Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2020 оны 4 дүгээр сарын мэдээ

A- A A+
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны үйл ажиллагааны 2020 оны 4 дүгээр сарын мэдээ

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 4 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

  1. “Төрийн өмчит их дээд сургуулийн харьяа сургууль байгуулах журам”-ыг 4 дүгээр сарын 22-ны өдрийн ЗГ-ын хуралдаанаар батлуулав.

  2. Алсын хараа-2050, Монгол улсын урт хугацааны хөгжлийн  үзэл баримтлалын зорилт, үйл ажиллагаа, шалгуур үзүүлэлтийн сүүлийн хувилбарын агуулга, томьёоллыг сайжруулах саналыг дахин боловсруулж Ажлын хэсэгт 4 дүгээр сарын 23-нд хүргүүлсэн.

  3. Засгийн газрын “Шинжлэх ухааны академийн дүрэмд өөрчлөлт оруулах тухай тогтоолыг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн ЗГ-ын хуралдаанаар батлуулсан.

  4. Музейн тухай болон дагаж өргөн мэдүүлэх хуулийн төслүүдийг боловсруулж Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 08 -ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихаар тогтлоо.  Музейн хуультай болсноор музейн үйл ажиллагаа эрхлэх эрх зүйн үндсийг тогтоож, сан хөмрөг бүрдүүлэх, аюулгүй байдлыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулах эрх зүйн орчин бүрдэх юм.

  5. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийг үндэслэн “Соёл, урлагийг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах, түүнд хяналт тавих журам” батлах тухай Засгийн газрын тогтоолыг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Энэхүү журмыг хууль тогтоомжийн нэгдсэн мэдээллийн www.legalinfo.mn (https://www.legalinfo.mn/annex/details/10931?lawid=15252) цахим санд байршуулсан болно.

  6. “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв” байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төслийг Сайдын 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 1А/2189 тоот албан бичгээр ЗГХЭГ-т хүргүүлсэн бөгөөд Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар тус төвийг байгуулахаар шийдвэрлэв. Энэхүү төв нь судалгаа шинжилгээ, туршилт хийх, сургалт дасгалжуулалтын шинэ арга барил нэвтрүүлэх, үндэсний шигшээ багийн тамирчдаас бэлтгэлжилтийн түвшин тогтоох сорил авах, биеийн тамирын арга зүйч, дасгалжуулагчдад сургалт зохион байгуулахаас гадна биеийн тамир, спортоор хичээллэгч иргэд, олон нийт, тамирчдад спортын анагаах ухааны лавлагаа тусламж, спортын гэмтлийг эмчлэх, нөхөн сэргээх үйлчилгээг амбулатори хэлбэрээр үзүүлэх юм.   

  7. “Техникийн боловсролыг бакалаврын боловсролд дүйцүүлэх” журмын төслийг 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр ХНХ-ын яам, БСШУС-ын яамны хамтарсан Ажлын хэсгийн уулзалтаар хэлэлцүүллээ. БСШУС-ын яамны зүгээс журмын төсөлд тодорхой санал/Техникийн болон Мэргэжлийн боловсрол эзэмшсэн иргэд их, дээд сургуульд элсэн суралцах нөхцөлд нэг хичээлээр ЭЕШ өгөхөөр/-ыг 2020 оны 4 дүгээр сарын 30-нд 1а/2713 тоот албан бичгээр ХНХ-ын яаманд хүргүүлэв.

  8. ”Чухал ач холбогдол бүхий ганц хувь бүтээл хадгалагдаж байгаа хувийн номын санд дэмжлэг үзүүлэх журам”-ыг Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгүүлэн хууль тогтоомжийн нэгдсэн мэдээллийн www.legalinfo.mn (https://www.legalinfo.mn/annex/ details/10905?lawid=15227/) цахим санд байршууллаа.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   

  1. БСШУС-ын сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2019 оны А/626 дугаар тушаалаар байгуулагдсан иргэний ёс зүйн боловсролын сурах бичиг бичих Ажлын хэсэгт “Иргэний ёс зүйн боловсрол” сургалтын хөтөлбөрийн үзэл баримтлал, агуулга танилцуулах 3 өдрийн уулзалт зохион байгууллаа. Уулзалтаар мөн зохиогчдын сурах бичгийн нооргийг сургалтын хөтөлбөрийн агуулгатай нийцэж буй эсэх талаар зөвлөмж өглөө.

  2. ЕБС-ийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэх бэлтгэл ажлын төлөвлөгөөний дагуу нийслэлийн төрийн өмчийн 131 сургуульд судалгаа хийж, тайлан мэдээллийг гаргалаа. Судалгаагаар судалгаанд хамрагдсан сургуулийн 52.3% (79) нь зориулалтын гал тогоотой, 42.3% (64) нь зориулалтын бус гал тогоотой, 5.2% (8) нь огт гал тогоогүй байна. Үйл ажиллагааны хэлбэрийн хувьд 105 сургуулийн байранд 122 цайны газар түрээсийн хэлбэрээр үйл ажиллагаа явуулдаг, 18 сургууль цайны газраа өөрөө хариуцан ажилладаг бөгөөд үүнд 21 цайны газар ажиллаж байна.  Дээрх сургуулиудаас гал тогооны тоног төхөөрөмж байхгүй сургуулийн тоо 71, шаардлагатай тоног төхөөрөмж хангалтгүй 56 сургууль байсан бол 24 сургууль иж бүрэн тоног төхөөрөмжөөр хангагдсан байна.

  3. Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох “Хөдөлмөр сургалтын танхим” туршилтын төслийг хэрэгжүүлэх удирдамж батлах тухай ХНХ-ын сайд, БСШУС-ын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 06-ний өдрийн А/88, А/178 дугаар хамтарсан тушаал гаргалаа. Энэхүү туршилтын төсөл нь ЕБС-ийн 8-12 дугаар ангийн суралцагчдад ажил, мэргэжлийн чиг баримжаа, хөдөлмөрийн анхан шатны ур чадвар олгох, хөдөлмөрт бэлтгэх, гарын ур дүйг хөгжүүлэн дэмжих, дадлагажуулах үйл ажиллагааг зохион байгуулах орчин нөхцөл бүхий танхимыг төрийн болон орон нутгийн өмчийн сургуулиас ирүүлсэн саналд үндэслэн сонгон шалгаруулж байгуулах юм. 

