"ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ"-ын төсөлд санал авч байна

A- A A+

“ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ”-ын төсөлд санал авах тухай 

Монгол Улсын Засгийн газрын 2024 оны “Журам батлах тухай” 103 дугаар тогтоолоор “Багш, багш мэргэжлээр суралцагч болон багш, ажилтны хүүхдийг тэргүүлэх, эрэлттэй мэргэжлээр суралцахад төрөөс дэмжлэг үзүүлэх журам”, 2025 оны “Журам шинэчлэн батлах тухай” 215 дугаар тогтоолоор “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх, зээлийг эргэн төлүүлэх журам” батлагдаж Боловсролын яамнаас журмын хэрэгжилтийг хангаж Боловсролын зээлийн сангаар дамжуулан дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдад сургалтын төлбөрийн санхүүжилтийг олгодог.

Боловсролын яамнаас дээрх санхүүжилтийн журмыг нэгтгэн “Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, зээл эргэн төлүүлэх журам”-ын төслийг шинэчлэн боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр иргэд, олон нийтээс санал авч байна.

Журмын төсөлд холбогдох саналаа batselem@moe.gov.mn, dorjsuren@elf.gov.mn цахим хаягаар ирүүлж хамтран ажиллана уу.

PDF файлаар татах

ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН СУРАЛЦАГЧИД ТЭТГЭЛЭГ, ЗЭЭЛ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ОЛГОХ, ЗЭЭЛ ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Дээд боловсролын сургалтын байгууллага /цаашид “сургалтын байгууллага” гэх/-д суралцагчид улсын төсөв болон хуульд зөвшөөрсөн бусад эх үүсвэрийн хөрөнгөөр тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, сургалтын зээлийг эргэн төлүүлэхтэй холбогдсон харилцааг энэ журмаар зохицуулна.

1.2.Суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, сургалтын зээлийг эргэн төлүүлэх үйл ажиллагаанд Боловсролын ерөнхий хууль, Дээд боловсролын тухай хууль, Багшийн хөгжлийг дэмжих тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль, Засгийн газрын тусгай сангийн тухай хууль, Төсвийн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, Зээлийн мэдээллийн тухай хууль, Нийтийн мэдээллийн ил тод байдлын тухай хууль, Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль, “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах тухай” Монгол Улсын Ерөхийлөгчийн зарлиг болон холбогдох бусад хууль тогтоомж, энэ журмыг баримтална.

1.3.Энэ журамд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар хэрэглэнэ:

1.3.1.“сургалтын тэтгэлэг” (цаашид “тэтгэлэг” гэх) гэж Дээд боловсролын тухай хуулийн 4.1.5-д заасан мөнгөн тусламжийг;

1.3.2.“сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл” гэж Дээд боловсролын тухай хуулийн 4.1.6-д заасан, гадаадын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг санхүүжүүлэх зорилгоор гэрээнд заасан хүү тооцож, эргэн төлөгдөх хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох мөнгөн хөрөнгийг;

1.3.3.“оюутны хөгжлийн зээл” гэж Дээд боловсролын тухай хуулийн 4.1.6-д заасан, дотоодын сургалтын байгууллагад суралцагчийн сургалтын төлбөрийг бүхэлд нь буюу зарим хэсгийг санхүүжүүлэх зорилгоор хүү тооцохгүйгээр, эргэн төлөгдөх хөнгөлөлттэй нөхцөлөөр олгох мөнгөн хөрөнгийг;

1.3.4.“сургалтын зээл” (цаашид “зээл” гэх) гэж энэ журмын 1.3.2, 1.3.3-т заасан зээлийг хамтад нь;

1.3.5.“буцалтгүй тусламж” гэж энэ журмын дагуу  суралцагчид олгох эргэн төлүүлэх нөхцөлгүй сургалтын зардлыг;

1.3.6.“амьжиргааны зардал” гэж суралцагчийн дотуур байр болон хүнсний зардлыг;

1.3.7.“хяналтын тоо” гэж тухайн төсвийн жилд батлагдсан төсөв болон бусад эх үүсвэрийн баталгаажсан хэмжээнд багтаан тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжид хамруулах суралцагчийн дээд тоог;

1.3.8.“хөгжлийн тэргүүлэх болон эрэлттэй мэргэжлийн чиглэл” гэж Засгийн газраас баталсан, сонгон шалгаруулалт зарласан өдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа жагсаалтад хамаарах мэргэжлийн чиглэлийг;

1.3.9.“бэлтгэл хөтөлбөр” гэж боловсролын зэрэг олгох үндсэн хөтөлбөрт хамрагдахын өмнө заавал судлах нөхцөлтэй сургалтын хөтөлбөрийг;

1.3.10.“багш бэлтгэх бакалаврын сургалтын хөтөлбөр” гэж цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багш мэргэжлээр дээд боловсролын зэрэг олгох, хууль тогтоомжид заасан шаардлага хангасан бакалаврын үндсэн сургалтын хөтөлбөрийг;

1.3.11.“хамтарсан хөтөлбөр” гэж дотоод, гадаадын сургалтын байгууллага хамтран хэрэгжүүлж, суралцагч сургалтын хөтөлбөрийн тодорхой хэсгийг байгууллага тус бүрд судлах хөтөлбөрийг;

1.3.12.“үндсэн хөтөлбөрийн урилга” гэж гадаадын сургалтын байгууллагаас тухайн өргөдөл гаргагчид олгосон, суралцах мэргэжлийн чиглэл, хөтөлбөрийн түвшин, суралцах хугацааг тодорхой заасан, үндсэн хөтөлбөрт элсүүлэхийг баталгаажуулсан албан ёсны урилга, эсхүл захидал. Зөвхөн суудал баталгаажуулах, урьдчилсан төлбөр төлөх, эрүүл мэндийн даатгалд хамрагдах, эсхүл бусад нэмэлт нөхцөл биелүүлэхийг шаардсан мэдэгдлийг үндсэн хөтөлбөрт элсүүлсэн тухай албан ёсны шийдвэрт тооцохгүй;

1.3.13.“сан” гэж энэ журмыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Боловсролын зээлийн санг;

1.3.14.“бусад эх үүсвэрийн санхүүжилт” гэж Засгийн газрын тусгай сангийн тухай хууль болон бусад хууль тогтоомжид зөвшөөрсөн хандив, тусламж, сангийн өөрийн үйл ажиллагааны орлого, зээлийн хүүгийн орлого болон улсын төсвөөс бусад хөрөнгөөр бүрдэж, санд төвлөрүүлсэн санхүүжилтийг;

1.3.15.“бусад эх үүсвэрийн санхүүжүүлэгч” гэж энэ журмын 1.3.14-д заасан хөрөнгийг санд төвлөрүүлсэн, эсхүл суралцагчид сангаар дамжуулан санхүүжилт олгохоор сантай гэрээ байгуулсан иргэн, хуулийн этгээд, олон улсын байгууллагыг;

1.3.16.“давхар санхүүжилт” гэж нэг суралцагчийн тухайн хичээлийн улирлын ижил төрлийн зардалд сан болон бусад эх үүсвэрээс олгосон нийт санхүүжилтийн хэмжээ тухайн зардлын бодит дүнгээс давсан байхыг;

1.3.17.“хамтарсан санхүүжилт” гэж нэг суралцагч, эсхүл хөтөлбөрийн хуульд зөвшөөрсөн зардлыг улсын төсөв болон бусад эх үүсвэрийн санхүүжилтээр гэрээнд заасан харьцаа, зориулалтын дагуу хамтран санхүүжүүлэхийг;

1.3.18.“санхүүжилтийн дээд хэмжээ” гэж нэг суралцагчид тухайн төсвийн жил болон хөтөлбөрийн нийт хугацаанд Сангаас олгож болох гадаадын сургалтын зээлийн санхүүжилтийн дээд хязгаарыг.

1.4.Суралцагчид тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж олгох, сургалтын зээлийг эргэн төлүүлэх үйл ажиллагаанд Боловсролын ерөнхий хуулийн 5.1-д заасан зарчим болон ил тод байдал, үр ашиг, хариуцлага, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх зарчмыг баримтална.

1.5.Сан гадаад улсад суралцагчийн дараа оны амьжиргааны зардлыг улс, хот тус бүрийн амьжиргааны өртөг, үнэ, валютын ханшийн өөрчлөлт, өмнөх жилийн санхүүжилтийн гүйцэтгэлийг харгалзан тооцож, саналаа жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Тус байгууллага уг саналыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагатай хамтран хянаж, мөн оны 11 дүгээр сарын 15-ны дотор боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулна.

1.6.Сан гадаадын сургалтын зээлийн нэг суралцагчид олгох жилийн болон хөтөлбөрийн санхүүжилтийн дээд хэмжээг сургалтын төлбөр, боловсролын түвшин, суралцах байршил, зээлийн хугацаа, хүү, өрийн ачааллын шалгуур, валютын ханш болон эрсдэлийн үнэлгээнд үндэслэн тогтоож, саналаа жил бүрийн 10 дугаар сарын 1-ний дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Тус байгууллага уг саналыг хянаж, мөн оны 11 дүгээр сарын 15-ны дотор боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнээр батлуулна.

1.7.Сан бусад эх үүсвэрээр хэрэгжүүлэх хөтөлбөрийн баталгаажсан санхүүжилтийн хэмжээ, хяналтын тоог энэ журмын 17.2-т заасан гэрээнд үндэслэн нэгтгэж, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ. Хөтөлбөрийн тусгай шалгуур, нөхцөлийг энэ журмын 17 дугаар бүлэгт нийцүүлэн санхүүжүүлэгчтэй байгуулсан гэрээгээр зохицуулна.

1.8.Сан нийт санхүүжилтийн саналыг сургалтын төлбөр, амьжиргааны зардал, боловсролын түвшин, суралцах байршил, үнийн болон валютын ханшийн өөрчлөлт, гадаадын сургалтын зээлийн санхүүжилтийн дээд хэмжээ, бусад эх үүсвэрийн санхүүжилт, өмнөх жилийн гүйцэтгэлд үндэслэн боловсруулж, жил бүрийн 02 дугаар сарын 1-ний дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

1.9.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тухайн жилийн батлагдсан төсөв, бодлогын тэргүүлэх чиглэлд үндэслэн санхүүжилтийн төрөл, боловсролын түвшин, суралцах байршлаар нийт санхүүжилт, хяналтын тоо, тэтгэлэг, зээлийн зохистой харьцааг жил бүрийн 3 дугаар сарын 1-ний дотор дараах байдлаар тогтооно:

1.9.1.дотоодын сургалтын байгууллагад суралцагчид олгох тэтгэлэг, оюутны хөгжлийн зээл, буцалтгүй тусламж;

1.9.2.гадаадын сургалтын байгууллагад суралцагчид олгох тэтгэлэг, сургалтын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж;

1.10.Энэ журмын 1.9-д заасан хяналтын тооны хязгаарлалт хөгжлийн бэрхшээлтэй суралцагчид хамаарахгүй бөгөөд санхүүжилтийг тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан олгоно.

1.11.Ерөнхийлөгчийн тэтгэлэг, буцалтгүй тусламжаас бусад санхүүжилтээр суралцагчдын тухайн жилийн хяналтын тоог магистр, докторын хөтөлбөрт гуравны хоёр, дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт гуравны нэг байхаар хуваарилна. Магистр, докторын түвшинд хуваарилсан хяналтын тоонд шаардлага хангасан хүсэлт гаргагч хүрэлцээгүй бол үлдсэн хяналтын тоог тухайн жилийн батлагдсан төсөвт багтаан дэд бакалавр, бакалаврын түвшинд шилжүүлэн хуваарилж болно.

1.12.Сан болон энэ журмыг хэрэгжүүлэхэд оролцогч бусад байгууллага журмын хэрэгжилтэд зайлшгүй шаардлагатай хувийн мэдээллийг хуульд заасан үндэслэлээр, тодорхой зорилгын хүрээнд, шаардагдах хамгийн бага хэмжээгээр цуглуулж, боловсруулж, ашиглаж, дамжуулж, хадгална. Хадгалах хугацаа дууссан мэдээллийг хуульд заасны дагуу устгах, эсхүл архивт шилжүүлэх бөгөөд нээлттэй байхаар хуульд заагаагүй хувийн мэдээллийг нийтлэхгүй.

 

Хоёр. Тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж авах суралцагчид тавих

нийтлэг шаардлага

2.1.Тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж авах суралцагч дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

2.1.1.Монгол Улсын иргэн байх;

2.1.2.дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцагч байх;

2.1.3.Засгийн газраас баталсан тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцагч байх;

2.1.4.энэ журамд өөрөөр заагаагүй бол өмнө нь сангийн хөрөнгөөр суралцаж гэрээний үндсэн үүргийг хэрэгжүүлж, гэрээг дуусгавар болгон дүгнүүлсэн байх;

2.1.5.өөр эх үүсвэрээс сургалтын төлбөр, амьжиргааны зардлын хэсэгчилсэн санхүүжилт авсан, эсхүл авахаар баталгаажсан бол зөвхөн бодит үлдэгдэл зардлын хэмжээгээр санхүүжилт хүссэн байх;

2.1.6.зээл хүсэгч нь зээлийн мэдээллийн санд хугацаа хэтэрсэн өр төлбөрийн үлдэгдэлгүй байх.

2.2.Тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламж авах суралцагч өөрт хамаарах сургалтын дараах нийтлэг шаардлагыг хангасан байна:

2.2.1.дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт шинээр элсэгч тухайн хөтөлбөрт элсэхэд тооцох элсэлтийн шалгалтын хичээлээр 620, түүнээс дээш хэмжээст оноо авсан байх;

2.2.2.дотоодын сургалтын байгууллагад магистр, докторын хөтөлбөрт шинээр элсэгчийн өмнөх боловсролын зэргийн дипломын голч дүн 4.0 онооны системд 3.2-оос доошгүй, өөр үнэлгээний системд түүнтэй дүйцэх түвшинд байх;

2.2.3.дотоодын сургалтын байгууллагад үргэлжлүүлэн суралцагчийн өмнөх улирлын голч дүн дэд бакалавр, бакалаврын хөтөлбөрт 4.0 онооны системд 3.0, түүнээс дээш, магистр, докторын хөтөлбөрт 3.2-оос доошгүй байх;

2.2.4.дотоодын сургалтын байгууллагад суралцагчийн суралцах үндсэн хөтөлбөр нь үндэсний, эсхүл олон улсын магадлан итгэмжлэлтэй байх. Олон улсын магадлан итгэмжлэлийн хүчинтэй байдлыг боловсролын чанарын баталгаажуулалт, магадлан итгэмжлэл хариуцсан байгууллагын мэдээллийн сангийн бүртгэлээр баталгаажуулах. Урьдчилсан магадлан итгэмжлэлийг энэ заалтад заасан хөтөлбөрийн магадлан итгэмжлэлд тооцохгүй;

2.2.5.гадаадын сургалтын байгууллагад үндсэн хөтөлбөрөөр суралцагч нь сонгон шалгаруулалт зарласан өдрийн байдлаар нийтэд мэдээлсэн “Times Higher Education World University Rankings” (THE)-ийн хамгийн сүүлийн ерөнхий эрэмбийн эхний 300-д багтсан сургуульд суралцах урилга авсан байх;

2.2.6.гадаадын сургалтын байгууллагад үргэлжлүүлэн суралцагчийн өмнөх улиралд судалсан хичээлүүд нь тухайн үнэлгээний системийн дагуу хангалттай буюу түүнээс дээш түвшинд үнэлэгдсэн байх;

2.2.7.буцалтгүй тусламжаар суралцагчид энэ журмын 2.1.3, 2.2.1-2.2.3-т заасан хязгаарлалт хамаарахгүй. Буцалтгүй тусламжаар шинээр элсэгч үндсэн хөтөлбөрт элсэх эрх авсан, үргэлжлүүлэн суралцагч амжилттай суралцаж, сургалтаа үргэлжлүүлэх эрхтэй байх;

2.2.8.Өмнөх шатны боловсролыг гадаад улсад эзэмшсэн суралцагч боловсролын баримт бичгээ хуульд заасан журмын дагуу дүйцүүлсэн буюу хүлээн зөвшөөрүүлсэн, эсхүл боловсролын мэдээллийн санд бүртгүүлсэн болохыг эрх бүхий байгууллагын лавлагаагаар нотолсон байх.

2.2.9.гадаадын сургалтын хөтөлбөрийн нэр, индекс, ангилал нь Засгийн газраас баталсан тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн чиглэлтэй шууд тохирохгүй бол суралцагч холбогдох баримтын хамт харьяалах чиглэлийг тогтоолгох хүсэлтийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв, эсхүл хууль тогтоомжоор эрх олгосон байгууллагад гаргана. Эрх бүхий байгууллага бүрэн баримт хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хөтөлбөрийн агуулга, суралцахуйн үр дүн, боловсролын зэрэг, олон улсын стандарт ангилалд үндэслэн чиглэлийг тогтоож, дүгнэлтийг суралцагч болон Санд цахимаар хүргүүлэх.

Гурав. Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг

3.1.Монгол хүн бүрд чанартай боловсрол эзэмших тэгш боломж олгож, орон нутгийн хөгжилд хувь нэмэр оруулах, олон улсад өрсөлдөх мэдлэг, ур чадвартай манлайлагч бэлтгэх зорилгоор жил бүр сонгон шалгаруулалтад тэнцсэн 500 хүртэл суралцагчид Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэг олгоно. Шаардлага хангасан суралцагч 500-аас олон бол сум, хороо, олимпиадын ангилал тус бүрийн хяналтын тоо, эрэмбэлэх дарааллыг сонгон шалгаруулалтын өмнө тухайн жилийн удирдамжаар тогтоож, нийтэд мэдээлнэ.

3.2.Ерөнхийлөгчийн тэтгэлэг дараах төрөлтэй байна:

3.2.1.Монгол Улсын бүх сум, хорооны түвшинд шалгарсан суралцагчид олгох бэлтгэл болон үндсэн хөтөлбөрийн тэтгэлэг;

3.2.2.олон улсын олимпиадад медальт байранд шалгарсан суралцагчид олгох тэтгэлэг.

