БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 5 ДУГААР САРЫН МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 5 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 5 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР           

  1. Дээд боловсролын салбарын статистикийн мэдээллийн захиргааны маягт, түүнийг нөхөх зааврыг шинэчлэн боловсруулж БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/223 дугаар тушаалаар батлав .
  2. “Боловсролын салбарын мэдээллийн нэгдсэн сан бүрдүүлэх, ашиглах” журмыг БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн А/265 дугаар тушаалаар батлав.  
  3. “Боловсролын мэдээллийн технологийн төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын  ажиллагчдын бүтэц, орон тоо, цалин хөлсний хэмжээг БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 7-ний өдрийн А/222 дугаар тушаалаар батлав.
  4. Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 165 дугаар тогтоолоор Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн эмнэлгийн нэрийг батлуулсан.
  5. БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн “Зөвлөлийн нэр, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” А/268 дугаар тушаалаар Дотоод хэргийн их сургуулийг түшиглүүлэн “Хууль сахиулах, хил судлал, гамшиг судлал, шинжлэх магадлах ухааны докторын зэрэг хамгаалуулах зөвлөл”, Үндэсний батлан хамгаалах их сургуулийг түшиглүүлэн “Батлан хамгаалах, аюулгүй байдлын докторын зэрэг хамгаалуулах зөвлөл”-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталлаа.
  6. БСШУС-ын сайдын 2020 оны А/270 дугаар тушаалаар “Дээд боловсролын сургалтын байгууллагын багшид тавигдах нийтлэг шаардлага”-ыг баталлаа.
  7. “Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлого”-ын баримт бичгийг БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн А/269 дүгээр тушаалаар баталлаа. Хүүхэд хамгааллын бодлого батлагдан гарснаар цэцэрлэгийн орчинд хүүхдийн аюулгүй байдлыг хангах, хүүхэдтэй зүй бус харьцах болон эрсдэлт нөхцөлд орохоос урьдчилан сэргийлэх, үүрэг хариуцлагаа биелүүлэх, хүүхдэд ээлтэй орчин бүрдүүлэх боломж бүрдэнэ.
  8.  “Спортыг дэмжих сангийн хөрөнгийг зарцуулах журам”-ыг шинэчлэн боловсруулж 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 169 дүгээр тогтоолоор батлуулсан.  
  9. БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн А/260 дугаар тушаалаар “Спортын анагаах ухаан, эрдэм шинжилгээний төв” улсын төсөвт үйлдвэрийн газрын зохион байгуулалтын бүтэц, орон тоог баталлаа.   
  10. Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг БСШУС-ын сайдын 5 дугаар сарын 25-ны өдрийн А/259 дугаар тушаалаар батлав.
  11. Засгийн газрын 2008 оны 120 дугаар тогтоолоор батлагдсан “Олон улсын хэмжээнд зохиогддог урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэн, номын яармагт оролцож онцгой амжилт гаргасан уран бүтээлчдэд мөнгөн шагнал олгох журам”-ын 3 дугаар хавсралтаар батлагдсан кино наадмын жагсаалтыг шинэчлэх талаар “Монгол кино” урлагийн зөвлөл, “Монголын кино” институт, “Монголын урлагийн зөвлөл”, “Алтан хальс” холбоо, “Монгол кино театрууд”-ын холбоо, “Миеэгомбо” ХХК-тай хамтран 5 дугаар сарын 4-өөс 18-ны өдрүүдэд хэлэлцүүлэг, уулзалт зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр  дээрх журмын 3-р хавсралтаар батлагдсан урлагийн их наадам, уралдаан, үзэсгэлэнгийн жагсаалтыг шинэчлэх, журамд нэмэлт өөрчлөлт оруулах саналыг боловсрууллаа.
  12. “БСШУС-ын яам, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны хооронд 2020-2021 оны салбарын хамтын хэлэлцээр байгуулах журам”-ыг 2020 оны 5-р сарын 21-ний өдөр БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга М.Алтанцэцэг нар баталлаа.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   

  1. БСШУС-ын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” 2020 оны А/244 дүгээр тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтэц”-ийг шинэчлэн баталлаа. Хичээлийн жилийн шинэчилсэн бүтцийг 2020-2021 оны хичээлийн жилээс эхлэн өмчийн бүх хэлбэрийн ЕБС-д мөрдөх бөгөөд халдварт өвчний тархалт, агаарын бохирдол, мал төллөх хугацаанаас хамааруулан хичээлийн жилийн улирлын амралтын эхлэх, дуусах хугацаанд зохицуулалт хийх эрхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт өглөө.  
