БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 7 ДУГААР САРЫН МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2020 ОНЫ 7 ДУГААР САРЫН МЭДЭЭ

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР           

  1. БСШУС-ын сайдын 2020 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн “Заавар батлах тухай” А/296 дугаар тушаалаар “Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багшид нэмэгдэл хөлс олгох заавар”-ыг баталлаа.
  2. БСШУС-ын сайдын 2020 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Жишиг хөтөлбөр батлах тухай” А/305 дугаар тушаалаар “Хэл ярианы хөгжил” сургалтын жишиг хөтөлбөрийг баталлаа.
  3. 2020-2021 оны хичээлийн жилийн бэлтгэл ажлыг хангаж, шаардлагатай дүрэм, журам зааврын төслүүдийг бэлтгэн ажиллаж байна.
  4. Монгол Улсын 2020 оны Боловсрол, шинжлэх ухааны салбарын төсвийн тодотголын саналыг боловсруулан Сангийн яаманд 7 дугаар сарын 22-ны 1а/31 тоот албан бичгээр хүргүүлсэн.
  5. Оросын Холбооны Улсын Гэгээрлийн яамтай (1) Ерөнхий боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын Гэгээрлийн яам хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг болон (2) Сургалт, арга зүйн ажил гүйцэтгүүлэх тухай Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Оросын Холбооны Улсын төсвийн ерөнхий боловсролын байгууллага Е.Д.Стасовагийн нэрэмжит «Интердом» олон улсын боловсролын төв хоорондын гэрээний төслийг ГХ-ийн яамнаас хянан тохиолдуулж, Оросын талтай байгуулах зөвшөөрлийг олгосон. /ГХЯ-ны 2020.07.27-ны 09/3247/. Гэрээний дагуу ажиллах 6 орос багш хүлээн авч, ажиллуулахыг сургуулиудад санал болгож байгаа. Одоогийн байдлаар орос багш хүлээн авах хүсэлтээ 5 сургууль илэрхийлээд байна.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   

  1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/05 дугаар тушаалаар Боловсрол, шинжлэх ухааны сайд аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2020 онд салбарын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх гэрээний төслийг боловсруулж, гэрээ байгуулах бэлтгэл ажлыг хангах ажлын хэсгийг, мөн өдрийн Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Ажлын хэсэг байгуулах тухай” А/04 дүгээр тушаалаар Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиг үүргийг орон нутагт төлөөлөн хэрэгжүүлэх аймаг, нийслэлийн Засаг дарга нартай байгуулсан гэрээний 2020 оны эхний хагас жилийн биелэлтийг нэгтгэн, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж дүгнэлт гаргах ажлын хэсгийг тус тус байгуулан Дэд сайд Г.Ганбаяраар ахлуулан ажиллаж байна.
  2. “Боловсрол, шинжлэх ухааны салбарын 2015-2020 оны статистикийн мэдээлэлд дүн шинжилгээ” хийх 14 хоногийн хугацаатай ажиллах ажлын хэсгийг Сайдын 2020 оны 7 сарын 21-ний А/03 тоот тушаалаар байгуулан ажиллалаа. Судалгааны ажлын үр дүнгийн 2 удаагийн хэлэлцүүлэг, уулзалтыг зохион байгуулсан ба үр дүнгийн тайланг холбогдох газруудад танилцуулан саналыг авч байна.  
  3. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах” төслийн хүрээнд “Сургуульд суурилсан менежмент”-ийн сургалтыг 21 аймаг, 9 дүүргээс нэг сургууль сонгон зохион байгуулах зорилгоор төслийн сургалтад хамрагдахыг хүсэж буй сургуулиудаас нээлттэй асуулгыг “Google form”-оор   зохион байгуулав. /https://bit.ly/3e5DQ9F/