  4. Яамны албан ёсны вэб сайт болон пэйж хуудас, бусад мэдээллийн сайт, хэрэгслүүдээр цаг үеийн мэдээллүүдийг шуурхай хүргэж, байгууллагын ил тод байдлыг ханган хэвлэл мэдээллийн байгууллагаас тавьсан асуултад газар, хэлтсийн удирдлагууд 20 гаруй удаагийн яриа, тодруулга өгсөн. Ийгл телевизээс тавьсан хүсэлтийн дагуу “Боловсрол медиа экспо” төсөлд хамтран ажиллах, мэдээллээр хангах ажлыг эхлүүллээ. БСШУС-ын яамны албан ёсны www.mecss.gov.mn цахим хуудасны яам, яамны газар хэлтэс цэсийн мэдээллийг бүрэн шинэчлэв.

  5. Ерөнхий боловсролын сурах бичгийн нөхөн хангалтаар хэвлэн нийлүүлэх зардлыг БСШУС-ын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 23-ний өдрийн А/205, А/206 дугаар “Зардал батлах тухай” тушаалаар баталлаа.

  6. Европын аюулгүй байдлын хамтын ажиллагааны үндэсний цөөнхийн асуудал хариуцсан дээд комиссарт Төв Азийн боловсролын хөтөлбөртэй хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтийг сайдын 2020 оны 1а/2450 албан тоот /"Хүсэлт гаргах тухай"/ бичгээр илгээв. 

  7. Гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын харьяат хүүхдүүдэд Монгол хэл, үндэсний соёл, ёс заншлын сургалт явуулдаг багш нарт зориулсан цахим сургалт, онлайн хэлэлцүүлгийг 4 дүгээр сарын 18-ний өдөр болон 25-ний өдөр 2 удаа амжилттай зохион байгуулж тэдний санал бодлыг сонсож яамны бодлого, үйл ажиллагааг танилцууллаа. ХБНГУ, АНУ, Белги, Франц, Англи, Австри, Швед, БНСУ, Япон зэрэг улс орноос 30 гаруй багш онлайн хэлэлцүүлэгт оролцож санал бодлоо солилцсон байна.

  8. Монгол Улсын Ерөнхий сайдын дэргэдэх Соёл, урлагийн үндэсний зөвлөлөөс өгсөн чиглэлийн дагуу цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдээллийн сувгаар соён гэгээрлийн нэвтрүүлэг, хэлэлцүүлгийг бэлтгэн хүргэлээ.

  9. БСШУС-ын сайдын нэр дээр Улсын Онцгой комиссын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 536 тоот албан бичгийн хавсралтаар ирүүлсэн Улсын Онцгой комиссын тогтоол, хуралдааны шийдвэрийн хэрэгжилтийн тайланд  хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.

  • 12 дугаар хуралдааны тэмдэглэлийн 2.1-дэх хэсгийн дагуу БСШУС-ын сайд 2 тушаал гаргасан ба тушаалын хэрэгжилтийг хангах чиглэлээр Яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хуулийн хэлтсийн даргын 3 албан бичгийг боловсролын сургалтын байгууллагууд болон холбогдох байгууллагуудад хүргүүлэн зөвлөмж чиглэл өгч үр дүнг тооцож ажилласан нь Улсын Онцгой комиссын шийдвэрийг хэрэгжүүлэх үр дүнтэй ажил болж холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн байна.

  • Нийт 5 чиглэлээр 1002 цагийн цахим хичээлийг богино хугацаанд бэлтгэн суралцагч, багш эцэг эхчүүдэд хүргэж байгаа нь үүссэн хүндрэлтэй нөхцөл байдалд боловсрол олгох үйлчилгээний тасралтгүй байдлыг хангахад чиглэж байна.

  • 13 дугаар хурлын тэмдэглэлд дурдагдсан асуудлын хүрээнд БСШУС-ын сайдын 1 тушаал гарч тушаалын хэрэгжилтийг хангах чиглэлд 2 албан бичгийг холбогдох газруудад хүргүүлсэн нь асуудлыг шуурхай шийдвэрлэх үр дүнтэй ажил болсон бөгөөд холбогдох шийдвэр гарч тавьсан зорилтдоо бүрэн хүрсэн байна.

  1. БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хуулийн хэлтсийн дарга Л.Цэдэвсүрэн, Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага (ЖАЙКА)-н төлөөлөгчийн газрын дарга Тамүра Эрико нар 2020 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн 2 дахь үе шатыг хэрэгжүүлэх баримт бичиг болох Хэлэлцүүлгийн тэмдэглэлд гарын үсэг зурлаа. 

  2. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагч Тапан Мишра болон НҮБ-ын Хүүхдийн сангийн Суурин төлөөлөгч Алекс Хайкенс нартай 4 дүгээр сарын 21-ний өдөр “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн орчинд халдварт өвчнөөс сэргийлэх бэлэн байдал, хариу арга хэмжээний төлөвлөгөө”-нд тусгагдсан үйл ажиллагааны талаар санал солилцсон уулзалтыг хийлээ.

  3. БСШУС-ын яамны төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хуулийн хэлтсийн дарга Л.Цэдэвсүрэн Азийн хөгжлийн банкны боловсролын асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Эисүке Тажима нар 4 дүгээр сарын 08-ний өдөр цаашдын хамтын ажиллагаа болон АХБ-ны 2021 оны үйл ажиллагааны бизнес төлөвлөгөөний талаар цахимаар хуралдаж санал солилцлоо.