  2. Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг хичээлийн жилийн шинэчилсэн бүтцэд нийцүүлэн хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмж боловсруулж, багш нарт хүргэхийг Боловсролын хүрээлэнд үүрэг болгон ажиллалаа.
  3. Бага, дунд боловсролын хэвлэмэл сурах бичигт тавигдах шаардлагыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлын хэсгийн бүрэлдэхүүн, зардал батлах тухай”   А/242 дугаар тушаалаар  баталлаа. Ажлын хэсэг хэвлэмэл сурах бичигт тавигдах шаардлагыг шинэчлэх ажлыг эхлүүлээд байна. 
  4. Биеийн тамир, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй клубүүдээс магадлан итгэмжлэлд хамрагдахаар 5 спорт клуб хүсэлтээ ирүүлсэн бөгөөд хүсэлтийг магадлан итгэмжлэх үйл ажиллагааны зохион байгуулалт, хэрэгжилтийг хангах орон тооны бус Зөвлөлийн хурлаар хэлэлцлээ. Эдгээрээс шалгуур үзүүлэлт хангасан 3 спорт клубт БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 21-ны А/251 дугаар тушаалаар магадлан итгэмжлэл олгов.    
  5. БСШУС-ын яамны 2020 оны “Хүсэлт уламжлах тухай” 5/3250 тоот албан бичгээр МУИС, МУБИС, АШУҮИС, ХААИС, СУИС, ШУТИС-ийн харьяа 22 бүрэлдэхүүн байгууллагуудын албан хаагчид Нийгмийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдахгүй байгаа талаарх тайлбар, мэдээллийг НДЕГ-т хүргүүлэн хамтран ажилласнаар дээрх хөнгөлөлт, чөлөөлтийг шийдвэрлүүллээ.
  6. БСШУС-ын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/170 дугаартай тушаалын хавсралтаар батлагдсан удирдамжийн хүрээнд Дуурь бүжгийн эрдмийн театрын 2018-2019 оны санхүүгийн  үйл ажиллагаанд  хяналт-шинжилгээ, үнэлгээ, аудит хийж  тайланг нэгтгэв. Тус байгууллагаас гаргасан Санхүүгийн зөрчлийг арилгуулах арга хэмжээг авч ажиллалаа.
  7. БСШУС-ын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” А/194 дугаар тушаалаар батлагдсан Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн 2019-2020 оны хичээлийн жилийн үргэлжлэх хугацааг 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөр дуусгавар болгон, дуусгавар болгохтой холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний биелэлтэд хяналт тавьж ажиллалаа.  
  8. НҮБ-ын Хүүхдийн сан, Японы Хүүхдийг ивээх сантай хамтран 2020-2021 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын сургуульд элсэн суралцах 5 настай хүүхдийн бэлтгэлийг хангах ажлыг гэр бүлийн орчинд эцэг эх, асран хамгаалагчийн дэмжлэгтэйгээр явуулахад зориулсан “Та хүүхдэдээ сургуульд орохын өмнө хэрхэн туслах вэ?” гарын авлагыг хэвлүүлэн, нэгдүгээр ангид элсэн суралцах 80 мянга гаруй хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчдад хүргүүллээ.
  9. Монголын эмэгтэйчүүдийн сангийн дэмжлэгтэйгээр “Бага насны хүүхдийн хүчирхийллээс ангид орчныг дэмжих нь” төслийг 3 жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн бөгөөд тайлангийн цахим хурлыг 5 дугаар сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Цахим хуралд аймаг, нийслэлийн БСУГ-ын сургуулийн өмнөх боловсрол хариуцсан мэргэжилтэн, 3 аймаг, 3 дүүргийн 11 цэцэрлэгийн төлөөлөл бүхий 50 гаруй мэргэжилтэн, албан хаагчид оролцлоо. Тайлангийн хурлаар 3 жилийн хугацаанд хийсэн ололт амжилт, цаашид хэрэгжүүлэх ажлын саналаа нэгтгэн дүгнэв.  
