ТАНИЛЦУУЛГА
Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ын 8 дугаар зүйлийн 8.3-т “Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж заасны дагуу тус журмын төслийг боловсруулан танилцуулж байна.
Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/513, А/171 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журам”-аар мэргэжлийн сургалтын төгсөгчийн үнэлгээ, баталгаажуулалттай холбоотой харилцааг зохицуулдаг байсан.
Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9,4, 9.7 дахь хэсгийг үндэслэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ, судалгааны институт”-ийн чиг үүрэгт хамааруулан хэрэгжүүлж байсан мэргэжлийн сургалттай холбогдох чиг үүргийг Боловсролын яамны эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлсэн нь тус журмын шинэчлэн батлах шаардлага бий болсон.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд, Боловсролын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн А/446, А/173 дугаар хамтарсан тушаалыг тус тус үндэслэн Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хүн ам, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сургалт, судалгааны хүрээлэнгийн хариуцаж байсан мэргэжлийн сургалттай холбоотой чиг үүргийг Боловсролын яамны харьяа Боловсролын ерөнхий газрын эрхлэх асуудлын хүрээнд шилжүүлэх, хүлээлгэн өгөх ажлыг зохион байгуулсан
Монгол Улсын хэмжээнд өнөөдрийг хүртэл мэргэжлийн сургалтын чиглэлээр 392, хэлний сургалтын чиглэлээр 228, тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын чиглэлээр 419 нийт 1039 мэргэжлийн сургалтын байгууллагыг бүртгэн, гэрчилгээжүүлж ажилласан байна.
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт заасан “Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журам”-ыг шинэчлэн баталснаар дараах үр дүн гарна. Үүнд:
1. Төгсөгчид мэргэшлийн түвшнээ тогтоолгож, цаашид шатлан суралцах хэрэгцээгээ тодорхойлох;
2. Мэргэжлийн сургалтын төв нь сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, сургалтын хөтөлбөрийн загварын дагуу чадамжийн нэгжийн агуулгын хүрээнд хөтөлбөрийг боловсруулж, энэхүү чадамжийн нэгжийн хүрээнд төгсөгчийн чадамжийг үнэлж, баталгаажуулж, төгсөгчдөд чадамжийн гэрчилгээ олгоно;
3. Хувь хүний хэрэгцээ, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн анхан шатны болон мэргэшлийн түвшний чадамж эзэмшүүлэх, мэргэшлийн түвшин ахиулах, давтан сургах богино хугацааны сургалтын үйл ажиллагаанд үндэслэн үнэлгээ, баталгаажуулалт явагдана;
4. Ажил олгогч, мэргэжлийн сургалтын байгууллага хамтран үйлдвэрлэл, технологид нийцсэн онол, дадлагын сургалтыг зохион байгуулах, ажлын байран дахь хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, баталгаатай ажлын байраар хангах, хөдөлмөрийн зах зээлд баталгаажсан мэдлэг, ур чадвартай, ажиллах хүчин нийлүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх;
5. Эрх бүхий төрийн байгууллага нь төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд ажил олгогч, мэргэжлийн холбоо үнэлгээний ажилтан бэлтгэх сургалтад хамрагдсан эрх бүхий гэрчилгээ, багшлах эрхийн үнэмлэхтэй багш, инженер техникийн ажилтантай хамтарч үнэлгээ, баталгаажуулалт хийж үр дүнд чадамжийн гэрчилгээ олгоно.
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэгт “Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.” гэж заасныг үндэслэн “Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журам”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна.
Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 07 дугаар сарын 30-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
Боловсролын сайд, Гэр бүл,
хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын
2026 оны ... дугаар сарын . . .-ны өдрийн
. . . дугаар хамтарсан тушаалын хавсралт
МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН
ТӨГСӨГЧИЙН ЧАДАМЖИЙГ ҮНЭЛЭХ, БАТАЛГААЖУУЛАХ,
ГЭРЧИЛГЭЭЖҮҮЛЭХ ЖУРАМ
НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1.Хувь хүний хэрэгцээ, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн анхан шатны болон мэргэшлийн түвшний чадамж эзэмшүүлэх, мэргэшлийн түвшин ахиулах, давтан сургах богино хугацааны сургалтын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн сургалтын байгууллага (цаашид “сургалтын төв” гэх)-ын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх харилцааг энэхүү журмаар зохицуулахад оршино.