  4. Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын 2020 оны дотоод аудитын төлөвлөгөөний дагуу БСШУС-ын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 16-ний өдрийн А/188 дугаар “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалын хавсралтаар “Орхон аймгийн Боловсрол, соёл, урлагийн газрын удирдлага, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит  хийх удирдамж”-ийн хүрээнд  4 дүгээр сарын 19-өөс 27-ний хооронд хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит  хийж, эрсдэлээс хамгаалах, илэрсэн зөрчлийн арилгуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, байгууллагын хэвийн үйл ажиллагааг сайжруулах гэх мэт дэмжлэг үзүүлэн ажилласан.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР             

  1. Салбарын хууль тогтоомж, бодлого шийдвэр, үйл ажиллагааны уялдааг хангах, эрчимжүүлэх зорилгоор хийгдсэн бүтэц, зохион байгуулалтын өөрчлөлтийн дагуу шинээр бий болгосон зарим харьяа байгууллагын удирдах албан тушаалтныг хууль тогтоомжид нийцүүлэн томилж үйл ажиллагааг нь эхлүүлээд байна. Үүнд:

  • БСШУС-ын яамны харьяа Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийн хамгаалалтын захиргааны даргыг 4 дүгээр сарын 03-ний өдрийн Б/30;

  • Монгол Алтайн хадны зургийн цогцолборын хамгаалалтын захиргааны даргыг 4 дүгээр сарын 03-ний өдрийн Б/31;

  • Биеийн тамир, спортын газрын Дэд даргыг 4 дүгээр сарын 6-ний өдрийн Б/32;

  • Боловсролын мэдээллийн технологийн төв УТҮГ-ын даргыг 4 дүгээр сарын 17-ний өдрийн Б/33;

  • Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн ерөнхий захирлыг 4 дүгээр сарын 23-ний Б/35 дугаар тушаалуудаар тус тус томилсон.

  1. БСШУС-ын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн Б/37 дугаар тушаалаар “Боловсролын мэдээллийн технологийн төв” УТҮГ-ын захирлын албан тушаалын тодорхойлолт, 2020 оны 4 дүгээр сарын 27-ний өдрийн Б/39 дугаар тушаалаар Улсын филармонийн захирлын албан тушаалын тодорхойлолтуудыг тус тус баталсан.

  2. БСШУС-ын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн “Шагнах тухай” А/208 дугаар тушаалаар БСШУС-ын яамны жуух бичиг 21, Монгол улсын Засгийн газрын шагнал Боловсролын тэргүүний ажилтан хүндэт тэмдэг 16, Монгол улсын Засгийн газрын шагнал Соёлын тэргүүний ажилтан 6 хүнийг тус тус шагналаа.  

  3. Дээд боловсролын 24 сургалтын байгууллагын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгож, дээд боловсролын 2 сургалтын байгууллагын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг сунгалаа. Үүнд:

    • БСШУС-ын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Сургуулийн нэр өөрчлөх тухай” А/198 дугаар тушаалаар Жонон дээд сургуулийн нэрийг Санхүү бизнесийн дээд сургууль болгон, сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгов;

    • БСШУС-ын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн Шинэ мэргэжил /хөтөлбөр/-ээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл олгох тухай” А/199 дугаар тушаал гаргаж, 23 сургалтын байгууллагын тусгай зөвшөөрлийг шинэчлэн олгов;

    • ХААИС-ийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн агроэкологийн, бизнесийн сургууль, Холбооны улсын төсвийн дээд боловсролын байгууллага “Г.В.Плехановын нэрэмжит оросын эдийн засгийн их сургууль”-ийн Улаанбаатар хотын салбар сургуулиудыг сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн сунгалтын хүсэлтийг судалж, сунгалт хийв.

  4. БСШУС-ын сайдын  2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” А/195 дугаар тушаал гарч, тушаалыг Монголын их, дээд сургуулиудын консорциум, Хувийн их, дээд сургуулиудын холбоо болон их, дээд сургууль, коллежийн захирлуудад хүргэж, шуурхай зохион байгуулалтыг хангаж ажиллав.

  5. 26 их, дээд сургууль, коллежийн бакалаврын зэргийн 2365, магистрын зэргийн  764, докторын зэргийн 5 нийтдээ 3134 дипломын дугаар олгох хүсэлтийг судлан, хуваарилав.

  6. Зайн сургалт /цахим/-ын үйл ажиллагааны хүрээнд нийт их дээд сургуулийн цахим сургалтын орчны судалгааг боловсруулж, их, дээд сургууль, коллежид хүргэн, судалгааны үр дүнг нэгтгэж байна.

  7. Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийн тайлан, төлөвлөгөө ирүүлсэн 21 их, дээд сургууль, коллежийн мэдээллийг нэгтгэж АТГ-т цахим шуудангаар хүргүүлсэн.

  8. ЕБС-ийн нийгмийн ажилтны албан тушаалд тавих шаардлага, ажлын үндсэн чиг үүргийг  БСШУС-ын сайдын 2020 оны А/137 дугаар тушаалаар баталлаа.

  9. Боловсролын салбарт бүх шатны сургалтын үйл ажиллагааг цахим, теле хэлбэрээр тасралтгүй зохион байгуулах дараах арга хэмжээг авч ажиллаж байна:

  • 2020 оны 4 дүгээр сард СӨБ, Ерөнхий боловсролын 1-12 дугаар ангийн нийт 1024 теле хичээл бэлтгэгдсэн. Үүнээс Элсэлтийн ерөнхий шалгалтад зориулсан 44, Насан туршийн боловсролд болон Тусгай хэрэгцээт боловсролд зориулсан 54 теле хичээлийг үүсгэсэн баазад бүрдүүлэн авч МҮОНТВ, Өлзий телевиз, орон нутгийн 3 телевиз, Үүрэн холбооны 4 компани, хичээл сургалтын чиглэлийн 3 сайт зэрэг 10 гаруй байгууллагуудад түгээж теле хичээлийн хүртээлтийг нэмэгдүүлэн ажиллав.  Теле хичээлийн хуваарийг долоо хоног бүр  яамны албан ёсны цахим хуудас болон бусад мэдээллийн сайтаар дамжуулан түгээв.