3.3.Энэ журмын 3.2.1-д заасан бэлтгэл хөтөлбөрт элсэгч 2.1-д заасан нийтлэг шаардлага болон дараах тусгай шаардлагыг хангасан байна:

3.3.1.сүүлийн 3-аас доошгүй жил ерөнхий боловсролын сургуулийн хамран сургах тойргийн дагуу харьяалагдах сум, хороондоо суралцаж төгссөн байх, ахлах сургуульгүй сумын суралцагч харьяалах аймгийн ердийн сургалттай сургуульд тасралтгүй 3-аас доошгүй жил суралцсан байх;

3.3.2.тухайн жилийн элсэлтийн шалгалтын “гадаад хэл-математик”, “гадаад хэл-физик”, “гадаад хэл-хими”, “гадаад хэл-биологи” гэсэн хувилбарын хэмжээст онооны дунджаар 620, түүнээс дээш оноо авсан байх. Хэд хэдэн хувилбараар шалгалт өгсөн бол суралцах мэргэжлийн чиглэлд хамаарах хамгийн өндөр дундаж оноог тооцно;

3.3.3.энэ журмын 3.3.2-т заасан хэмжээст онооны дунджаар хамгийн өндөр оноог сум, хороондоо авсан байх. Ижил оноотой суралцагч нэгээс олон бол энэ журмын 3.1-д заасан эрэмбэлэх дарааллыг баримтална.

3.4.Боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллагын шийдвэрээр хамран сургах тойргийг өөрчилсөн бол энэ журмын 3.3.1-д заасан хугацааны шаардлага хамаарахгүй.

3.5.Суралцагч англи хэл, орос хэлний хичээлийн элсэлтийн шалгалтыг зэрэг өгсөн тохиолдолд аль өндөр оноо авсан гадаад хэлний хичээлийн шалгалтын оноогоор тооцно.

3.6.Энэ журмын 3.2.1-д заасан үндсэн хөтөлбөрийн тэтгэлэгт хамрагдах суралцагч дараах тусгай шаардлагыг хангасан байна:

3.6.1.тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрийг 75, түүнээс дээш хувийн үнэлгээтэй төгссөн байх; англи хэлээр суралцах бол IELTS-ийн 5.0, эсхүл тухайн гадаадын сургалтын байгууллагаас хүлээн зөвшөөрсөн олон улсын шалгалтын түүнтэй дүйцэх түвшний оноотой байх;

3.6.2.сонгон шалгаруулалт зарласан өдөр нийтэд мэдээлсэн “Times Higher Education World University Rankings” (THE)-ийн хамгийн сүүлийн ерөнхий эрэмбийн жагсаалтын эхний 20-д багтсан сургалтын байгууллагад (Times Higher Education World University Rankings) бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол мэргэжил харгалзахгүй, 21-300-д багтсан сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах урилга авсан бол тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр суралцах;

3.6.3.энэ журмын 3.9-д заасан тухайн гадаадын сургалтын байгууллагын шаардлага хангасан байх.

3.6.4. Энэ журмын 2.1.3-т заасан мэргэжлийн чиглэлийн шаардлага нь 3.6.2-т заасан ерөнхий эрэмбийн эхний 20-д багтсан сургалтын байгууллагад суралцах суралцагчид хамаарахгүй.

3.7.Энэ журмын 3.2.2-т заасан тэтгэлэгт хамрагдах суралцагч олон улсын олимпиадын хорооноос зохион байгуулдаг хиймэл оюун, математик, физик, хими, биологи, газарзүй, мэдээлэл зүйн хичээлийн олимпиадад сүүлийн 3 жил медальт байранд шалгарсан байх шаардлагыг хангасан тохиолдолд энэ журмын 3.13.3-т заасан хугацаанд ирүүлсэн материалд үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн суралцах эрхийг баталгаажуулна.

3.8.Энэ журмын 3.2.1-д заасан бэлтгэл хөтөлбөрийн сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх дотоодын сургалтын байгууллага дараах шаардлага хангасан байна:

3.8.1.байгууллагын магадлан итгэмжлэлийн хугацаа хүчин төгөлдөр байх;

3.8.2.математик, байгалийн шинжлэх ухаан, гадаад хэлний мэргэжлийн чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлдэг байх;

3.8.3.бэлтгэл хөтөлбөр эхлэхээс өмнө боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнтэй бэлтгэл хөтөлбөр хэрэгжүүлэх гэрээ байгуулсан байх.

3.9.Энэ журмын 3.2.1-д заасан тэтгэлгээр суралцагчийг Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, эсхүл сангаас байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд, мөн энэ журмын 3.6.2-т заасан сургалтын байгууллагын үндсэн хөтөлбөрт суралцах эрх авсан тохиолдолд гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцуулна.

3.10.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах тусгай Ажлын хэсгийг сонгон шалгаруулалт эхлэхээс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, холбогдох төрийн байгууллага, иргэн, төрийн бус болон мэргэжлийн байгууллагын төлөөллөөс бүрдсэн 11 гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулна.

3.11.Тэтгэлгийн сонгон шалгаруулалт бэлтгэл болон үндсэн хөтөлбөрийн гэсэн үе шаттай байна.

3.12.Ажлын хэсэг бэлтгэл хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг тухайн жилийн III улиралд багтаан дараах байдлаар зохион байгуулна:

3.12.1.боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага элсэлтийн шалгалт зохион байгуулагдсаны дараа энэ журмын 3.3-т заасан шаардлага хангасан суралцагчийн нэрсийн жагсаалтыг сум, хороо бүрээр гаргаж, боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн болон улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагад тухайн жилийн 07 дугаар сарын 20-ны өдрийн дотор хүргүүлнэ;

3.12.2.энэ журмын 3.12.1-д заасан жагсаалтын дагуу боловсролын асуудал эрхэлсэн орон нутгийн байгууллага хамран сургах тойргийн шийдвэрт үндэслэн сургууль, сум, хороо бүрээр хянаж баталгаажуулсан мэдээллийг, улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага суралцагч, түүний эцэг, эх, асран хамгаалагчийн оршин суугаа хаяг, сүүлийн 3 жилд шилжилт хөдөлгөөн хийсэн эсэх мэдээллийг ажлын 3 өдрийн дотор боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагад тус тус хүргүүлнэ;

3.12.3.энэ журмын 3.12.2-т заасны дагуу улсын бүртгэлийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагаас ирүүлсэн мэдээллийг Боловсролын мэдээллийн технологийн төвд хүргүүлэх бөгөөд тус байгууллага суралцагчийн хаягийн бүртгэлийн мэдээлэлд үндэслэн түүний сүүлийн 3 жил сурсан сургуулийн мэдээллийг ажлын 3 өдөрт багтаан боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллагад хүргүүлнэ;

3.12.4.боловсролын үнэлгээ, арга зүйн байгууллага энэ журмын 3.12.2, 3.12.3-т заасны дагуу холбогдох байгууллагаас ирүүлсэн суралцагчийн мэдээллийг хянаж, баталгаажуулсан нэрсийн жагсаалтыг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тухайн жилийн 08 дугаар сарын 05-ны өдрийн дотор хүргүүлнэ;

3.12.5.боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нэрсийн жагсаалтын дагуу ажлын 2 өдрийн дотор бэлтгэл хөтөлбөрт хамрагдах суралцагчийн нэрсийг гаргаж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт албан бичгээр хүргүүлнэ;

3.12.6.боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага ажлын 5 өдөрт багтаан энэ журмын 3.12.5-д заасан суралцагчийн суралцах гадаад хэл, мэргэжлийн чиглэлийн дагуу холбогдох сургалтын байгууллагад хуваарилалт хийж хүргүүлнэ;

3.12.7.бэлтгэл хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын байгууллага ажлын 10 өдрийн дотор энэ журмын 3.12.6-д заасан хуваарийн дагуу суралцагчаас санал авч баталгаажуулан, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ;

3.12.8.боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэрээр энэ журмын 3.12.7-д заасны дагуу баталгаажуулсан бэлтгэл хөтөлбөрт хамрагдах суралцагчийн нэрсийг ажлын 3 өдрийн дотор эцэслэн баталж, сан, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын цахим хуудсаар нээлттэй мэдээлнэ;

3.12.9.суралцагч бэлтгэл хөтөлбөр эхлэхийн өмнө суралцахаас татгалзсан тохиолдолд тухайн орон нутгаас түүний дараагийн шаардлага хангасан суралцагчийг элсүүлж болно. Бэлтгэл хөтөлбөр эхэлснээс хойш суралцагчийг нөхөн элсүүлэхгүй;

3.12.10.суралцагч бэлтгэл хөтөлбөрийн үргэлжлэх хугацаанд эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар суралцах боломжгүй болсон тохиолдолд сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулахгүй;

3.12.11.бэлтгэл хөтөлбөрийн үргэлжлэх хугацаа хичээлийн нэг жил байна. Суралцагч англи хэлнээс бусад гадаад хэлээр суралцах тохиолдолд шаардлагатай гэж үзвэл үндсэн хөтөлбөрт хамаарах бэлтгэл хөтөлбөрт хичээлийн нэг хүртэл жилд дахин суралцаж болно;

3.12.12.бэлтгэл хөтөлбөрийн эхний улиралд амжилттай суралцсан суралцагчид дараа оны нэгдүгээр улиралд Монгол Улсын Ерөнхийлөгчийн илгээлт (батламж)-ийг гардуулна.

3.13.Ажлын хэсэг үндсэн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг тухайн жилийн хоёрдугаар улиралд багтаан дараах байдлаар зохион байгуулна:

3.13.1.суралцагч бэлтгэл хөтөлбөрийг энэ журмын 3.6.1-д заасан үнэлгээний босгоос доогуур дүнтэй төгссөн бол үндсэн хөтөлбөрийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтад оролцохгүй. Суралцагч бэлтгэл хөтөлбөр хэрэгжүүлсэн дотоодын сургалтын байгууллагын элсэлтийн шаардлагыг хангасан бол тухайн байгууллагын журмын дагуу хувийн зардлаар үргэлжлүүлэн суралцаж болно;

3.13.2.боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сан үндсэн хөтөлбөрийн сонгон шалгаруулалтын мэдээллийг материал хүлээн авах эцсийн хугацаанаас хуанлийн 30-аас доошгүй хоногийн өмнө бэлтгэл хөтөлбөрийн суралцагчид нээлттэй мэдээлнэ;

3.13.3.суралцагч сонгон шалгаруулалтад бүрдүүлэх  баримт бичгийг тухайн жилийн 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад цахимаар хүргүүлнэ;

3.13.4.суралцагчийн сонгон шалгаруулалтын оноо тэнцүү үнэлэгдсэн тохиолдолд энэ журмын 3.2.1-д заасан тэтгэлэгт гадаадын сургалтын байгууллагын эрэмбэ, IELTS болон түүнтэй дүйцэхүйц оноо, бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилт, элсэлтийн шалгалтын оноо, энэ журмын 3.2.2-т заасан тэтгэлэгт гадаадын сургалтын байгууллагын эрэмбэ, олимпиадад эзэлсэн байр, IELTS болон түүнтэй дүйцэхүйц оноог тус тус харгалзан хяналтын тоонд багтаан сонгон шалгаруулна;

3.13.5.ажлын хэсэг суралцагчийн баримт бичгийн бүрдлийг материал хүлээн авч дууссанаас хойш ажлын 15 өдрийн дотор хянаж, энэ журмын 3.6, 3.7-д заасан шаардлага хангасан суралцагчид тэтгэлэг олгох санал, дүгнэлтийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд танилцуулна;

3.13.6.боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 2 өдрийн дотор тэтгэлэгт шалгарсан суралцагчийн нэрсийг шийдвэрээр баталгаажуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлнэ;

3.13.7.сонгон шалгаруулалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон сангийн цахим хуудсаар холбогдох хууль тогтоомжийн дагуу мэдээлнэ.

3.14.Сонгон шалгаруулалтын шийдвэр гарснаас хойш Сан ажлын 3 өдрийн дотор шийдвэрийг оролцогч бүрд цахим системээр мэдэгдэнэ.

3.15.Сан бэлтгэл хөтөлбөрт шалгарсан суралцагч болон суралцах сургалтын байгууллагатай гурван талт гэрээ, үндсэн хөтөлбөрийн суралцагч болон түүний харьяалагдах аймаг, нийслэлийн Засаг даргатай гурван талт гэрээ, энэ журмын 3.2.2-т заасан суралцагчтай хоёр талт гэрээг тус тус байгуулна.

3.16.Бэлтгэл хөтөлбөрийн суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох бөгөөд орон нутгаас ирсэн суралцагч бол дотуур байрны зардал нэмж олгож болно.

3.17.Үндсэн хөтөлбөрийн суралцагчид сургалтын байгууллагын нэхэмжлэлд үндэслэн сургалтын төлбөр, энэ журмын 1.5-д заасны дагуу баталсан хэмжээнд багтаан амьжиргааны зардал олгоно.

3.18.Суралцагч сургалтын төлбөр болон амьжиргааны зардлын санхүүжилтийг өөр эх үүсвэрээс бүрэн авсан бол тухайн зардлыг сангаас давхардуулан олгохгүй. Хэсэгчилсэн санхүүжилт авсан бол бусад эх үүсвэрээс авсан санхүүжилтийг хассан, баримтаар нотлогдсон бодит үлдэгдэл зардлын хэмжээгээр тэтгэлэг олгож болно.

3.19.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хууль, энэ журам болон гэрээнд заасан ажиллах үүргийг хэрэгжүүлэх, ажлын байрны хуваарилалт хийх зорилгоор тухайн жил төгсөх суралцагчийн мэргэжлийн чиглэл, боловсролын түвшин, төгсөх хугацаа, гэрээгээр хүлээсэн ажиллах үүрэг, харьяалах нутаг дэвсгэр, гэрээнд заасан ажиллах нутаг дэвсгэрийн мэдээллийг жил бүрийн 7 дугаар сарын 15-ны өдрийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

3.20.Засгийн газрын Хэрэг эрхлэх газар энэ журмын 3.19-д заасан мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор улс, бүс, орон нутгийн хөгжлийн бодлого, салбарын хүний нөөцийн хэрэгцээ, төгсөгчийн мэргэжил, боловсролын түвшин, гэрээнд заасан нутаг дэвсгэрийг харгалзан сул орон тоо, хүний нөөцийн хэрэгцээний мэдээллийг нэгтгэж, холбогдох аймаг, нийслэлийн Засаг даргад хүргүүлнэ. Засаг дарга мэдээллийг хүлээн авснаас хойш хуанлийн 30 өдрийн дотор тохирох сул ажлын байрны мэдээллийг төгсөгчид хүргэж, ажил олгогчтой холбон зуучилна. Засаг дарга гэрээний үүргийн биелэлтийн талаарх тайланг дээрх хугацаа дууссанаас хойш ажлын 5 өдрийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ. Засгийн газрын Хэрэг эрхлэх газар тохирох орон тоо байхгүй бол төгсөгчид мэдлэг, ур чадварт нийцэх өөр нэршилтэй, эсхүл өөр нутаг дэвсгэрийн ажлын байрыг санал болгоно.

3.21.Улаанбаатар хотын хорооноос сонгон шалгарч Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцсан төгсөгч аймаг, орон нутагт өөрийн эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварт нийцсэн ажил эрхэлсэн бол уг хугацааг гэрээнд заасан ажиллах үүргийн хугацаанд тооцно. Гэрээний талууд ажиллах нутаг дэвсгэрийн өөрчлөлтийг харилцан тохиролцож, энэ журмын 15.10.4-т заасны дагуу нэмэлт гэрээ байгуулна. Төгсөгч гэрээнд заасан хугацааг бүрэн хангасан бол гэрээний үүргээ биелүүлсэнд тооцно.

3.22.Энэ журмын 3.2.2-т заасан тэтгэлгээр суралцсан төгсөгч төгссөнөөс хойш нэг жилийн дотор Монгол Улсад эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварт нийцсэн ажилд орж, нийт таваас доошгүй жил ажиллана. Түүнд энэ журмын 3.24-т заасан харьяалах нутаг дэвсгэрийн шаардлага хамаарахгүй.

3.23.Энэ журмын 3.20-д заасан мэдээлэл хүргүүлэх, холбон зуучлах, дэмжлэг үзүүлэх ажиллагаа нь төгсөгчийг төрийн албан тушаалд шууд томилох, хуульд заасан сонгон шалгаруулалтаас чөлөөлөх, эсхүл давуу эрх олгох үндэслэл болохгүй. Төгсөгчийг ажилд авах асуудлыг ажил олгогч хууль тогтоомж, тухайн ажлын байрны шаардлага, сонгон шалгаруулалтын журмын дагуу шийдвэрлэнэ.

3.24.Суралцагч төгссөнөөс хойш нэг жилийн дотор Монгол Улсад өөрийн харьяалах нутаг дэвсгэрийн төрийн болон орон нутгийн өмчит байгууллагад эзэмшсэн мэргэжил, мэдлэг, ур чадварт нийцсэн ажилд орж, нийт 5-аас доошгүй жил ажиллана. Ажлын байр хооронд нийт 3 сар хүртэл завсарлаж болох бөгөөд уг хугацааг ажилласан хугацаанд тооцохгүй, гэрээний хугацааг түүнтэй дүйцэх хугацаагаар сунгана. Төгсөгчөөс үл хамаарах шалтгаан, эсхүл энэ журмын 15.19.5-д дурдсан хүндэтгэн үзэх нөхцөлийн улмаас ажиллах үүргээ түр биелүүлэх боломжгүй байсан хугацааг 15.19.2-т заасан баримтаар баталгаажуулсан бол үүргийн зөрчилд тооцохгүй бөгөөд гэрээний хугацааг тухайн хугацаагаар сунгана. Ажиллах үүргийг биелүүлээгүйгээс үүсэх үр дагаврыг бодитоор авсан тэтгэлгийн дүн болон биелүүлээгүй хугацаанд үндэслэн энэ журмын 15.20.5, 15.20.6-д зааснаар тооцно.

