НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР
- “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжил болон сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх журам”-ыг БСШУС-ын сайдын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 280 дугаар тушаалаар баталлаа. Үнэлгээний журмын онцлог нь сургуулийн өмнөх боловсрол эзэмших явцад хүүхдийн бие бялдар, танин мэдэхүй, нийгэмшихүйн чадварт гарч буй ахиц, өөрчлөлтийг илрүүлэх, хүрсэн үр дүнг тогтоох, дэмжлэг үзүүлэх, багш арга барилаа хүүхдийн ялгаатай байдалд тохируулах, багшийн арга зүй, ур чадварыг сайжруулах арга замыг тодорхойлоход оршиж байна.
- БСШУС-ын сайдын 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн “Сургалтын жишиг хөтөлбөр батлах тухай” А/278 дугаар тушаалаар “Цэцэрлэгийн туслах багш бэлтгэх сургалтын жишиг хөтөлбөр”, “Төгсөгчдөд олгох “Гэрчилгээ”-ний загварыг тус тус баталсан. Тус жишиг хөтөлбөрт Сургалтын төлөвлөгөө, Хичээлийн хөтөлбөр, сургалтын арга зүй, Суралцах орчны шаардлага, Элсэгч, төгсөгчид тавих шаардлага, Багшид тавих шаардлага, суралцагчийн үнэлгээ, Удирдлагын мэдээллийн систем зэрэг асуудлыг тусгасан.
- Ердийн хэв шинжтэй цэцэрлэг, сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид үндсэн цалингийн 10 хувийн нэмэгдэл олгох асуудлыг Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн “Журамд нэмэлт оруулах тухай” 208 дугаар тогтоолоор шийдвэрлүүллээ. Үүнтэй холбоотой “Ердийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид цалингийн нэмэгдэл олгох заавар”-ын төсөл боловсруулах ажлыг зохион байгуулж байна.
- БСШУС-ын сайдын 2020 оны “Оюутан бүртгэх тухай” А/276 дугаар тушаалаар соёл урлагийн боловсон хүчнийг бэлтгэх ажлын хүрээнд орон нутгийн соёлын театр, чуулга, соёлын төвд ажиллаж буй ажилтнуудын мэргэжил, боловсролыг дээшлүүлэх үүднээс тухайн албан тушаалд 5-с дээш жил ажиллаж байгаа, СУИС-д эчнээгээр суралцаж буй иргэдийг Боловсролын удирдлагын мэдээллийн системд бүртгэх ажлыг хийлээ.
- “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн төслийг боловсруулж, Засгийн газрын 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн тус өдрийн 207 дугаар тогтоолоор батлуулах ажлыг зохион байгууллаа. Хөтөлбөр нь ЕБС-ийн суралцагчдыг үдийн хоолны үйлчилгээнд үе шаттай хамруулах, хоол хүнсний хангамжийн оновчтой тогтолцоог бүрдүүлэх, стандартын шаардлагад нийцсэн орчин нөхцөлд шим тэжээллэг хоол хүнсээр үйлчлэх, мэргэжлийн хүний нөөцийг бэлтгэх зэрэг асуудлыг шийдвэрлэх зорилгод тулгуурласан 4 зорилт, түнийг хэрэгжүүлэх 22 арга хэмжээ бүхий бодлогын барим бичиг болсон.
- БСШУС-ын сайдын 2020 оны А/190 дүгээр тушаалын хоёрдугаар хавсралтаар Хүний нөөц бэлтгэх, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний стандарт, хоол, шим тэжээлийн боловсрол олгох ажлыг зохион байгуулах дэд ажлын хэсгийн хийж гүйцэтгэх ажлын төлөвлөгөөг баталсан. Төлөвлөгөөний дагуу Дэд ажлын хэсгээс Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний үндэсний стандартын анхны төслийг боловсруулаад байна.
- Монгол улсын Засгийн газрын 2011 оны 311 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаанд дотоод хяналт шалгалтыг зохион байгуулах нийтлэг журам” -ын 1.3 дахь заалтын хүрээнд тус яамны Дотоод хяналт, шалгалтын журмын төслийг шинэчлэн, боловсруулж БСШУС-ын сайдын 2020 оны 5 дугаар сарын 29-ны өдрийн А/273 дугаар тушаалаар батлав.
ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
- Монгол Улсын Их Хурлын 2019 оны 54 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Монгол Улсын Эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын зорилт, арга хэмжээний хэрэгжилтийн тайланг нэгтгэн гаргалаа. Монгол Улсын Эдийн засаг нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын зорилт, арга хэмжээний хэрэгжилт 2020 оны эхний хагас жилийн байдлаар 59,54%-тай үнэлэгдсэн.
- БСШУС-ын сайдын 2020 оны 6 дугаар сарын 02-ний өдрийн “Зардал батлах тухай” А/283 дугаар тушаалаар 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурах бичиг, багшийн журнал, харааны бэрхшээлтэй сурагчдад зориулсан сурах бичиг хэвлэн нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
- Цэцэрлэгийн хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх арга зүйн зөвлөмжийг боловсруулах ажлын удирдамжийг СӨБГ-ын дарга 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр батлан гаргалаа. Зөвлөмжийг багш нар өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэгжүүлснээр цэцэрлэгийн орчин дахь хүүхэд хамгааллын үйлчилгээний чанар сайжирч, багш, эцэг эх, асран хамгаалагчийн зүгээс багш хүүхэдтэй зүй бус харилцах хүүхдийн эрхийн зөрчлийг багасгах ач холбогдолтой юм.
- БСШУС-ын сайдын 2019 оны “Мэргэжлийн чиглэл, индекс тогтоох тухай” А/335 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс 2020 оны 6 дугаар сарын 9-ний өдөр 691 мэргэжлийн индексийн давхардлыг арилган 509 мэргэжлийн индекстэй болгох ажлыг зохион байгууллаа.
- БСШУС-ын сайдын 2020 оны “Сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх талаар авах арга хэмжээний тухай” А/279 дүгээр тушаалаар Сургуулийн өмнөх боловсролын туслах багш бэлтгэх хөтөлбөрийг баталлаа. Тус тушаалаар БСШУС-ын сайдын 2014 оны “Нийтлэг шаардлага батлах тухай” А/174 дүгээр тушаалаар батлагдсан “Бакалаврын хөтөлбөрт тавигдах нийтлэг шаардлага”-ын 2.7.6. дахь “Багшид тавигдах шаардлага”-д “Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” хөтөлбөрийн багш нь тухайн мэргэжлийн багш байх өөрчлөлтийг оруулсан. Тушаалыг холбогдох газар, хэлтэс, харьяа байгууллага болон их, дээд сургууль, коллежид хүргүүлэн, хэрэгжилтийг хангаж ажиллах чиглэл өглөө.
- “Нийгмийн үзүүлэлтийн түүвэр судалгаа-2018” буюу боловсролын дүн шинжилгээний үр дүнг хэлэлцүүлэх семинарыг 6 дугаар сарын 09-ний өдөр НҮБ-ын байранд зохион байгуулсан.
- Засгийн газрын 2020 оны 111 дүгээр тогтоолоор “Боловсролын мэдээллийн технологийн төв” байгуулах шийдвэр гарсан. Тогтоолын хүрээнд тус төвийг байгуулах ажлыг зохион байгуулснаар 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн “Боловсролын мэдээллийн технологийн төв” үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
- БСШУС-ын сайдын “Сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/279 дүгээр тушаалаар “Багш, сургуулийн өмнөх насны боловсрол” хөтөлбөрөөр багш бэлтгэдэг сургуулиудын хөтөлбөрийн төлөвлөлт, хэрэгжилт, багшийн чанарыг сайжруулах чиглэлээр холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг чиглэл өгсөн бөгөөд хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
- БСШУС-ын салбарын шагналын программыг хэрэглээнд бүрэн нэвтрүүлж Боловсрол, соёл, урлаг, Биеийн тамир, спортын газруудаас шагналын хүсэлтийг цахимаар хүлээн авдаг боллоо.
- Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Соёлын биет өвийг эргүүлэн авчрах тухай” 141 тогтоолыг хэрэгжүүлэн Монгол Улсын хилээр хууль бусаар гаргасан палеонтологийн олдвор болох Протоцератопс, Тарбозавр үлэг гүрвэлийн хэлхээ яс, Протоцератопс, Тарбозавр болон Хадрозавр үлэг гүрвэлийн зарим чулуужсан яс, Триннозавр Батаар үлэг гүрвэлийн гавлын ясыг АНУ-аас эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулалтаар ханган ажилласан. Үүнд: 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Сиаттл-Улаанбаатар чиглэлийн МИАТ-ийн тусгай үүргийн онгоцоор дээрх соёлын биет бус өвийг тээвэрлэн авчрах ажлыг МИАТ ТӨХК-тай гэрээ байгуулан холбогдох санхүүгийн зохицуулалтыг ханган ажиллалаа.
- БСШУС-ын сайдаас “Хичээлийн жилийн бэлтгэл хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 2020 оны А/286 дугаар тушаалыг гаргалаа. Энэхүү тушаалаар бүх шатны боловсролын сургалтын байгууллагын 2019-2020 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилт, үр дүнг дүгнэх, 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл хангах ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталж, (i) 2019-2020 оны хичээлийн жилд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилт, үр дүнд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж танилцуулах; (ii) хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангах төлөвлөгөө боловсруулан батлуулж, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах; (iii) цэцэрлэгийн хүүхэд, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад 2020 оны IX сард зохион байгуулах бататгах хичээлүүдийн агуулга, арга зүйн зөвлөмж боловсруулах, хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах платформ хөгжүүлэх дэд багийн бүрэлдэхүүнийг хичээл тус бүрээр томилон ажиллуулах; (iv) цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн хичээл, сургалтын үйл ажиллагааг цахим хэлбэрээр зохион байгуулах платформ хөгжүүлэх ажлыг НҮБ-ын Монгол дахь төрөлжсөн байгууллагаас хэрэгжүүлэх “Монгол Улсад СOVID-19 тархалтыг хязгаарлах, түүний сөрөг нөлөөллийг бууруулахад нэн шаардлагатай нийгмийн үйлчилгээний чадавхыг бэхжүүлэх” төслийн хүрээнд зохион байгуулах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг ажлын хэсэгт үүрэг болгон ажиллалаа.
- Боловсролын тухай хуулийн 31.1.12 дахь заалтын хэрэгжилтийг эрхзүйн зөрчилгүй хангах зорилгоор улсын хэмжээнд цэцэрлэгийн эрхлэгч, сургуулийн захирлын хүний нөөцийн бүрэлдэхүүн, томилгооны байдлын судалгаа хийж Төрийн албаны зөвлөл, Авлигатай тэмцэх газраас чиглэл авч уг асуудлаар аймаг, нийслэлийн Засаг дарга нарт зөвлөмж, Боловсрол, соёл, урлагийн газруудад чиглэл хүргүүллээ.
- Ерөнхий боловсролын сургуульд суралцаж байгаа харааны бэрхшээлтэй болон сонсголын бэрхшээлтэй хүүхдийн суралцах орчин, нөхцөлийг дэмжин сайжруулах арга хэмжээний хүрээнд БСШУС-ын сайдын 2020 оны "Зардал батлах тухай" А/283 дугаар тушаалын хавсралтаар 4-12 дугаар ангийн 27 нэрийн сурах бичгийг брайл үсгээр хэвлэх, 6-12 дугаар ангийн 18 нэрийн сурах бичгийг харааны бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгох үүднээс цахим мэдээллийн систем/DAISY/ хэлбэрт хөрвүүлэх, холбогдох сургалтын хэрэглэгдэхүүнд шаардагдах 70 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэв.
- БСШУС-ын сайдын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн "Төлөвлөгөөнд нэмэлт оруулж, эрх шилжүүлэх тухай" А/283 дугаар тушаалын хавсралтаар сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр сургууль, харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулиудад сургалтын хэрэглэгдэхүүн, тоног төхөөрөмж худалдан авахад шаардлагатай 40 сая төгрөгийн зардлыг шийдвэрлэв.