  • БСШУС-ын сайдын 2020 оны “Сургалтын зардал батлах тухай” А/155 дугаар тушаалаар  БМДИ-ийн 1, 5, 10 жилийн мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг онлайн хэлбэрээр зохион байгуулах асуудлыг нэгдсэн зохион байгуулалтаар ханган ажиллаж байна. Онлайн сургалтаар 3800 гаруй багш мэргэжил дээшлүүлж байна;

  • БСШУС-ын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн “Зардал батлах тухай” А/174 дугаар тушаалаар коронавирусийн үед цахим сургалт зохион байгуулах теле хичээлийн зардлыг баталж, телевизэд бичлэг хийлгэх, багш нарыг сонгох, хичээлийн заах арга зүйн асуудлаар БМДИ, БХ-тэй хамтран нэгдсэн зохицуулалтыг ханган ажиллаж байна;

  • Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх цахим гарын авлагыг бэлтгэн нийт 32 мянган суралцагчдад хүргүүлэн 2019-2020 оны хичээлийн жилийн 12-р анги төгсөгчид хэрэглэж эхлээд байна;

  • 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийн хооронд телевизээр гарах сургуулийн өмнөх боловсролын 20 теле хичээлийн /200 минут/ агуулгыг гаргах, бичлэг хийх ажлыг зохион байгуулсан;

  • НҮБ-ын Хүүхдийн сан, Японы Хүүхдийг ивээх сантай хамтран 2020-2021 оны хичээлийн жилд ЕБС-д шинээр элсэн суралцах хүүхдийн бэлтгэлийг хангах ажлыг гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагчийн дэмжлэгтэйгээр явуулахад зориулсан “Та хүүхдэдээ сургуульд орохын өмнө хэрхэн туслах вэ?” гарын авлагыг 80470 хувь хэвлүүллээ. Гарын авлагыг аймаг, нийслэлийн БСУГ-аар дамжуулан эцэг эх, асран хамгаалагчдад хүргэх, тэдэнд мэргэжлийн зөвлөгөө дэмжлэг үзүүлэх талаарх зөвлөмжийг хүргүүлсэн;

  • Хорио, хөдөлгөөний хязгаарлалтын хугацааны ЕБС-ийн I-XII ангийн сургалтын үйл ажиллагааг тасалдуулахгүй, теле хичээлийг чанартай хүргэх зорилгоор ЕБС-ийн   удирдлага, багш нар, эцэг эх, асран хамгаалагчдад хүүхдийн хөгжих, сурах,  эрүүл, аюулгүй амьдрах эрсдэлээс хамгаалах нөхцөлийг дэмжих арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллах талаар зөвлөмж боловсруулж 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 15/2452 тоот албан бичгээр тусгай сургуулиудад хүргүүлсэн;

  • Тусгай хэрэгцээт боловсролын теле хичээлийн агуулгыг хүүхдэдээ эзэмшүүлэхэд эцэг эх, асран хамгаалагчид өөрсдийн өдөр тутмын ажлаа зохицуулж, хүүхдэдээ аль болох их цагийг зориулж, дэмжиж туслах талаар тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад зориулсан зөвлөмж боловсруулж 4 дүгээр сарын 29-ны өдөр БСШУС-ын яамны сайтад байршуулсан.  

  1. Монгол судлалын үндэсний зөвлөлийн 2020 оны 01 тогтоолоор 2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, түүнд шаардагдах 700 сая төгрөгийг баталлаа. Төлөвлөгөөнд гадаад дахь монгол судлалын 6 төвийн үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлэх, олон улсын эрдэм шинжилгээний 3 хурал зохион байгуулах, монгол судлалын бааз суурийг бэхжүүлэх, монгол судлалын залуу үеийг бэлтгэх, монгол судлалыг сурталчлах үйл ажиллагааг зохион байгуулахаар тусгагдсан. Төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудыг гүйцэтгэхээр БСШУС-ын сайдын “Эрх шилжүүлэх тухай” А/171, “Төсвийн задаргаа батлах тухай” А/172, “Зардал батлах тухай” А/173 дугаар тушаалууд батлагдан гарлаа.

  2. БСШУ-ны сайдын 2011 оны А/222 дугаар тушаалаар баталсан “Докторын дараах судалгаанд сайдын нэрэмжит инновацийн грант олгох” журмын дагуу 10 дахь жилдээ тэтгэлгийн уралдааныг 2020 оны 3 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн дуустал яамны вэб хуудсаар дамжуулан зарлаж 52 төсөл хүлээн авсан. БСШУС-ын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн “Ажлын хэсгийн бүрэлдэхүүн батлах тухай” А/200 дугаар тушаалаар грантад дэвшүүлсэн төслүүдэд үнэлгээ өгөх Ажлын хэсгийн гишүүдийг батлав. Ажлын хэсэг төлөвлөгөөний дагуу ажлаа зохион байгуулан ажиллаж байна.

  3. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 99 дүгээр тогтоолоор батлагдсан “Инновацийн үйл ажиллагаанд оролцогчид грант олгох журам”-ын дагуу БСШУС-ын сайдын 2020 оны А/196 дугаар тушаалаар инновацийн төслийн саналд үнэлгээ өгч, дүгнэлт гаргах шинжээчийн багийн бүрэлдэхүүнийг томилж Шинжээчдээс үнэлгээ, дүгнэлт авах ажлыг цахимаар зохион байгуулан ажиллаж байна. 

  4. Улсын захиалгаар 2021 оноос эхлэн хэрэгжүүлэх Шинжлэх ухаан, технологийн захиалгат төслөөр шийдвэрлүүлэхээр яамдаас ирүүлсэн асуудлуудын танилцуулга, үр дүнгийн талаарх төсөөлөл болон шаардлага, үндэслэлийг нэгтгэн боловсруулж Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлд хүргүүллээ. Шийдвэрлэх асуудлыг салбараар ангилбал Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт 26, Байгалийн ухааны салбарт 11, Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарт 18, Инженерийн ухаан, технологийн салбарт 35, Нийгмийн шинжлэх ухааны салбарт 30 байна.