3.25.Энэ журмын 3.1-д заасан тэтгэлгээр суралцагч болон төгсөгч ерөнхий боловсролын сургууль болон бусад сургалтын байгууллагын сургалт, зөвлөн туслах, туршлага солилцох, орон нутгийн хөгжлийг дэмжих үйл ажиллагаанд байгуулсан гэрээнд заасан хэлбэр, хугацаа, давтамжаар оролцож, дэмжлэг үзүүлэх үүрэг хүлээнэ.

3.26.Сан тэтгэлгийн санхүүжилтийг сургалтын байгууллагын академик хуанли, санхүүжилтийн хугацаа, суралцагчийн хүсэлт, нэхэмжлэл, сурлагын явц болон бусад эх үүсвэрийн санхүүжилтэд үндэслэн энэ журмын 15.4.7-д заасан хувь хэмжээ, батлагдсан төсөв, гэрээний хүрээнд олгоно.

3.27.Тэтгэлгээр суралцагчийн сургалтын байгууллага, хөтөлбөр, мэргэжлийн чиглэлийн өөрчлөлтийг энэ журмын 15.10-д заасны дагуу шийдвэрлэх бөгөөд суралцагч өөрчлөлтийн дараа 3.6.2-т заасан шаардлагыг үргэлжлүүлэн хангасан байна.

 

Дөрөв. Монгол Улсын Засгийн газрын тэтгэлэг

4.1.Монгол Улсын урт, дунд хугацааны хөгжлийн бодлого, стратегийн ач холбогдол бүхий төсөл, хөтөлбөр, салбарын хүний нөөцийн тусгай хэрэгцээнд үндэслэн шаардлагатай нарийн мэргэжлийн хүний нөөцийг төрийн захиалгаар бэлтгэх зорилгоор гадаадын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцагчид Засгийн газрын тэтгэлэг олгоно.

4.2.Суралцагч нь энэ журмын 2.1, 2.2-т заасан нийтлэг шаардлага болон дараах тусгай шаардлагыг хангасан байна:

4.2.1.суралцах үндсэн хөтөлбөр нь захиалгат мэргэжлийн чиглэлээр байх;

4.2.2.төгссөнөөс хойш захиалгат ажлын байранд 5-аас доошгүй жил тогтвортой ажиллах үүргийг хүлээн зөвшөөрсөн байх.

4.3.Энэ журмын 2.1.3-т заасан шаардлага дээрх 4.2-т заасан суралцагчид хамаарахгүй.

4.4.Төрийн захиргааны төв болон төрийн бусад байгууллага шаардлагатай нарийн мэргэжлийн хүний нөөцийн захиалгаа боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад жил бүрийн 01 дүгээр сарын 15-ны өдрийн дотор хүргүүлнэ. Захиалгад хүний нөөцийн хэрэгцээний үндэслэл, хөгжлийн бодлого, төсөл, хөтөлбөртэй уялдсан байдал, мэргэжлийн чиглэл, хөтөлбөр, шаардагдах хүний тоо, төгсөгчийн ажиллах байгууллага, ажлын байр, нутаг дэвсгэр, ажлын байранд тавигдах мэргэжлийн болон ур чадварын шаардлага зэргийг тусгана.

4.5.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага захиалгыг хөгжлийн бодлого, салбарын хүний нөөцийн хэрэгцээ, ажлын байрны баталгаажсан байдал болон төсвийн боломжтой уялдуулан хянаж, энэ журмын 1.9-д заасан  хяналтын тоонд багтаана.

4.6.Тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг энэ журмын 14 дүгээр бүлэгт заасан журмаар зохион байгуулна.

4.7.Сан суралцагч, захиалагч төрийн байгууллагыг оролцуулан гурван талт гэрээг журмын 15 дугаар бүлэгт заасны дагуу байгуулна.

4.8.Суралцагчид сургалтын төлбөр, дотуур байрны зардал олгоно. Үргэлжлүүлэн тэтгэлгээр суралцагчийн тэтгэлгийн хэмжээг энэ журмын 15.4.7-д заасны дагуу олгоно.

4.9.Суралцагч төгссөний дараа захиалга өгсөн төрийн байгууллагад 5-аас доошгүй жил тогтвортой ажиллана. Төгсөгчийг ирэх үед захиалгат ажлын байр сул биш, эсхүл өөрчлөгдсөн бол төгсөгчтэй тохиролцон, мэргэжлийн чиглэлийн дагуу ажлын байраар хангахыг төрийн захиргааны төв байгууллага хариуцна.

 

Тав. Төрийн албан хаагчийн тэтгэлэг

5.1.Төрийн албан хаагчийн мэдлэг, ур чадвар, манлайлах чадавхыг хөгжүүлэх зорилгоор ахисан түвшний үндсэн хөтөлбөрийн сургалтад батлагдсан төсөв, санхүүжүүлэгчтэй байгуулсан гэрээний нөхцөл, хэмжээнд багтаан сангийн болон бусад эх үүсвэрийн хөрөнгөөр тэтгэлэг олгоно.

5.2.Энэ журмын 2.1, 2.2-т заасан хамаарах нийтлэг шаардлагыг хангасан дараах иргэн төрийн албан хаагчийн тэтгэлэгт хамрагдана:

5.2.1.төрийн албанд 5-аас доошгүй жил, нэр дэвшүүлсэн төрийн байгууллагын үндсэн орон тоонд 3-аас доошгүй жил ажилласан байх;

5.2.2.суралцах хөтөлбөр нь тухайн төрийн байгууллагад дутагдалтай, эрэлт, хэрэгцээтэй байгаа мэргэжлийн жагсаалтад багтсан байх;

5.2.3.тэтгэлгээр суралцах магистр, докторын хөтөлбөр нь Засгийн газраас баталсан Монгол Улсыг хөгжүүлэхэд шаардлагатай дээд боловсролын тэргүүлэх мэргэжлийн чиглэлд багтсан байх;

5.2.4.төгссөнөөс хойш төрийн албанд 5-аас доошгүй жил үргэлжлүүлэн ажиллах үүргийг хүлээн зөвшөөрсөн, суралцах хугацаа, төрийн алба хаах насны дээд хязгаар болон хуульд заасан бусад нөхцөлийг харгалзан уг хугацаанд ажиллах боломжтой байх.

5.3.Төрийн захиргааны төв байгууллага өөрийн болон харьяа байгууллагын, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газар орон нутгийн байгууллагын нэр дэвшигчийн анхан шатны сонгон шалгаруулалтыг жил бүрийн 01 дүгээр сарын 10-ны дотор зохион байгуулна.

5.4.Энэ журмын 5.3-т заасан сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн мэдээлэл, нотлох баримтыг тухайн байгууллага жил бүрийн 02 дугаар сарын 10-ны дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт хүргүүлнэ.

5.5.Энэ журмын 5.4-т заасан мэдээлэлд үндэслэж эцсийн шатны сонгон шалгаруулах үйл ажиллагааг хяналтын тоонд багтаан Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хамтран зохион байгуулна.

5.6.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 5.5-д заасан төрийн албан хаагчийн мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор нэрсийг шийдвэрээр баталгаажуулж, Санд хүргүүлнэ.

5.7.Сан төрийн албан хаагч, захиалагч төрийн байгууллагыг оролцуулан гурван талт гэрээг энэ журмын 15 дугаар бүлэгт заасны дагуу байгуулна.

5.8.Төрийн албан хаагчийн тэтгэлгээр суралцагчид сургалтын төлбөр, дотуур байрны зардал олгоно. Үргэлжлүүлэн тэтгэлгээр суралцагчийн тэтгэлгийн хэмжээг энэ журмын 15.4.7-д заасны дагуу олгоно.

5.9.Төрийн албан хаагч тэтгэлгээр төгссөнөөс хойш захиалга өгсөн байгууллага, эсхүл түүний эрх, үүргийг шилжүүлэн авсан байгууллагад 5-аас доошгүй жил үргэлжлүүлэн ажиллана. Төрийн албан хаагчийг төгссөний дараа захиалга өгсөн байгууллага өөрчлөн байгуулагдсан, эсхүл бүтэц нь өөрчлөгдсөн ч албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр бол уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулна. Харин тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх орон тоо хасагдсан, эсхүл уг албан тушаалд ажиллуулах боломжгүй болсон бол захиалга өгсөн байгууллага буюу түүний эрх, үүргийг шилжүүлэн авсан байгууллага албан хаагчтай тохиролцож, цалин хөлс, албан тушаалын ангилал, зэрэглэлийг дордуулахгүйгээр хуульд заасан журмын дагуу өөр тохирох албан тушаалд ажиллуулах асуудлыг шийдвэрлэнэ.

 

Зургаа. Засгийн газар хоорондын тэтгэлэг

6.1.Монгол Улсаас гадаад улсад суралцах суралцагч нь Засгийн газар хоорондын, эсхүл эрх бүхий байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол энэ журмын 2.1, 2.2-т заасан хамаарах нийтлэг шаардлагыг хангасан байна.

6.2.Монгол Улсаас гадаад улсад суралцах суралцагчид энэ журмын 1.5-д заасны дагуу баталсан хэмжээгээр амьжиргааны зардлын тэтгэлэг олгоно.

6.3.Гадаад улсаас Монгол Улсад суралцах суралцагчийн талаар тухайн улстай харилцан адил байх зарчмыг баримтлах бөгөөд тэтгэлгийн хувьд сургалтын төлбөрийн болон дотуур байрны зардлыг тухайн сургалтын байгууллагын нэхэмжилсэн дүнгээр, хүнсний зардлыг Үндэсний статистикийн хорооноос тогтоосон тухайн жилийн хүн амын амьжиргааны доод түвшнээр тооцож олгоно.

6.4.Энэ журам болон байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээрт өөрөөр заагаагүй бол үргэлжлүүлэн суралцагч энэ журмын 2.2.3, 2.2.6-д заасан хамаарах шаардлагыг хангасан бол тэтгэлгийн хэмжээг 15.4.7-д зааснаар тогтоож олгоно.

6.5.Засгийн газар болон байгууллага хоорондын гэрээ, хэлэлцээрээр Гадаадын сургалтын байгууллагад суралцуулах сонгон шалгаруулалтыг Монгол Улсын тал зохион байгуулсан тохиолдолд энэ журмын дагуу сонгон шалгаруулалтын дүнд шалгарсан суралцагчдын нэрсийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага хүлээн авагч улсын талд албан бичгээр илгээнэ. Харин сонгон шалгаруулалтыг хүлээн авагч улс зохион байгуулсан тохиолдолд зохион байгуулагчаас ирүүлсэн сонгон шалгаруулалтын дүгнэлтэд үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.

 

Долоо. Эрэлттэй, тэргүүлэх мэргэжлийн тэтгэлэг

7.1.Монгол Улсад дутагдалтай зарим мэргэжлийн чиглэлээр дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрт, гадаадын сургалтын байгууллагад магистр, докторын үндсэн хөтөлбөрт суралцах суралцагчид тэтгэлэг олгоно.

7.2.Дотоодын сургалтын байгууллагад эрэлттэй, тэргүүлэх мэргэжлээр суралцагчид олгох тэтгэлэг дараах төрөлтэй байна:

7.2.1.сувилахуй, нийгмийн ажил, номын сан, хоол зүй, шим судлал мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид олгох тэтгэлэг;

7.2.2.малчнаар 10-аас доошгүй жил тасралтгүй ажилласан малчны нэг хүүхдэд мал аж ахуй, тэжээл, бэлчээр судлалын чиглэлийн мэргэжил эзэмшүүлэх зорилгоор төрийн өмчийн сургалтын байгууллагад суралцахад олгох тэтгэлэг;

7.2.3.хөгжлийн бэрхшээлтэй иргэнд чиглэсэн дохионы хэлмэрч, хэл засал, хөдөлгөөн засал, хөдөлмөр засал, сэтгэл зүйн мэргэжлийн үндсэн хөтөлбөрөөр суралцагчид олгох.

7.2.4.Тэргүүлэх мэргэжлээр суралцагчид олгох тэтгэлэг;  

7.3.Энэ журмын 7.2.3-т заасан мэргэжлээр гадаадын сургалтын байгууллагад магистр, докторын хөтөлбөрт суралцагчид тэтгэлэг олгоно. Энэ хэсэгт тусгайлан сонгон шалгаруулахгүй бөгөөд энэ журмын 14 дүгээр бүлэгт заасан сонгон шалгаруулалтаар үнэлж, тухайн жилийн хяналтын тоо, батлагдсан төсөвт багтаан шалгаруулна.

7.4.Энэ журмын 7.2.3-т заасан мэргэжлийн чиглэлээр хоёр дахь удаагаа бакалаврын хөтөлбөрт суралцаж болох бөгөөд энэ тохиолдолд 2.1.2, 2.1.4-т заасан өмнөх сургалт, санхүүжилтийн хязгаарлалт хамаарахгүй.

7.5.Энэ журмын 7.2.3-т заасан мэргэжлээр суралцагчид энэ журмын 2.1.3, 2.2.5-д заасан шаардлага хамаарахгүй.

7.6.Энэ журмын 7.2.1-7.2.4-т заасан тэтгэлгээр суралцан төгсөгч мэргэжлээрээ орон нутагт 3, нийслэлд 5 жил ажиллана. Эдгээр нь сургалтын хэвийн хугацаанд 100 хувийн тэтгэлэг авсан төгсөгчийн суурь хугацаа бөгөөд бодит ажиллах хугацааг энэ журмын 15.20-д зааснаар тооцно.

7.7.Дотоодын сургалтын байгууллагад шинээр элсэгч болон үргэлжлүүлэн суралцагч энэ журмын 2.2.1, 2.2.3-т заасан хамаарах шаардлагыг хангах бөгөөд үргэлжлүүлэн олгох тэтгэлгийн хэмжээг 15.4.7-д зааснаар тогтооно.

7.8.Гадаадын сургалтын байгууллагад шинээр элсэгч болон үргэлжлүүлэн суралцагч энэ журмын 2.2.5, 2.2.6-д заасан хамаарах шаардлагыг хангах бөгөөд үргэлжлүүлэн олгох тэтгэлгийн хэмжээг 15.4.7-д зааснаар тогтооно.

Найм. Орон нутгийн тэтгэлэг

8.1.Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа төрийн өмчийн сургалтын байгууллагад тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн чиглэлээр дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах суралцагчид сургалтын төлбөрийн 50 хувьтай тэнцэх хэмжээний тэтгэлэг олгоно.

8.2.Суралцагч энэ журмын 2.1, 2.2.1-2.2.4-т заасан нийтлэг шаардлагыг хангасан байна.

8.3.Суралцагч төгссөнөөс хойш нэг жилийн дотор орон нутагт эзэмшсэн мэргэжлээрээ ажилд орж, 3-аас доошгүй жил ажиллах үүргийг гэрээгээр хүлээн зөвшөөрсөн байна. Бодит ажиллах хугацааг энэ журмын 15.20-д заасны дагуу тооцно.

 

Ес. Багшийн хөгжлийн тэтгэлэг

9.1.Багш бэлтгэх болон боловсролын салбарын хүний нөөцийн хэрэгцээг хангах зорилгоор Боловсролын ерөнхий хуулийн 12.10, 13.3.6-д заасан дэмжлэг, хөнгөлөлтийг дараах суралцагчид тэтгэлэг хэлбэрээр олгоно:

9.1.1.багш бэлтгэх бакалаврын үндсэн хөтөлбөрт элссэн суралцагч;

9.1.2.боловсролын чиглэлийн магистрын үндсэн хөтөлбөрөөр суралцагч;

9.1.3.Боловсролын ерөнхий хуулийн 12.10-т заасан орон нутагт мэргэжлээрээ ажиллах багш;

9.1.4.Боловсролын ерөнхий хуулийн 13.3.6-д заасан багш, ажилтны нэг хүүхэд.

9.2.Энэ журмын 9.1-д заасан суралцагч 2.1, 2.2-т заасан нийтлэг болон дараах тусгай шаардлагыг хангасан байна.

9.2.1.энэ журмын 9.1.1–9.1.3-т заасан суралцагчид боловсролын асуудал эрхэлсэн төв байгууллагаас гаргасан хүний нөөцийн дутагдалтай мэргэжлийн чиглэлээр суралцагч байна.

9.2.2.энэ журмын 9.1.3-т заасан бөгөөд 9.5.1-д заасны дагуу багш бэлтгэх бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцагчид энэ журмын 2.1.2-т заасан анхлан суралцах шаардлага хамаарахгүй.

9.3.Энэ журмын 9.1.1-д заасан суралцагч шинээр элсэхэд 2.2.1-д, үргэлжлүүлэн суралцахад 2.2.3-т заасан шаардлагыг тус тус хангасан байна.

9.4.Энэ журмын 9.1.2-т заасан боловсролын чиглэлийн магистрын үндсэн хөтөлбөрөөр суралцагч дараах тусгай шаардлагыг хангасан байна:

9.4.1.боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан мэргэжлийн чиглэл, индексийн жагсаалтад хамаарах магистрын үндсэн хөтөлбөрөөр суралцах;

9.4.2.төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад орон нутагт 3-аас, нийслэлд 5-аас доошгүй жил ажилласан байх.

9.5.Энэ журмын 9.1.3-т заасан суралцагч дараах тусгай шаардлагыг хангасан байна:

9.5.1.багш бэлтгэх бакалаврын, эсхүл боловсролын чиглэлийн магистрын үндсэн хөтөлбөрт элссэн, эсхүл үргэлжлүүлэн суралцагч байх;

9.5.2.аймаг, сум, дүүрэг, баг, тосгоны удирдлагын захиалгаар, эсхүл өөрийн хүсэлтээр цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн багшийн үндсэн сул орон тоонд гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах гэрээ байгуулсан байх;

9.6.Энэ журмын 9.5.2-т заасан үндсэн сул орон тоог тухайн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн сүүлийн хоёр хичээлийн жилийн суралцагч, анги, бүлгийн тоо, сургалтын төлөвлөгөөнд заасан хичээл, судлах цаг, багшийн ажлын ачаалал, норм, норматив, тухайн мэргэжлийн багшийн эрэлт, нийлүүлэлт болон батлагдсан орон тоонд үндэслэн аймаг, нийслэлийн боловсролын асуудал хариуцсан байгууллага баталгаажуулна.