  10. Соёл, шинжлэх ухаан, биеийн тамир, спортын салбарын 2019 оны жилийн эцсийн статистикийн мэдээний товч танилцуулга бэлтгэн, салбарын үндсэн үзүүлэлтүүдээр инфографик хийж, бусад холбогдох мэдээллийн хамт яамны вэб-д байршуулж хэрэглэгчдэд хүргэсэн.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР             

  1. 12 дугаар ангийн суралцагчдад сургуулийн орчинд багш нарын оролцоо, дэмжлэгтэйгээр элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх ажлыг зохион байгуулах асуудлыг Улсын онцгой комиссын 2020 оны 5 дугаар сарын 4-ны өдрийн хурал, Засгийн газрын 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанаар тус тус хэлэлцүүлсэн. Засгийн газрын мөн өдрийн 166 дугаар тогтоолоор элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлагыг сургуулийн орчинд халдвар, хамгааллын дэглэм баримтлан 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаатай зохион байгуулахаар шийдвэрлүүлсэн. Давтлагыг ерөнхий боловсролын 550 сургууль зохион байгуулж, тэдгээрт 25,0 мянган суралцагч хамрагдан 6.6 мянган багш удирдаж байна.
  2. БСШУС-ын сайдын “Заавар батлах тухай” 2020 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн А/220 дугаар тушаалаар “Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн суралцагчдад сургуулийн орчинд элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх давтлага зохион байгуулахад мөрдөх заавар”-ыг баталлаа. Уг зааварт давтлага зохион байгуулахад сургуулийн удирдлага, багш, суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, албан хаагчид тодорхой үүрэг хүлээн бэлтгэлийг сайтар хангаж, халдвараас урьдчилан сэргийлсэн орчин нөхцөл бүрдүүлэн, тогтоосон дэгийг баримтлан ажиллах талаар тусгав.
  3. Элсэлтийн ерөнхий шалгалтыг улсын хэмжээнд 2020 оны 7 дугаар сарын 2-ноос 5-ны өдрүүдэд зохион байгуулах, шалгалтын материал боловсруулах, хэвлэх багийг тусгайлан бэлтгэсэн объектод ажиллуулах асуудлыг Улсын онцгой комиссын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн XXII хуралд БСШУС-ын сайд танилцуулж, улмаар элсэлтийн ерөнхий шалгалтын сэдэв, даалгавар боловсруулах, хэвлэх багийг 2020 оны 6 дугаар сарын 2-ны өдрөөс 7 дугаар сарын 5-ны өдрийг дуустал тусгайлсан объектод ажиллуулахаар шийдвэрлэж Улсын онцгой комиссын 2020 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 22 дугаар тэмдэглэл гарлаа.
  4. Гадаад улсад амьдарч байгаа Монгол улсын харьяат хүүхдүүдэд Монгол хэл, үндэсний ёс заншлын сургалт явуулдаг багш нарын 2 удаагийн цахим сургалт, 1 удаагийн цахим хэлэлцүүлэг болж хэлэлцүүлэгт Герман, Швед, Бельги, БНСУ, Польш, Япон зэрэг гадаадын улс орнуудад амьдран суугаа 24 багш оролцлоо. Сургалт, хэлэлцүүлгийн төгсгөлд Гадаад улсад амьдарч байгаа хүүхдийн хэл, түүхийн хичээлийн сургалтын талаар багш нар, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хамтран арга зүйн зөвлөмж боловсруулахаар боллоо.
  5. Аймаг, нийслэлийн Боловсрол, соёл, урлагийн газарт боловсролын бичиг баримт, олгох, хувийн хэрэг хөтлөх чиглэлийг 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 6/3343 тоот албан бичгээр хүргүүлэн ажилласан.
  6. Олон улсын залуучуудын спортын ногоон наадмыг 2021 оны 09 дүгээр сарын 09-17-ны өдрүүдэд зохион байгуулах тухай Засгийн газрын 2019 оны 376, 154 дүгээр тогтоолуудад өөрчлөлт оруулах тогтоолын төслийг боловсруулав. Төсөлд яамдаас санал авч нэгтгэн Засгийн газрын хэрэг эрхлэх газарт БСШУС-ын сайдын А/3225 тоот албан бичгээр хүргүүлсэн. 2020 оны 5 дугаар сарын 27-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн тус өдрийн 200 дугаар тогтоолоор өөрчлөлт орууллаа.  