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР             

  1. Ерөнхий боловсролын сургуулийн дунд ахлах ангийн нөхөн хангалтын сурах бичиг, I-XII ангийн Багшийн журнал, VI-XII ангийн “Анги удирдсан багшийн дэвтэр”, брайл сурах бичиг, цахим /daisy-e-pub/ сурах бичиг, цахим /daisy-e-pub/ ном уншигч худалдан авах тухай: СБ-2020/014-018 дугаар бүхий тендер шалгаруулалтыг үнэлэн “Сэлэнгэ пресс” ХХК, “Содпресс” ХХК, “Соёмбо принтинг” ХХК-дад гэрээ байгуулах мэдэгдэл хүргүүллээ.
  2. “Адмон принт” ХХК, “Битпресс” ХХК, “BCI” ХХК, “Соёмбо принтинг” ХХК, Мөнхийн Үсэг” ХХК-тай байгуулсан 2020-2021 оны хичээлийн жилд хэрэглэх ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн нөхөн хангалтын сурах бичиг хэвлэн нийлүүлэх гэрээт ажлын явцтай танилцан нийлүүлэх зөвшөөрөл олголоо.
  3. Сурагчийн дэвтрийн хавтсан дээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зурагт хуудас хэвлэн гаргах ажлыг “Улаанбаатар принт” ХХК-тай хамтран зохион байгуулав.
  4. 2020-2021 оны хичээлийн жил эхлэхэд дутагдалтай байгаа багш нарын судалгааг гаргах тооцооллыг 2019-2020 оны статистик мэдээлэл болон их, дээд сургуулийн төгсөлтийн мэдээлэл, ерөнхий боловсролын сургуулийн төгсөлтийн мэдээлэлд ирүүлсэн шаардлагатай багшийн судалгаанд тулгуурлан тооцооллыг хийлээ. Энэхүү тооцооллоор 21 аймаг, 9 дүүрэгт 3069 багш шинээр шаардлагатай байна.
  5. Монголын үндэсний түүхийн музейн удирдлага, санхүү, хүний нөөцийн болон музейн үзмэр, эд өлгийн зүйлийн хадгалалт хамгаалалтын 2019, 2020 оны эхний хагас жилийн үйл  ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж БСШУС-ын Сайдын 2020 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн А/292 дугаар тушаалаар батлагдсан удирдамжийн дагуу Үндэсний түүхийн музей дээр  хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудит хийгдсэн ажлын тайлангийн төслийг холбогдох материалын хамт Сайдад танилцуулан, Соёлын яаманд хүргүүллээ. 
  6. Докторын дараах судалгаанд олгодог шинжлэх ухааны асуудал эрхэлсэн сайдын нэрэмжит инновацийн тэтгэлэгт шалгарсан 10 залуу докторт тус бүр 10 сая төгрөгийн тэтгэлэг олгох батламжийг олголоо.
  7. БСШУС-ын яамны захиалгаар ШуУз-2018/16 дугаартай “Шинжлэх ухаан, технологийн салбарын статистик үзүүлэлтүүдийг тооцох, арга зүй, аргачлал, мэдээлэл цуглуулах маягт, зааврыг олон улсын стандартад нийцүүлэн боловсронгуй болгох нь” төслийн тайланг хэлэлцэж тайлангийн боловсруулалтыг сайжруулах даалгаврыг төслийн гүйцэтгэгчид өглөө.
  8. “Боловсрол, шинжлэх ухааны яамны үйл ажиллагааны стратеги, бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтэц, орон тооны хязгаарыг батлуулах зорилгоор төслийг боловсруулан ерөнхий чиг үүргийн 6 яамнаас санал авах ажлыг зохион байгуулав. Яамдаас ирүүлсэн саналын товчоог нэгтгэн хийж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр Засгийн газрын тогтоолын төсөл, танилцуулга, стратегийн төслийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1а/152 тоот албан бичгээр Засгийн газарт хүргүүллээ.
  9. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний болон соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах асуудлыг шийдвэрлүүлэх чиглэлээр дараах баримт бичиг, танилцуулгыг боловсруулан Засгийн газарт 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 1а/155 тоот албан бичгээр хүргүүлэв. Үүнд.