1.2.Сургалтын төвийн төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх үйл ажиллагааг Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан дүрэм, журмын хүрээнд хэрэгжүүлнэ.
1.3.Сургалтын төв дүгнэлт гарч баталгаажуулсан мэргэжлийн сургалтын хөтөлбөрөөр сургалт зохион байгуулна.
1.4.Төгсөлтийн үнэлгээ нь төгсөгчийн тухайн мэргэжлийн үйл ажиллагааг эрхлэхэд шаардагдах чадамж эзэмшсэн эсэхийг нотолгоонд суурилан илрүүлж дүгнэх, чадамжийн гэрчилгээ олгох үйл явц байна.
1.5.Төгсөлтийн үнэлгээний баталгаажуулалт нь төгсөлтийн үнэлгээний чанар, үнэлгээний арга хэрэгслийн тохирц, үр дүнгийн найдвартай байдлын талаар мэдээлэл цуглуулах, баталгаажуулах дүгнэлт гаргах үйл явц байна.
1.6.Тээврийн хэрэгслийн жолооч, мэргэшсэн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах үйл ажиллагааг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль болон түүнтэй холбогдон гарсан стандарт, дүрэм, журмын хүрээнд зохицуулна.
ХОЁР.ҮНЭЛГЭЭНИЙ ЗАРЧИМ
2.1.Төгсөгчийн чадамжийг үнэлж, баталгаажуулахад дараах зарчмыг баримтална.
2.1.1.үнэлгээ хөндлөнгийн байх;
2.1.2.үнэлгээ тохирцтой, найдвартай, шударга, уян хатан байх;
2.1.3.үнэлгээ нотолгоонд тулгуурласан, бодитой байх.
ГУРАВ. ҮНЭЛГЭЭНИЙ АРГА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БАТАЛГААЖУУЛАЛТ
3.1.Төгсөгчийн чадамжийн үнэлгээ нь онолын мэдлэг үнэлэх тест, ур чадвар, чадамжийн түвшнийг тогтоох даалгавар, ажилбар гэсэн хоёр хэсэгтэй байна.
3.2.Төгсөгчийн чадамжийн үнэлгээнд зорилго, төрөл, зохион байгуулалтаас шалтгаалан ажиглалт, ярилцлага, асуулт, сорил, судалгаа, тест, бүтээлийн сан, эцсийн бүтээгдэхүүний аргуудаас сонгон ашиглана.
3.3.Төгсөгчийн чадамжийн үнэлгээг дараах байдлаар зохион байгуулна.
3.3.1.онолын мэдлэгийг танхим, цахимаар үнэлж, ур чадварын гүйцэтгэлийг ажлын байр, түүнтэй дүйцүүлсэн дадлагын орчинд, чадамжийн төвийг түшиглэн;
3.3.2.сургалтын төвөөс томилсон үнэлгээний баг төгсөгчийн чадамжийн үнэлгээг зохион байгуулж, Боловсролын үнэлгээ арга зүйн байгууллага батлагдсан үнэлгээний багц төлөвлөгөөнд үндэслэн төгсөгч тус бүрээр үнэлгээг баталгаажуулна.
3.3.3.төгсөгчийн чадамжийн үнэлгээний баг чадамжийн үнэлгээний сургалтад хамрагдсан эрх бүхий мэргэжлийн багш, түншлэгч, ажил олгогчийн төлөөллөөс бүрдсэн байна.
