"МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАРГАХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна

A- A A+

           

Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн  6.15 дахь хэсэгт “Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална..” гэж заасныг үндэслэн “Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журам”-ыг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх-д заасны дагуу санал авч байна.

Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 07 дугаар сарын 30-ны дотор erdenebat@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.

ТАНИЛЦУУЛГА

 

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр батлагдсан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 6.15 дахь заалт “Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална” гэж заасан. Энэ хүрээнд “Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журам”-ын төслийг боловсруулан танилцуулж байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн А/29, А/04 дугаар хамтарсан тушаалаар батлагдсан “Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журам”-аар мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулалттай холбоотой харилцааг зохицуулдаг байсан.

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.12-ыг үндэслэн “Сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, сургалтын хөтөлбөрийн загвар”-ыг баталсан Боловсролын сайдын 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн А/563 дугаар тушаалын хэрэгжилтийг Боловсролын ерөнхий газар хангаж ажиллаж байна.

Хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, ажил мэргэжлийн стандарт, мэргэжлийн боловсрол, сургалтын стандартад нийцсэн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулахад энэхүү журмын зорилго оршино.

Журмын төсөлд сургалтын хөтөлбөрийг суралцагчийн эзэмших мэдлэг, чадвар, төлөвшил, зорилго, үнэлгээ, арга зүй, орчин, хэрэглэгдэхүүнийг тусгасан цогц баримт бичиг гэж тусгасан.

Сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах ажлыг зохион байгуулахдаа төрийн захиргааны байгууллага сургалтын хөтөлбөрийг хүлээн авч арга зүйн зөвлөгөө өгөх, дүгнэлт гаргах, баталгаажуулах ажлыг зохион байгуулахаар журамд тусгасан.

Журам батлагдсанаар дараах үр дүнд хүрнэ гэж үзэж байна. Үүнд:

  1.      Мэргэжлийн сургалтын төв нь сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, сургалтын хөтөлбөрийн загварын дагуу чадамжийн нэгжийн агуулгын хүрээнд хөтөлбөрийг боловсруулна.
  2. Мэргэжлийн болон техникийн боловсролын стандартын  шаардлага хангасан сургалтын орчныг бүрдүүлнэ.
  3. Мэргэжлийн сургалтын төв нь ажил мэргэжлийн стандарт, сургалтын орчинд тавих шаардлагыг хангасан чадамжид суурилсан сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлснээр чанартай, үр дүнтэй сургалтыг зохион байгуулна.
  4. Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 20.2.4-д заасан  чадамжийн мэдээллийн сангаас баталгаажсан чадамжийн нэгжээс сургалт зохион байгуулах боломж бүрдэнэ.
  5. Хувь хүний хэрэгцээ, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн анхан шатны болон мэргэшлийн түвшний чадамж эзэмшүүлэх, мэргэшлийн түвшин ахиулах, давтан сургах богино хугацааны сургалтын үйл ажиллагаа зохион байгуулах боломж бүрдэнэ.

 

---о0о---

 

МЭРГЭЖЛИЙН СУРГАЛТЫН

ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАРГАХ, БАТАЛГААЖУУЛАХ ЖУРАМ

НЭГ.НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1.1.Хувь хүний хэрэгцээ, хөдөлмөр эрхлэхэд шаардагдах мэргэжлийн анхан шатны болон мэргэшлийн түвшний чадамж эзэмшүүлэх, мэргэшлийн түвшин ахиулах, давтан сургах богино хугацааны сургалтын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн сургалтын байгууллага (цаашид “сургалтын төв” гэх)-ын сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах харилцааг энэхүү журмаар зохицуулна.

1.2.Сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах баталгаажуулах үйл ажиллагааг Хөдөлмөрийн тухай хууль, Боловсролын ерөнхий хууль, Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хууль, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хууль бусад холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан дүрэм, журам болон энэхүү журмын дагуу хэрэгжүүлнэ.

1.3.Энэ журмын 1.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэх, удирдлага арга зүйгээр хангах байгууллага нь Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага байна. Энэхүү байгууллага нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4-д заасан мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын чадамжийн мэдээллийн санг Боловсролын ерөнхий хуулийн 43.7-д заасан журмын дагуу бүрдүүлж ажиллуулна.

1.4 Журмын 1.3-д заасан чадамжийн мэдээллийн сангаас мэргэжлийн сургалтын байгууллага сургалтын хөтөлбөрийг авч хэрэгжүүлж болно.

ХОЁР.СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ТАВИГДАХ ШААРДЛАГА

            2.1.Сургалтын хөтөлбөр нь мэргэжлийн болон техникийн  боловсролын мэргэжлийн чиглэл, индекс, ажил мэргэжлийн стандарт, холбогдох стандартад  нийцсэн байна.

            2.2.Сургалтын хөтөлбөрийг ажил мэргэжлийн стандартад суурилан Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.12 дахь хэсэгт заасан “Сургалтын хөтөлбөрт тавих шаардлага, сургалтын хөтөлбөрийн загвар”-ын дагуу чадамжийн нэгж, мэргэшлийн түвшин ахиулах багц чадамжийн нэгжийн  агуулгын хүрээнд боловсруулна.

            2.3.Сургалтын агуулгыг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.4 дэх хэсэгт заасан чиглэлээр тогтоож, хэрэгжүүлнэ.

            2.4. Мэргэжлийн сургалтын хөтөлбөр нь Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 19.1 дэх хэсэгт заасан нийгмийн түншлэлийн байгууллагын оролцоотойгоор боловсруулсан сургалтын хөтөлбөрийн чадамжийн нэгжийн агуулгаар тодорхойлогдоно.

            2.5. Мэргэжлийн болон техникийн боловсролын стандартад нийцсэн сургалтын орчин, багшлах хүний нөөцийг бүрдүүлсэн байна.

            2.7.Сургалтын хөтөлбөрийн агуулга нь мэргэжлийн боловсрол, техникийн боловсролын агуулгатай нягт уялдсан байна.

            2.8.Сургалтын хөтөлбөр, суралцах хугацааг хувь хүний ялгаатай хэрэгцээнд нийцүүлэн уян хатан, тохируулгатай зохион байгуулж болно.

           

ГУРАВ.СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨРТ ДҮГНЭЛТ ГАРГАХ,

БАТАЛГААЖУУЛАХ ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

 

            3.1. Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь энэ журмын хэрэгжилтийг ханган ажиллана.

            3.2.Сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах шалгуур үзүүлэлтийг Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага боловсруулна.

            3.3.Сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргуулах, баталгаажуулах хүсэлтээ Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад цахимаар ирүүлнэ.

            3.4.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага сургалтын хөтөлбөрт ажлын 15 хоногт багтаан дүгнэлт гарган, системд байршуулна.

            3.5.Шалгуур үзүүлэлтийг бүрэн хангасан сургалтын хөтөлбөрийн дүгнэлтийг 2 жилийн хугацаатай гаргаж, баталгаажуулна.

            3.6.Сургалтын төв нь энэ журмын 2 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргахгүй.

            3.7.Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 10.1.1-д заасан дагуу мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж нь сургалт эрхлэх зөвшөөрлийн хүрээнд мэргэжлийн сургалтын үйл ажиллагааг шууд эрхэлнэ.

ДӨРӨВ.ТАЛУУДЫН ЧИГ ҮҮРЭГ

            4.1.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага дараах чиг, үүрэгтэй:

                        4.1.1.сургалтын хөтөлбөр боловсруулахад арга зүйн зөвлөгөө өгөх;

4.1.2.энэ журмын 3.2-т заасан шалгуур үзүүлэлтийн дагуу баталгаажуулалт хийх;

                        4.1.3.сургалтын хөтөлбөрийн хэрэгжилт, үйл явцад зөвлөн туслах;

4.1.4.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын мэдээллийн санд баталгаажсан сургалтын хөтөлбөр, чадамжийн нэгжийг бүртгэх.

            4.2.Мэргэжлийн сургалтын байгууллага дараах чиг үүрэгтэй:

                        4.2.1.мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.8-д заасан түншлэлийн оролцоог хангаж ажил мэргэжлийн стандарт, мэргэжлийн болон техникийн боловсролын агуулгатай нийцүүлэн сургалтын хөтөлбөрийг боловсруулах;

4.2.2.Боловсролын үнэлгээний төвд сургалтын хөтөлбөрийн дүгнэлт, баталгаажуулалттай холбогдох материалыг бүрдүүлж, системд байршуулах;

           4.2.3.сургалтын хөтөлбөрийг хувь хүний хэрэгцээ, мэргэжлийн чиг хандлага, технологийн шинэчлэл, ажлын байранд тавигдах шаардлагад нийцүүлэн тасралтгүй сайжруулалт хийх;

4.2.4.дүгнэлт гаргаж, баталгаажуулсан сургалтын хөтөлбөрийг Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын мэдээллийн санд бүртгүүлэх.

ТАВ.БУСАД

            5.1.Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь мэргэжлийн сургалтын байгууллага, хувь хүнээс ирсэн өргөдөл, гомдлыг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд судлан шийдвэрлэнэ.

            5.2.Сургалтын төв нь сургалтын хөтөлбөрт заасан орчныг бүрдүүлээгүй, хөтөлбөрийн дагуу сургалтыг зохион байгуулаагүй нь холбогдох байгууллагын дүгнэлтээр тогтоогдвол Боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага сургалтын хөтөлбөрийн баталгаажилтыг түр түдгэлзүүлж, шаардлагатай тохиолдолд хүчингүй болгож болно.

            5.3.Сургалтын хөтөлбөрийн дүгнэлт гаргах, баталгаажуулахтай холбоотой аливаа төлбөр авахыг хориглоно.

 

---о0о---

Хуулийн үндэслэл:

  1. МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТУХАЙ

6.15.Мэргэжлийн сургалтын хөтөлбөрт дүгнэлт гаргах, баталгаажуулах журмыг боловсролын болон хөдөлмөрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүд хамтран батална.