  7. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолын дагуу 2019 онд зохион байгуулагдсан Дэлхийн аварга  шалгаруулах тэмцээн, тивийн наадам, Монголын хүүхдийн спортын наадам, Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн 43 спортын төрлийн 1601 тамирчин, дасгалжуулагчдад БСШУС-ын сайдын 2020 оны 03 дугаар сарын 18-ны А/135 дугаар тушаалаар 834.4 сая төгрөгийн мөнгөн шагналыг олгов.
  8. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, Монгол Улсын БСШУС-ын яам хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль” төслийн III шатны төслийг хэлэлцэх уулзалтыг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр зохион байгуулж төслийг батлах тохиролцоонд хүрэв.  
  9. Соёл, урлагийн салбарын 2019 оны жилийн эцсийн мэдээллийг батлагдсан маягтын дагуу аймаг, нийслэлээс цуглуулан, хянаж, нэгтгэн 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Үндэсний статистикийн хороонд хүргүүлсэн.
  10. Дээд боловсролын 2019 оны жилийн эцсийн төсвийн гүйцэтгэлийн мэдээний тайланг их, дээд сургуулиудаас хүлээн авч, хянаж, нэгтгэж, тодруулгуудыг хийж, Үндэсний статистикийн хороонд 2020 оны 5 дугаар сарын 27-нд хүргүүлсэн.
  11. 2019-2020 оны хичээлийн жилийн хугацаа дуусгавар болж байгаатай холбогдуулан боловсролын салбарын мэдээллийн системд дараах зохицуулалтыг хийж ажилласан:
  1. Цэцэрлэгийн хүүхдүүдийн үргэлжлүүлэн суралцах эсэх, 1 дүгээр ангид элсэн суралцах эсэх мэдээллийг оруулах үйлдлийг 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс;
  2. Ерөнхий боловсролын сургууль болон насан туршийн боловсролын төвийн суралцагчдын анги дэвшилт, хичээл болон судлагдахууны үнэлгээ /хувь/ оруулах, бодох үйлдлийг 2020 оны 5 дугаар сарын 08-ний өдрөөс;
  3. Анги дэвшилт, төгсөлт, боловсролын баримт бичиг олголт, төгсөлтийн статистикийн мэдээлэл оруулах үйлдлийг 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрөөс тус тус нээх зохицуулалтыг хийж, бүх аймаг, нийслэлийн БСУГ-т мэдэгдсэн.
  1. Монгол, Солонгосын багш солилцооны хөтөлбөрт оролцох багш нарын нэрсийг Солонгосын талд хүргүүлсэн /2020.05.18-ны 11/3111 тоот албан бичиг/. Хөтөлбөрт Чанарын үнэлгээний шалгалтаар өндөр үнэлгээ авсан Улаанбаатар хотын ЕБС болон Увс, Баянхонгор, Орхон, Дундговь, Завхан, Дархан-Уул, Баян-Өлгий, Дорноговь аймгийн 14 багшийг оролцуулах юм.  
  2. БСШУС-ын яам, Монголын ажилтан, албан хаагчдын үйлдвэрчний эвлэлийн холбоотой 2020-2021 оны салбарын хамтын хэлэлцээрийг 5 дугаар сарын 29-ний өдөр хийлээ. Хамтын ажиллагааны хэлэлцээрт соёл, урлаг, спортын салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, салбарын хөдөлмөрийн харилцаа, нийгмийн түншлэлийг хөгжүүлэх, салбарын ажилтнуудын хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын асуудалд үйлдвэрчний эвлэлийн болон салбарын мэргэжлийн байгууллагуудын оролцоог хангах, салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хөдөлмөрийн норм нормативыг шинэчлэх, цалин хөлсийг нэмэгдүүлэх, ур чадварын, зэрэг дэвийн нэмэгдэл олгох, төрийн байгууллагын хэвийн үйл ажиллагааг хангахад туслах албан тушаалд ажиллагчдад нэмэгдэл мөнгөн урамшил олгох журам, зааврыг боловсруулж, мөрдүүлэх зэрэг асуудлыг тусгалаа.
  3. Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалтад бүртгүүлсэн “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийн батламж гардуулах ёслолын арга хэмжээг 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдөр зохион байгууллаа.