3.3.4.Чадамж эзэмшсэн эсэхийн нотолгоо нь шууд (үнэлүүлэгчийн шууд гүйцэтгэл, асуултын хариулт гэх мэт), шууд бус (сорил, эцсийн бүтээгдэхүүн, төсөлт ажил, гүйцэтгэлийн үеэр авсан зураг, бичлэг, гэх мэт) гэсэн төрөлтэй байна.
ДӨРӨВ. ҮНЭЛГЭЭНИЙ ШАЛГУУР
4.1.Төгсөгчийн чадамжийг үнэлж, дүгнэх шалгуурыг мэргэжлийн сургалтын хөтөлбөрийн чадамжийн нэгж, элемент тус бүрийн хүрээнд боловсруулж, энэхүү журмын 3.2-д заасан үнэлгээний аргад нийцүүлнэ.
4.2.Мэргэжлийн сургалтын үнэлгээг “Чадамжтай” (Ч), “Хараахан чадамж эзэмшээгүй” (ХЧЭ) гэж үнэлнэ. Онолын үнэлгээний гүйцэтгэл 80 хувь ба түүнээс дээш, ур чадварын гүйцэтгэл 90 хувь ба түүнээс дээш үнэлэгдсэн бол “Чадамжтай”, түүнээс доош бол “Хараахан чадамж эзэмшээгүй” гэж үнэлнэ.
4.3.“Чадамжтай” үнэлэгдсэн төгсөгчид Боловсролын ерөнхий хуулийн 9.8-д заасны дагуу Мэргэжлийн болон техникийн боловсрол сургалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1-д заасан “Чадамжийн гэрчилгээ”-г олгоно.
4.4.“Хараахан чадамж эзэмшээгүй” гэж үнэлэгдсэн төгсөгч дахин үнэлгээнд хамрагдаж болно.
ТАВ. ТӨГСӨГЧИЙН ҮНЭЛГЭЭ, БАТАЛГААЖУУЛАЛТАД ОРОЛЦОГЧ ТАЛУУДЫН ЧИГ ҮҮРЭГ
5.1.Төрийн захиргааны байгууллагын чиг үүрэг
5.1.1.Боловсролын ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3 дахь хэсэгт заасан журамд заасны дагуу Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага чадамжийн гэрчилгээг цахим мэдээллийн санд хянаж, баталгаажуулна.
5.1.2.Цахим мэдээллийн санд чадамжийн гэрчилгээний санг үүсгэх, хадгална.
5.2. Боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагын чиг үүрэг
5.2.1.үнэлгээний багц төлөвлөгөөний загварыг боловсруулж, батлах;
5.2.2.сургалтын төв дээр зохион байгуулагдаж буй төгсөлтийн үнэлгээний тохирц, чанарт хөндлөнгийн баталгаажуулалт хийх;
5.2.3.мэргэжлийн холбоод, ажил олгогчийг албан ёсоор төлөөлөх байгууллагатай түншлэлийн гэрээ, санамж бичиг байгуулж хамтран ажиллах;
5.2.4.үнэлгээ, баталгаажуулалтын ажилтныг бэлтгэх хөтөлбөр, төлөвлөгөө боловсруулах, сургалт зохион байгуулах, бүртгэх;
5.2.5.үнэлгээг олон улсын арга аргачлалын дагуу боловсронгуй болгох, судалгаа-шинжилгээ хийх;
5.2.6.үнэлгээний ажилтан, баталгаажуулагчийн ёс зүйн дүрмийг батлах;
5.2.7.төгсөгчийн чадамжийн үнэлгээний үр дүнг цахим мэдээллийн санд хянаж, баталгаажуулах;
5.2.8.үнэлгээний багийн шийдвэрлэх боломжгүй өргөдөл, гомдлыг холбогдох хуулийн хугацаанд шийдвэрлэх;
5.2.9.сургалтын төвд үнэлгээтэй холбоотой зөвлөгөө, зөвлөмж өгөх.
