрын гишүүн батлахаар хуульчилсан нь энэхүү журмыг батлан гаргах шууд эрх зүйн үндэслэл болж байна.
Мөн журамд тусгасан жолооны багш бэлтгэх сургалт, сургалтын хөтөлбөр, үнэлгээ, баталгаажуулалттай холбоотой зохицуулалт нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.15, 8.3, 9.4, 9.7, 11.5, 21.1 дэх заалтуудтай уялдаж байна. Эдгээр заалтаар сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах, төгсөгчийн чадамжийг үнэлэх, гэрчилгээжүүлэх, мэргэжлийн сургалтын байгууллагад тавих шаардлага, сургалтын үйл ажиллагааны үндсэн зарчмыг тогтоосон байдаг. Иймээс энэхүү журам нь мэргэжлийн сургалтын тогтолцооны салангид бус, харин түүнийг жолооны багш бэлтгэх чиглэлд нарийвчлан хэрэгжүүлэх дэд зохицуулалт болох юм.
Журамд тусгасан “жолооны багшийн үнэмлэх олгох үйл ажиллагааг нээлттэй, уян хатан, оролцогч талуудыг тэгш хамруулсан, суралцагчийн хэрэгцээнд нийцсэн зарчмаар зохион байгуулах” зохицуулалт нь Боловсролын ерөнхий хуулийн боловсролын хүртээмж, чанар, тэгш боломж, оролцоонд суурилсан зарчимтай нийцэж байна. Түүнчлэн сургалтыг танхимын, цахим, зайн, ажлын байранд суурилсан, хосолсон хэлбэрээр зохион байгуулж болохоор тусгасан нь боловсролын үйлчилгээний уян хатан байдлыг хангах, насанд хүрэгчдийн сургалтын онцлогт тохируулах бодлоготой нийцэж байна.
Зөвшөөрлийн тухай хуулийн үзэл баримтлалын хүрээнд энэхүү журам нь иргэдийн хөдөлмөр эрхлэх эрх чөлөөг үндэслэлгүйгээр хязгаарлахгүй, зөвхөн хуульд заасан шаардлагын хүрээнд мэргэжлийн шаардлага тогтоож байгаа бөгөөд нэмэлт зөвшөөрөл, давхардсан шат дамжлага бий болгоогүй байна. Өөрөөр хэлбэл, уг журам нь жолооны багшлах үйл ажиллагаанд шаардагдах мэргэжлийн шалгуурыг тодорхойлж байгаа болохоос бус, хуульд заагаагүй шинэ төрлийн зөвшөөрөл, хүнд суртал, захиргааны илүү ачаалал үүсгэхгүй зохицуулалт юм.
Түүнчлэн журамд сургалтыг төрийн захиргааны байгууллага төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоотой гэрээ байгуулан зохион байгуулж болохоор тусгасан нь Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 19 дүгээр зүйлд заасан төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр бусад байгууллагаар гүйцэтгүүлж болох зохицуулалттай нийцэж байна. Энэ нь төрийн бодлого, хяналтыг хадгалсан хэвээр хэрэгжилтийн чиг үүргийг мэргэжлийн чадавх бүхий этгээдээр гүйцэтгүүлэх эрх зүйн боломжийг бүрдүүлж байгаа юм.
Журамд багшид тавигдах боловсрол, ажлын туршлага, ёс зүй, эрүүл мэндийн шалгуур, мэргэшүүлэх сургалтын хугацаа, үнэмлэхийг хүчингүй болгох болон сэргээх үндэслэлийг тодорхой тусгасан нь хөдөлмөр эрхлэх эрхийг хязгаарлах бус, харин жолооч бэлтгэх сургалтын аюулгүй байдал, чанар, мэргэжлийн түвшнийг хангах зорилготой, хуульд үндэслэсэн зохицуулалт байна. Ялангуяа жолоодох эрхээ хасуулсан, ёс зүйн зөрчил гаргасан, мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй тохиолдолд багшийн үнэмлэхийг хүчингүйд тооцохоор тусгасан нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын зорилгод нийцсэн, пропорциональ шаардлага гэж үзэж болно.