9.7.Энэ журмын 9.1.4-т заасан багш, ажилтны хүүхэд дараах тусгай шаардлагыг хангасан байна:

9.7.1.эцэг, эхийн аль нэг нь төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллежид 15-аас доошгүй жил тасралтгүй багш, ажилтнаар ажилласан байх;

9.7.2.төрийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллагын тэргүүлэх, эсхүл эрэлттэй мэргэжлийн дэд бакалавр, бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах;

9.7.3.төгссөний дараа эзэмшсэн мэргэжил, мэргэшлийн чиглэлд хамаарах ажил, албан тушаалд энэ журам болон гэрээнд заасан хугацаанд ажиллах үүргийг хүлээн зөвшөөрсөн байх.

9.8.Энэ журмын 9.7.1-д заасан “ажилтан”-д Засгийн газраас баталсан албан тушаалын ангилал, зэрэглэлд хамаарах удирдах, гүйцэтгэх болон туслах ажилтан хамаарна.

9.8.1.хуульд заасан жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө, ээлжийн амралт, хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаа болон байгууллага хооронд шилжин ажиллах 30 хүртэлх хоногийн завсарлагыг тасралтгүй ажилласан хугацаа тасалдсанд тооцохгүй. Ажил олгогчийн буруугаас нийгмийн даатгалын шимтгэл төлөгдөөгүй, эсхүл мэдээлэл дутуу бүртгэгдсэн боловч хөдөлмөрийн харилцаа үргэлжилснийг хөдөлмөрийн гэрээ, тушаал, шүүхийн шийдвэр, хяналтын байгууллагын акт болон эрх бүхий бусад баримтаар нотолсон хугацаанд мөн адил хамаарна. Тайлбарыг дангаар нь нотлох баримтад тооцохгүй.

9.8.2.энэ журмын 9.1.4-т заасан тэтгэлгийг шаардлага хангасан нэг багш, ажилтны нэг хүүхдэд дэд бакалаврын эсхүл бакалаврын нэг үндсэн хөтөлбөрийн хэвийн хугацаанд нэг удаа олгоно. Эцэг, эх хоёулаа шаардлага хангасан нь нэг хүүхдэд давхар тэтгэлэг олгох үндэслэл болохгүй.

9.9.Энэ журмын 9.1-д заасан тэтгэлгээр үргэлжлүүлэн суралцагчийн санхүүжилтийн хэмжээг энэ журмын 15.4.7-д зааснаар тогтооно.

9.10.Сургалтын төлбөрийн тэтгэлэг авсан төгсөгч дараах хугацаанд ажиллана:

9.10.1.энэ журмын 9.1.1, 9.1.2-т заасан суралцагч сургалтын хэвийн хугацаанд 100 хувийн тэтгэлэг авсан бол төгссөнөөс хойш нэг жилийн дотор төрийн болон орон нутгийн өмчийн боловсролын сургалтын байгууллагад эзэмшсэн мэргэжлийн чиглэлээр орон нутагт 3-аас, нийслэлд 5-аас доошгүй жил ажиллах;

9.10.2.энэ журмын 9.1.3-т заасан суралцагч гэрээнд заасан орон нутгийн багшийн үндсэн сул орон тоонд 3-аас доошгүй жил мэргэжлээрээ ажиллах. Энэ хугацааг бодитоор авсан тэтгэлгийн хугацаа, хувь хэмжээ, санхүүжилтийн хэмжээнд дүйцүүлэн бууруулахгүй;

9.10.3.энэ журмын 9.1.4-т заасан суралцагч сургалтын хэвийн хугацаанд 100 хувийн тэтгэлэг авсан бол төгссөнөөс хойш нэг жилийн дотор Монгол Улсад төрийн болон хувийн хэвшлийн байгууллагад эзэмшсэн мэргэжлээр 3-аас доошгүй жил ажиллах.

 

Арав. Нэрэмжит тэтгэлэг

10.1.Салбарын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний нэрэмжит тэтгэлэг (цаашид “нэрэмжит тэтгэлэг” гэх)-ийг  суралцагчийн онцгой амжилт, алдар гавьяа, үндэсний хэл, бичгийн соёлыг дэмжих, нийгмийн дэмжлэг үзүүлэх зорилгоор дотоодын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцаж байгаа 10 хүртэл суралцагчид сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

10.2.Энэ журмын 2.1, 2.2.1-2.2.4-т заасан нийтлэг шаардлагыг хангасан дараах суралцагчид нэрэмжит тэтгэлэг олгоно:

10.2.1.судалгаа, инновац, мэргэжлийн ур чадвараар үндэсний болон олон улсын түвшинд эрх бүхий байгууллагаас албан ёсоор хүлээн зөвшөөрч, баталгаажуулсан шагнал, патент, бүтээл, эсхүл түүнтэй дүйцэхүйц үр дүнг гаргасан суралцагч;

10.2.2.“Монголын сайнхан бичигтэн” уралдааны эхний гурван байрт шалгарсан суралцагч;

10.2.3.гамшиг, аюулт үзэгдэл, ослын үед эр зориг гарган бусдын амь насыг аварсан нь эрх бүхий байгууллагын тодорхойлолт, баримтаар нотлогдсон суралцагч;

10.2.4.нэг өрхийн 3, түүнээс дээш хүүхэд дотоодын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрөөр нэгэн зэрэг суралцаж байгаа бол тухайн өрхийн хүсэлтээр тодорхойлсон нэг суралцагч.

10.3.Нэрэмжит тэтгэлгээр суралцагчтай хоёр талт гэрээг энэ журмын 15 дугаар бүлэгт заасны дагуу байгуулна.

10.4.Нэрэмжит тэтгэлгээр суралцагчид зөвхөн сургалтын төлбөрийн тэтгэлэг олгоно.

10.5.Нэрэмжит тэтгэлгээр суралцан төгсөгч орон нутагт 3, нийслэлд 5 жил ажиллана. Эдгээр нь сургалтын хэвийн хугацаанд 100 хувийн тэтгэлэг авсан төгсөгчийн суурь хугацаа бөгөөд бодит ажиллах хугацааг энэ журмын 15.20-д зааснаар тооцно.

Арван нэг. Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл

11.1.Гадаадын сургалтын байгууллагад бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагчид сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл олгоно.

11.2.Дараах иргэн гадаадын сургалтын байгууллагад суралцах сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлд хамрагдана:

11.2.1.2+2 хөтөлбөрийн хүрээнд сургалтын тодорхой хугацааг дотоодын сургалтын байгууллагад амжилттай суралцаж, энэ журмын шаардлага хангасан гадаадын сургалтын байгууллагад үргэлжлүүлэн суралцах эрх авсан суралцагч;

11.2.2.гадаадын сургалтын байгууллагын бакалаврын үндсэн хөтөлбөрөөр суралцах эрх авсан, эсхүл үргэлжлүүлэн суралцагч;

11.2.3.гадаадын сургалтын байгууллагад магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцах эрх авсан, эсхүл үргэлжлүүлэн суралцагч.

11.3.Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээл хүсэгч энэ журмын 2.1, 2.2.5-2.2.6-д заасан нийтлэг шаардлагыг хангахаас гадна энэ журмын 2.2.5-д заасан ерөнхий эрэмбийн эхний 20-д багтсан сургалтын байгууллагад суралцах бол мэргэжлийн чиглэл харгалзахгүй; ерөнхий эрэмбийн 21–300-д багтсан сургалтын байгууллагад суралцах бол тэргүүлэх, эрэлттэй мэргэжлийн чиглэлийн хөтөлбөр сонгосон, тухайн хөтөлбөр нь албан ёсоор хүлээн зөвшөөрөгдсөн байх.

11.4.Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлээр үргэлжлүүлэн суралцагч энэ журмын 2.2.6-д заасан шаардлага болон гэрээний үүргийг хангасан бол санхүүжилтийг үргэлжлүүлнэ. Голч дүн гардаггүй магистр, докторын судалгааны хөтөлбөрт энэ журмын 15.4.3-ыг баримтална.

11.5.Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийг суралцагчид сургалтын төлбөрөөс сургалтын тэтгэлэг болон ижил зориулалтын бусад санхүүжилтийг хассан үлдэгдэл дүнгээр зээл олгоно. Хэрэв сургалтын төлбөрийн дээд хэмжээ хэтрээгүй бол амьжиргаа, судалгаа болон сургалтын төлбөрт хамаарах бусад зардалд зээл олгож болно.

11.6.Сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн хүү жилийн 6 хувь байна. Суралцах хугацаанд зээлийн хүү төлүүлэхгүй. Зээлийн үндсэн болон хүүгийн төлбөрийг энэ журмын 15.18.2-т заасан хугацаанаас эхлэн гэрээнд заасан хуваарийн дагуу төлнө.

11.7.Суралцагчийн сургалтын төлбөрийн хөнгөлөлттэй зээлийн хэмжээ, хугацаа, төлбөрийн чадвар болон бусад эрсдэлийг Сан үнэлж, шаардлагатай тохиолдолд барьцаа, батлан даалт, зээлийн даатгалыг дангаар, эсхүл хослуулан шаардана.

11.8.Зээлийн эргэн төлөлтийг энэ журмын 15.18-д заасны дагуу хэрэгжүүлнэ.

11.9.Дараах тохиолдолд зээл олгохгүй:

11.9.1.суралцагч Сангийн эрсдэлийн үнэлгээгээр шаардсан барьцаа, батлан даалт, эсхүл зээлийн даатгалын нөхцөлийг хангаагүй;

11.9.2.баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон.

Арван хоёр. Оюутны хөгжлийн зээл

12.1.Дотоодын сургалтын байгууллагад дэд бакалавр, бакалавр, магистр, докторын үндсэн хөтөлбөрөөр суралцагчид оюутны хөгжлийн зээл олгоно.

12.2.Оюутны хөгжлийн зээл хүсэгч суралцагч энэ журмын 2.1, 2.2.1-2.2.4-т заасан нийтлэг шаардлагыг хангасан байна.

12.3.Оюутны хөгжлийн зээлээр үргэлжлүүлэн суралцагч энэ журмын 2.2.3-т заасан шаардлага болон гэрээний үүргийг хангасан бол санхүүжилтийг үргэлжлүүлнэ. Голч дүн гардаггүй магистр, докторын судалгааны хөтөлбөрт энэ журмын 15.4.3-ыг баримтална.

12.4.Оюутны хөгжлийн зээл нь хүүгүй, барьцаагүй бөгөөд хамтран үүрэг гүйцэтгэгч шаардахгүй.

12.5.Оюутны хөгжлийн зээлийн эргэн төлөлтийг энэ журмын 15.18-д заасны дагуу хэрэгжүүлнэ.

12.6.Суралцагч баримт бичгийг хуурамчаар бүрдүүлсэн нь тогтоогдсон тохиолдолд зээл олгохгүй.

Арван гурав. Зорилтот бүлгийн суралцагчид олгох

 буцалтгүй тусламж

13.1.Энэ журмын 13.2-т заасан зорилтот бүлгийн суралцагчид хууль болон энэ журамд заасан нөхцөлөөр сургалтын төлбөрийн буцалтгүй тусламж олгоно.

13.2.Зорилтот бүлэгт дараах суралцагч хамаарна:

13.2.1.бүтэн өнчин суралцагч;

13.2.2.нэг гишүүн хөгжлийн бэрхшээлтэй өрхийн хагас өнчин суралцагч;

13.2.3.хөгжлийн бэрхшээлтэй суралцагч;

13.2.4.эцэг, эхийн хоёулаа хөгжлийн бэрхшээлтэй өрхийн нэг суралцагч;

13.2.5.хөдөлмөрийн чадвараа алдсан гишүүнтэй өрхийн нэг суралцагч;

13.2.6.цаатан, тува, урианхай үндэстний өрхийн нэг суралцагч.

13.3.Буцалтгүй тусламжаар үргэлжлүүлэн суралцагч энэ журмын 2.2.7-д заасан шаардлага болон 13.2-т заасан зорилтот бүлгийн нөхцөлийг дараах байдлаар хангасан байна:

13.3.1.энэ журмын 13.2.2–13.2.5-д заасан хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг тогтоосон эрх бүхий эрүүл мэндийн магадлалын байгууллагын шийдвэр нь санхүүжилтийн хүсэлт хүлээн авах сүүлийн өдрийн байдлаар хүчин төгөлдөр байх;

13.3.2.хөдөлмөрийн чадвар алдалтыг хугацаагүй тогтоосон бол үргэлжлүүлэн санхүүжүүлэх бүрд дахин тогтоолгохыг шаардахгүй;

13.3.3.хөдөлмөрийн чадвар алдалтыг хугацаатай тогтоосон шийдвэр тухайн улирлын хүсэлт хүлээн авах хугацаа дууссанаас хойш хүчингүй болсон нь олгосон буцалтгүй тусламжийг зогсоох, буцаан төлүүлэх үндэслэл болохгүй. Дараагийн улирлын санхүүжилт хүсэхэд шийдвэрийг сунгуулсан байна;

13.3.4.сан энэ журмын 13.2.2–13.2.5-д заасан шийдвэрийн хүчинтэй байдал, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацааг улсын мэдээллийн сан, эсхүл эрх бүхий байгууллагын мэдээллээр шалгаж, төрийн мэдээллийн системээс авах боломжтой баримт бичгийг суралцагчаас давхар шаардахгүй.

13.4.Энэ журмын 2.2.7-д заасан шаардлага хангасан 13.2.3-т заасан суралцагчид Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 15.6-д заасны дагуу дараах буцалтгүй тусламжийг олгоно:

13.4.1.дотоодын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөр;

13.4.2.гадаадын сургалтын байгууллагад суралцагчид сургалтын төлбөр, амьжиргааны зардал.

13.5.Сан дотоодын сургалтын байгууллагад суралцагч болон сургалтын байгууллагатай гурван талт гэрээг, гадаадын сургалтын байгууллагад суралцагчтай хоёр талт гэрээг холбогдох хууль тогтоомжийн дагуу байгуулна.

13.6.Энэ журмын 2.1.3-т заасан шаардлага дээрх 13.2-т заасан суралцагчид хамаарахгүй.

13.7.Энэ журмын 13.2.3-т заасан суралцагчид 2.1.2-т заасан анхлан суралцах шаардлага хамаарахгүй. Суралцах эрх олгосон гадаадын сургалтын  байгууллага нь “Times Higher Education World University Rankings” (THE)-ийн хамгийн сүүлийн ерөнхий эрэмбийн үнэлгээнд хамрагдсан байх.

 

Арван дөрөв. Сонгон шалгаруулалт

14.1.Дотоодын сургалтын байгууллагад суралцуулах сонгон шалгаруулалтыг жил бүрийн нэгдүгээр болон гуравдугаар улиралд, гадаадын сургалтын байгууллагад суралцуулах сонгон шалгаруулалтыг хоёрдугаар улиралд багтаан цахим хэлбэрээр зохион байгуулна.

14.2.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн гадаадын сургалтын байгууллагад суралцах хүсэлт гаргагчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсэг /цаашид “Ажлын хэсэг” гэх/-ийг байгуулна.

14.2.1.Ажлын хэсэг нь Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, холбогдох төрийн захиргааны төв байгууллага, сан, дээд боловсролын сургалтын байгууллага, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбооны төлөөллөөс бүрдсэн 13 гишүүнтэй байхаас төрийн болон хувийн өмчийн дээд боловсролын сургалтын байгууллага, төрийн бус байгууллага болон мэргэжлийн холбооны төлөөлөл нийт 7-оос доошгүй байна.

14.2.2.Ажлын хэсгийн гишүүн оролцогчтой ашиг сонирхлын зөрчилтэй, эсхүл зөрчил үүсэж болзошгүй бол материалыг хянахаас өмнө бичгээр мэдэгдэж, тухайн материалыг хянах, үнэлэх, хэлэлцэх, санал хураах, санал, дүгнэлт гаргахад оролцохоос татгалзана. Мэдэгдэл, татгалзсан байдлыг хурлын тэмдэглэл болон цахим системд бүртгэж, тухайн гишүүний материалд нэвтрэх, өөрчлөх, үнэлэх, санал өгөх эрхийг хязгаарлана. Ажлын хэсгийн дарга, нарийн бичгийн дарга уг ажиллагааг баталгаажуулж, баримтжуулна. Зөрчлөө мэдэгдээгүй бол тухайн гишүүний үнэлгээ, саналыг хүчингүйд тооцож, зөрчилгүй гишүүнээр дахин хянуулан, хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

14.3.Сонгон шалгаруулалтын ажиллагааны зохион байгуулалт, баримт бичгийн бүрдүүлэлт, цахим систем ашиглах дарааллыг Ажлын хэсгийн удирдамжаар зохицуулна. Удирдамжаар энэ журамд заасан шаардлага, шалгуур, жин, оноо болон эрэмбэлэх дарааллыг өөрчлөхгүй.

14.4.Сан сонгон шалгаруулалтыг өргөдөл хүлээн авах эцсийн хугацаанаас хуанлийн 30-аас доошгүй хоногийн өмнө боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Сан болон холбогдох сургалтын байгууллагын цахим хуудсанд нийтэд зарлана.

14.5.Өргөдөл гаргагч сонгон шалгаруулалтын зарт заасан хугацаанд дотоодын сургалтын байгууллагад суралцах бол тухайн сургалтын байгууллагад, гадаадын сургалтын байгууллагад суралцах бол санд хүсэлтээ гаргана.

14.6.Дотоодын сургалтын байгууллага хүсэлт хүлээн авах хугацаа дууссанаас хойш хуанлийн 30 хоногийн дотор хүсэлт гаргагчийн баримт бичиг, энэ журмын 2.1, 2.2 болон холбогдох тусгай шаардлагыг хангасан эсэхийг хянана. Шаардлага хангасан хүсэлт гаргагчийн материалыг сангийн цахим системд оруулан, сантай тооцоо нийлж тулган баталгаажуулна.