5.3.Сургалтын төвийн чиг үүрэг
5.3.1.сургалтын явцад ахиц дэвшлийн үнэлгээг зохион байгуулах;
5.3.2.үнэлгээ, баталгаажуулалт хийлгэх албан хүсэлтийг боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагад хүргүүлэх;
5.3.3.үнэлгээний баг томилох;
5.3.4.төгсөлтийн үнэлгээний төлөвлөгөөг баталгаажуулах;
5.3.5.сургалт явуулж буй чадамжийн хөтөлбөр тус бүрээр даалгаврын сантай байх;
5.3.5.үнэлгээнд шаардагдах тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, материалын нөөц, орчныг бүрдүүлэх;
5.3.6.ялгаатай хэрэгцээтэй төгсөгчийн үнэлгээний орчныг бүрдүүлэх, тохирох хэрэглэгдэхүүнээр хангах;
5.3.7.үнэлгээний үйл ажиллагаатай холбогдох зардлыг хариуцах;
5.3.8.үнэлгээнд “Хараахан чадамж эзэмшээгүй” үнэлэгдсэн төгсөгчийн дахин үнэлгээтэй холбогдох зардлыг төгсөгчтэй харилцан тохиролцож шийдвэрлэх;
5.3.9.үнэлгээний үр дүнг мэдээллийн цахим санд оруулах;
5.3.10.үнэлгээний нотолгоо, бичиг баримтыг архивлах.
5.4.Үнэлгээний ажилтны чиг үүрэг
5.4.1.үнэлгээний ажилтны ёс зүйн дүрмийг баримтлан ажиллах;
5.4.2.үнэлгээний төлөвлөгөө боловсруулж батлуулах;
5.4.3.үнэлгээний орчинтой танилцаж заавар зөвлөмж өгөх;
5.4.4. үнэлүүлэгчид үнэлгээний орчин, удирдамжийг танилцуулах, зөвлөмж өгөх;
5.4.5.үнэлгээний даалгаврын нууцлалыг чандлан хадгалах;
5.4.6.үнэлгээний зохион байгуулалт, явцын талаар баталгаажуулагчид санал гаргах;
5.4.7.үнэлүүлэгчид үнэлгээний үр дүнг танилцуулах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх;
5.4.9.үнэлүүлэгчийн гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх.
5.5.Баталгаажуулагчийн чиг үүрэг
5.5.1.үнэлгээний орчныг баталгаажуулах, орчин бүрдээгүй тохиолдолд үнэлгээний хугацааг хойшлуулах, зөвлөмж өгөх;
5.5.2.үнэлгээний зохион байгуулалтын явцыг баталгаажуулах, зөрчил гаргасан тохиолдолд анхааруулга өгөх, үнэлгээг зогсоох хүртэл арга хэмжээ авах;
5.6.3.үнэлгээний ажилтанд үнэлгээтэй холбоотой шаардлага тавих, шийдвэрлэх;
5.5.4.үнэлгээний ажилтан ёс зүйн зөрчил гаргасан, үнэлгээний зарчмыг баримтлаагүй тохиолдолд үнэлгээг зогсоох, тухайн ажилтныг үнэлгээний багаас хасах, үнэлгээ хийх эрхийг түдгэлзүүлэх саналыг гаргах.
5.6.Үнэлүүлэгчийн чиг үүрэг
5.6.1.үнэлүүлэгч тухайн хөтөлбөрийн агуулгыг бүрэн судалсан байх;
5.6.2.үнэлгээний талаар мэдээлэл авах;
5.6.3.үнэлгээний удирдамж, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зааварчилгааг мөрдөж ажиллах;
5.6.4.өөрт болон бусдад хохирол учруулах ёс зүйгүй үйлдэл гаргахгүй байх;
5.6.5.үнэлгээний явцад зөвшөөрөгдөөгүй эд зүйлс, багаж, хэрэгсэл ашиглахгүй байх;
5.6.6.үнэлгээний үр дүнгийн талаар гомдол гаргаж, шийдвэрлүүлэх.
5.6.7.цахим мэдээллийн санд байршсан “Чадамжийн гэрчилгээ”-г хэвлэн авч болно.