Үүнээс гадна журамд сургалтын хөтөлбөрийн агуулгад замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдлэг, тээврийн хэрэгслийн бүтэц, жолоодлогын технологи, замын орчны инженерчлэл, хөдөлгөөний соёл, насанд хүрэгчдийн сурган заах арга зүй, харилцааны ур чадвар, жолоочийн сэтгэл зүй, үнэлгээний арга зүй зэрэг мэргэжлийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийг хамруулахаар заасан нь олон улсын мэргэжлийн жишигтэй нийцэх чиг баримжааг илэрхийлж байна. Энэ нь жолооны багш бэлтгэх тогтолцоог зөвхөн эрх олголтын бус, мэргэжлийн чадамж, аюулгүй байдлын суурь шаардлагад тулгуурласан байдлаар шинэчлэх нөхцөлийг бүрдүүлнэ.
Иймд энэхүү журам нь дээд шатны хууль тогтоомжтой зөрчилдөхгүй, харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд заасан бүрэн эрхийг хэрэгжүүлэх, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн зохицуулалтыг жолооны багш бэлтгэх чиглэлд нарийвчлан хэрэгжүүлэх, Боловсролын ерөнхий хуулийн зарчим, Зөвшөөрлийн тухай хуулийн бодлоготой уялдсан, салбар хоорондын эрх зүйн зохистой уялдаа бүхий зохицуулалт гэж үзэж болно.
Найм. Эрсдэлийн шинжилгээ
Журмын хэрэгжилтийн явцад сургалтын чанарын жигд бус байдал, үнэлгээний ил тод байдал алдагдах, хяналт-шинжилгээ сулрах, мэргэжлийн боловсон хүчний хомсдол үргэлжлэх, мэдээллийн бүртгэлийн тогтолцоо сул байх зэрэг эрсдэл үүсэх боломжтой.
Эдгээр эрсдэлийг бууруулахын тулд сургалтын нэгдсэн стандарт, үнэлгээний ил тод тогтолцоо, мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлэх шаардлагатай бөгөөд төр бодлогын хяналтыг хэрэгжүүлж, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодыг сургалтын чанарын хяналт, хөндлөнгийн үнэлгээ, арга зүйн дэмжлэгийн чиглэлээр оролцуулах нь зүйтэй.
Ес. Дүгнэлт
Журам нь жолооны багш бэлтгэх тогтолцоог сэргээж, сургалтын чанарыг сайжруулан, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн бөгөөд эерэг нөлөөлөл давамгайлсан, хэрэгжих боломжтой зохицуулалт байна.
ЖОЛООНЫ БАГШИЙН ҮНЭМЛЭХ ОЛГОХ ЖУРАМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Энэхүү журмын зорилго нь тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагад ажиллах иргэнд жолооны багшийн үнэмлэх олгохтой холбоотой үйл ажиллагааг зохицуулахад оршино.
1.2. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Зөвшөөрлийн тухай хууль болон холбогдох бусад хууль, эрх зүйн акт, дүрэм, стандарт, журмын шаардлагыг мөрдөж, жолооны багшийн үнэмлэх олгох үйл ажиллагааг нээлттэй, уян хатан, оролцогч талуудыг тэгш хамруулсан, суралцагчийн хэрэгцээнд нийцсэн зарчмаар, хөдөлгөөний аюулгүй байдал, мэргэжлийн шаардлагыг ханган, олон улсын жишгийг үе шаттайгаар нэвтрүүлэх замаар зохион байгуулна.
Хоёр. Жолооны багшийн үнэмлэх олгох сургалт
2.1. Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагад багшаар ажиллах хүсэлтэй иргэнийг жолооны багшийн үнэмлэх олгох зорилгоор чадамжид суурилсан сургалтад хамруулж бэлтгэнэ.