  5. Засгийн газрын 2014 оны 301 дүгээр тогтоолоор баталсан “Шинжлэх ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам” -ын 7.1,7.2 дахь хэсэгт зааснаар хэрэгжиж байгаа Шинжлэх ухаан, технологийн төслүүдийн хэрэгжилтийн явц, үр дүнд  хяналт тавих, дүгнэлт гаргах ажил цахимаар  үргэлжлэн хийгдлээ.

  6. Түүх, археологийн болон Палеонтологийн мэргэжлийн зөвлөлийн хурлыг цахимаар хуралдуулж авран хамгаалах хайгуул, малтлага, судалгааны ажил хийхээр зөвшөөрөл хүссэн асуудлыг хэлэлцэж, зөвшөөрөл хүссэн 8 байгууллагад БСШУС-ын сайдын 2020 оны 4-р сарын 30-ны өдрийн “Зөвшөөрөл олгох тухай” А/211 дугаар тушаалаар зөвшөөрөл олгов.

  7. БСШУС-ын сайдын 2020 оны 03 дугаар сарын А/122 тушаалын 5 дахь заалтын дагуу “Боловсролын гэрчилгээ, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн Монголын талын төслийг боловсруулав. Хэлэлцээрийн төслийг Энэтхэгийн талд холбогдох журмын дагуу 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 11/2084 тоот албан бичгээр уламжилсан.

  8. Соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Армени Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн Монголын талын төслийг Арменийн Бээжин дахь Элчин сайдын яамтай холбогдож, хэлэлцээрийн хариу төслийг ирүүлэх хүсэлтийг 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр цахим шуудангаар дахин өгсөн.

  9. 2020-2021 оны хичээлийн жилд ИБУИНВУ-ын Чевнингийн тэтгэлгээр суралцах оюутнуудын сонгон шалгаруулалтыг ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамтай хамтран 4 дүгээр сарын 01, 07, 09, 21, 23-ны өдрүүдэд зохион байгуулсан.

  10. Дэлхийн дахинд коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч, БНХАУ-ын Засгийн газрын тэтгэлгээр суралцаж буй Монгол Улсын иргэд хичээлээ үргэлжлүүлэн суралцах боломжгүй болсонтой холбогдуулан тус газарт ирсэн 30 өргөдлийг судлан үзэж, БНХАУ-ын Тэтгэлгийн хороо, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд Монгол Улсын иргэдийн тэтгэлгийн хугацааг сунгах 4 дүгээр сарын 24-ний өдөр 11/2417 тоот албан бичгээр хүргүүлсэн.

  11. БСШУС-ын сайдын баталсан 2020 оны 03 дугаар сарын 04-ний  өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/114 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан удирдамжийн хүрээнд Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн 2018-2019 оны санхүүгийн  болон төсөл хөтөлбөрүүдийн зарим үйл ажиллагаанд дотоод аудит хийж дуусган ажлын дүгнэлт, танилцуулгыг гаргасан.

  12. БСШУС-ын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн А/170 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын удирдлага санхүүгийн 2018, 2019 оны үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ дотоод аудит хийж дүгнэлт, танилцуулгыг гаргасан.

  13. НҮБ-ын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактын хэрэгжилтийн  5 дахь тайланд Монгол улсаас 2015-2018 онд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг хүртээмжтэй боловсролоор хангах чиглэлээр хийгдсэн ажлууд, Соёлын бодлогын хэрэгжилтийг хангах чиглэлээр хийсэн ажлуудын үр дүнгийн тайланг бичиж 2020 оны 4 дүгээр сарын 20-ны 2/2405 тоот албан бичгээр ХНХ-ын яаманд хүргүүлсэн.

  14. Ерөнхий боловсролын 29, 116 дугаар  сургуулиудын сургалтын бодит орчинтой 4 дүгээр сарын 27-ний өдөр танилцан Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн ялгаатай хэрэгцээнд нийцүүлсэн сургалт зохион байгуулахад тулгамдаж буй асуудал, хэрэгцээг тодорхойлох ажлыг эхлүүллээ.

  15. Өндөржүүлсэн бэлэн байдлын үед явагдаж байгаа теле хичээлийн чанарыг сайжруулах талаар болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хөгжүүлэх, боловсролд тэгш хамран сургахад тулгамдаж байгаа бусад асуудлын талаар тандан судалгаа явуулж, Боловсролын хүрээлэнгийн “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжил, боловсрол, арга зүйн сектор”, БМДИ, 25, 55, 29, 63, 70, 116-р сургуулийн удирдлага, холбогдох мэргэжилтэнтэй уулзалт зохион байгуулж,  теле хичээлийн бэлтгэл, чанар, үр дүнг сайжруулах, хүүхэд эцэг эхчүүдийг зөвлөгөө, мэдээллээр хангах ажлыг 4 дүгээр сарын 1-ээс 10-ний өдрийн хооронд зохион байгуулав.

  16. Соёл, урлагийн салбарын 2019 оны жилийн эцсийн мэдээллийг батлагдсан маягтын дагуу аймаг, нийслэлээс цуглуулан, хянаж, мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэн, мэдээ нэгтгэх ажлыг удирдлага зохион байгуулалтаар хангаж ажилласан. 4 дүгээр сарын 23-нд СӨБ, 4 дүгээр сарын 30-ний өдөр ЕБС болон дээд боловсролын төсвийн орлого, зарлагын тайлан болон нийт хөрөнгийн тайланг  тус тус нэгтгэн хянаж, албан бичгийн хамт ҮСХ-нд хүргүүлсэн.