  4. БСШУС-ын яамны харьяа соёл, урлагийн байгууллага болон Соён гэгээрлийн чиглэлээр хамтран ажилладаг ТББ, мэргэжлийн холбоод, уран бүтээлчдээс цар тахлын үед хийж хэрэгжүүлж, зохион байгуулж байгаа үйл ажиллагааны талаар СУБЗГ-с хяналт-мониторинг хийж 23 байгууллага дээр биечлэн  танилцаж ажиллалаа. Энэ талаар мэдээ мэдээллийг олон нийтэд хүргэх зорилгоор “Хамаг бүхэн сайхан болно” 25-30 минутын баримтат нэвтрүүлэг хийж олон нийтэд хүргэлээ.
  5. БСШУС-ын сайдын “Суурь судалгааны төсөл батлах, санхүүжүүлэх тухай” 2020 оны А/143 дугаар тушаалаар батлагдсан 65 төслийг хэрэгжүүлэх гэрээ байгуулах ажлыг гүйцэтгэж байна. Гэрээ байгуулах ажил 70 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байна.
  6. Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 301 дугаар тогтоолоор батлагдсан “Шинжлэх, ухаан, технологийн төсөл хэрэгжүүлэх журам”-ын дагуу гадаадтай хамтарсан 160 төслийг Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлөөр хэлэлцүүлж, салбар зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийн дагуу 2020 оноос эхлэн хэрэгжүүлэх гадаадтай хамтарсан төслийн жагсаалт гарган ОХУ, БНХАУ-ын талд хүргүүлэв.  
  7. Түүх, археологийн болон Палеонтологийн мэргэжлийн зөвлөлийг 5 дугаар сарын 13-ний өдөр цахим хэлбэрээр хуралдуулж 2020 онд судалгааны ажил, хайгуул, малтлага хийх хүсэлт гаргасан байгууллагуудын хүсэлтийг хэлэлцэн, нийт 4 байгууллагын 11 судалгааны багт зөвшөөрөл олголоо.
  8. Олон улсын монгол судлалын төвийн үйл ажиллагааг дэмжих, монгол судлалын бааз суурийг бэхжүүлэх, сурталчлах зорилгоор БСШУС-ын сайдын “Зардал батлах тухай” А/202 дугаар тушаал 04 дүгээр сарын 24-ний өдөр батлагдсантай холбогдуулан 8 үйл ажиллагааны гэрээг гүйцэтгэгч байгууллагатай хийлээ.

 ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

  1. Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралт “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Засгийн газрын 2019 оны 447 дугаар тогтоолын хавсралт зэргийг үндэслэн БСШУС-ын яамны хууль тогтоомж, тогтоолын шийдвэрийн хэрэгжилтэд 2020 оны нэгдүгээр улирлын байдлаар  хяналт-шинжилгээ хийх, үр дүнд нь үнэлгээ өгч ажилласан. Нийт 167 зүйлээр Хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн биелэлтийн талаар дүгнэлт, зөвлөмж  нэгжүүдэд хүргүүлсэн ба дундаж үнэлгээ 90.4 хувь байна. Биелэлт гаргасан ажил үйлчилгээнээс зорилтот түвшиндээ хүрсэн 117,  тавьсан зорилтдоо бүрэн хүрээгүй боловч төсөв, хөрөнгө санхүүтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан дээд шатны байгууллагад өргөн барьсан, холбогдох байгууллагын шийдвэр гарсан, гол үр дүн нь хэрэгжих шатанд  байгаа 33 ажил үйлчилгээ, биелэлтийг тодорхой биш байдлаар гаргасны улмаас хэрэгжилт хангалтгүй  8 ажил үйлчилгээ, биелэлт хангалтгүй 1 ажил үйлчилгээ байна. 
  2. “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” аяны тайлан, Хүүхдийн хөгжил хамгааллын үндэсний хөтөлбөрийн биелэлтийг боловсруулж, холбогдох газруудад хүргэлээ. “Хүүхэд-Эрхэм хэрэглэгч” аян нь хөл хорио тогтоосон үед зохион байгуулагдсан бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын үед авч хэрэгжүүлсэн арга хэмжээнд тус яамаар төлөвлөгдсөн ажлууд чухал дэмжлэг болж чадлаа. ШӨХТГ-т яамны ТНБД-ын 2020 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 2/3152 тоот албан бичгээр "Хүүхэд эрхэм хэрэглэгч 2020" аяны тайланг илгээсэн байна.
  3. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бодлого үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд БСШУС-ын яам яам соёлын биет болон биет бус өвийг хамгаалах хууль, тогтоомжийн хэрэгжилтийг 2019 онд хэрхэн хангаж ажилласан тухай мэдээлэл болон "Соёлын биет бус өвийг хамгаалах" хөтөлбөрийн тайланг БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 1а/2864 тоот албан бичгээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүллээ.