14.6.1.Шаардлага хангасан хүсэлт гаргагчийн тоо тухайн санхүүжилтийн хяналтын тооноос давсан бол сургалтын байгууллага энэ журамд заасан холбогдох тусгай шалгуураар эрэмбэлж, санхүүжилтийн төрөл, эх үүсвэр, боловсролын түвшин тус бүрээр нэрсийн жагсаалтыг санд хүргүүлнэ.

14.6.2.Сан сургалтын байгууллагаас ирүүлсэн мэдээлэл, давхар санхүүжилтийн мэдүүлэг болон боловсролын цахим мэдээллийн системийн мэдээллийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор хянаж, баталгаажуулна.

14.7.Гадаадын сургалтын байгууллагад бакалаврын үндсэн хөтөлбөрт суралцах хүсэлт гаргагчийн баримт бичгийн бүрдэл, нийтлэг болон тусгай шаардлага хангасан эсэхийг хүсэлт хүлээн авах хугацаа дууссанаас хойш ажлын 15 өдрийн дотор хянаж, шаардлага хангасан хүсэлт гаргагч бүрийг дараах шалгуураар 100 хүртэл оноогоор үнэлж, нийт онооны дарааллаар эрэмбэлэн тухайн санхүүжилтийн хяналтын тоонд багтаан нэрсийн жагсаалт гаргана:

14.7.1.сонгон шалгаруулалт зарласан өдөр нийтэд мэдээлсэн “Times Higher Education World University Rankings” (THE)-ийн хамгийн сүүлийн ерөнхий эрэмбэд сургалтын байгууллагын эзэлсэн байрыг үндэслэн 30 хүртэл оноо;

14.7.2.сургалтын тэтгэлгийн хэмжээг үндэслэн 40 хүртэлх оноо. Энэ үзүүлэлтэд амьжиргаа, дотуур байр, судалгааны зориулалтын тэтгэлэг болон сургалтын төлбөрт хамаарахгүй бусад хөнгөлөлтийг оруулахгүй;

14.7.3.их, дээд сургуульд элсэн суралцах хүсэлтэй иргэдийн эх хэлний мэдлэг, чадварыг үнэлж, босго оноо тогтоодог улсын хэмжээний заавал өгөх Монгол хэл, бичгийн шалгалтын оноог үндэслэн 30 хүртэл оноо;

14.7.4.энэ журмын 14.7.1–14.7.3-т заасан үзүүлэлтийг оноонд хөрвүүлэх томьёо, интервал, босго, жин болон валют хөрвүүлэх ханшийг энэ журмын 1 дүгээр хавсралтаар тогтооно.

14.8.Оролцогчдын нийт оноо тэнцсэн тохиолдолд сургалтын байгууллагын эрэмбэ, IELTS болон түүнтэй дүйцэхүйц шалгалтын оноо, элсэлтийн шалгалтын оноо гэсэн дарааллаар нэмэлт эрэмбэлэлт хийнэ. Энэ заалтад заасан үзүүлэлтүүд бүгд тэнцсэн бол өмнөх боловсролын түвшний голч дүнгээр нэмж эрэмбэлнэ.

14.9.Ажлын хэсэг үнэлгээ, эрэмбэ болон хяналтын тоонд багтсан нэрсийн жагсаалтыг сонгон шалгаруулалт зохион байгуулах хугацаанд багтаан  нийтэд мэдэгдэнэ.

14.10.Оролцогч сонгон шалгаруулалтын дүнг нийтэд мэдээлснээс хойш хуанлийн 2 өдрийн дотор үнэлгээ, оноо, эрэмбэ болон сонгон шалгаруулалтын ажиллагааг дахин хянуулах баримт, үндэслэл бүхий хүсэлтийг Ажлын хэсэгт бичгээр, эсхүл цахимаар гаргаж болно. Ажлын хэсэг хүсэлтийг хүлээн авснаас хойш хуанлийн 3 өдрийн дотор хянаж, хариуг хүргүүлнэ. Энэ хэсэгт заасан хугацаа нь оролцогчийн захиргааны журмаар гомдол гаргах, эсхүл захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрх, хугацааг хязгаарлахгүй бөгөөд гомдлыг энэ журмын 18.8 болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гаргана.  

14.11.Оролцогч Ажлын хэсгээс гаргасан гомдлын шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй бол боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний дэргэдэх Орон тооны бус зөвлөлд гомдол гаргаж болно. Орон тооны бус зөвлөл гомдлыг хүлээн авснаас хойш хуанлийн 3 өдрийн дотор сонгон шалгаруулалтын ажиллагаа, үнэлгээ, оноо, эрэмбэ болон Ажлын хэсгийн гомдлын шийдвэр хууль тогтоомж, энэ журам, сонгон шалгаруулалтын удирдамжид нийцсэн эсэхийг хянаж, үндэслэл бүхий дүгнэлт гарган Ажлын хэсэгт хүргүүлнэ.

14.12.Орон тооны бус зөвлөлийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш Ажлын хэсэг хуанлийн 3 өдрийн дотор үнэлгээ, оноо, эрэмбэ болон нэрсийн жагсаалтыг дахин хянаж, үр дүнд нь үндэслэн шинэчилсэн санал, дүгнэлтийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

14.13.Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн энэ журмын 14.12-т заасан шинэчилсэн санал, дүгнэлт болон холбогдох баримт бичгийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор хяналтын тоонд багтсан суралцагчийн нэрсийг шийдвэрээр батална. Сан уг шийдвэрийг цахим хуудсанд нийтэд мэдээлнэ.

14.14.Сан сонгон шалгаруулалтын цахим системд бүртгэгдсэн хүсэлт, баримт бичгийн хувилбар, үнэлгээ, онооны өөрчлөлт, Ажлын хэсгийн үнэлгээ, эрэмбэ, санал, дүгнэлт, Орон тооны бус зөвлөлийн дүгнэлт, боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний шийдвэр болон хэрэглэгчийн үйлдлийн бүртгэлийн бүрэн бүтэн, нууцлал, хүртээмжтэй байдлыг энэ журмын 1.12 болон холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хангаж, архивын баримт хадгалах хугацааны жагсаалтад заасан хугацаагаар хадгална.

 

Арван тав. Гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, өөрчлөх, сунгах, түдгэлзүүлэх,

дуусгавар болгох, цуцлах

15.1.Сан нь санхүүжилтийн төрөл, суралцах байршил, оролцогч талуудын үүргээс хамааран суралцагчтай хоёр талт, эсхүл суралцагч болон сургалтын байгууллага, захиалагч төрийн байгууллага, аймаг, нийслэлийн Засагдарга, ажил олгогч, санхүүжүүлэгч болон энэ журамд заасан бусад этгээдийн аль нэгийг оролцуулан гурван талт гэрээ байгуулсны үндсэн дээр санхүүжилт олгоно. Санхүүжилтийн төрөл тус бүрийн гэрээний үлгэрчилсэн загварыг боловсролын болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хамтран батална. Гэрээний үлгэрчилсэн загвар нь нийтлэг нөхцөл болон тухайн санхүүжилтийн онцлогийг тусгасан хавсралттай байна.

15.2.Гэрээнд дараах зүйлийг тусгана:

15.2.1.суралцах сургалтын байгууллага, улс, боловсролын зэрэг, хөтөлбөр, мэргэжлийн чиглэл, суралцах хэлбэр болон хугацаа;

15.2.2.санхүүжилтийн төрөл, зориулалт, хэмжээ, валют, санхүүжүүлэх хугацаа, олголтын хуваарь болон дээд хязгаар;

15.2.3.гэрээний талуудын эрх, үүрэг, хариуцлага, хамтран ажиллах, мэдээлэх, тайлагнах хугацаа, хэлбэр;

15.2.4.гэрээний үүргийн биелэлтийг үнэлэх шалгуур, нотлох баримт, хяналт тавих, зөрчил арилгуулах журам;

15.2.5.гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах, суралцах болон эргэн төлөх хугацааг сунгах, гэрээг түдгэлзүүлэх, сэргээх журам;

15.2.6.зээлийн хүүгийн нөхцөл, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа, эргэн төлөлтийн эхлэх болон дуусах хугацаа, хуваарь, барьцаа, батлан даалт, даатгалын нөхцөл;

15.2.7.энэ журам болон гэрээнд заасан бол төгссөний дараа ажиллах чиглэл, байршил, хугацаа, уг үүргийг нотлох, дүгнэх журам;

15.2.8.гэрээг дуусгавар болгох, цуцлах үндэслэл, шийдвэр гаргах ажиллагаа, санхүүгийн тооцоо болон үүсэх үр дагавар;

15.2.9.мэдэгдэл хүргүүлэх хаяг, хувийн мэдээлэл боловсруулах, хамгаалах, зээлийн мэдээллийн санд мэдээлэл нийлүүлэх зөвшөөрөл, маргаан шийдвэрлэх болон хуульд заасан бусад нөхцөл.

15.3.Гэрээ нь талууд гарын үсэг зурсан, эсхүл хуульд нийцсэн цахим хэлбэрээр баталгаажуулсан өдрөөс хүчин төгөлдөр болж, санхүүжилт олгох, тайлагнах, төгссөний дараа ажиллах, зээл эргэн төлөх болон гэрээгээр хүлээсэн бусад үүргийг талууд бүрэн биелүүлж, энэ журмын 15.21-д заасан баримтаар баталгаажуулах хүртэл хүчинтэй байна.

15.4.Тухайн хичээлийн жилийн санхүүжилтийн төрөл, зориулалт, хэмжээ, хугацаа, олголтын хуваарь болон зардлын төрлийг гэрээний хавсралтаар баталгаажуулна. Санхүүжилтийг дараах журмаар олгоно:

15.4.1.санхүүжилтийг гэрээнд заасан зориулалт, хэмжээ, хугацаа болон батлагдсан дээд хязгаарт багтаан олгох;

15.4.2.сургалтын төлбөрийг сургалтын байгууллагын дансанд, дотуур байрны зардлыг холбогдох байгууллага, эсхүл түрээслүүлэгчийн дансанд, хүнсний зардлыг суралцагчийн дансанд шилжүүлэх;

15.4.3.гадаадын сургалтын байгууллагад шинээр элсэгчийн эхний улирлын санхүүжилтийг элсэлт, идэвхтэй бүртгэл, сургалтын төлөвлөгөө, төлбөрийн нэхэмжлэлд үндэслэн, дараагийн улирлын санхүүжилтийг энэ журмын 2.2, 15.4.7 болон гэрээний үүргийн биелэлтэд үндэслэн олгох. Магистр, докторын судалгааны хөтөлбөрт голч дүн гардаггүй бол судалгааны явцын тайлан, удирдагчийн тодорхойлолт, сургалтаа хэвийн үргэлжлүүлэх эрхийн баталгаанд үндэслэн санхүүжилтийг үргэлжлүүлэх;

15.4.4.амжилтгүй үнэлэгдсэн хичээлийг дахин судлах зардлыг суралцагч өөрөө хариуцах;

15.4.5.бусад эх үүсвэрээс тухайн зардлыг хэсэгчлэн санхүүжүүлсэн бол зөвхөн санхүүжүүлээгүй үлдэгдэл дүнг гэрээний дээд хязгаарт багтаан олгох;

15.4.6.шилжүүлгийг сургалтын байгууллагын албан ёсны нэхэмжлэл, төлбөрийн баримт, дансны мэдээлэл болон шаардлагатай бусад нотлох баримтад үндэслэн хийх. Сан нэмэлт мэдээлэл шаардлагатай бол хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдрийн дотор мэдэгдэх бөгөөд суралцагч, сургалтын байгууллага мэдэгдэл хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор мэдээллийг ирүүлнэ;

15.4.7.тэтгэлэг, зээлээр үргэлжлүүлэн суралцагчийн санхүүжилтийг сурлагын амжилт болон энэ журамд заасан бусад нөхцөлийг үндэслэн үргэлжлүүлнэ. Буцалтгүй тусламжийг энэ журмын 2.2.7, 13.3-т заасан нөхцөлөөр үргэлжлүүлэн олгоно.

15.5.Гадаадын сургалтын байгууллагын академик хуанли, хичээлийн улирлын бүтэц, төлбөрийн хуваарь Монгол Улсын хичээлийн жилээс ялгаатай бол санхүүжилтийн хугацаа, давтамж, хуваарийг сургалтын байгууллагын албан ёсны баримт бичиг, суралцагчийн сургалтын бодит хугацаа, батлагдсан төсөв болон гэрээнд заасан дээд хэмжээнд үндэслэн гэрээний хавсралтаар тогтооно. Зуны улирлын сургалт нь үндсэн хөтөлбөрийн бүрэлдэхүүн бөгөөд суралцагч тухайн улиралд хичээл судалж байгааг сургалтын байгууллага албан ёсоор баталгаажуулсан бол сургалтын төлбөр болон тухайн санхүүжилтийн төрөлд хамаарах дотуур байрны зардлыг санхүүжүүлж болно. Сурлагын дүн төлбөр төлөх хугацаанаас хожуу гардаг бол сургалтын байгууллагын идэвхтэй бүртгэл, үргэлжлүүлэн суралцах эрхийн тодорхойлолтод үндэслэн санхүүжилтийг шилжүүлж, суралцагч дүн нийтлэгдсэнээс хойш ажлын 30 өдрийн дотор санд хүргүүлнэ.

15.6.Гадаадын сургалтын байгууллагад олгох санхүүжилтийн гадаад валютын гүйлгээнд дараах зохицуулалтыг баримтална:

15.6.1.Сан нь хууль тогтоомжид заасан журмаар сонгосон, гадаад төлбөр тооцоо эрхлэх зөвшөөрөл бүхий арилжааны банктай гэрээ байгуулж, гадаад валютын санхүүжилтийг тухайн банкаар дамжуулан шилжүүлж болно. Гэрээнд гүйлгээний валют, ханшийн эх сурвалж, ханш тооцох огноо, гүйлгээний хугацаа, банкны шимтгэл болон талуудын хариуцлагыг тусгана;

15.6.2.гүйлгээг Монголбанк дахь валютын дансаар дамжуулсан бол гүйлгээ хийсэн өдрийн Монголбанкны албан ханшаар, арилжааны банкны хөрвүүлгийн дансаар дамжуулсан бол тухайн банктай байгуулсан гэрээнд заасан ханшаар төгрөгт хөрвүүлж бүртгэнэ. Баталгаажсан гадаад валютын дүнг шилжүүлэхэд үүссэн ханшийн зөрүү болон илгээгч, зуучлагч банкны шимтгэлийг Сан батлагдсан төсөв, эх үүсвэр, гэрээнд заасан дээд хэмжээнд багтаан хариуцна;

15.6.3.гэрээнд заасан гадаад валютын дээд хэмжээнээс давсан төлбөр, суралцагчийн буруугаас үүссэн алданги, нэмэгдэл төлбөр болон сангийн зөвшөөрөлгүй зардлыг суралцагч хариуцна. Ханшийн өөрчлөлтөөс үүссэн зарцуулагдаагүй үлдэгдэл, илүү шилжүүлсэн дүнг дараагийн санхүүжилтээс суутгах, эсхүл санд буцаан төвлөрүүлнэ.

15.7.Суралцагч сурлагын дүн, сургалтын төлөв, идэвхтэй бүртгэл, үргэлжлүүлэн суралцах эрх болон гэрээнд заасан бусад мэдээллийг хичээлийн улирал бүр цахимаар хүргүүлнэ. Суралцах нөхцөл, холбоо барих мэдээлэл, бусад эх үүсвэрийн санхүүжилт, барьцаа, батлан даалт, даатгал болон гэрээний үүрэгт нөлөөлөх нөхцөл өөрчлөгдсөн бол өөрчлөлт үүссэнээс хойш ажлын 10 өдрийн дотор санд мэдэгдэнэ. Сангаас бичгээр шаардсан бусад мэдээллийг шаардлага хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хүргүүлнэ.

15.8.Сан гэрээний үүргийн биелэлтийг дараагийн санхүүжилтийг олгохын өмнө, хичээлийн жилд нэгээс доошгүй удаа, суралцагч төгсөхөд, мөн ажиллах болон зээл эргэн төлөх үүргийн хугацаанд дараах чиглэлээр хянана:

15.8.1.санхүүжилтийг зориулалтын дагуу ашигласан, давхар санхүүжилт аваагүй эсэх;

15.8.2.сурлагын дүн, сургалтын ахиц, идэвхтэй бүртгэл, сургалтын төлөв, үргэлжлүүлэн суралцах эрхийн шаардлага хангасан эсэх;

15.8.3.мэдээлэх, тайлагнах болон баримт бичиг ирүүлэх үүргийг хугацаанд нь биелүүлсэн эсэх;

15.8.4.зээлд барьцаа, батлан даалт, даатгал шаардсан бол тэдгээрийн үнэлгээ, хүчинтэй хугацаа, хамгаалалт болон зээлийн үлдэгдэлтэй харьцах шаардлага хангасан эсэх;

15.8.5.сургалтын байгууллага, улс, боловсролын зэрэг, хөтөлбөр, мэргэжлийн чиглэлийн өөрчлөлтийг урьдчилан зөвшөөрүүлсэн эсэх;

15.8.6.төгссөний дараа ажиллах, зээл эргэн төлөх болон гэрээгээр хүлээсэн бусад үүргийг биелүүлж байгаа эсэх.

15.8.7.Сан хяналтын үр дүн, нотлох баримт, үлдсэн үүрэг, авсан арга хэмжээг суралцагчийн цахим хувийн хэрэгт тухай бүр баримтжуулна. Энэ журмын 15.8.1-15.8.6-д заасан шаардлагыг хангасан тохиолдолд дараагийн санхүүжилтийн хавсралтыг шинэчилнэ.