  17. “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III”-ийг БСШУС-ын сайдын “Үндэсний хөтөлбөр хүргүүлэх тухай” 2020 оны 1а/2532 тоот албан бичгээр аймаг, нийслэлийн Засаг дарга нарт, Ерөнхий боловсролын газрын даргын “Үндэсний хөтөлбөр, сургалтын бодлого хүргүүлэх тухай” 2020 оны 6/2465 тоот албан бичгээр БСУГ-т болон харьяа байгууллага, Хэлний бодлогын зөвлөл болон холбогдох бусад судлаачид эрдэмтдэд хүргүүлэн цаашид тус хөтөлбөрийг сурталчлах, түгээх, хэрэгжүүлэлтийг ханган ажиллах ажлын чиглэлийг өглөө.  “Монгол бичгийн үндэсний хөтөлбөр-III” нь 2015 онд батлагдсан “Монгол хэлний тухай хууль”-ийг хэрэгжүүлэхээр батлуулж буй анхны үндэсний хөтөлбөр юм. Үндэсний хөтөлбөрийн зорилго нь 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжихэд монгол бичгийн сургалт, судалгаа, хэрэглээний орчныг бүрдүүлж, бэлтгэлийг бүрэн хангахад оршиж байгаа юм.   Үндэсний хөтөлбөрт монгол бичгийн кодчилол, стандартыг боловсронгуй болгож, олон улсын жишигт хүргэх, нийгмийн сүлжээнд монгол бичгээ хэрэглэх технологийг нэвтрүүлж, харилцах талбарын төрөл, хэлбэрийг олшруулах үйл ажиллагаа тусгагдсан юм.

  18. “Боловсролын мэдээллийн технологийн төв” Улсын төсөвт үйлдвэрийн газрыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт бүртгүүлэн 4 дүгээр сарын 23-ний өдөр гэрчилгээ авав. “Боловсролын мэдээллийн технологийн төв” нь боловсролын салбарын мэдээллийн технологийн хэрэгжүүлэлт, систем, нэгдсэн сүлжээний хяналт, хөгжлийн асуудлыг хариуцан ажиллах чиг үүргийг хэрэгжүүлж, зөвхөн төрийн хэрэгцээнд зориулсан ажил, үйлчилгээ эрхлэх улсын төсөвт үйлдвэрийн газар юм.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

  1. Монгол Улсын Засгийн газраас Ковид-19 вируст халдвараас урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй холбоотойгоор БСШУС-ын яамнаас 2020 оны 4 дүгээр сард дараах ажлуудыг хийж гүйцэтгэсэн байна:   

  • Коронавируст халдвараас урьдчилан сэргийлэх чиглэлээр боловсролын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Монгол Улсын Засгийн газрын тогтоолын төслийг боловсруулж, холбогдох яамдаас санал авч нэгтгэн, асуудлыг Засгийн газрын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэв. Хэлэлцүүлсэн асуудал Засгийн газрын мөн өдрийн хуралдааны 139 дүгээр тогтоолоор баталгаажлаа. Энэхүү тогтоолоор (i) бүх шатны боловсролын байгууллагын танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоох, (ii) цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллага, их, дээд сургууль, коллежийн суралцагчдад зориулан зохион байгуулж байгаа теле болон цахим хичээлийг 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл үргэлжлүүлэх, (iii) ерөнхий боловсролын сургуулийг төгсөгч, 2020-2021 оны хичээлийн жилд их, дээд сургууль, коллежид элсэгчдээс монгол хэл бичгийн хичээлээр шалгалт авахгүй байх, (iv) сургалтын үйл ажиллагааг зогсоосон хугацаанд боловсролын байгууллагын гэрэл цахилгаан, цэвэр, бохир ус, түлш халаалт зэрэг байр ашиглалттай холбоотой зардлыг хэмнэх зохион байгуулалтын арга хэмжээ авч хэрэгжүүлэх зохицуулалтыг хийлээ.

  • Засгийн газрын 2020 оны 139 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” БСШУС-ын сайдын 2020 оны А/194 дүгээр тушаалын төслийг боловсруулж, батлууллаа. Уг тушаалаар (i) цэцэрлэг, сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болгох, (ii) ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийг 100 хувь анги дэвшүүлэх, төгсгөх, (iii) жилийн эцсийн үнэлгээ гаргахад хагас жил /II улирал/-ийн үнэлгээ болон зайнаас суралцсан байдлыг харгалзан багшаас өгсөн онооны нийлбэрээр тооцож, сурлагын амжилтын өмнөх үнэлгээг бууруулахгүй байх, (iv) цэцэрлэгийн бүртгэл, суралцагч элсүүлэхтэй холбогдох үйл ажиллагааг 2020 оны 8 дугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах зэрэг элсэлт, төгсөлттэй холбогдон үүсэх асуудлыг тус тус зохицууллаа.

  • ЕБС-ийн IX анги төгсөгчдийн 80-аас доошгүй хувийг X ангид элсүүлэх зохицуулалтыг өөрчилж, БСШУС-ын сайдын 2020 оны А/201 дүгээр тушаалаар шинэчлэн батлууллаа. Энэ тушаалаар (i) ЕБС-ийн IX ангийг тухайн жил өдрөөр төгсөгчдөөс X ангид элсүүлэх тоонд хязгаарлалт тогтоохгүйгээр хүсэлт гаргасан суралцагчийг үргэлжлүүлэн суралцуулах, (ii) 9 жилийн сургалттай сургуулийн IX анги төгсөгчийг X ангид элсүүлэхтэй холбогдуулан хамран сургах тойрог тогтоож, мөрдүүлэхээр тус тус зохицуулалт хийсэн болно. Энэхүү тушаал нь сурлагын амжилтыг үл харгалзан бүрэн дунд боловсролын түвшинд элсэн суралцах тэгш боломжийг төгсөгчдөд олгож байгаагаараа ач холбогдолтой.

  • Хэрэглэгчдээс ирэх санал хүсэлт, гомдлыг шуурхай авч шийдвэрлэх, хариу өгөх зорилгоор 1209@mecs.gov.mn цахим хаяг болон 1800-1209 тоот шуурхай утсыг ажиллуулж байна.   4-р сарын байдлаар 1209@mecs.gov.mn цахим хаягт 4, 1800-1209 тоот шуурхай утсанд 150 санал хүсэлт, гомдол ирснээс 80 дуудлага буюу 55 хувийг иргэдийн гомдол хүсэлт эзэлж байна. Нийт гомдлын 80 хувийг их, дээд сургууль болон төрийн бус өмчийн ЕБС-ийн сургалтын төлбөр төлөхтэй холбоотой гарч буй хүндрэлийг багасгах талаар бол 20 хувийг улсын сургуулиудын гүнзгийрүүлсэн сургалтын хөтөлбөрийн төлбөр болон багш нарын цалин, анги засварын мөнгөтэй холбоотой гомдол эзэлж байна.

  • Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй  холбогдуулан БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хуулийн хэлтсийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Бүрэлдэхүүн, удирдамж батлах тухай” А/102 дугаар тушаалаар 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 30-ны өдрийг дуусталх хугацаанд ажиллах БСШУС-ын яамны шуурхай удирдлагын ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг нэгдүгээр, “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед авч хэрэгжүүлэх зохион байгуулалтын зарим арга хэмжээний удирдамж, чиглэл”-ийг хоёрдугаар, БСШУС-ын яамны албан хаагчид зайнаас буюу цахимаар ажиллах удирдамж, зааврыг гуравдугаар хавсралтаар тус тус баталж холбогдох арга хэмжээг авч ажиллав.

  • Монгол Улсын Ерөнхий сайдаас өгсөн чиглэлийн дагуу 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн Улсын Онцгой комиссын хурлын тэмдэглэл гарч, 4 дүгээр сарын 15-ны өдрийн Засгийн газрын 139 дүгээр тогтоол батлагдаж, бүх шатны боловсролын байгууллага, сургалтын төвийн танхимын сургалтын үйл ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 1-ний өдрийг хүртэл зогсоосонтой холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг 4 дүгээр сарын 21-ний өдөр хэвлэлийн бага хурал хийж сэтгүүлчдэд цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Үүссэн нөхцөл байдалтай уялдуулж БСШУС-ын сайдаас гаргасан “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” А/194 дүгээр тушаалын талаар дэлгэрэнгүй тайлбарыг сэтгүүлчдэд өглөө. 

  • Засгийн газрын 2020 оны 30, 64, 139 дүгээр тогтоол, Улсын Онцгой Комиссын 2020 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн хурлын 12 дугаар тэмдэглэлийн 2.1 дэх хэсэг, 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 13 дугаар тэмдэглэлийн 2.1 дэх хэсгийн биелэлтийн тайланг нэгтгэж хяналт-шинжилгээ, үнэлгээг хийлгэн Сайдын 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1а/2558 дугаар тоот албан бичгээр УОК-т хүргүүлсэн.

  • БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хуулийн хэлтсийн даргын 2020 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн “Чиглэл хүргүүлэх тухай” 2/2618 дугаар тоот албан бичгээр БСШУС-ын яамны харьяа байгууллагуудад Улсын онцгой комисс, Засгийн газрын шийдвэрээр улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарласан хугацаанд албан хаагчдын зайнаас болон гэрээс ажилласан эсэхээс үл хамааран нийт ажилласан өдрийн үндсэн цалин, нэмэгдэл цалин, хоол, унааны мөнгийг хууль тогтоомжид заасны дагуу бүрэн тооцон олгож ажиллахыг анхааруулсан.

  • Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтын үед улс, орнуудын боловсролын салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг хайх, орчуулах, цахим хуудаст байрлуулах ажлыг 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрөөс эхлүүлж өдөр бүр гүйцэтгэж байна. Одоогийн байдлаар гадаад улс, орнуудад авч, хэрэгжүүлж буй арга хэмжээ, судлаач, эрдэмтдийн байр, суурь, ЮНЕСКО-гийн цахим хурлын талаар нийтдээ 31 мэдээ буюу 34 хуудас орчуулгын материал бэлтгээд байна.

  • Цар тахлын дэгдэлт гарсантай холбогдуулан Монгол Улсын боловсролын салбарт хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаарх мэдээ, мэдээллийг англи хэлээр бэлтгэн боловсруулж ЮНЕСКО-ийн ажлын алба руу илгээснээр монголын мэдээ ЮНЕСКО-гийн цахим хуудсаар 2020 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр мэдээлэгдсэн.

  • Коронавирусээс урьдчилан сэргийлэх өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан Соёл, урлагийн байгууллагуудын удирдлагуудад БСШУС-ын яамны 9/2621, 9/2682, 9/2683 тоот албан бичгээр чиглэл хүргүүлж, яамны харьяа соёл, урлагийн байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан удирдлагын зөвлөмж өглөө

  1. Байгууллагын ил тод байдлыг хангах, тайлагнах чиглэлээр дараах ажлуудыг 4 дүгээр сард хийж гүйцэтгэсэн байна:

  • 2020 оны 4 дүгээр сард архивын үндсэн болон туслах баримт бичгүүд, дотоодод хөтлөгддөг баримт бичгүүдийг зааврын дагуу хөтөлж  223 хүнд лавлагаа, мэдээллээр чирэгдэлгүй шуурхай үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

  • БСШУС-ын яамны зүгээс боловсрол, шинжлэх ухаан, соёл урлаг, спортын салбарт 2016-2020 онд авч хэрэгжүүлсэн ажлуудаас онцлох тайланг “Дүгнэх цаг” телевизийн нэвтрүүлгийг 4-р сараас эхлэн хуваарийн дагуу олон нийтийн мэдээллийн сувгаар цацах ажлыг эхлүүллээ. 4-р сард боловсрол, шинжлэх ухааны салбарт хийж хэрэгжүүлсэн ажлуудыг телевизийн 26 сувгаар даваа гарагаас ням гарагт цацсан бол 5-р сард соёл, спортын салбарт хийж хэрэгжүүлсэн ажлын тайланг нэвтрүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

  1. Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын салбарын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны хөтөлбөр, арга хэмжээний төсвийн хуваарилалтыг шинэчлэн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн А/204 дүгээр тушаалаар баталлаа.