  4. БСШУС-ын яамны 2016-2019 оны хооронд хэрэгжүүлсэн үйл ажилллагааны тайлангийн нэгтгэлийг гаргаж, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороонд 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр цахим шуудангаар хүргүүлсэн.
  5. Бүгд Найрамдах Болгар Улс, Румын Улс, Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсуудад суралцах тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг тус тус зохион байгуулсан.
  6. АНУ-ын Фулбрайтын тэтгэлгийн сонгон шалгаруулалтын ажлын хэсэгт орж ажиллан, 2020-2021 оны хичээлийн жилд суралцах оюутнуудыг сонгон шалгаруулсан.
  7. “Зардал батлах тухай” БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн А/230 дугаар тушаалаар 2019 оны Соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчаар шалгарсан Баянзүрх дүүргийн өвлөн уламжлагч, туульч Авирмэдийн Балдандоржид олгох мөнгөн шагнал 30.0 сая төгрөгийг батлав.
  8. Засгийн газрын 2008 оны 61 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор Монголын циркчдийн холбоогоор циркийн уран бүтээлчдийн эрх ашиг, нийгмийн баталгааг хангах, бүртгэх, статистик мэдээлэл боловсруулах чиг үүргийг гүйцэтгүүлэхэд шаардагдах 12.0 сая төгрөгийн санхүүжилт олгох “Зардал батлах тухай” БСШУС-ын Сайдын  2020 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн А/274 дүгээр тушаалыг батлав.

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

  1. Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулахад шаардагдах нэмэлт зардалд 238.9 сая төгрөгийг БСШУС-ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 04-ны өдрийн А/216 дугаар тушаалаар батлав.
  2. Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд дэмжлэг үзүүлэх дөрвөн дугаар бүхий “Элсэгчийн сонин”-г эрхлэн гаргахад шаардагдах  зардалд 14.0 сая төгрөгийг БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 04-ны өдрийн А/216 дугаар тушаалаар батлав.
  3. 2019 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газраас санхүүгийн тайлангийн аудит хийж ирүүлсэн. Дүгнэлтийн мөрөөр БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 1а/3335 тоот албан бичгээр төсвийг бодитой төлөвлөж, эрсдэлээс урьдчилан сэргийлэх үүднээс дотоод хяналтын үр нөлөөг дээшлүүлэх замаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангаж ажиллах, аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагыг тогтоосон хугацаанд биелүүлж, өмнөх оны  гүйцэтгэл хангаагүй албан шаардлага, зөвлөмжийн биелэлтийг хангаж зөрчлийн давтан гаргуулахгүй байх чиглэлээр зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг төсвийн захирагч нарт  үүрэг болгов.
  4. Салбарын үйл ажиллагааны зардлын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр:

Шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас цэцэрлэг, сургуулийн хүүхдийн танхимын сургалт явагдахгүй байгаатай холбоотой үүссэн хоолны зардлын хэмнэлтийг буцаан татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Үүний үр дүнд 54.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар 25.4 тэрбум төгрөг хэмнэлтийн дансанд хуримтлагдаад байна. Хэмнэлтээс санхүүжүүлсэн зардал:

  • Засгийн газрын 2020 оны 114 дүгээр тогтоолыг үндэслэн 1.122.460 хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийн 4 дүгээр сарын санхүүжилтэд 11.2 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дансанд шилжүүлсэн.
  • Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дансанд 2020 оны 5 дугаар сард 1,178,656 хүүхэд олгох 11.7 тэрбум төгрөгийг шилжүүлсэн.
  1. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль 2019 онд батлагдсан бөгөөд хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 53 дугаар тогтоолын дагуу хөтөлбөрийг үе шаттайгаар хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг хэрэгжүүлж байна. Эхний ээлжид ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн хүүхдийн хоол хөтөлбөр 2021 оны 9 дүгээр сарын 1-ээс хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан 2021 оны төсвийн хязгаарын саналд бага ангийн сурагчдын үдийн хоолны зардлыг урьдчилсан байдлаар 1500 төгрөгөөр тооцож нийтдээ 69.3 тэрбум төгрөгийг тусгаад байна.