2.2. Журмын 2.1-д заасан сургалт доор дурдсан төрөлтэй байна:
2.2.1. Жолооны дадлагын багшийн үнэмлэх олгох сургалт;
2.2.2. Жолооны онол, дүрмийн багшийн үнэмлэх олгох сургалт;
2.3. Сургалт нь танхимын, цахим, зайн, ажлын байранд суурилсан, хосолсон хэлбэртэй байж болно.
2.4. Сургалтын хугацаа 30 хоногоос доошгүй байна.
Гурав. Сургалтад тавигдах шаардлага
3.1. Журмын 2.1-д заасан сургалтад хамрагдах иргэн дараах шаардлагыг хангасан байна.
3.1.1. В болон бусад ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох үнэмлэхтэй, тээврийн хэрэгслийг 5-аас дээш жил тасралтгүй жолоодсон байх;
3.1.2. Энэхүү журмын 2.2.1-т заасан сургалтад хамрагдах иргэн мэргэжлийн болон техникийн боловсролын түвшнээс доошгүй байх, эсхүл жолооч мэргэжлээр 10 жил тасралтгүй ажилласан;
3.1.3. Энэхүү журмын 2.2.2-т заасан сургалтад хамрагдах иргэн автомашин, механизмын механик инженер, тухайн чиглэлийн мэргэжлийн дэд бакалавраас доошгүй байх;
3.1.4. Зайн болон цахим хичээл зохион байгуулах чадвартай байх;
3.1.5. Сэтгэцийн өвчин, эмгэггүй байх.
3.2. Сургалтын хөтөлбөр нь холбогдох хууль, эрх зүйн мэдлэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэс, тээврийн хэрэгслийн бүтэц, жолоодлогын технологи, замын орчны инженерчлэл, хөдөлгөөний соёл ба насанд хүрэгчдийн сурган заах арга зүй, харилцааны ур чадвар, жолоочийн сэтгэл зүй, үнэлгээний арга зүйг хамарсан байна.
3.3. Сургалтад хамрагдах хүсэлтэй иргэн доор дурдсан баримт бичгийг бүрдүүлнэ:
3.3.1. тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэх эсхүл лавлагаа;
3.3.2. боловсролын баримт бичиг эсхүл лавлагаа;
3.3.3. 3х4 хэмжээний цээж зураг 2 хувь;
3.3.4. сургалтын төлбөрийн баримт;
3.3.5. эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай тодорхойлолт.
Дөрөв.Оролцогч талууд, тэдгээрийн чиг үүрэг
4.1. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагуудыг мэргэжлийн болон сургалтын удирдлага, зохион байгуулалтаар хангах чиглэлээр тогтвортой үйл ажиллагаа явуулсан төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоотой ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулж жолооны багшийн үнэмлэх олгох үйл ажиллагааг зохион байгуулж болно.
4.2. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.2.1. сургалт зохион байгуулах байгууллагыг бүртгэх, мэдээллийн сан үүсгэх;
4.2.2. сургалт зохион байгуулж буй байгууллага, талуудын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, холбогдох арга хэмжээ авах, мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх;
4.2.3. сургалтын төгсөлтийн үнэлгээний багийг томилох;
4.2.4. сургалтад хамрагдаж, амжилттай төгссөн төгсөгчид жолооны багшийн үнэмлэх олгох, хүчингүй болгох, сэргээх, холбогдох мэдээллийн сан үүсгэх;
4.3. Жолооны багшийн үнэмлэх олгох сургалт зохион байгуулах байгууллага нь дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:
4.3.1. сургалтыг сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний дагуу зохион байгуулах;
4.3.2. сургалтад хамрагдах шаардлага хангасан иргэдийг бүртгэх, суралцагчдын явцын үнэлгээг зохион байгуулах;
4.3.3. сургалтын хөтөлбөр хангасан иргэнд үнэлгээний хуудсыг цахим болон цаасан хэлбэрээр олгох;
4.3.4. төгсөлтийн үнэлгээний үйл ажиллагаатай холбоотой гарах зардлыг хариуцах;
4.3.5. сургалтад хамрагдаж төгссөн иргэдийн мэдээллийг баталгаажсан дүнгийн хамт Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад хүргэх;
4.3.6. сургалтын үр дүнг дүгнэх, тайлагнах;
Тав. Жолооны багшийн үнэмлэхийн загвар
5.1. Жолооны багшийн үнэмлэх нь мэдээллийн санд бүртгэлтэй байна.