15.9.Гэрээний үүргийн зөрчил, эсхүл зөрчил үүсэх эрсдэлийг дараах журмаар шийдвэрлэнэ:

15.9.1.сан зөрчлийн үндэслэл, нотлох баримт, арилгах арга хэмжээ, хугацааг тусгасан урьдчилсан мэдэгдлийг гэрээний холбогдох талд ажлын 5 өдрийн дотор хүргүүлэх;

15.9.2.мэдэгдэл хүлээн авсан тал ажлын 10 өдрийн дотор тайлбар, нотлох баримт гаргаж, арилгах боломжтой зөрчлийг Сангаас тогтоосон 30 хүртэл хоногийн хугацаанд арилгах. Хуурамч баримт бичиг, зориулалтын бус зарцуулалт болон арилгах боломжгүй зөрчилд нэмэлт хугацаа олгохгүй;

15.9.3.төсөв, сангийн хөрөнгөд хохирол учрах эрсдэлтэй бол шалгалтын хугацаанд дараагийн санхүүжилтийг түр зогсоох; зөрчлийг арилгасан бол санхүүжилтийг сэргээх, арилгаагүй, эсхүл давтан гаргасан бол зохих арга хэмжээ авах;

15.9.4.арга хэмжээ авахдаа зөрчил, түүний шалтгаан, нотлох баримт, талуудын буруутай эсэх, бодитоор олгосон санхүүжилт, биелүүлсэн үүрэг, хугацааг дарааллаар үнэлэх;

15.9.5.суралцагчаас үл хамаарах, нотлогдсон нөхцөлийг гэрээг түүний буруугаар цуцлах, тэтгэлэг, буцалтгүй тусламжийг буцаан төлүүлэх үндэслэл болгохгүй. Санхүүжилтийг хууль ёсоор үргэлжлүүлэх боломжгүй бол гэрээг өөрчлөх, түдгэлзүүлэх, эсхүл суралцагчийн буруугүйгээр дуусгавар болгох. Энэ нь зээлийн үндсэн төлбөрийн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.

15.10.Гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулахад дараах журмыг баримтална:

15.10.1.суралцагч сургалтын байгууллага, улс, боловсролын зэрэг, хөтөлбөр, мэргэжлийн чиглэл, суралцах хэлбэрийг өөрчлөх бол өөрчлөлт хийхээс өмнө сангийн зөвшөөрөл авна;

15.10.2.Сан энэ журмын 15.10.1-д заасан хүсэлтийг хөтөлбөрийн агуулга, суралцахуйн үр дүн, нийт болон шилжүүлэн тооцох багц цаг, суралцах хугацаа, санхүүжилтийн хэмжээ, сонгон шалгаруулалтын шалгуурыг үргэлжлүүлэн хангаж байгаа эсэхэд үндэслэн бүрэн баримт хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор шийдвэрлэнэ. Нийт судлах багц цаг, суралцах болон санхүүжилтийн хугацаа нэмэгдэхгүй, өмнө судалсан багц цагийг шилжүүлэн тооцох боломжтой бол өөрчлөлтийг зөвшөөрч болно;

15.10.3.эрх бүхий байгууллагын шийдвэрээр хөтөлбөр, мэргэжлийн чиглэлийн нэр, индекс, код өөрчлөгдсөн боловч боловсролын зэрэг, үндсэн агуулга, суралцахуйн үр дүн өөрчлөгдөөгүй бол гэрээ цуцлах үндэслэл болохгүй бөгөөд өөрчлөлтийг нотлох баримтад үндэслэн гэрээнд бүртгэнэ;

15.10.4.энэ журмын нэмэлт, өөрчлөлт хүчин төгөлдөр гэрээний санхүүжилт, тайлагнах, ажиллах, зээл эргэн төлөх, барьцаа, батлан даалт, даатгалын нөхцөлд нөлөөлөх бол Сан ажлын 30 өдрийн дотор нөлөөллийг үнэлж, өөрчлөх гэрээг тодорхойлно. Өөрчлөлтийн үндэслэл, агуулга, эрх зүйн үр дагаврыг талуудад бичгээр, эсхүл цахимаар мэдэгдэж, харилцан тохиролцсоноор нэмэлт гэрээ байгуулна. Гэрээний загвар, хүчин төгөлдөр гэрээг хугацаанд нь шинэчлээгүй нь суралцагчийн санхүүжилтийг зогсоох, гэрээг цуцлах, алданги, хариуцлага тооцох үндэслэл болохгүй.

15.11.Гадаадад суралцагчийн гэрээний хүчинтэй хугацааг энэ журмын 15.3-т зааснаар тогтоох бөгөөд гэрээг бүхэлд нь сунгахын оронд дараах үүргийн хугацааг үндэслэл бүхий шийдвэр, нэмэлт гэрээгээр сунгаж болно:

15.11.1.сургалтын байгууллагын албан ёсны шийдвэрээр суралцах хугацаа өөрчлөгдсөн, эсхүл хүндэтгэн үзэх шалтгаанаар сургалтын хугацаа сунгах шаардлагатай болсон бол суралцах болон санхүүжүүлэх хугацааг. Нэмэлт санхүүжилт шаардах бол санхүүжилтийн шалгуур, дээд хэмжээ, батлагдсан төсөв, эх үүсвэрт үндэслэн шийдвэрлэнэ;

15.11.2.гэрээг түдгэлзүүлсэн хугацаагаар суралцах хугацааг. Түдгэлзсэн хугацаанд санхүүжилт олгохгүй бөгөөд санхүүжилтийн нийт хэмжээ нэмэгдэхгүй;

15.11.3.энэ журмын 15.12.1-д заасан хүндэтгэн үзэх шалтгаан эрх бүхий байгууллагын баримтаар нотлогдсон бол орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн зээл эргэн төлөх хугацааг 2 хүртэл жилээр, гадаадын сургалтын байгууллагад зээлээр суралцсан төгсөгчийн зээл эргэн төлөх хугацааг 5 хүртэл жилээр нэг удаа. Сунгасан тохиолдолд эргэн төлөлтийн хуваарийг шинэчилнэ;

15.11.4.зээлдэгч өвчин, осол, эмчилгээ, хөдөлмөрийн чадвар түр алдалтын улмаас зээлийг хуваарийн дагуу төлөх боломжгүй болсныг эрх бүхий байгууллагын баримтаар нотолсон бол эргэн төлөлтийг 2 жил хүртэл хугацаагаар хойшлуулж, хуваарийг шинэчилж болно.

15.12.Дараах тохиолдолд санхүүжилтийн олголтыг зогсоож, гэрээг түдгэлзүүлнэ:

15.12.1.жирэмсний болон амаржсаны амралт, хуульд заасан хүүхэд асрах чөлөө, өвчин, гамшиг, сургалтын байгууллагын үйл ажиллагааны тасалдал, эсхүл хүндэтгэн үзэх бусад шалтгаанаар суралцах боломжгүй болж, сургалтын байгууллагаас албан ёсоор чөлөө олгосон бол тухайн чөлөөний хугацаагаар гэрээг түдгэлзүүлнэ. Хуульд заасан хүүхэд асрах чөлөө авсан хугацааг гэрээний үүргийн зөрчилд тооцохгүй;

15.12.2.сангийн урьдчилсан зөвшөөрөлтэйгээр сургалтын байгууллага, улс, боловсролын зэрэг, хөтөлбөр, мэргэжлийн чиглэлээ өөрчлөх хүсэлт гаргасан бол Сан шийдвэр гаргаж, гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах хүртэл;

15.12.3.хууль, гэрээнд заасан нөхцөлийн улмаас гэрээний үндсэн үүргийг түр биелүүлэх боломжгүй бол тухайн нөхцөл арилах хүртэл, гэхдээ нэг жилээс илүүгүй хугацаагаар гэрээг түдгэлзүүлнэ. Түдгэлзүүлэх хугацаа хэтэрсэн бол нөхцөл, шалтгаан, суралцагчийн буруутай эсэхийг энэ журмын 15.9-д зааснаар үнэлж, суралцагч буруугүй бөгөөд гэрээг үргэлжлүүлэх боломжгүй бол 15.14.4-т, буруутай бол 15.15, 15.16-д заасны дагуу шийдвэрлэнэ.

15.12.4.Суралцагч түдгэлзүүлэх нөхцөл үүссэнээс хойш ажлын 10 өдрийн дотор нотлох баримтын хамт хүсэлт гаргана. Сан бүрэн баримт хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор үндэслэл бүхий шийдвэр гаргаж, гэрээний талуудад мэдэгдэнэ.

15.13.Гэрээг түдгэлзүүлсэн хугацаанд сургалтын санхүүжилт олгохгүй бөгөөд түдгэлзүүлсэн нь зээл эргэн төлөх, барьцаа, батлан даалт, даатгал болон бусад үүргийг түдгэлзүүлэх үндэслэл болохгүй. Суралцагч түдгэлзүүлсэн хугацаа дууссанаас хойш 30 хоногийн дотор сургалтаа үргэлжлүүлэх хүсэлт, сургалтын байгууллагын албан ёсны шийдвэрийг санд ирүүлнэ. Сан бүрэн баримт хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор гэрээг сэргээх, нэмэлт, өөрчлөлт оруулах, эсхүл цуцлах тухай шийдвэр гаргаж, мэдэгдэнэ. Суралцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүсэлт гаргаагүй бол энэ нь гэрээг цуцлах үндэслэл болно.

15.14.Дараах үндэслэлээр гэрээг дуусгавар болгоно:

15.14.1.гэрээний талууд харилцан тохиролцсон бөгөөд суралцагчийн үндсэн үүргийг бүрэн биелүүлсэн, эсхүл мөнгөн төлбөрт шилжүүлэн бүрэн төлсөн бол;

15.14.2.талууд санхүүгийн болон бусад тооцоог бүрэн нийлж, үлдэгдэл үүргийг шийдвэрлэн харилцан тохиролцож, акт үйлдсэн;

15.14.3.суралцагч нас барсан, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр иргэний эрх зүйн чадамжгүйд тооцогдсон, эсхүл эрх бүхий байгууллагаас хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсаныг хугацаагүй тогтоосон. Энэ тохиолдолд зээлийн үлдэгдэл болон бусад үүргийг даатгал, барьцаа, батлан даалт, өв залгамжлал, холбогдох гэрээ, хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэсэн;

15.14.4.суралцагчаас үл хамаарах, нотлогдсон визийн шийдвэр, төрийн болон сургалтын байгууллагын шийдвэр, үйл ажиллагаа, сургалтын байгууллагын үйл ажиллагаа зогссон, хөтөлбөр татан буугдсан, давагдашгүй хүчний шинжтэй нөхцөлийн улмаас гэрээг хууль ёсоор үргэлжлүүлэх боломжгүй болсон бол гэрээг суралцагчийн буруугүйгээр дуусгавар болгож, энэ журмын 15.16.1-д заасан тооцоог хийх;

15.14.5.барьцааны зүйлийг хуульд заасан журмаар худалдан борлуулж, гэрээний үүргийн гүйцэтгэл бүрэн хангагдсан.

15.14.6.гэрээг дуусгавар болгох шийдвэрийг Сангийн Ажлын албаны дарга гаргаж, гэрээний талуудад мэдэгдэнэ.

15.15.Дараах нөхцөл нь гэрээг хугацаанаас өмнө цуцлах үндэслэл болно:

15.15.1.суралцагч сангийн урьдчилсан зөвшөөрөлгүйгээр сургалтын байгууллага, улс, боловсролын зэрэг, хөтөлбөр, мэргэжлийн чиглэл, суралцах хэлбэрээ өөрчилсөн;

15.15.2.суралцагч сургалтын байгууллагаас хасагдсан, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр сургуулиа орхисон, сангийн зөвшөөрөлгүйгээр чөлөө авсан, чөлөөний хугацааг сунгасан, эсхүл зөвшөөрсөн чөлөө дууссаны дараа сургалтаа үргэлжлүүлээгүй;

15.15.3.Төгсөгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан хугацаанд ажилд ороогүй, ажиллах үүргээс татгалзсан, эсхүл уг үүргээ бүрэн биелүүлээгүй;

15.15.4.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгээр суралцсан төгсөгч энэ журмын 3.20-д заасан шаардлага хангасан ажлын байрнаас хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр татгалзсан. Тохирох ажлын байр санал болгоогүй, эсхүл төгсөгч төрийн албаны сонгон шалгаруулалтад тэнцээгүйг гэрээний үүргийн зөрчилд тооцохгүй;

15.15.5.Монгол Улсын Ерөнхийлөгчийн тэтгэлгийн бэлтгэл хөтөлбөрт суралцагч бэлтгэл хөтөлбөрийг төгсөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гадаад улсад суралцахаас татгалзсан, эсхүл татгалзсан тухайгаа мэдэгдээгүй;

15.15.6.суралцагч хуурамч баримт бичиг бүрдүүлсэн, худал мэдээлэл өгсөн нь тогтоогдсон;

15.15.7.суралцагч санхүүжилт авах, зарцуулах, тайлагнахтай холбоотой гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээс оногдуулсан ял, албадлагын арга хэмжээний улмаас сургалтаа гэрээнд заасан хугацаанд үргэлжлүүлэх боломжгүй болсон нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон;

15.15.8.санхүүжилтийг зориулалтын бусаар зарцуулсан, давхар санхүүжилт авсан, илүү олгосон санхүүжилтийг буцаан төлөөгүй;

15.15.9.гэрээний үндсэн үүргийг энэ журмын 15.9-д заасан хугацаанд биелүүлээгүй, зөрчлийг арилгаагүй, эсхүл ижил зөрчлийг давтан гаргасан;

15.15.10.сургалтын байгууллага гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ ноцтой зөрчсөн, сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх, магадлан итгэмжлэл нь хүчингүй болсон, эсхүл санхүүжилтийг зориулалтын бусаар ашигласан. Суралцагч буруугүй бол түүний эрхийг хамгаалах зорилгоор сургалтыг өөр байгууллага, хөтөлбөрт үргэлжлүүлэх боломжийг харгалзах бөгөөд сургалтын байгууллагын буруугаас үүссэн буцаан төлөх үүргийг суралцагчид хариуцуулахгүй;

15.15.11.суралцагч тэтгэлэг болон ажиллах үүргээс өөрийн хүсэлтээр татгалзаж, олгосон санхүүжилтийг буцаан төлөх тухай бичгээр хүсэлт гаргасан;

15.15.12.Сан гэрээг цуцлахын өмнө энэ журмын 15.9-д заасан мэдэгдэх, тайлбар болон нотлох баримт авах, үнэлэх ажиллагааг явуулж, урьдчилсан мэдэгдэлд цуцлах үндэслэл, болзошгүй үр дагавар, санхүүгийн урьдчилсан тооцоог тусгана. Тайлбар гаргах хугацаа дууссанаас хойш ажлын 10 өдрийн дотор Сангийн Ажлын албаны дарга үндэслэл бүхий шийдвэр гаргана. Шийдвэрт гэрээ цуцлах үндэслэл, огноо, бодитоор олгосон санхүүжилт, биелүүлсэн үүрэг, хугацаа, буцаан төлүүлэх дүн, төлөх хуваарь, гомдол гаргах байгууллага, хугацааг тусгаж, шийдвэр болон эцсийн тооцоог ажлын 3 өдрийн дотор гэрээний талуудад хүргүүлнэ.

15.16.Гэрээг дуусгавар болгох, эсхүл цуцлахад дараах тооцоо, үр дагаврыг хэрэгжүүлнэ:

15.16.1.талууд гэрээ дүгнэсэн баримт үйлдэж, олгосон санхүүжилт, зарцуулалт, буцаан төлөх болон суутгах дүн, зээлийн үлдэгдэл, төлөх хугацаа, хуваарь, барьцаа, батлан даалт, даатгал, ажиллах үүргийн биелэлт болон бусад тооцоог тусгах;

15.16.2.тэтгэлэг, буцалтгүй тусламжийн гэрээг суралцагчийн буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас цуцалсан бол буцаан төлүүлэх санхүүжилтийн хэмжээг гэрээ дүгнэсэн баримтаар тогтооно. Буцаан төлөх үүрэг нь шийдвэрт хуульд заасан хугацаанд гомдол гаргаагүй, эсхүл гаргасан гомдлыг эцэслэн шийдвэрлэснээр хүчин төгөлдөр болох бөгөөд суралцагч уг дүнг дараагийн сараас эхлэн 12 сарын хугацаанд сар бүр тэнцүү хэмжээгээр төлнө. Сан төлбөрийн үүргийн мэдээллийг зээлдэгчийн зөвшөөрөл, мэдээлэл өгөх, авах гэрээний үндсэн дээр Зээлийн мэдээллийн санд нийлүүлж, өөрчлөлтийг хуульд заасан хугацаанд шинэчилнэ;

15.16.3.буцаан төлөх хуваарийг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зөрчсөн бол хугацаа хэтэрсэн төлбөрийн дүнгийн 0.1 хувиар хоног тутам алданги тооцно. Алдангийн нийт хэмжээ хугацаа хэтэрсэн төлбөрийн дүнгийн 3 хувиас хэтрэхгүй;

15.16.4.суралцагчийн буруутай үйлдэл, баримт бичгийн зөрчил, визийн шаардлагыг хугацаанд нь хангаагүй, эсхүл сангийн зөвшөөрөлгүй гаргасан зардлыг Сан хариуцахгүй;

15.16.5.гэрээ дуусгавар болсон, эсхүл цуцлагдсан нь түүнээс өмнө үүссэн буцаан төлөх, зээл төлөх, хохирол барагдуулах болон гэрээ дүгнэсэн баримтаар тогтоосон бусад үүргийг дуусгавар болгох үндэслэл болохгүй.