ЗУРГАА. БУСАД
6.1.Энэхүү журмыг зөрчсөн иргэн, хуулийн этгээдийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, холбогдох хууль, журамд заасны дагуу хариуцлага тооцно.
6.2.Энэхүү журамд тусгагдаагүй зохион байгуулалтын чанартай аливаа асуудлыг үнэлгээний удирдамжаар тухай бүр зохицуулна.
6.3.Боловсролын цахим мэдээллийн санд төгсөлтийн үнэлгээний мэдээллийг тогтмол бүртгэнэ.
---о0о---
Хуулийн үндэслэл:
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ
8.3.Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.
|
МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ |
ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУХАЙ |
|
Мэргэжлийн сургалтын байгууллага /Сургалтын төв/ |
Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллага |
|
ЖУРАМ |
|
|
8.3.Мэргэжлийн сургалтын байгууллагын төгсөгчийн чадамжийг үнэлэх, баталгаажуулах, гэрчилгээжүүлэх журам |
14.3.Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны болон жолоодох эрхийн шалгалт авах болон шалгалтын хураамжийн хэмжээ, түүнийг зарцуулах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. |
|
|
10.1.4.жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, мэдээллийн санд жолооч бэлтгэх сургалтын байгууллага, түүний сургалтын материаллаг бааз, хүний нөөц болон суралцагсдын бүртгэл, мэдээллийг хамруулах; |
|
|
10.2.Энэ хуулийн 10.1.4-т заасан санг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хариуцан хөтөлнө. |
|
|
14.1.Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалт, жолоодох эрхийн шалгалт авах үйл ажиллагааг тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх, жолоодох эрхийн шалгалт авах журмаар зохицуулна. |
|
|
14.2.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх журам, сургалтын хөтөлбөрийг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж, хэрэгжилтэд хяналт тавина. |
|
|
14.3.Жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааны болон жолоодох эрхийн шалгалт авах болон шалгалтын хураамжийн хэмжээ, түүнийг зарцуулах журмыг мэргэжлийн боловсрол, сургалтын болон хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална. |
|
|
14.4.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын стандарт, жолоодох эрхийн шалгалтын төвийн стандартыг стандартчиллын төв байгууллага батална. |
|
|
14.5.Мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх үйл ажиллагааг зохион байгуулахдаа тухайн мэргэжлийн сургалтыг удирдлага, зохицуулалтаар хангах чиг үүрэг бүхий төрийн бус байгууллагаар дараах ажил үүргийг гүйцэтгүүлж болно: 14.5.1.тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагын стандарт, жолоодох эрхийн шалгалтын төвийн стандарт, сургалтын стандарт боловсруулах; 14.5.2.тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын байгууллагыг магадлан итгэмжлэх, үйл ажиллагаанд нь үнэлгээ, дүгнэлт хийх; 14.5.3.жолоодох эрхийн шалгалтын төвийн үйл ажиллагааг зохион байгуулах. |
|
|
14.6.Сургалт явуулах стандартын шаардлагыг хангаагүй, эсхүл сургалтыг хангалтгүй зохион байгуулсан нь жолооч бэлтгэх сургалтын байгууллагын үйл ажиллагааг зогсоох үндэслэл болно. |
|
|
14.7.Тээврийн хэрэгслийн жолооч бэлтгэх сургалтын онолын мэдлэгийг иргэн бие даан эзэмшиж болох бөгөөд дадлагын хичээлийн нийт багц цагийг дадлагын талбай, замын хөдөлгөөнд гүйцэтгэснээр жолоодох эрхийн шалгалтад орох эрх үүснэ. |
|
|
15.4.Жолооны багшийн үнэмлэх олгох журам, жолооны багшийн үнэмлэхийн загварыг мэргэжлийн боловсрол, сургалтын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн, жолоодох эрхийн үнэмлэх олгох журам, жолоодох эрхийн үнэмлэхийн загвар, үнийг хууль зүйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тус тус батална. |