  2. ЕБС-ийн I-XII ангийн сурагчдын нөхөн хангалтын сурах бичиг хэвлүүлэхэд шаардлагатай 3.3 тэрбум төгрөг, ЕБС болон СӨБ-ын хичээлийг олон нийтийн телевизүүдээр суралцагчдад заахад 1.5 тэрбум төгрөг, ЕБС-ийн 12 дугаар анги төгсөгчдөд зориулсан гарын авлага, зөвлөмж бэлтгэхэд зориулж 0.8 тэрбум төгрөгийг 4-р сарын төсвийн хуваарьт өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэлээ. /Өөрчлөлт оруулах тухай саналыг сайдын 1а/2285 тоот албан бичгээр Сангийн яаманд/

  3. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын Төсвийн ерөнхийлөн захирагчийн багцад хамаарах зарим байгууллагуудын 2020 онд батлагдсан төсвийн санхүүжилтийн 5 дугаар сарын хуваарьт өөрчлөлт оруулах саналыг нэгтгэн Сангийн сайдад 2020 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн 1а/2541 тоот  албан бичгээр хүргүүллээ.

  4. Салбарын 2020 оны төсвийн 4 дүгээр сарын гүйцэтгэлээр урьдчилсан байдлаар 30.0 орчим тэрбум төгрөгийн цалин, нийгмийн даатгалын шимтгэлийн зардал дутагдахаар тооцоог гаргаад байна. Энэ нь:

  • 2020 онд Засгийн газрын шийдвэрээр төрийн албан хаагчдын үндсэн цалинг 8 хувиар нэмэгдүүлсэн;

  • Төрийн албаны тухай хууль шинэчлэн батлагдсанаар төрийн үйлчилгээний албан хаагчдын төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг ажилласан жилээс хамааруулж үндсэн цалингийн 5-25 хувиар бодож олгож эхэлсэн;

  • Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан 160 гаруй сургууль цэцэрлэгийн барилга шинээр барьж ашиглалтад орох, төрөлт өссөнөөр сургууль цэцэрлэгт орох хүүхдийн тоо өсөж сургууль цэцэрлэгийн хүртээмж нэмэгдсэн зэрэг хүчин зүйлээс хамаарч байгаа юм.

  1. БСШУС-ын сайдын баталсан 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн А/105 дугаартай “Ажлын хэсэг байгуулах тухай” тушаалаар  Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт Улсын төсвийн болон гадаадын хөрөнгө оруулалтын захиалагч урьдчилан тооцох боломжгүй нөхцөл байдал үүссэний улмаас 2020 оны төсвийн хуульд нэмэлт эх үүсвэр нь батлагдсан төсөл арга хэмжээний хүрээнд нэмэлт өөрчлөлт оруулах, гэрээ сунгах, нэмэлт ажлын магадлал хийлгэх асуудлуудыг холбогдох хууль тогтоомжуудын хүрээнд судалж, захиалагчид санал танилцуулж, шийдвэр гаргуулах чиг үүрэг бүхий ажлын хэсэгт ажиллаж зохих саналыг гаргаж хүргүүлж ажилласан.

  2. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт 2020 онд улсын төсвийн хөрөнгөөр шинээр хэрэгжих хөрөнгө оруулалт, БСШУС-ын сайдын багцын их засвар, тоног төхөөрөмж 1.066.606.50 төгрөгийн 581 төсөл арга хэмжээ батлагдсан байна. Хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний эрх шилжүүлсэн худалдан авах ажиллагааны явц 2020 оны 4 дүгээр сарын 30 өдрийн байдлаар: 21 аймагт 383 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагаа зарласан 297 буюу 78% -тай, гэрээ байгуулсан төсөл арга хэмжээ 115 буюу 30%- тай, Улаанбаатар хотод 51 төсөл арга хэмжээ 29  буюу 57%, гэрээ байгуулсан ажил байхгүй байна./файл хавсаргав/

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

  1. БСШУС-ын яамны 2020 оны 1-р улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг нэгтгэн гаргасан бөгөөд төлөвлөгөөнд тусгасан 231 арга хэмжээнээс хэрэгжилтийн үнэлгээ нь бүрэн хангалттай буюу 100 хувьтай 157, хангалттай буюу 70 хувьтай 63, эрчимжүүлэх шаардлагатай буюу 40 хувийн үнэлгээтэй 6, үнэлэх боломжгүй 2, хугацаа нь болоогүй 3 арга хэмжээ тус тус байна. Ингэснээр тус яамны 2020 оны 1-р улирлын гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт улирлын гүйцэтгэлээр бүрэн хангалттай буюу нийт дундаж оноо 90.6 хувьтай үнэлэгдсэн үр дүнтэй байна.

  2. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Параолимп, Дифлимп, Тусгай олимпын наадам, тивийн наадам, дэлхийн зэрэглэлийн тэмцээнд оролцож медаль хүртсэн тамирчдын судалгааг гаргаж дээрх тэмцээний давтамжийн хугацаанд ногдох тэтгэвэртэй нь тэнцэх хэмжээний нэг удаагийн мөнгөн урамшуулал олгох хуулийн заалтын хэрэгжилтийн 2017-2019 оны мэдээллийг нэгтгэн боловсруулсан.

  3. Яамны аппаратын хурлыг 4 дүгээр сарын 30-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж нийт албан хаагчдын 90 орчим хувь нь хамрагдлаа. Хурлыг Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, хуулийн хэлтсийн дарга Л.Цэдэвсүрэн удирдан цаг үеийн асуудлаар мэргэжилтэн, албан хаагчдад мэдээлэл өглөө.

  4. БСШУС-ын яаманд хандаж 2020 оны нэгдүгээр улиралд иргэдээс  ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг 4 дүгээр сарын 10-ны өдрийн 2/2141 тоот албан бичгээр  ЗГХЭГ-т хүргүүлсэн.  

  5. БСШУС-ын яаманд 2019 онд иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн тайланг холбогдох баримт бичгийн хамт Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 4/2403 тоот албан бичгээр хүргүүлсэн.

  6. БСШУС-ын яаманд 2020 оны 4 дүгээр сарын байдлаар байгууллага, иргэдээс 2712 хариутай бичиг, 875 шууд бичиг, 706 өргөдөл гомдол, нийт 4293 бичиг ирүүлсэн байна. Шийдвэрлэсэн байдал: 2293 хариутай албан бичиг, 635 өргөдөл, гомдолд хариу өгч ажилласан бөгөөд хариутай бичиг, өргөдөл, гомдлын 85.6%-ийг шийдвэрлэсэн.

 

 

--- 000 ---