- Улсын захиалгаар 2021 оноос эхлэн хэрэгжүүлэх “Шинжлэх ухаан, технологийн төсөл”-өөр шийдвэрлүүлэх 73 асуудлын танилцуулга, жагсаалт, хавсралт материалыг журмын дагуу хэлэлцүүлж, зөвлөмж гаргуулахаар Үндэсний зөвлөлд цахимаар хүргүүллээ. Шинжлэх ухаан, технологийн захиалгат төслөөр шийдвэрлүүлэх асуудлыг салбараар ангилбал:
1. Байгалийн ухааны салбарт 9
2. Анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухааны салбарт 13
3. Инженерийн ухаан, технологийн салбарт 17
4. Хөдөө аж ахуйн шинжлэх ухааны салбарт 17
5. Нийгмийн шинжлэх ухааны салбарт 17 санал байна.
Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж, дэмжигдсэн асуудлуудын сэдвийг шинжлэх ухаан, технологийн төсөл болгон хэвлэл мэдээллийн хэрэгслээр олон нийтэд зарлаж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлыг ирэх саруудад зохион байгуулахаар ажиллаж байна.
- БСШУС-ын сайдын А/133 дугаар тушаалаар томилогдсон Ажлын хэсэг Хятад- Монголын молекул биологийн хэрэглээний хамтарсан лабораторийг ШУТИС-д хүлээлгэн өглөө.
- ОХУ-ын Суурь судалгааны сантай хамтран 2020 оноос хэрэгжүүлэх төслийг саналуудыг хүлээн авч, холбогдох журмын дагуу шинжээч томилон дүгнэлт гаргуулж Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлөөр хэлэлцүүллээ. 2020 онд нийт 98 төсөл өрсөлдсөнөөс эцсийн шалгаруулалтаар 22 төсөл шалгарч 2020 оны 06-р сард хоёр талын хамтран хэрэгжүүлэх эдгээр 22 төслийг санхүүжүүлэхээр тогтлоо.
- Соёл, шинжлэх ухаан, биеийн тамир, спортын салбарын сүүлийн 10 жилийн статистикийн мэдээллээр шинжилгээ хийж, 10 жилийн чиг хандлагыг харуулсан салбарын дэлгэрэнгүй танилцуулгыг боловсруулж, хэвлүүлэн, хэрэглэгчдийг мэдээллээр хангасан.
- Монгол Улсын шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2020 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ЗГ-2/187 тоот албан бичгээр “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед” Үндэсний шигшээ багийн дотоодын бэлтгэл, цугларалтыг 5 байрлалд хийх зөвшөөрлийг авсан. Үндэсний шигшээ багийн бэлтгэл дасгалжуулалтыг 2020 оны 6 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэсэн бөгөөд “Өндөржүүлсэн бэлэн байдлын үед” авах ариутлаг, халдваргүйжүүлэлтийн урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байна.
- Монгол Улсын Засгийн газрын “Нээлттэй өгөгдлийн нэгдсэн портал”-д соёл, урлаг, шинжлэх ухаан, биеийн тамир спортын салбарын үндсэн үзүүлэлтүүдийг мэдээллийн сангийн нэгдсэн форматад хөрвүүлэн нэгтгэж, тус нэгдсэн санд оруулж хэрэглэгчдийг мэдээллээр хангаж ажилласан.
ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
- Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ. Нийт 230 арга хэмжээгээр биелэлтийг гаргахад хэрэгжилтийн дундаж үнэлгээ 85.9 хувьтай байна. Үүнээс хамтран хэрэгжүүлэх байгууллагын биелэлт 180 арга хэмжээгээр 89.18 хувь, оролцогч байгууллагын биелэлт 50 ажил арга хэмжээгээр 85.9 хувь тус тус гарлаа.
- Засгийн газрын 2017 оны 89 дүгээр тогтоолын хавсралт “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, Захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам”, Засгийн газрын 2019 оны 447 дугаар тогтоолын хавсралт зэргийг үндэслэн БСШУС-ын яамнаас хууль тогтоомж, тогтоолын шийдвэрийн хэрэгжилтэд 2020 оны эхний хагас жилийн байдлаар хяналт-шинжилгээ хийж, үр дүнд нь үнэлгээ өгч ажилласан. Нийт 238 ангиллаар хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн хэрэгжилтийн дундаж үнэлгээ 92.42 хувиар гарсан ба биелэлтийн талаар дүгнэлт, зөвлөмжийг нэгжүүдэд хүргүүлэн ажиллалаа.
- Монгол Улсын Их Хурлын 2019 оны 54 дугаар тогтоолоор батлагдсан Монгол улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг нийт 21 үзүүлэлтээр гаргаж Сангийн яаманд хүргүүлсэн. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгагдсан боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хамаарах 3 зорилт, 12 бодлогын баримт бичгийн хүрээнд 21 ажлын 6 ажил 100 хувь, 3 ажил 70,0 хувь, 11 ажил 40,0 хувь, 1 ажил 0 хувийн гүйцэтгэлтэй гарлаа.
ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
- 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлын хүрээнд ЕБС-ийн I-XII ангийн нөхөн хангалтын сурах бичиг худалдан авах тухай” СБ-2020/001-013 дугаар тендер шалгаруулалтыг үнэлэн “Адмон принт” ХХК, “Битпресс” ХХК, “BCI” ХХК, “Соёмбо принтинг” ХХК, Мөнхийн Үсэг” ХХК-тай гэрээ байгуулан ажиллав.
- Гамшгаас хамгаалах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3, Улсын онцгой комиссын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 19 дүгээр тэмдэглэл, Эрүүл мэндийн яамны 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 1а/2219 дугаартай албан бичгийг тус тус үндэслэн манай улсад бүртгэгдсэн шинэ коронавируст халдвар (COVID-19)-ын чиглэлээрх судалгааны 3 төсөлд 594.0 сая төгрөгийн санхүүжилт олгож, хэрэгжүүлэхээр БСШУС-ын сайдын 2020 оны 6 сарын 2-ны өдрийн А/282 дугаар тушаалаар шийдвэрлэлээ.
- Шинэ төрлийн коронавирусийн тархалтын улмаас цэцэрлэг, сургуулийн танхимын сургалт явагдахгүй байгаатай холбоотой үүссэн хоолны зардлын хэмнэлтийг буцаан татан төвлөрүүлэх ажлыг зохион байгуулж байна. Нийт 54.2 тэрбум төгрөг төвлөрүүлэхээс 51.3 тэрбум төгрөг хэмнэлтийн дансанд хуримтлагдаад байна. Хүүхдийн мөнгө болон АШУҮИС-ийн харьяа нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааг тус хэмнэлтийн мөнгөнөөс санхүүжүүлэх чиглэлийг Засгийн газраас өгсөн. Энэ дагуу дараах зардлыг санхүүжүүлсэн байна:
- Засгийн газрын 2020 оны 114 дүгээр тогтоолыг үндэслэн 1.122.460 хүүхдэд олгох мөнгөн тэтгэмжийн 4 дүгээр сарын санхүүжилтэд 11.2 тэрбум төгрөгийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дансанд шилжүүлсэн;
- Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын дансанд 2020 оны 5 дугаар сард 1,178,656 хүүхэд олгох 11.7 тэрбум төгрөгийг шилжүүлсэн;
- Хүүхдийн мөнгөний 6 дугаар сард 1,191,099 хүүхдэд олгох 11.9 тэрбум төгрөгийг шилжүүлсэн;
- АШУҮИС-ийн харьяа сургуулийн нэгдсэн эмнэлгийн үйл ажиллагааны зардалд 2.0 тэрбум төгрөгийг тус тус шилжүүлсэн.
- Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд төсвийн ерөнхийлөн захирагчийн шилэн дансны цахим хуудсанд байршуулсан мэдээллийг 2020 оны 6 дугаар сарын 11-ны өдрийн байдлаар нэгтгэн дүгнэхэд 59 нэгдсэн мэдээллийг байршуулснаас хугацаандаа оруулсан 57, хугацаа хоцроосон 2 мэдээлэл байна. 99.7%-ийн гүйцэтгэлтэй ажиллаж байна.
- Үндэсний аудитын газрын Нийцлийн аудитын газраас шилэн дансны хуулийн хэрэгжилтийн байдалд аудитын хяналт хийлээ.. Аудитын хяналтад түүврээр 36 харьяа байгууллагыг сонгон баримтын тулгалт хийсэн. Аудитын хяналтаар төсвийн ерөнхийлөн захирагчийн багц 84.6%, яамны төв аппарат 80.3% -тай дүгнэгдсэн. Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг сайжруулах БСШУС-ын яамны Төрийн нарийн бичгийн дарга 2020 оны А/128 дугаар тушаал батлан гаргаж хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
- Төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2020 онд шинээр хэрэгжих 362 төсөл, арга хэмжээний худалдан авах ажиллагааны явц 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 297 төсөл, арга хэмжээг худалдан авах ажиллагааг төрийн худалдан авах ажиллагааны нэгдсэн цахим систем www.tender.gov.mn -д урилга, үр дүнг тухай бүр нийтэлж ил тод байдлыг ханган ажиллаж байна. Худалдан авах ажиллагааны явц 82 хувийн гүйцэтгэлтэй, 100 хувь цахим системээр зарлан Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД
- Архивын үндсэн болон туслах баримт бичгүүд, дотоодод хөтлөгддөг баримт бичгүүдийг зааврын дагуу хөтөлж давхардсан тоогоор 73 хүнд лавлагаа, мэдээллээр чирэгдэлгүй шуурхай үйлчилсэн. 2014 оны их дээд сургууль төгсөгчдийн ДБ” маягт бүхий 12 хн-г ДБШТ-ийнхний шинэчилсэн байдлаар ирүүлснийг файл үүсгэн Цахим санг тасралтгүй баяжуулах ажлыг хийж байна.
- 2020 оны 06 дугаар сард гадны байгууллага, иргэдээс яаманд хандаж 4693 хариутай бичиг, 1067 шууд бичиг, 1078 өргөдөл гомдол, нийт 6838 бичиг ирүүлсэн байна. 4259 хариутай албан бичиг, 1033 өргөдөл, гомдол буюу нийт бичгийг шийдвэрлэж, хариутай бичиг, өргөдөл, гомдлын 91.6%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. 4.7% нь буюу 253 албан бичиг, 20 өргөдөл хугацаандаа судлагдаж, 179 албан бичиг, 24 өргөдөл буюу 3.5% нь хугацаа хэтэрсэн байна. Мөн энэ сард яамнаас гадны байгууллага, иргэдэд 767 албан бичиг албан явуулсан байна. (Шуудангаар нийт 275 бичиг, биечлэн 492 бичгийг гадны байгууллага, иргэнд хүргүүлж, биеэр ирж болон утсаар хандсан иргэдэд нийт 1681 удаа мэдээлэл, лавлагаа өгсөн байна).
- Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн нөхөн хангалтын сурах бичиг, I-XII ангийн Багшийн журнал, VI-XII ангийн “Анги удирдсан багшийн дэвтэр”, брайл сурах бичиг, цахим /daisy-e-pub/ сурах бичиг, цахим /daisy-e-pub/ ном уншигч худалдан авах тухай СБ-2020/014-018 дугаар бүхий тендерийн баримт бичгийг боловсруулан тендерийн зарыг www.tender.gov.mn цахим хуудсанд байршуулав.
- БСШУС-ын сайдын 2020 оны “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай” А/284 дугаар тушаалаар Лаунчпад Монголиа коллежийн сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов.
- БСШУС-ын сайдын 2020 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн “Сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн хугацааг сунгах тухай” А/291 дүгээр тушаалаар “Цахим” дээд сургууль, ХААИС-ийн харьяа Ургамал, газар тариалангийн хүрээлэнгийн “Агроэкологи, бизнесийн сургууль”, Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар хотын салбарын сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар сунгасан.
- 2020 онд 69 сургууль, цэцэрлэг шинээр ашиглалтад орох бөгөөд эдгээр байгууллагад ажиллах албан хаагчдын орон тоо, Төрийн албаны тухай хууль шинэчлэгдэн батлагдсантай холбоотой цалин хөлсний нэмэгдэл олгох эрх зүйн шийдвэр гарснаар энэ оны цалингийн сан дутагдахаар судалгаа гарсан. Урьдчилан байдлаар 81134 албан хаагчдад 1,040.8 тэрбум төгрөгийн цалингийн эх үүсвэр шаардлагатай тооцоо гарсан нь 2020 оны төсөвт 60-аад тэрбум төгрөгийн өр үүсэхээр тооцооллыг гаргаад холбогдох арга хэмжээ авах ажлыг эхлүүлээд байна.
- Боловсролын зээлийн сангийн санхүүжилттэй дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрөөр суралцах оюутны сонгон шалгаруулалтыг 6 дугаар сарын 26-нд, өндөр хөгжилтэй орнуудад магистр, докторын хөтөлбөрөөр суралцах оюутны сонгон шалгаруулалтыг 6 дугаар сарын 29-нд, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын ӨМӨЗО-ы Ард Засгийн газрын тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг 6 дугаар сарын 22-нд тус тус зарласан.
- Бүгд Найрамдах Куба Улсад суралцах их, дээд сургуулийн тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг 6 дугаар сарын 30-нд зохион байгуулж 1 оюутныг сонгон шалгаруулсан, Бүгд Найрамдах Франц Улсад суралцах тэтгэлгийн эхний шатны сонгон шалгаруулалтыг 6 дугаар сарын 25-нд зохион байгуулсан. Бүгд Найрамдах Болгар Улс, Бүгд Найрамдах Казахстан Улсад суралцахаар шалгарсан оюутнуудын материалыг нэгтгэж холбогдох Элчин сайдын яамдад хүргүүлсэн болно. Украйн Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах иргэдийн мэдээллийг Украйн Улсын Боловсролын яаманд хүргүүлсэн.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2021 оны төсвийн хязгаарыг боловсруулж БСШУС-ын сайдын 2020 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 1а/3608 тоот албан бичгээр Сангийн сайдад хүргүүлсэн. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын төсвийн ерөнхийлөн захирагчийн 2020 оны төсвийг 2,496.4 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж 2021 оны төсвийн хязгаарыг нийт 4,719.4 тэрбум төгрөгөөр төлөвлөлөө. Үүнд: урсгал зардалд 520.8 тэрбум төгрөг, хөрөнгө оруулалтын зардалд 1,975.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр тооцсон.
- БСШУС-ын сайдын 2020 оны 4 дүгээр 20-ны өдрийн “Их, дээд сургууль, коллежийн хичээл, сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт хийх тухай” А/195 дугаар тушаалаар 2019-2020 оны хичээлийн жилийн төгсөлтийн үйл ажиллагааг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдөрт багтаан цахим хэлбэрээр зохион байгуулах үүргийг их, дээд сургуулиудад өгч, зохицуулалтыг ханган ажиллалаа.
- Их, дээд сургуулийн ирүүлсэн хүсэлтийг судлан, дипломын 126, бакалаврын 25332, магистрын 5635, докторын 110 дипломын дугаарыг тус тус хуваарилаад байна. Дээд боловсролын удирдлага мэдээллийн системд диплом олголтын үйл ажиллагааг хянах талбар бий болгон ажиллуулж байна.
- Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Нэр дэвшүүлж, албан тушаалд томилох тухай” 23 дугаар тогтоолын дагуу Дашдаваагийн Наранжаргалыг Монголын театрын музейн захирлын албан тушаалд БСШУС-ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/52 дугаар тушаалаар жинхлэн томилов.
- Төрийн албаны зөвлөлийн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх салбар зөвлөлийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн “Нэр дэвшүүлж, албан тушаалд томилох тухай” 24 дүгээр тогтоолын дагуу Жигжидийн Ган-Эрдэнийг Боловсролын үнэлгээний төвийн захирлын албан тушаалд БСШУС-ын сайдын 2020 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн Б/51 дугаар тушаалаар жинхлэн томилов.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны харьяа Боловсролын зээлийн сангийн захирлын албан тушаалын тодорхойлолтыг БСШУС-ын сайдын 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн “Албан тушаалын тодорхойлолт батлах тухай” Б/56 дугаар тушаалаар батлав.
---000---