  2. Төсвийн ерөнхийлөн захирагчийн 2019 оны санхүүгийн тайлан, хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, шилэн дансны мэдээллийн бүртгэлд Үндэсний аудитын газраас аудитын хяналт хийлээ. Санхүүгийн тайланд хийсэн аудитын дүгнэлтээр боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын 13 байгууллага хязгаарлалттай, 2 байгууллага сөрөг санал дүгнэлттэй үнэлэгдсэн. Эдгээр байгууллагуудын холбогдох албан тушаалтанд Төрийн албаны тухай хуулийн 48.1 дэх хэсэгт заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулж, албан шаардлагын биелэлтийн тайланг 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 2/3282 тоот албан бичгээр Үндэсний аудитын газарт хүргүүллээ.
  3. БСШУС-ын сайдын 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 1а/2018 тоот албан бичгээр хүргүүлсэн Зөвлөмжийн биелэлтийг хангуулах чиглэлээр аймаг, нийслэлийн ЕБС,  цэцэрлэг, дотуур байрны хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний үлдэгдлийн судалгааг нэгтгэн гаргалаа. Судалгаагаар 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар 16 аймгийн ЕБС, цэцэрлэг, дотуур байранд мах, гурил, будаа, гоймон, хуурай хүнс, бусад хүнс гэсэн 6 үндсэн нэрийн нийт 1 тэрбум 193 сая төгрөг, нийслэлд 564.3 сая төгрөг, улсын хэмжээнд 1 тэрбум 758 сая төгрөгийн хүнсний үлдэгдэлтэй байна.  Нийт 2 тэрбум 19 сая төгрөгийн хүнсийг хүнс хангамжийн байгууллага буцаан татан авалт хийсэн, чанар, аюулгүй байдал алдагдсан 528.5 сая төгрөгийн бүтээгдэхүүнийг холбогдох байгууллагуудтай хамтран устгалд оруулсан, 2 тэрбум 96 сая төгрөгийн хүнсийг Аймаг, нийслэлийн онцгой комиссын шийдвэрээр зарцуулсан, бусад хэлбэрээр худалдан борлуулсан байна. 
  4. 2020-2021 оны хичээлийн жилд хэрэглэх ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн нөхөн хангалтын сурах бичиг худалдан авах тухай” СБ-2020/001-013 дугаар тендер шалгаруулалтыг зарлан www.tender.gov.mn хуудсанд байршуулав.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

  1. 2020 оны ЕБС төгсөгчдийн нэрсийг монгол бичигт хөрвүүлж, нэрийн сан бүрдүүлэх ажлаар Хэлний бодлогын үндэсний зөвлөлтэй гэрээ байгууллаа. Гэрээний дагуу 2018-2019 оны 15,0 мянга, 2019-2020 оны 8,6 мянган төгсөгчдийн нэрийг монгол бичигт хөрвүүлэн шивж, Улсын бүртгэлийн ерөнхий газарт хүргүүллээ.
  2. Ерөнхий боловсролын сургуулийн сурагчийн дүрэмт хувцасны талаар авах арга хэмжээний тухай санал боловсруулж ажиллаж байна. Саналд дүрэмт хувцасны загварын патентийг ХХААХҮ-ийн яаманд шилжүүлэн өгснөөр Патентийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-д заасны дагуу хамгаалагдсан бүтээлийг ашиглах зөвшөөрлийг бүтээл ашиглагч (үйлдвэрлэгч)-д олгох, бүтээл ашиглагч гэрээгээр тогтоосон төлбөрийг (ХХААХҮЯ-д) төлөх зэрэг үйлдвэрлэлт, нийлүүлэлтийн бусад үр ашиг бүхий бодит харилцаа үүсэх боломжтой, түүнчлэн чиг үүрэг бүхий салбарын яам энэхүү (загварын патент эзэмших, стандартын хэрэгжилтийг хангах) асуудлыг бүрэн хариуцсанаар зарим үйлдвэрлэгч, хэрэглэгчийн зөрчигдсөн эрх ашгийг үйлдвэрлэлт, нийлүүлэлт, чанарын хяналтын түвшинд нэг мөр шийдэрлэх боломжтой болох талаар тусгасан болно.
  3. Биеийн тамир, спортын салбарын хууль эрх зүйн баримт бичгийн санг “word” программ руу шилжүүлж файл үүсгэв.
  4. БСШУС-ын сайдын “төрийн их, дээд сургуулийн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийн бүрэлдэхүүнд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” А/243 дугаар тушаал, “Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн Агроэкологи,бизнесийн сургуулийн удирдах зөвлөлийн төрийн төлөөллийг шинэчлэн батлах тухай” А/253 дугаар тушаалуудыг тус тус гарган салбар сургуульд цахимаар хүргүүлсэн.
  5. Аймаг нийслэл, дүүргийн боловсролын газрын дарга нарт БСШУС-ын сайдын “Чиглэл хүргүүлэх тухай” 2020 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн 1а/2883 тоот албан бичгээр улсын бүртгэлийн байгууллагын итгэмжлэгдсэн ажилтнаар багш нарыг холбогдох хууль тогтоомжийн дагуу ажиллуулахад дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг зөвшөөрсөн чиглэлийг хүргүүллээ.
  6. Улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэнтэй  холбогдуулан Төрийн нарийн бичгийн даргын “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед авч хэрэгжүүлэх зохион байгуулалтын зарим арга хэмжээний удирдамж” чиглэл,  2020 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн 29-ний хугацаанд ажиллах шуурхай ажлын хэсгийн өдрийн жижүүрийн хуваарийн дагуу яамны албан хаагчид зохих ёсоор үүрэг гүйцэтгэн,  хэрэгжүүлэн ажилласан.
  7. БСШУС-ын салбарын удирдлага, мэргэжилтнүүдээс ирүүлсэн саналын дагуу холбогдох байгууллагуудтай 30 удаагийн цахим хурал, уулзалтыг зохион байгуулахад техник, тоног төхөөрөмж, хурлын тасралтгүй, найдвартай ажиллагааг МТСХ-ээс удирдлага, зохион байгуулалтаар хангаж ажилласан.
  8. Монгол Улс болон дэлхий дахинд коронавирусийн халдвар цар тахлын хэмжээнд хүрч Бүгд Найрамдах Хятад Ард Улсад, Америкийн Нэгдсэн Улсад, Бүгд Найрамдах Польш Улсад, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад болон гадаадын бусад улсад суралцаж буй Монгол оюутнуудтай холбоотой өргөдлүүдийг хүлээн авч, холбогдох байгууллагатай хамтран шийдвэрлэж байна.
  9. Гадаадаас Монголын цэцэрлэг, сургуульд ажиллах мэргэжилтэн багш нарын оршин суух болон хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл сунгуулахаар Хөдөлмөр, халамж үйлчилгээний газар, Гадаадын иргэн, харьяатын газарт хүргүүлэн ажиллалаа. 5 дугаар сарын 1-ний өдрөөс 5 дугаар сарын 29-ний хугацаанд нийт 50 сургууль, цэцэрлэгийн дэмжих бичгийг уламжилсан байна.
  10. Коронавируст халдвар (COVID-19)-ын тархалтын үед улс, орнуудын боловсролын салбарт хэрэгжүүлж буй арга хэмжээний талаарх мэдээллийг хайх, орчуулах, цахим хуудаст байрлуулах ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байна. Тайлангийн хугацаанд гадаад улс, орнуудад авч, хэрэгжүүлж буй арга хэмжээ, судлаач, эрдэмтдийн нийтлэл гэх мэт нийт 21 мэдээ бэлтгэн яамны вэб хуудсанд байршуулаад байна.
  11. БСШУС-ын яаманд 2020 оны 5 дугаар сарын байдлаар байгууллага, аж ахуй нэгж, иргэдээс 3889 хариутай бичиг, 1008 шууд бичиг, 945 өргөдөл гомдол нийт 5842 бичиг ирүүлсэн байна. 3497 хариутай албан бичиг, 873 өргөдөл, гомдол буюу нийт 4370 бичгийг шийдвэрлэж, хариутай бичиг, өргөдөл, гомдлын 90.4%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. 5.2% нь буюу 213 албан бичиг, 41 өргөдөл хугацаандаа судлагдаж, 179 албан бичиг, 30 өргөдөл буюу 4.3% нь хугацаа хэтэрсэн байна. Мөн энэ сард яамнаас байгууллага, аж ахуй нэгж, иргэдэд 763 албан бичиг явуулсан. Шуудангаар нийт 326 бичиг, биечлэн 437 бичгийг байгууллага, аж ахуй, нэгж, иргэнд хүргүүлж, биеэр ирж болон утсаар хандсан иргэдэд нийт 1624 удаа мэдээлэл, лавлагаа өгсөн байна.

 

--- 000 ---