5.2. Жолооны багшийн үнэмлэх мэдээллийн санд бүртгэгдсэн дугаартай, QR кодтой хэвлэмэл болон цахим хэлбэртэй байж болно.
5.3. Жолооны багшийн хэвлэмэл үнэмлэхээ гэмтээсэн, үрэгдүүлсэн тохиолдолд доор дурдсан баримт бичгийг үндэслэн, Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас нөхөн олгоно:
5.2.1. мэдээллийн сангийн лавлагаа;
5.2.2. төлбөр төлсөн баримт;
5.4. Жолооны багшийн хэвлэмэл үнэмлэх нөхөн олгох үйл ажиллагааг иргэний хүсэлтийг хүлээн авснаас хойш 14 өдөрт багтаан зохион байгуулна.
Зургаа. Жолооны багшийн мэргэшүүлэх сургалт
6.1. Жолооны багш нь 5 жил тутамд мэргэшүүлэх сургалтад хамрагдана.
6.2. Жолооны багшийн мэргэшүүлэх сургалтын үйл ажиллагааг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасан төрийн бус байгууллага зохион байгуулна.
Долоо. Бусад
7.1. Сургалтын төлбөр болон жолооны багшийн үнэмлэх хэвлэхтэй холбоотой гарах зардлыг тухайн иргэн хариуцна.
7.2. Багш нь ёс зүйн зөрчил гаргасан нь эрх бүхий байгууллагаар тогтоогдсон, жолоодох эрхээ хасуулсан, мэргэшүүлэх сургалтад хамрагдаагүй зэрэг тохиолдолд жолооны багшийн үнэмлэхийг хүчингүйд тооцно.
7.3. Журмын 6.1-д заасны дагуу мэргэшүүлэх сургалтад хамрагдсан тохиолдолд Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага жолооны багшийн үнэмлэхийг сэргээнэ.
7.4. Энэ журмыг зөрчсөн, журмаар зохицуулагдаагүй бусад асуудлыг холбогдох эрх зүйн актаар зохицуулна.
Хоёрдугаар хавсралт
ЖОЛООНЫ БАГШИЙН ҮНЭМЛЭХ
(заавал оруулах мэдээлэл)
Дугаар ______________________________
Зураг
Ургийн овог:_________________________
Эцэг /эх/-ийн нэр:_____________________
Нэр:________________________________
Төрсөн огноо: ________________________
Иргэний бүртгэлийн дугаар _______________________
Багшлах төрөл: _________________ (жолооны дадлагын;
жолооны онол, дүрмийн)
Үнэмлэх олгосон: Байгууллагын нэр, тамга
Үнэмлэх олгосон: Албан тушаалтан
Гарын үсэг
Албан тушаалтны нэр
Үнэмлэх олгосон газрын тамга
Энэхүү үнэмлэх нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийн хамт хүчинтэй.
Олгосон огноо: /____ оны ____ сарын ___ өдөр/
Хүчинтэй огноо: /____ оны ____ сарын ___ өдөр/
Сунгалт хийсэн мэдээлэл:
Хуулийн үндэслэл:
- ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ
15.4.Жолооны багшийн үнэмлэх олгох журам, жолооны багшийн үнэмлэхийн загварыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, жолоодох эрхийн үнэмлэх олгох журам, жолоодох эрхийн үнэмлэхийн загвар, үнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална.