Дээд боловсролын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2.2 дахь хэсэгт “Засгийн газрын захиалгат судалгаа шинжилгээ, дэвшилтэт технологи дамжуулалт болон инновацын үйл ажиллагааны зардал” гэж 32.8 -д “Энэ хуулийн 32.2-т заасан зардлыг санхүүжүүлэх журмыг Засгийн газар батална.” гэж заасныг тус тус үндэслэн “Дээд боловсролын сургалтын байгууллагын засгийн газрын захиалгат судалгаа шинжилгээ, дэвшилтэт технологи дамжуулалт болон инновацын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэх журам”-ын төслийг боловсруулан Захиргааны ерөнхий хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 -д заасны дагуу санал авч байна.
Журмын төсөлтэй танилцан саналаа 2026 оны 9 дүгээр сарын 31-ний өдрийн дотор battogtokh@moe.gov.mn хаягаар ирүүлнэ үү.
"ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ЗАХИАЛГАТ СУДАЛГАА ШИНЖИЛГЭЭ, ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ ДАМЖУУЛАЛТ БОЛОН ИННОВАЦЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРДЛЫГ САНХҮҮЖҮҮЛЭХ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна.
НЭГ. НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ
1.1. Энэхүү журмаар дээд боловсролын сургалтын байгууллага төвтэй түншлэлд суурилсан судалгаа, инновацын тогтолцоог хөгжүүлэх, Засгийн газрын захиалгат судалгаа шинжилгээ, дэвшилтэт технологи дамжуулалт болон инновацын үйл ажиллагааны зардлыг улсын төсвийн санхүүжилтээр дэмжихтэй холбогдсон харилцааг зохицуулна.
1.2. Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Шинжлэх ухаан, технологийн тухай хууль, Инновацын тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Төсвийн тухай хууль, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Шилэн дансны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг мөрдлөг болгоно.
1.3. Энэхүү журмыг хэрэгжүүлэхэд дараах зарчмыг баримтална.
1.3.1. дээд боловсролын сургалтын байгууллага төвтэй түншлэлд суурилсан байх;
1.3.2. дээд боловсролын сургалтын байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж болон бусад түншлэгчийн хамтын оролцоог хангасан байх;
1.3.3. хамтарсан хөрөнгө оруулалт, хамтарсан эрсдэл, хамтарсан үр өгөөжид суурилсан байх;
1.3.4. үр ашиг, үр дүн, үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн байх;
1.3.5. ил тод, шударга, өрсөлдөөний зарчимд үндэслэсэн байх;
1.3.6. улсын төсвийн санхүүжилтийн үр ашиг, хариуцлага, нээлттэй байдлыг хангасан байх.
1.4. Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог дор дурдсан утгаар ойлгоно.
1.4.1. "Түншлэл" гэж энэ журмын хүрээнд Засгийн газрын захиалгат судалгаа шинжилгээ, дэвшилтэт технологи дамжуулалт болон инновацын үйл ажиллагааг хамтран хэрэгжүүлэх зорилгоор гэрээний үндсэн дээр байгуулагдсан, хоёр буюу түүнээс дээш хуулийн этгээдийн хамтын ажиллагааны зохион байгуулалтын хэлбэрийг.
1.4.2. "Түншлэлийн ахлагч" гэж түншлэлийг төлөөлөн Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай санхүүжилтийн гэрээ байгуулж, үйл ажиллагааны хэрэгжилт, санхүүгийн удирдлага, тайлагналыг хариуцах дээд боловсролын сургалтын байгууллагыг.
1.4.3. "Түншлэлийн гишүүн" гэж түншлэлийн гэрээний үндсэн дээр үйл ажиллагаанд оролцож байгаа дотоод, гадаадын дээд боловсролын сургалтын байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж, олон улсын байгууллага болон бусад хуулийн этгээдийг.
1.4.4. "Засгийн газрын захиалгат судалгаа шинжилгээ" гэж төрийн бодлого, хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичигт туссан зорилт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэх зорилгоор төрөөс захиалан хэрэгжүүлэх суурь болон хэрэглээний судалгааг.
1.4.5. "Дэвшилтэт технологи дамжуулалт" гэж түншлэлийн аль нэг гишүүний хууль ёсны эзэмшил, ашиглалт, эсхүл лицензийн эрхтэй дэвшилтэт технологийг Монгол Улсад нутагшуулах, турших, тохируулах, үйлдвэрлэл, үйлчилгээ болон нийгмийн хэрэглээнд нэвтрүүлэх, түгээн дэлгэрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг.
1.4.6. "Инновацын үйл ажиллагаа" гэж судалгаа шинжилгээ, дэвшилтэт технологи дамжуулалтын үр дүнд бий болсон мэдлэг, технологи, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах, үйлдвэрлэл, үйлчилгээ болон нийгмийн хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг.
1.4.7. "Хамтарсан санхүүжилт" гэж түншлэлийн гишүүдээс мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр оруулж байгаа хөрөнгө, тоног төхөөрөмж, лабораторийн нөөц, технологи, лиценз, хүний нөөц болон бусад хувь нэмрийг.
ХОЁР. УЛСЫН ТӨСВИЙН САНХҮҮЖИЛТЭЭР ДЭМЖИХ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ
2.1. Энэ журмын хүрээнд улсын хөгжлийн бодлого, шинжлэх ухаан, технологи, инновацын тэргүүлэх чиглэл, дээд боловсролын хөгжлийн зорилттой уялдсан, улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд ач холбогдол бүхий Засгийн газрын захиалгат судалгаа шинжилгээ, дэвшилтэт технологи дамжуулалт болон инновацын үйл ажиллагааг санхүүжилнэ.
2.2. Засгийн газрын захиалгат судалгаа шинжилгээ нь төрийн бодлого, хууль тогтоомж, хөгжлийн бодлогын баримт бичигт туссан зорилго, зорилт, тулгамдсан асуудлыг шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэрлэхэд чиглэнэ.
2.3. Засгийн газрын захиалгат судалгаа шинжилгээний сэдэв, зорилго, хүлээгдэж буй үр дүн, ажлын даалгавар, төсөв санхүүгийн тооцоо болон бусад холбогдох баримт бичгийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох төрийн байгууллагатай хамтран эсхүл дангаар боловсруулж, батална.
2.4. Засгийн газрын захиалгат судалгаа шинжилгээний ажлын үр дүнд төрийн бодлого, шийдвэр гаргалт, хууль тогтоомжийн хэрэгжилт, улс орны нийгэм, эдийн засгийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд ашиглах боломжтой шинжлэх ухааны үндэслэл бүхий ажлын даалгаварт тусгасан үр дүн бий болсон байна.
2.5. Дэвшилтэт технологи дамжуулалтын үйл ажиллагаа нь түншлэлийн аль нэг гишүүний эзэмшиж байгаа дэвшилтэт технологийг нутагшуулах, турших, тохируулах, үйлдвэрлэл, үйлчилгээ болон нийгмийн хэрэглээнд нэвтрүүлэхэд чиглэнэ.
2.6. Дэвшилтэт технологи дамжуулалтын үйл ажиллагаа нь түншлэлийн аль нэг гишүүний хууль ёсны эзэмшил, ашиглалт, эсхүл лицензийн эрхтэй технологид үндэслэнэ.
2.7. Дэвшилтэт технологи дамжуулалтын үйл ажиллагааны үр дүнд үйлдвэрлэл, үйлчилгээний бүтээмж, чанар, өрсөлдөх чадвар, экспортын боломж, эсхүл нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхүйц технологи нутагшсан байна.
2.8. Инновацын үйл ажиллагаа нь судалгаа шинжилгээ, дэвшилтэт технологи дамжуулалтын үр дүнд бий болсон мэдлэг, технологи, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулж, шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, үйлдвэрлэлийн арга, бизнесийн загвар болон бусад инновацын шийдлийг бий болгох, хөгжүүлэх, зах зээлд нэвтрүүлэхэд чиглэнэ.
2.9. Инновацын үйл ажиллагааны үр дүнд оюуны өмч эдийн засгийн эргэлтэд орж, үйлдвэрлэл, үйлчилгээний өрсөлдөх чадвар, бүтээмжийг нэмэгдүүлсэн, эсхүл нийгмийн хэрэгцээг хангахад бодит хувь нэмэр оруулахуйц инновац бий болсон байна.
ГУРАВ. САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛ, САНХҮҮЖИЛТИЙН ХЭМЖЭЭ
3.1. Энэ журмын хүрээнд дараах зардалд улсын төсвөөс санхүүжилтийн дэмжлэг үзүүлж болно.
3.1.1. тоног төхөөрөмж, техник хэрэгсэл, багаж, урвалж бодис, туршилтын материал, түүхий эд, сэлбэг хэрэгсэл, сав, баглаа боодол болон бусад биет хөрөнгө, бараа материал худалдан авахтай холбоотой зардал;
3.1.2. багш, судлаач, инженер, шинжээч болон гэх мэт ажиллагчдын цалин хөлс, сургалт хөгжил, мэргэжил дээшлүүлэх, лабораторийн магадлан итгэмжлэл, олон улсын стандарт нэвтрүүлэлт, үр дүнг хэвлэн нийтлүүлэх болон бусад зардал;
3.1.3. дундын мэдлэгийн сан, мэдээллийн сан, програм хангамж, лиценз, оюуны өмчийн үнэлгээ, оюуны бүтээлийн лиценз ашиглах эрх болон судалгаа, технологи дамжуулалт, инновацын үйл ажиллагаанд шууд шаардлагатай бусад эрхийн төлбөр.
3.2. Дараах зардлуудад улсын төсвийн санхүүжилтийн дэмжлэг үзүүлэхгүй. Үүнд:
3.2.1. гарааны компани байгуулах, хувь нийлүүлсэн хөрөнгө оруулах, бизнесийн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой зардал;
3.2.2. маркетинг, сурталчилгаа, олон нийттэй харилцах контент боловсруулах, танилцуулга, хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны зардал;
3.2.3. хурал, форум, үзэсгэлэн, өдөрлөг, ёслолын арга хэмжээ зохион байгуулах зардал;
3.2.4. энэ журмын 3.1-д зааснаас бусад урсгал болон хөрөнгө оруулалтын зардал.
3.3. Санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх хэмжээ
3.3.1. Нэг үйл ажиллагаанд олгож болох улсын төсвөөс санхүүжүүлэх дэмжлэгийн дээд хэмжээ, зардлын ангилал тус бүрийн эзлэх хувь, хамтарсан санхүүжилтийн доод хэмжээг үйл ажиллагааны чиглэл бүрээр жил бүр боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.
3.3.2. Шалгарсан үйл ажиллагаанд олгох улсын төсвөөс санхүүжүүлэх дэмжлэгийн хэмжээг үйл ажиллагааны чиглэл, хамрах хүрээ, хэрэгжүүлэх хугацаа, шаардагдах нөөц, хамтарсан санхүүжилтийн хэмжээ болон улсын төсвийн боломжийг харгалзан тогтооно.
3.3.3. Санхүүжилтийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үе шат, хэрэгжилтийн явц, гүйцэтгэл, үр дүнтэй уялдуулан нэг буюу хэд хэдэн үе шаттайгаар олгож болно.
3.4. Хөрөнгө өмчлөх, ашиглах
3.4.1. Улсын төсвийн санхүүжилтээр худалдан авсан хөрөнгө нь түншлэлийн ахлагч дээд боловсролын сургалтын байгууллагын өмчлөлд шилжинэ.
3.4.2. Улсын төсвийн санхүүжилтээр бий болсон судалгаа, шинжилгээ, дэвшилтэт технологи дамжуулалт, инновацын дэд бүтэц, тоног төхөөрөмжийн ашиглалт дундынх байх ба Монгол Улсын дээд боловсролын сургалтын байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага нийтлэг нөхцөлөөр,3.4.1-д заасан байгууллагын баталсан журмын дагуу ашиглах боломж нээлттэй байна.
3.4.3. Энэ журмын дагуу санхүүжиж бий болсон судалгаа, шинжилгээ, дэвшилтэт технологи дамжуулалт, инновацын дэд бүтэц, тоног төхөөрөмжийг түншлэлийн гишүүн үйлдвэр, аж ахуйн нэгж, гадаад түнш ашиглах нөхцөл, журмыг түншлэлийн гэрээгээр тогтооно.
3.4.4. Төрөөс бусад эх үүсвэрээр бий болсон хөрөнгийн өмчлөл, эзэмшил, ашиглалт, шилжүүлгийг түншлэлийн гэрээгээр, холбогдох хууль тогтоомж болон олон улсын гэрээнд нийцүүлэн зохицуулна.
ДӨРӨВ. ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХЭРЭГЖҮҮЛЭГЧ
4.1. Энэ журмын хүрээнд улсын төсвөөс санхүүжилтийн дэмжлэг авах үйл ажиллагааг түншлэл хэрэгжүүлнэ.
4.2. Түншлэл нь хоёр буюу түүнээс дээш хуулийн этгээдээс бүрдэнэ.
4.3. Түншлэлийн ахлагч нь Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг дээд боловсролын сургалтын байгууллага байна.
4.4. Түншлэлийн гишүүн нь гадаад, дотоодын дээд боловсролын сургалтын байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгж болон олон улсын байгууллага байж болно.
4.5. Түншлэл нь хэрэгжүүлэх үйл ажиллагааны онцлогт тохируулан бүрэлдэхүүн, гишүүдийн тоо, оролцооны хэлбэрээ бие даан тодорхойлно.
4.6. Нэгдмэл ашиг сонирхолтой, ашгийн төлөө үйл ажиллагаагаар харилцан хамаарал бүхий этгээдүүд дангаараа түншлэл бүрдүүлэхийг хориглоно.
4.7. Түншлэлийн гэрээ
4.7.1. Түншлэл нь гишүүдийн эрх, үүрэг, хариуцлага, хамтарсан санхүүжилт, хөрөнгө, хүний нөөцийн оролцоо, оюуны өмч, үйл ажиллагааны үр дүнд бий болох хөрөнгийн ашиглалт, үр дүнгийн ашиглалт болон бусад харилцааг зохицуулсан гэрээ байгуулна.
4.7.2. Түншлэлийн гэрээ нь санхүүжилт хүсэх баримт бичгийн салшгүй хэсэг байна.
4.7.3. Түншлэлийн гэрээнд оролцогч бүрийн санхүүгийн болон санхүүгийн бус хувь нэмрийг тодорхой тусгана.
4.8. Түншлэлийн ахлагчийн эрх, үүрэг
4.8.1. Түншлэлийг төлөөлөх;
4.8.2. Санхүүжилтийн гэрээ байгуулах;
4.8.3. Санхүүжилтийг зориулалтын дагуу захиран зарцуулах;
4.8.4. Түншлэлийн гишүүдийн үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах;
4.8.5. Тайлан гаргаж хүргүүлэх;
4.8.6. Энэ журам болон гэрээнд заасан бусад үүргийг хэрэгжүүлэх.
4.9. Түншлэлийн гишүүдийн эрх, үүрэг
4.9.1. Түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх;
4.9.2. Хамтарсан санхүүжилт, хүний нөөц, лаборатори, технологи болон бусад нөөцөөр оролцох;
4.9.3. Үр дүн, тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээнд шаардлагатай мэдээллийг үнэн зөв гаргаж өгөх;
4.9.4. Гэрээ болон энэ журамд заасан бусад эрхийг эдэлж, үүргийг хүлээх.
ТАВ. СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ, ҮНЭЛГЭЭ
5.1. Энэ журмын 2 дугаар бүлэгт заасан чиглэлийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагаанд улсын төсвөөс санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх сонгон шалгаруулалтыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зохион байгуулна.
5.2. Сонгон шалгаруулалтыг Засгийн газрын захиалгат судалгаа шинжилгээ, дэвшилтэт технологи дамжуулалт, инновацын үйл ажиллагааны чиглэлээр тусад нь, эсхүл хамтатган зарлаж болно.
5.3. Сонгон шалгаруулалтын зарыг олон нийтэд нээлттэй байршуулах ба дараах мэдээллийг тусгана:
5.3.1. санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх үйл ажиллагааны чиглэл;
5.3.2. хүсэлтэд болон түншлэлд тавигдах шаардлага;
5.3.3. нэг үйл ажиллагаанд олгож болох дэмжлэгийн дээд хэмжээ, хугацаа;
5.3.4. бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт;
5.3.5. үнэлгээний шалгуур;
5.3.6. материал хүлээн авах хугацаа;
5.3.7. бусад шаардлагатай мэдээлэл.
5.4. Сонгон шалгаруулалтад энэ журмын 4 дүгээр бүлэгт заасан шаардлага хангасан түншлэл оролцоно.
5.5. Түншлэл нь дараах баримт бичгийг ирүүлнэ.
5.5.1. хүсэлт;
5.5.2. хэрэгжүүлэх үйл ажиллагааны эрэлт хэрэгцээ, шинэлэг байдал, зорилго, зорилт, ач холбогдол, үр дүнг багтаасан иж бүрэн танилцуулга (технологи, инновацын гэх мэт);
5.5.3. дамжуулах технологи, оюуны өмчтэй холбоотой материалууд;
5.5.4. түншлэлийн бүрэлдэхүүн, оролцогчдын чадавх, хамтын ажиллагааны зохион байгуулалтын талаарх мэдээлэл;
5.5.5. үйл ажиллагааны төлөвлөгөө, эрсдэлийн удирдлагын талаарх мэдээлэл;
5.5.6. санхүүгийн тооцоолол;
5.5.7. түншлэлийн гэрээ;
5.5.8. хамтарсан санхүүжилт хийсэн, хийхээр амалсаныг нотлох баримт;
5.5.9. сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан бусад материал.
5.6. Сонгон шалгаруулалтын үнэлгээ хийх үнэлгээний хороог боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр тухай бүр байгуулна.
5.7. Үнэлгээний хороог тухайн сонгон шалгаруулалтын чиглэл, хамрах хүрээ, ирүүлсэн хүсэлтийн онцлогийг харгалзан байгуулна.
5.8. Үнэлгээний хороо нь орон тооны бус байх ба бүрэлдэхүүнийг тодорхойлохдоо хамгийн багадаа дараах төлөөллийг оролцуулна.
5.8.1. боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл;
5.8.2. холбогдох төрийн байгууллагын төлөөлөл;
5.8.3. шинжлэх ухаан, технологийн чиглэлийн эрдэмтэн, судлаач;
5.8.4. үйлдвэрлэл, инновацын чиглэлийн мэргэжилтэн;
5.8.5. санхүү, эдийн засгийн чиглэлийн мэргэжилтэн.
5.8.6. шаардлагатай тохиолдолд гадаадын хараат бус шинжээчийг үнэлгээнд оролцуулж болно.
5.9. Үнэлгээний хороо нь сонгон шалгаруулалтын баримт бичиг, зарын төслийг боловсруулж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаар батлуулна.
5.10. Үнэлгээний хорооны гишүүн ашиг сонирхлын зөрчилгүй байх бөгөөд ашиг сонирхлын зөрчил үүссэн тохиолдолд тухайн хүсэлтийн үнэлгээнд оролцохгүй.
5.11. Үнэлгээний хороо ирүүлсэн хүсэлтэд дараах чиглэлүүдээр үнэлгээ хийнэ.
5.11.1. энэ журам болон сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан ерөнхий шаардлагыг хангасан эсэхийг үнэлэх;
5.11.2. технологи, инновацын шинэлэг байдал, эрэлт хэрэгцээ, ач холбогдлыг үнэлэх;
5.11.3. түншлэлийн бүрэлдэхүүн, оролцогчдын чадавх, хамтын ажиллагааны зохион байгуулалтыг үнэлэх;
5.11.4. үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилтийн боломж, эрсдэлийн удирдлагыг үнэлэх;
5.11.5. төсөв, хамтарсан санхүүжилт, зардлын тооцооллыг үнэлэх.
5.11.6. Үнэлгээний хороо шаардлагатай тохиолдолд нэмэлт мэдээлэл, тодруулга авах, ярилцлага хийх боломжтой ба танилцуулга сонсож болно.
5.12. Үнэлгээний шалгуур
5.12.1. Засгийн газрын захиалгат судалгаа шинжилгээний хүсэлтийг дараах үндсэн болон сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нэмэлт шалгуураар үнэлнэ.
5.12.1.1. төрийн бодлого, хөгжлийн зорилт, захиалагчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн байдал;
5.12.1.2. асуудлыг шийдвэрлэх шинжлэх ухааны үндэслэл;
5.12.1.3. үр дүнг бодлого, шийдвэр гаргалтад ашиглах боломж;
5.12.1.4. түншлэлийн чадавх;
5.12.2. Дэвшилтэт технологи дамжуулалтын хүсэлтийг дараах үндсэн болон сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нэмэлт шалгуураар үнэлнэ.
5.12.2.1. технологийн дэвшилтэт байдал;
5.12.2.2 нутагшуулах боломж;
5.12.2.3. үйлдвэрлэл, үйлчилгээ, эдийн засагт үзүүлэх үр өгөөж;
5.12.2.4. түншлэлийн бүрэлдэхүүн, технологи эзэмшигчийн оролцоо;
5.12.2.5. хамтарсан санхүүжилтийн нөхцөл, амлалтын баталгаажилт.
5.12.3. Инновацын үйл ажиллагааны хүсэлтийг дараах үндсэн болон сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан нэмэлт шалгуураар үнэлнэ.
5.12.3.1. инновацын шинэлэг байдал;
5.12.3.2. оюуны өмч, технологийн бэлэн байдлын түвшин;
5.12.3.3. эдийн засгийн эргэлтэд орох боломж;
5.12.3.4. түншлэлийн бүрэлдэхүүн, үйлдвэр, аж ахуйн нэгжийн оролцоо;
5.12.3.5. хамтарсан санхүүжилтийн нөхцөл, амлалтын баталгаажилт.
5.13. Үнэлгээний хороо үнэлгээний дүнг нэгтгэн дэмжих, нөхцөлтэйгээр дэмжих, эсхүл дэмжихгүй тухай саналыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
5.14. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага үнэлгээний хорооны саналыг үндэслэн санхүүжүүлэх түншлэлийн жагсаалтыг батална.
5.15. Тухайн жилд нэг түншлэлийн нэг үйл ажиллагаанд улс төсвөөс санхүүжилтийн дэмжлэг үзүүлнэ.
5.16. Сонгон шалгаруулалтын дүнг оролцогчдод албан ёсоор мэдэгдэж, хууль тогтоомжид заасан хүрээнд олон нийтэд мэдээлнэ.
ЗУРГАА. САНХҮҮЖИЛТИЙН ГЭРЭЭ, ХЭРЭГЖИЛТ
6.1. Сонгон шалгаруулалтад дэмжигдсэн түншлэлтэй боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага санхүүжилтийн гэрээ байгуулна.
6.2. Санхүүжилтийн гэрээнд дараах асуудлыг тусгана:
6.2.1. хэрэгжүүлэх үйл ажиллагааны зорилго, хамрах хүрээ, хугацаа;
6.2.2. санхүүжилтийн хэмжээ, эх үүсвэр, олгох хуваарь;
6.2.3. түншлэлийн ахлагч болон түншлэлийн гишүүдийн эрх, үүрэг, хариуцлага;
6.2.4. хамтарсан санхүүжилтийн хэмжээ, хэлбэр, хэрэгжилтийн нөхцөл;
6.2.5. тайлагнал, хяналт-шинжилгээ, үнэлгээний шаардлага;
6.2.6. санхүүжилтийг түдгэлзүүлэх, бууруулах, гэрээг дуусгавар болгох нөхцөл;
6.2.7. улсын төсвийн санхүүжилтээр бий болох хөрөнгө, дэд бүтэц, үйл ажиллагааны үр дүн, оюуны өмчийн ашиглалт, хамгаалалт, шилжүүлэлт;
6.2.8. хууль тогтоомж болон энэ журамд нийцсэн бусад нөхцөл.
6.3. Санхүүжилтийн гэрээ нь түншлэлийн гэрээтэй нийцсэн байна.
6.4. Сонгон шалгаруулалтад дэмжигдсэн түншлэлийн хэрэгжүүлэх үйл ажиллагааг дэмжих улсын төсвийн санхүүжилтийн дэмжлэгийг батлагдсан дүнд багтаан олгоно.
6.5. Санхүүжилтийн дэмжлэгийг түншлэлийн ахлагчийн харилцах банкны дансанд шилжүүлнэ.
6.6. Санхүүжилтийн дэмжлэгийг нэг удаа эсхүл үйл ажиллагааны үе шаттай уялдуулан хэсэгчлэн олгож болно.
6.7. Хэсэгчлэн олгож байгаа тохиолдолд дараагийн шатны дэмжлэгийг энэ журмын 7.4-т заасан гүйцэтгэлийн үнэлгээний үр дүнг үндэслэн олгоно.
6.8. Түншлэлийн ахлагч нь санхүүжилтийг зориулалтын дагуу захиран зарцуулж, гишүүдийн зарцуулалтад тавих дотоод хяналтыг хэрэгжүүлнэ.
6.9. Хамтарсан санхүүжилт
6.9.1. Түншлэлийн гишүүд нь түншлэлийн гэрээнд заасан хамтарсан санхүүжилтийг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр хэрэгжүүлнэ.
6.9.2. Хамтарсан санхүүжилтийг мөнгөн болон мөнгөн бус хэлбэрээр хэрэгжүүлж болох бөгөөд үүнд хөрөнгө, тоног төхөөрөмж, лаборатори, технологи, лиценз, програм хангамж, хүний нөөц, мэргэжлийн үйлчилгээ, туршилтын орчин болон бусад шаардлагатай нөөцийг тооцож болно.
6.9.3. Түншлэлийн ахлагч нь хамтарсан санхүүжилтийн хэрэгжилтийг нэгтгэн тайлагнана.
6.10. Улсын төсвөөс санхүүжилтийн дэмжлэг үзүүлэх гэрээ байгуулсны дараа үйл ажиллагааны чиглэл, зорилго, үр дүн, түншлэлийн бүтэц, санхүүжилтийн нийт хэмжээг өөрчлөхийг хориглоно.
6.11. Хэрэгжилтийн явцад хугацаа, үйл ажиллагааны төлөвлөгөө, зардлын ангилал хоорондын зохистой шилжүүлэг зэрэг гэрээний үндсэн нөхцөлийг хөндөхгүй өөрчлөлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын зөвшөөрлөөр хийж болно.
6.12. Түншлэлийн гишүүн солигдох, шинээр нэмэгдэх, эсхүл хасагдах шаардлага үүссэн тохиолдолд энэ нь түншлэлийн үндсэн чадавх, сонгон шалгаруулалтын үр дүнд сөргөөр нөлөөлөхгүй гэж үзвэл санхүүжилтийн гэрээ болон түншлэлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулж болно.
6.13. Санхүүжилтийг түдгэлзүүлэх, гэрээг дуусгавар болгох
6.13.1. Дараах тохиолдолд боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага улсын төсвийн санхүүжүүлэх дэмжлэгийг бүхэлд нь эсхүл хэсэгчлэн түдгэлзүүлж болно.
6.13.1.1. санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан;
6.13.1.2. санхүүжилтийн гэрээ эсхүл түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн;
6.13.1.3. хамтарсан санхүүжилтийн үүргээ биелүүлээгүй;
6.13.1.4. худал мэдээлэл, хуурамч баримт бичиг бүрдүүлсэн нь тогтоогдсон;
6.13.1.5. хууль тогтоомж, энэ журам болон санхүүжилтийн гэрээнд заасан бусад үндэслэл
6.13.2. Санхүүжилтийг түдгэлзүүлэхийн өмнө түншлэлд зөрчлийг арилгах тухай мэдэгдэл хүргүүлж, хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол 30 хүртэл хоногийн хугацаа олгоно.
6.13.3. Түншлэл зөрчлөө тогтоосон хугацаанд арилгасан бол санхүүжилтийг үргэлжлүүлж олгоно.
6.13.4. Зөрчлийг тогтоосон хугацаанд арилгаагүй, эсхүл санхүүжилтийн гэрээг цаашид хэрэгжүүлэх боломжгүй болсон тохиолдолд санхүүжилтийн гэрээг дуусгавар болгож, хууль тогтоомжид заасан үндэслэл, журмын дагуу холбогдох арга хэмжээ авна.
6.14. Санхүүжилтийн хэрэгжилтийн хариуцлага
6.14.1. Түншлэлийн ахлагч нь улсын төсвийн санхүүжилтийн хууль ёсны, үр ашигтай, зориулалтын дагуух зарцуулалтыг төлөөлөн хариуцна.
6.14.2. Түншлэлийн гишүүд нь түншлэлийн гэрээгээр хүлээсэн үүргийн хэрэгжилтийг хариуцна.
6.14.3. Түншлэлийн гишүүдийн эрх, үүрэг, тэдний хооронд үүсэх хамтарсан санхүүжилт, хөрөнгө, судалгааны үр дүн, оюуны өмч болон бусад харилцаатай холбоотой асуудлыг түншлэлийн гэрээний дагуу шийдвэрлэнэ.
6.14.4. Түншлэлийн ахлагч улсын төсвийн санхүүжилтийн хэрэгжилтийг төлөөлөн хариуцах нь түншлэлийн бусад гишүүний түншлэлийн гэрээгээр хүлээсэн эрх, үүрэг, хариуцлагыг чөлөөлөх үндэслэл болохгүй.
ДОЛОО. ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭ, ТАЙЛАГНАЛ
7.1. Энэ журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, санхүүжилтийн үр ашиг, үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүн, үр нөлөөг үнэлнэ.
7.2. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь ил тод, хараат бус, нотолгоонд суурилсан, хэмжих боломжтой шалгуур үзүүлэлтэд үндэслэсэн байна.
7.3. Хяналт-шинжилгээ, үнэлгээ нь дараах төрөлтэй байна.
7.3.1. гүйцэтгэлийн үнэлгээ;
7.3.2. үр дүнгийн үнэлгээ;
7.3.3. үр нөлөөний үнэлгээ.
7.4. Гүйцэтгэлийн үнэлгээ
7.4.1. Гүйцэтгэлийн үнэлгээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дээд боловсролын асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлнэ.
7.4.2. Гүйцэтгэлийн үнэлгээг үйл ажиллагааны хэрэгжилтийн явцад тухай бүр хийж болно.
7.4.3. Гүйцэтгэлийн үнэлгээг дараах үзүүлэлтээр хийнэ.
7.4.3.1. төлөвлөсөн үйл ажиллагааны хэрэгжилт;
7.4.3.2. хэрэгжүүлэх хугацааны мөрдөлт;
7.4.3.3. санхүүжилтээ зориулалтын дагуу зарцуулсан эсэх;
7.4.3.4. хамтарсан санхүүжилтийн хэрэгжилт;
7.4.3.5. санхүүжилтийн гэрээ, түншлэлийн гэрээний хэрэгжилт.
7.4.4. Гүйцэтгэлийн үнэлгээний дүн нь энэ журмын 6.7-д заасан дараагийн шатны санхүүжилт олгох үндэслэл болно.
7.5. Үр дүнгийн үнэлгээ
7.5.1. Үр дүнгийн үнэлгээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дээд боловсролын асуудал хариуцсан нэгж хэрэгжүүлнэ.
7.5.2. Шаардлагатай тохиолдолд үр дүнгийн үнэлгээнд хараат бус, эсхүл хөндлөнгийн мэргэжлийн шинжээчийг оролцуулж болно.
7.5.3. Үр дүнгийн үнэлгээг үйл ажиллагаа дууссаны дараа гүйцэтгэнэ.
7.5.4. Үр дүнгийн үнэлгээг дараах үндсэн шалгуураар хийнэ.
7.5.4.1. төлөвлөсөн үр дүн бүрэн бий болсон эсэх;
7.5.4.2. үйл ажиллагааны зорилго биелсэн эсэх;
7.5.4.3. судалгаа шинжилгээний үр дүнгийн чанар / дэвшилтэт технологи дамжуулалтын үр дүн / инновацын бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болсон эсэх;
7.5.4.4. түншлэлийн хамтын ажиллагааны үр дүн;
7.5.4.5. гэрээний KPI биелсэн эсэх.
7.6. Үр нөлөөний үнэлгээ
7.6.1. Үр нөлөөний үнэлгээг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын ажлын хэсэг хэрэгжүүлнэ.
7.6.2. Шаардлагатай тохиолдолд үр нөлөөний үнэлгээнд хараат бус, эсхүл хөндлөнгийн шинжээчийг оролцуулж болно.
7.6.3. Үр нөлөөний үнэлгээг үйл ажиллагаа дууссанаас хойш үр нөлөөг үнэлэх боломжтой, санхүүжилтийн гэрээнд заасан хугацаанд хийнэ.
7.6.4. Үр нөлөөний үнэлгээг дараах үндсэн шалгуураар хийнэ.
7.6.4.1. төрийн бодлого хэрэгжүүлэхэд үзүүлсэн нөлөө;
7.6.4.2. нийгэм, эдийн засагт үзүүлсэн үр өгөөж;
7.6.4.3. шинжлэх ухаан, технологи, инновацын хөгжилд оруулсан хувь нэмэр;
7.6.4.4. дээд боловсролын байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжийн хамтын ажиллагаанд үзүүлсэн нөлөө;
7.6.4.5. улсын төсвийн хөрөнгө оруулалтын үр ашиг.
7.7. Тайлагнал
7.7.1. Түншлэлийн ахлагч дараах тайланг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.
7.7.1.1. явцын тайлан;
7.7.1.2. завсрын тайлан;
7.7.1.3. эцсийн тайлан.
7.8.2. Тайланд дараах мэдээллийг тусгана.
7.8.2.1. хэрэгжилтийн явц;
7.8.2.2. санхүүжилтийн зарцуулалт;
7.8.2.3. хамтарсан санхүүжилтийн хэрэгжилт;
7.8.2.4. бий болсон үр дүн;
7.8.2.5. KPI-ийн хэрэгжилт;
7.8.2.6. цаашид ашиглах, тогтвортой хөгжүүлэх төлөвлөгөө.
7.9. Гүйцэтгэлд болон үр дүнд суурилсан санхүүжилт
7.9.1. Гүйцэтгэлийн үнэлгээний үр дүн нь санхүүжилтийн дараагийн үе шатыг үргэлжлүүлэх, түдгэлзүүлэх, эсхүл гэрээг дуусгавар болгох шийдвэрийн үндэслэл болно.
7.9.2. Үр дүнгийн үнэлгээний үр дүн нь тухайн түншлэлийн хэрэгжилтийг эцэслэн дүгнэх, цаашид төрөөс дэмжих бодлого, дараагийн сонгон шалгаруулалтад оролцох чадавхыг үнэлэхэд ашиглагдана.
7.9.3. Үр нөлөөний үнэлгээний үр дүнг энэ журмын хэрэгжилтийг сайжруулах, төрийн санхүүжилтийн бодлого, чиглэлийг шинэчлэх, санхүүжилтийн тэргүүлэх чиглэлийг тодорхойлох үндэслэл болгон ашиглана.
7.10. Үндсэн шалгуур үзүүлэлт (KPI)
7.10.1. Санхүүжилтийн гэрээнд тухайн үйл ажиллагааны онцлогт нийцсэн гүйцэтгэл, үр дүнгийн үндсэн шалгуур үзүүлэлтийг (KPI) тусгана.
7.10.2. KPI нь хэмжих боломжтой, бодитой, хугацаатай байна.
7.10.3. Үйл ажиллагааны чиглэлээс хамааран KPI-д дараах үзүүлэлтийг ашиглаж болно.
7.10.3.1. Засгийн газрын захиалгат судалгаа шинжилгээний хувьд бодлогын зөвлөмж, аргачлал, стандарт, мэдээллийн сан, судалгааны тайлан зэрэг үр дүн;
7.10.3.2. Дэвшилтэт технологи дамжуулалтын хувьд технологи нутагшуулалт, үйлдвэрлэлд нэвтрүүлэлт, лиценз, технологийн ашиглалт зэрэг үр дүн;
7.10.3.3. Инновацын үйл ажиллагааны хувьд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ, оюуны өмч, үйлдвэрлэлд нэвтрүүлсэн шийдэл, эдийн засгийн эргэлтэд орсон үр дүн зэрэг үзүүлэлт.
----- оОо ----