15.17.Зээлийн гэрээнд барьцаа, батлан даалт, даатгал шаардсан бол дараах зохицуулалтыг баримтална:

15.17.1.барьцаа, батлан даалтыг холбогдох этгээдтэй тусдаа гэрээгээр баталгаажуулж, хуульд заасан бол улсын бүртгэлд бүртгүүлэх;

15.17.2.барьцааны зүйлийг эрх бүхий хуулийн этгээдээр үнэлүүлэх бөгөөд үнэлгээ нь зээлийн үлдэгдэл болон тухайн санхүүжилтийн хугацаанд олгохоор шийдвэрлэсэн зээлийн нийлбэрээс багагүй байх;

15.17.3.Сан зээлийн санхүүжилт нэмэгдэх бүрд, гэхдээ хичээлийн жилд нэгээс доошгүй удаа барьцааны үнэлгээ, хүчинтэй хугацаа, хамгаалалт болон зээлийн үлдэгдэлтэй харьцах харьцааг хянаж, шаардлагатай бол барьцааг нэмэгдүүлэх, солих, эсхүл дахин үнэлүүлэхийг шаардах;

15.17.4.барьцааны зүйлийн шинж, зээлийн хэмжээ, хугацаа, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн зээлдэгчийг амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвар алдалт, зээл болон барьцаа хөрөнгийн даатгалд хамруулж болно. Даатгалын төрөл, хамрах хүрээ, үнэлгээ, хугацаа, зардал хариуцах этгээд, нөхөн төлбөр хүлээн авагчийг гэрээнд тусгах;

15.17.5.даатгалын нөхөн төлбөр зээлийн үүргийг бүрэн хангаагүй бол үлдсэн үүргийг зээлдэгч болон гэрээгээр үүрэг хүлээсэн бусад этгээд хууль, гэрээнд заасан хүрээнд хариуцах.

15.18.Зээлийн эргэн төлөлтөд дараах зохицуулалтыг баримтална:

15.18.1.Сан суралцагчийн төгсөлтийн албан ёсны мэдээлэл, бодитоор олгосон санхүүжилт, гэрээний нөхцөлд үндэслэн эргэн төлөлтийн хуваарийг үүсгэж, зээлдэгч, эсхүл түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчид мэдэгдэх;

15.18.2.дотоодын сургалтын байгууллагад суралцсан зээлдэгч зээлийг 5 хүртэлх жилийн дотор, гадаадын сургалтын байгууллагад суралцсан зээлдэгч 20 хүртэлх жилийн дотор төгссөнөөс хойш 6 сарын дараагаас эхлэн гэрээнд заасан хуваарийн дагуу сангийн дансанд төлөх;

15.18.3.гадаад валютаар олгосон санхүүжилтийг энэ журмын 15.6-д заасан бүртгэлийн төгрөгийн дүнгээр эргэн төлүүлэх. Валютын ханшийн зөрүү, гүйлгээний шимтгэлийг нягтлан бодох бүртгэлийн холбогдох стандарт, гэрээнд заасны дагуу бүртгэх;

15.18.4.Сан зээлийн хэмжээ, хугацаа, эргэн төлөлтийн хуваарь, төлөлт, үлдэгдэл, хугацаа хэтрэлт болон гэрээний өөрчлөлтийн мэдээллийг Зээлийн мэдээллийн тухай хууль, зээлдэгчийн зөвшөөрөл, мэдээлэл өгөх, авах гэрээнд үндэслэн зээлийн мэдээллийн санд нийлүүлж, хуульд заасан хугацаанд тухай бүр шинэчилнэ;

15.18.5.эргэн төлөх хугацааг сунгах, хойшлуулахад энэ журмын 15.11.3, 15.11.4-т заасан журмыг баримтлах.

15.19.Төгссөний дараа ажиллах үүргийн биелэлтийг дараах журмаар тооцож, баталгаажуулна:

15.19.1.Энэ журмын 3.24-т заасан суралцагчид төрийн болон орон нутгийн өмчит байгууллага, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хүрээний төсөл, хөтөлбөр, судалгаа, инновацын нэгжид ажилласан болон хууль ёсоор хөдөлмөр эрхэлсэн хугацааг гэрээний үүрэгт тооцно. Эрхэлсэн ажил нь гэрээнд өөрөөр заагаагүй бол эзэмшсэн мэргэжил, боловсролын түвшин, мэдлэг, ур чадварт нийцсэн, эсхүл ойролцоо чиглэлтэй байх;

15.19.2.ажилласан хугацааг нийгмийн даатгалын мэдээлэл, хөдөлмөрийн гэрээ, ажил олгогчийн тодорхойлолт болон эрх бүхий байгууллагын мэдээллээр баталгаажуулах. Сайн дурын даатгалын төлөлтийг дангаар нь ажилласан хугацаанд тооцохгүй;

15.19.3.ажиллаж байгаа байгууллага өөрчлөн байгуулагдсан, татан буугдсан, зохион байгуулалтын бүтэц өөрчлөгдсөн, эсхүл төгсөгчөөс үл хамаарах шалтгаанаар орон тоо хасагдаж өөр ажил, албан тушаалд шилжин ажилласан бол өмнө ажилласан хугацааг ажиллах үүргийн хугацаанд оруулан тооцох;

15.19.4.гадаадын сургалтын байгууллагад зээлээр суралцсан төгсөгч мэргэжлээрээ гадаадад 3 хүртэл жил ажиллаж болох бөгөөд энэ нь зээлийн эргэн төлөлтийн хугацаа, хуваарийг өөрчлөх үндэслэл болохгүй;

15.19.5.төгсөгч жирэмсний болон амаржсаны амралт, хүүхэд асрах чөлөө, өөрийн хүнд өвчин, гамшиг, осол, заавал хаах цэргийн алба болон өөрөөс үл хамаарах бусад хүндэтгэн үзэх шалтгааны улмаас ажиллах үүргээ түр биелүүлэх боломжгүй болсон бол нотлох баримтад үндэслэн тухайн хугацааг үүргийн зөрчилд тооцохгүй бөгөөд гэрээний хугацааг уг хугацаагаар сунгана.

15.20.Энэ журмын 3.24, 4.9, 5.2.4, 7.6, 8.3, 9.10.1–9.10.3, 10.5-д заасан төгсөгчийн ажиллах үүргийн хугацаа, биелэлт болон буцаан төлөх дүнг дараах байдлаар тооцно:

15.20.1.энэ журмын 15.20.7-д зааснаас бусад тохиолдолд ажиллах хугацааг тухайн заалтад тогтоосон суурь хугацаанаас бодитоор авсан тэтгэлгийн хугацаа, хувь хэмжээнд дүйцүүлэн тооцно.

15.20.2.тэтгэлгийн харьцааг тэтгэлэг олгосон улирал бүрийн хувь хэмжээний нийлбэрийг хөтөлбөрийн хэвийн нийт улирлын тоонд хувааж тооцно. Энэ тооцоонд 100 хувийн тэтгэлгийг 1.0, 70 хувийн тэтгэлгийг 0.7 гэж тооцно.

15.20.3.тэтгэлэг бодитоор олгоогүй хугацааг тэтгэлэг авсан хугацаанд оруулахгүй. Гэрээ түдгэлзсэн хугацаанд тэтгэлэг олгосон бол тухайн хугацаанд бодитоор олгосон тэтгэлгийн хугацаа, хувь хэмжээгээр тооцно. Энэ журмын 15.20-д зааснаар тооцсон ажиллах хугацааг бүтэн сараар дээш бүхэлчилнэ.

15.20.4.тэтгэлэг тасалдсаны дараа суралцагч өөрийн хөрөнгөөр сургалтаа төгсөж, тооцсон ажиллах үүргээ биелүүлсэн бол өмнө олгосон тэтгэлгийг буцаан төлүүлэхгүй.

15.20.5. Ажиллах үүргийг хэсэгчлэн биелүүлсэн бол буцаан төлөх дүнг дараах томьёогоор тооцно:

БТД = ОТД × (БХ ÷ НХ). Үүнд:

БТД — буцаан төлөх дүн;
ОТД — бодитоор олгосон тэтгэлгийн нийт дүн;
БХ — биелүүлээгүй ажиллах хугацаа, сараар;
НХ — энэ журмын 15.20-д зааснаар тооцсон нийт ажиллах үүргийн хугацаа, сараар.

15.20.6.ажиллах үүргээ биелүүлээгүй бол бодитоор олгосон тэтгэлгийг бүрэн, хэсэгчлэн биелүүлсэн бол 15.20.5-д зааснаар тооцсон дүнг буцаан төлүүлнэ.

15.20.7.энэ журмын 3.24, 5.2.4-т заасан 5 жилийн болон 9.10.2-т заасан 3 жилийн ажиллах үүргийн хугацааг тэтгэлэг олгосон хугацаа, хувь хэмжээ, санхүүжилтийн хэмжээнд дүйцүүлэн бууруулахгүй. Ажиллах үүргийг хэсэгчлэн биелүүлсэн бол буцаан төлөх дүнг бодитоор олгосон тэтгэлгийн нийт дүн болон биелүүлээгүй хугацаанд үндэслэн энэ журмын 15.20.5-д заасан томьёогоор тооцно

15.21.Гэрээний тал өөрийн хүлээсэн үүргийг бүрэн биелүүлсэн тухай нотлох баримтыг санд ирүүлнэ. Сан бүрэн баримт хүлээн авснаас хойш ажлын 30 өдрийн дотор санхүүжилт, тайлагнал, ажиллах үүрэг, зээлийн эргэн төлөлт, барьцаа, батлан даалт, даатгал болон бусад үүргийн биелэлтийг хянан дүгнэж, гэрээ дүгнэсэн баримт үйлдэнэ. Үүрэг бүрэн биелсэн бол барьцаа, батлан даалтыг чөлөөлөх, холбогдох баримт бичгийг буцаан олгох, зээлийн мэдээллийг шинэчлэх арга хэмжээг хуульд заасан хугацаанд авч, гэрээ дуусгавар болсныг талуудад мэдэгдэнэ. Үлдэгдэл үүрэгтэй бол үүргийн төрөл, хэмжээ, биелүүлэх хугацааг тодорхойлсон мэдэгдлийг хүргүүлнэ.

15.22.Хуульд өөрөөр заагаагүй бол энэ журмын нэмэлт, өөрчлөлтийг хүчин төгөлдөр болохоос өмнө байгуулсан гэрээгээр суралцагчийн олж авсан эрх, баталгаажсан санхүүжилт, зээлийн нөхцөл, эргэн төлөлт, үндсэн төлбөрөөс чөлөөлөх хугацаа болон бусад нөхцөлийг дордуулах байдлаар буцаан хэрэглэхгүй.

Арван зургаа. Суралцагч, сургалтын байгууллага,

сангийн эрх, үүрэг

16.1.Суралцагч дараах эрх, үүрэгтэй байна:

16.1.1.тэтгэлэг, зээл, буцалтгүй тусламжийн хүсэлт гаргах;

16.1.2.Сангийн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг энэ журмын 18.8 болон холбогдох хууль тогтоомжид заасны дагуу гаргах;

16.1.3.гэрээний үүргээ биелүүлэхийг сан болон сургалтын байгууллагаас шаардах;

16.1.4.энэ журамд заасан баримт бичиг, мэдээллийг бүрэн, үнэн зөв, хүчин төгөлдөр байдлаар бүрдүүлж, тогтоосон хугацаанд хүргүүлэх;

16.1.5.суралцагчаас үл хамаарсан шалтгаан, сургалтын хөтөлбөрийн залгамж холбоо болон хүндэтгэн үзэх бусад үндэслэлээр сургалтын байгууллага, хөтөлбөр, мэргэжлийн чиглэлээ өөрчлөх бол энэ журмын 15.10-д заасны дагуу Сангаас урьдчилан зөвшөөрөл авах;

16.1.6.гэрээний биелэлтийг дүгнэхэд санг шаардлагатай мэдээллээр хангах;

16.1.7.гэрээ болон энэ журмаар хүлээсэн санхүүжилтийн зарцуулалт, тайлагнал, мэдээлэх, эргэн төлөх, ажиллах болон бусад үүргээ биелүүлэх;

16.1.8.сургалтын байгууллагын албан ёсны төгсөлтийн бүртгэл хийгдсэн, эсхүл төгссөнийг нотлох баримт бичиг олгосон өдрөөс хойш хоёр сарын дотор диплом, холбоо барих хаяг болон гэрээнд заасан бусад мэдээллийг өөрөө, эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан Санд бүртгүүлэх;

16.1.9.тэтгэлэгээр тэтгэлгээр суралцагч энэ журмын 3.24, 4.9, 5.2.4, 7.6, 8.3, 9.10, 10.5 болон гэрээнд заасан хугацаа, байршил, мэргэжлийн чиглэлээр ажиллах үүргээ биелүүлэх;

16.1.10.тэтгэлгээр суралцагч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан хугацаанд сургуулиа төгсөөгүй бөгөөд гэрээг энэ журмын 15.15-т заасны дагуу цуцалсан бол гэрээ дүгнэсэн тооцоонд үндэслэн санхүүжилтийг 15.16.2-т заасан хугацаанд буцаан төлөх.

16.2.Дотоодын сургалтын байгууллага дараах эрх, үүрэгтэй байна:

16.2.1.тогтоосон хугацаанд санхүүжилт шилжүүлэхийг сангаас шаардах;

16.2.2.сан болон суралцагчаас гэрээний үүргээ биелүүлэхийг шаардах;

16.2.3.суралцагч гэрээний үүргээ биелүүлээгүй бол зөрчлийн үндэслэл, нотлох баримтыг хавсарган гэрээг түдгэлзүүлэх, эсхүл цуцлах саналыг санд хүргүүлж, энэ тухай суралцагчид нэгэн зэрэг мэдэгдэх;

16.2.4.суралцагчийн тэтгэлэг, зээл, сургалтын төлбөрийн хөнгөлөлт, буцалтгүй тусламж хүссэн хүсэлтийг хүлээн авч, баримт бичгийн бүрдэл, мэдээллийн нийцлийг шалган, тогтоосон хугацаанд санд уламжлах, хүсэлтийг уламжилсан тухай суралцагчид цахимаар мэдэгдэх;

16.2.5.хяналтын тоонд багтсан суралцагчийн мэдээллийг төрөлжсөн сангийн нэгдсэн болон боловсролын мэдээллийн системд бүртгэж, суралцагчийн шилжилт хөдөлгөөн, чөлөө, хасалт, төгсөлт болон сургалтын төлөвт орсон өөрчлөлтийг мэдсэнээс хойш ажлын 3 өдрийн дотор шинэчлэх;

16.2.6.суралцагчийн голч дүн, багц цаг, сургалтын төлөв болон санхүүжилтэд шаардлагатай мэдээллийг боловсролын удирдлага, мэдээллийн системд үнэн зөв бүртгэж, улирал тутам шинэчлэх; хувийн мэдээллийг энэ журмын 1.12 болон хуульд заасан үндэслэл, зорилгын хүрээнд Санд хүргүүлж, олон нийтэд зөвхөн нэгтгэсэн, хувь хүнийг тодорхойлох боломжгүй хэлбэрээр мэдээлэх;

16.2.7.гэрээний хэрэгжилтийг дүгнэх, санхүүжилтийн үндэслэлийг баталгаажуулахад хууль, энэ журам, гэрээнд заасан мэдээллийг тогтоосон хугацаанд санд гаргаж өгөх, хяналт, үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлэх;

16.2.8.гурван талт гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж, суралцагчийн сургалтын төлөв, санхүүжилтийн зарцуулалт болон гэрээний биелэлтэд хяналт тавих;

16.2.9.гэрээний хэрэгжилтийн хагас жилийн тайланг тухайн жилийн 7 дугаар сарын 10-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн дотор санд хүргүүлэх.

16.3.Сан дараах эрх, үүрэгтэй байна:

16.3.1.дотоодын сургалтын байгууллагаас ирүүлсэн хүсэлт, баримт бичгийг хүлээн авах, хянах, шаардлага хангаагүй суралцагчийг хасах;

16.3.2.суралцагч болон энэ журмын 15.1-д заасан гэрээний холбогдох бусад талтай гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилтэд хяналт тавих;

16.3.3.санхүүжилтийг гэрээнд заасны дагуу шилжүүлэх;

16.3.4.гэрээ болон энэ журамд заасан үүргээ хугацаанд нь биелүүлэхийг суралцагч, сургалтын байгууллага болон гэрээнд үүрэг хүлээсэн бусад этгээдээс шаардах;

16.3.5.гэрээний хэрэгжилтэд хяналт тавьж, санхүүжилтийн хугацаа тус бүрээр үнэлгээ хийх, үнэлгээний үр дүн болон авах арга хэмжээний талаар суралцагч, сургалтын байгууллагад бичгээр, эсхүл цахимаар мэдэгдэх;

16.3.6.гэрээний үүргийн зөрчил үүссэн бол энэ журмын 15 дугаар бүлэгт заасан үндэслэл, ажиллагааны дагуу суралцагчид урьдчилан мэдэгдэж, тайлбар гаргах боломж олгосны үндсэн дээр санхүүжилтийг түдгэлзүүлэх, зогсоох, илүү олгосон санхүүжилтийг суутгах, эсхүл эргэн төлүүлэх;

16.3.7. санхүүжилтийн төрөл, эх үүсвэр, олголт, зарцуулалт, эргэн төлөлт, гэрээний хэрэгжилт, тухайн тайлант хугацаанд байгуулсан, түдгэлзүүлсэн, сунгасан, цуцалсан болон дуусгавар болгосон гэрээний тоо, төрөл, санхүүгийн үр дагаврын талаарх хагас жилийн тайланг тухайн жилийн 7 дугаар сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн дотор боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлэх;

16.3.8.сонгон шалгаруулалт, гэрээ, санхүүжилт, зээлийн эргэн төлөлт, төгсөгчийн хөдөлмөр эрхлэлт болон бусад эх үүсвэрийн хөтөлбөрийн бүртгэл, хяналт, тайлагналын мэдээллийн нэгдсэн цахим системийн хэвийн ажиллагаа, аюулгүй байдал, хөгжүүлэлтийг хариуцах. Уг системийг хуульд заасан үндэслэл, шаардлагатай хүрээнд төрийн мэдээллийн бусад системтэй холбож, мэдээллийг тулган шалгана. Хуульд нээлттэй байхаар заасан мэдээллийг цахим хуудсанд нийтэлж, суралцагчийн хувийн хэрэг болон бусад хувийн мэдээллийг энэ журмын 1.12-т заасны дагуу боловсруулах, хадгалах, архивт шилжүүлэх, эсхүл устгах;

16.3.9.бусад эх үүсвэрийн санхүүжүүлэгчтэй хуульд нийцүүлэн гэрээ байгуулах, гэрээний хэрэгжилт, зарцуулалтыг гэрээнд заасан хугацаанд тайлагнах;

16.3.10.тэтгэлгээр суралцсан төгсөгчийн мэргэжлийн чиглэл, боловсролын түвшин, ажиллах үүрэг, хөдөлмөр эрхлэлт, ажилласан хугацааны бүртгэл хөтлөх, төрийн захиргааны төв байгууллага, Төрийн албаны зөвлөл, аймаг, нийслэлийн Засаг дарга, ажил олгогч, мэргэжлийн холбоотой хүний нөөцийн хэрэгцээ, сул ажлын байр болон сонгон шалгаруулалтын нийтэд нээлттэй мэдээлэл солилцож, төгсөгчид мэдээлэл, мэргэшлийн зөвлөгөө өгөх, ажил олгогчтой холбоход дэмжлэг үзүүлэх,  төрийн албанд ажиллах үүрэгтэй төгсөгчийн хөдөлмөр эрхлэлт, төрийн албаны хүний нөөцийн хэрэгцээ, сул орон тооны хувийн мэдээлэл агуулаагүй нэгтгэсэн мэдээллийг Төрийн албаны зөвлөлд жил бүр хүргүүлэх. Энэ нь төгсөгчийг төрийн албан тушаалд шууд томилох, сонгон шалгаруулалтаас чөлөөлөх, эсхүл давуу эрх олгох үндэслэл болохгүй.

Арван долоо. Бусад эх үүсвэр, хамтарсан санхүүжилт

17.1.Бусад эх үүсвэрийн санхүүжилтийг холбогдох хууль тогтоомжийн дагуу Санд төвлөрүүлж, эх үүсвэр, санхүүжүүлэгч, хөтөлбөр тус бүрээр бүртгэн, батлагдсан төсөв, гэрээнд заасан зориулалтаар зарцуулна.

17.2.Гадаад, адаад, дотоодын хуулийн этгээд, олон улсын болон төрийн бус байгууллага, иргэн, бусад санхүүжүүлэгчийн хөрөнгөөр зорилтот тэтгэлэг, ажил олгогчийн захиалгат хөтөлбөр болон хуульд зөвшөөрсөн бусад санхүүжилтийг хэрэгжүүлж болно. Эх үүсвэр, хэмжээг эрх бүхий этгээдийн шийдвэр, батлагдсан төсөв, эсхүл хөрөнгө шилжүүлэх үүргийг нотлох баримтаар баталгаажуулна. Сан хөрөнгө хүлээн авахаас өмнө санхүүжүүлэгчтэй энэ журмын 17.3-т заасан гэрээ байгуулах бөгөөд санамж бичиг уг гэрээг орлохгүй.

17.3.Энэ журмын 17.2-т заасан гэрээнд дараах зүйлийг тусгана:

17.3.1.санхүүжилтийн хэмжээ, эх үүсвэр, валют, зориулалт, хугацаа, шилжүүлэх хуваарь, валют хөрвүүлэх ханш, огноо, шимтгэл, зардал хариуцах тал; хамтарсан санхүүжилттэй бол эх үүсвэр тус бүрийн хэмжээ, харьцаа, талуудын хариуцах зардал;

17.3.2.хөтөлбөрийн зорилго, хамрах хүрээ, санхүүжилтийн төрөл, хяналтын тоо, нэг суралцагчид олгох дээд хэмжээ, хугацаа, давтамж, суралцагчид тавих нийтлэг болон тусгай шаардлага. Тусгай шаардлага нь энэ журамд заасан нийтлэг шаардлагыг зөрчихгүй, сулруулахгүй бөгөөд хуульд заагаагүй ялгаварлан гадуурхсан нөхцөл агуулахгүй байх;

17.3.3.сонгон шалгаруулалт зохион байгуулах, шийдвэр гаргах тал, шалгуур, үнэлгээ, эрэмбэлэлт, дүн мэдэгдэх хугацаа, гомдол гаргах журам;

17.3.4.талуудын эрх, үүрэг, хариуцлага, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хөтөлбөрийн үр дүнг үнэлэх, хянах, тайлагнах, аудит хийх нөхцөл;

17.3.5.санхүүжүүлэгчид хүргүүлэх мэдээллийн төрөл, зорилго, хүрээ болон хувийн мэдээллийг энэ журмын 1.12-т нийцүүлэн боловсруулах эрх зүйн үндэслэл, хадгалах хугацаа, хүлээн авагч, дамжуулах нөхцөл;

17.3.6.ашиглаагүй, илүү олгосон, зориулалт бусаар зарцуулсан хөрөнгийг буцаах, гэрээг өөрчлөх, цуцлах, дуусгавар болгох, шилжилтийн арга хэмжээ авах, хохирол барагдуулах болон маргаан шийдвэрлэх нөхцөл.

17.4.Сонгон шалгаруулалтыг Сан зохион байгуулах бол энэ журмын 14 дүгээр бүлгийг баримтална. Санхүүжүүлэгч зохион байгуулсан бол холбогдох журам, үнэлгээ, шийдвэр, мэдэгдэл, нотлох баримтыг Санд ирүүлнэ. Сан бүрэн баримтыг хүлээн авснаас хойш ажлын 10 өдрийн дотор хууль тогтоомж, энэ журам, гэрээнд нийцсэн эсэхийг хянаж, зөрчилтэй бол баталгаажуулахгүйгээр үндэслэлийн хамт буцаана.

17.5.Ашиглаагүй үлдэгдэл, зорилтот зээлийн эргэн төлөлт, илүү олгосон, зориулалт бусаар зарцуулсан болон гэрээ цуцалснаар буцаасан хөрөнгийг эх үүсвэр, санхүүжүүлэгч, хөтөлбөр, зориулалт, төсвийн бүртгэлийн төрлөөр тусад нь бүртгэнэ. Уг хөрөнгийг хууль тогтоомж, батлагдсан төсөв, гэрээнд нийцүүлэн зорилтот хөтөлбөрт дахин зарцуулах, Санд үлдээх, эсхүл санхүүжүүлэгчид буцаана.

17.6.Ажил олгогчийн захиалгат хөтөлбөрийн гэрээнд төгсөгчийн ажиллах байгууллага, ажлын чиглэл, хугацаа, цалин хөлс, үүрэг зөрчсөний үр дагаврыг тусгана. Суралцагчаас хөдөлмөр эрхлэх болон ажлын байр сонгох эрхийг үндэслэлгүй хязгаарласан нөхцөл хүлээн зөвшөөрөхийг шаардахгүй.

17.7.Энэ журмын 17.2-т заасан гэрээ дуусгавар болсон нь суралцагчийн баталгаажсан эрхийг шууд зогсоох үндэслэл болохгүй. Сан энэ тухай мэдсэнээс хойш ажлын 15 өдрийн дотор суралцагчийн эрх, олгосон болон үлдэх санхүүжилт, хөтөлбөрийг үргэлжлүүлэх боломжид үзүүлэх нөлөөг үнэлж, шилжилтийн нөхцөлийг санхүүжүүлэгчтэй шийдвэрлэн суралцагчид мэдэгдэнэ. Энэ нь баталгаажаагүй санхүүжилтийг улсын төсөв, эсхүл Сангаас нөхөн олгох үүрэг үүсгэхгүй.

Арван найм. Бусад

18.1.Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ журмын хэрэгжилт, санхүүжилтийн үр дүн, гэрээний биелэлтэд, санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төсөв, санхүүжилт, нягтлан бодох бүртгэл, тайлагнал, хөрөнгийн зарцуулалтад тус тусын чиг үүргийн хүрээнд хяналт тавина. Хяналтаар илэрсэн зөрчлийг арилгуулах хугацаатай үүрэг, зөвлөмж өгч, хэрэгжилтийг хянана.

18.2.Гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Сантай хамтран гадаадад анх удаа суралцах суралцагчид зориулсан чиглүүлэг, зөвлөмжийг боловсруулж, шинэчлэх бөгөөд суралцагчийг цахим, эсхүл танхимын хэлбэрээр хамруулж, танилцсаныг баталгаажуулна. Чиглүүлэг, зөвлөмжид тухайн улсын хууль тогтоомж, соёл, зан заншил, хувийн аюулгүй байдал, эрүүл мэнд, болзошгүй эрсдэл болон онцгой нөхцөлд авах арга хэмжээ, Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар, консулын байгууллага болон тухайн улсын яаралтай тусламжийн байгууллагатай холбоо барих суваг, суралцагчтай холбоо тасарсан, сураггүй болсон, эсхүл тусламж шаардлагатай үед мэдээлэх дараалал, консулын тусламж авах нөхцөлийг тусгана. Суралцагч оршин суух хаяг, холбоо барих мэдээлэл, сургалтын байгууллага болон яаралтай үед холбоо барих хүний мэдээллийг бүртгүүлж, өөрчлөгдсөн тухай бүр шинэчилнэ.

18.3.Энэ журмыг хэрэгжүүлэгч байгууллага суралцагч сураггүй болсон, эсхүл түүнтэй холбоо тогтоох боломжгүй болсон тухай мэдээлэл авмагц Сан болон гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад нэн даруй мэдэгдэнэ. Сан, тус байгууллага болон холбогдох дипломат төлөөлөгчийн буюу консулын газар сургалтын байгууллага, яаралтай үед холбоо барих этгээдтэй холбоо тогтоож, суралцагчийн байршил, нөхцөл байдлыг тодруулах, шаардлагатай бол тухайн улсын эрх бүхий байгууллагад эрэн хайх, тусламж үзүүлэх хүсэлт гаргах болон консулын тусламж үзүүлэх арга хэмжээг чиг үүргийнхээ хүрээнд авна.

18.4.Сан энэ журмын хэрэгжилттэй холбоотой хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хуульд заасан хугацаа, журмаар биелүүлж, тогтоогдсон зөрчил, шалтгааныг арилгана. Шийдвэрийн дагуу гэрээг сэргээх, өөрчлөх, эсхүл асуудлыг дахин шийдвэрлэж, талуудад мэдэгдэх бөгөөд шүүх гэрээний нөхцөлийг өөрчлөхийг шууд даалгасан бол 15.10.4-т заасан харилцан тохиролцох шаардлага хамаарахгүй. Аудитын дүгнэлт, зөвлөмжөөр гэрээ өөрчлөх шаардлагатай бол хууль зүйн үндэслэл, талуудын эрх, үүрэгт үзүүлэх нөлөөг үнэлж, 15.10.4, 15.22-т зааснаар шийдвэрлэх бөгөөд гэрээг нэг талын шийдвэрээр өөрчлөх, суралцагчийн эрх зүйн байдлыг дордуулахгүй. Сан шүүх, аудитын шийдвэр, дүгнэлт, зөвлөмжийг хэрэгжүүлэх арга хэмжээ, хариуцах нэгж, хугацаа, тайлагналыг төлөвлөж, хэрэгжилтийг бүртгэнэ.

18.5.Гэрээ байгуулах, хэрэгжүүлэх, өөрчлөх, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, дуусгавар болгох, цуцлахтай холбоотой энэ журамд заагаагүй бусад асуудлыг Иргэний хуульд заасны дагуу зохицуулна. Сонгон шалгаруулалт зохион байгуулах, санхүүжилт олгох, татгалзах, түдгэлзүүлэх, зогсоох болон бусад захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд Захиргааны ерөнхий хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийг баримтална.

18.6.Энэ журам болон гэрээнд заасан үүргээ зөрчсөн, эсхүл хувийн мэдээллийг хууль бусаар цуглуулсан, боловсруулсан, ашигласан, дамжуулсан суралцагч, сургалтын байгууллага, сан, санхүүжүүлэгч, гэрээний бусад оролцогч болон албан тушаалтан зөрчлийн шинж, үр дагавраас хамааран гэрээ болон холбогдох хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ.

18.7.Суралцагч, төгсөгч, сургалтын байгууллага болон бусад оролцогч сангийн шийдвэр, үйл ажиллагаатай холбоотой өргөдөл, гомдлыг хуульд заасан журмаар гаргах эрхтэй. Гэрээний маргааныг талууд харилцан тохиролцож шийдвэрлэх бөгөөд тохиролцоогүй бол харьяалах шүүхээр шийдвэрлүүлнэ. Захиргааны шийдвэртэй холбоотой гомдлыг захиргааны журмаар, эсхүл харьяалах захиргааны хэргийн шүүхэд гаргана.

 

Журмын 1 дүгээр хавсралт

ГАДААДЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГАД СУРАЛЦАХ ХҮСЭЛТ ГАРГАГЧИЙН 100 ОНООНЫ ҮНЭЛГЭЭНИЙ АРГАЧЛАЛ

Үзүүлэлт

Тэмдэглэгээ

Хүрээ

Оноо

Томьёо/тайлбар

THE-ийн ерөнхий эрэмбэд сургалтын байгууллагын эзэлсэн байр

R

1–300

1–30

R – сонгон шалгаруулалт зарласан өдөр нийтэд мэдээлсэн THE-ийн хамгийн сүүлийн ерөнхий эрэмбэд сургалтын байгууллагын эзэлсэн байр.

Ерөнхий эрэмбийн оноо:

S₁ = 30 − ((R − 1) × 29/299),   1 ≤ R ≤ 300

R = 1 үед S₁ = 30.00, R = 300 үед S₁ = 1.00 оноо байна.

R > 300, эсхүл ерөнхий эрэмбэд багтаагүй сургалтын байгууллага нь энэ журмын 2.2.5-д заасан шаардлага хангахгүй тул үнэлгээнд оруулахгүй.

Сургалтын байгууллагаас сургалтын төлбөрт олгосон тэтгэлгийн хувь

F, A, P

0–100%

0–40

F – үнэлгээний хугацаанд хамаарах сургалтын нийт төлбөр;

A – сургалтын байгууллагаас тухайн төлбөрт олгосон тэтгэлгийн дүн;

P = min(100, 100 × A/F);

S₂ = 0.40 × P.

F = 0 бол P-ийг сургалтын байгууллагын албан ёсоор баталгаажуулсан тэтгэлгийн хувиар тогтоох бөгөөд хувь заагаагүй бол P = 0 гэж тооцно. Амьжиргааны зардал болон сургалтын төлбөрт хамаарахгүй бусад зардлын хөнгөлөлтийг A-д оруулахгүй.

Монгол хэл, бичгийн шалгалтын хэмжээст оноо

M, B, Mmax

0–Mmax

0–30

M – хүсэлт гаргагчийн хүчинтэй Монгол хэл, бичгийн шалгалтын хэмжээст оноо;

B – тухайн шалгалтын албан ёсоор тогтоосон босго оноо;

Mmax – тухайн шалгалтын албан ёсны дээд оноо.

Монгол хэл, бичгийн шалгалтын оноо:

S₃ = 0,   M < B

S₃ = 30 × (M − B)/(Mmax − B),   B ≤ M ≤ Mmax

M = Mmax үед S₃ = 30.00 оноо байна. Хүчинтэй оноо нотлоогүй бол S₃ = 0 гэж тооцно.

Тайлбар:

  1.  Энэ аргачлалыг энэ журмын гадаадын сургалтын байгууллагад бакалаврын хөтөлбөрөөр суралцах хүсэлт гаргагчийг үнэлэхэд хэрэглэнэ. Нийт оноо S = S + S + S байх бөгөөд S нь 30, S нь 40, S нь 30 хүртэл, нийт 100 хүртэл оноо байна.
  2. THE-ийн ерөнхий эрэмбийг сонгон шалгаруулалт зарласан өдөр нийтэд мэдээлсэн хамгийн сүүлийн эрэмбээр тогтооно. Байрыг интервалаар нийтэлсэн бол дээд хязгаарыг R-д авна. Дээд хязгаар 300-аас их, эсхүл сургалтын байгууллага ерөнхий эрэмбэд багтаагүй бол 2.2.5-д заасан шаардлага хангаагүйд тооцож, үнэлэхгүй.
  3. Үнэлэх төлбөрийн хугацааг сонгон шалгаруулалтын зарт урьдчилан тогтоож, тухайн ижил хугацааны F, A-ийг сургалтын байгууллагын албан ёсны төлбөр, тэтгэлгийн баримтаар тогтооно. Тэтгэлгийн зориулалт тодорхойгүй бол сургалтын төлбөрт хамаарахыг сургалтын байгууллагаас баталгаажуулсан хэсгийг A-д тооцно.
  4. Монгол хэл, бичгийн шалгалтын M оноог эрх бүхий байгууллагын мэдээллийн сан, эсхүл хүчинтэй батламжаар, B болон Mmax-ийг сонгон шалгаруулалт зарласан өдөр мөрдөж байгаа албан ёсны босго, дээд оноогоор тогтооно.
  5. F, A-ийг өөр валютаар илэрхийлсэн бол хүсэлт хүлээн авах сүүлийн өдрийн Монголбанкны албан ханшаар ам.долларт хөрвүүлнэ. Шууд ханш нийтлээгүй бол төгрөгийн албан ханшийн харьцаагаар хөндлөн ханш тооцож, F, A-д нэг огнооны ханш хэрэглэнэ.
  6. Оноог эх өгөгдлийн бүрэн нарийвчлалаар тооцож, S, S, S тус бүрийг аравтын бутархайн хоёр орноор тоймлоно. Нийт оноог тэдгээрийн нийлбэрээр хоёр орны нарийвчлалтай гаргана. F > 0, A F бол P = 100 гэж тооцно.
  7. Нийт оноо тэнцвэл энэ журмын 14.8-д заасан дарааллыг баримтална. Өөр шатлалтай шалгалтын оноо, өмнөх боловсролын голч дүнг сонгон шалгаруулалтын зарт нийтэлсэн хүснэгтээр ижил шатлалд хөрвүүлнэ. Мэдээлэл хуурамч, зөрүүтэй нь тогтоогдвол холбогдох заалтын дагуу оноо, эрэмбийг дахин хянаж, шаардлага хангахгүй бол жагсаалтаас хасна.