а/. ЮНЕСКО-ийн “Боловсролын олон улсын ангилал-2011” баримт бичиг, Засгийн газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 10, 20 дугаар зүйлийн 20.8, Боловсролын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 28 дугаар зүйлийн 28.1.3, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4.10, Дээд боловсролын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 2020 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлтийн 15 дугаар зүйлийн 15.7.4, 15.7.5, Боловсролын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2, 9.4 дахь хэсгийг тус тус хэрэгжүүлэх зорилгоор Мэргэжлийн боловсролын сургалтын чиг үүргийг боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах;

б/. Засгийн газрын тухай хуулийн 6-д зааснаар ном хэвлэл, цахим бичвэрийн бодлого Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудалд хамаарахаар заасан. Ном хэвлэлийн төрийн бодлого, хэрэгжилтийг ханган ажиллах асуудал нь өргөн хүрээтэй бөгөөд соёлын чиг үүрэгт хамаарч ирсэн. Аливаа улс орны ард иргэдийг соён гэгээрүүлэх, мэдлэг оюуныг тэлэхэд ном, хэвлэлийн үүрэг чухал бөгөөд хүн төрөлхтний оюун санааны түүх, соёлтой танилцах,  өв соёлоо мэдэх, бие даан суралцах, хүний хөгжлийг дэмжих, иргэд насан туршдаа амьдралд суралцах үндсэн эх сурвалж болдог. Иймд ном хэвлэлийн бодлого, хэрэгжилтийн чиг үүргийг соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд хамааруулах;

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

  1. Монгол улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөнд тусгах саналыг боловсруулж Засгийн газрын хэрэг эрхлэх газарт хүргүүллээ. 
  2. Улсын хэмжээнд 2020-2021 оны хичээлийн жилд цэцэрлэгийн үйл ажиллагааг үе шаттай эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдах хүүхдийн урьдчилсан тооцооллыг нэгтгэж гаргав. Засгийн газрын тогтоолын төсөлд 2 настай хүүхдийг гэр бүлийн орчинд асран хамгаалах, хөгжүүлэх арга хэмжээ авах,  цэцэрлэгийн хүчин чадлаас хамаарч 3-4 настай хүүхдийн тодорхой хувийг, 5 настай хүүхдийг сургуульд бэлтгэх зорилгоор бүхэлд нь хамруулахаар, цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүдэд теле хичээл зохион байгуулахаар тус тус төлөвлөлөө.
  3. БНСУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжийн хүрээнд КОЙКА-гаар дамжуулан 2022 онд хэрэгжүүлэхээр “Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл үйлчилгээний иж бүрэн тогтолцоог бүрдүүлснээр сурагчдыг аюулгүй хоол хүнсээр хангаж, эрүүл мэндийг дэмжих төсөл”-ийг боловсруулан Сангийн яаманд хүргүүлсэн. 
  4. Засгийн газрын 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө батлах тухай” 121 дүгээр тогтоолын биелэлтийг 2020 оны эхний хагас жилийн байдлаар гаргалаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийг нийт 230 арга хэмжээгээр гаргасан бөгөөд ХШҮ-ний дараах гүйцэтгэлийн дундаж 85.9 хувьтай байна.
  5. Яамны 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг нэгтгэн боловсруулав. БСШУС-ын яамны 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан 279 арга хэмжээнээс хэрэгжилтийн үнэлгээ нь 2020  оны эхний хагас жилийн  төлөвлөгөөний хэрэгжилт гүйцэтгэлээр бүрэн хангалттай буюу нийт дундаж оноо 93,4 хувьтай үнэлэгдсэн нь 1-р улирлын гүйцэтгэлээс/90.6/ 2.8 хувиар өссөн үр дүнтэй байна. 

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

  1. БСШУС-ын сайд бөгөөд төсвийн Ерөнхийлөн захирагчийн 2020 оны хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны хагас жилийн тайланг холбогдох хууль, журмын дагуу эрх шилжүүлсэн аймаг, нийслэл, харьяа байгууллагуудын тайланг нэгтгэн хуулийн хугацаанд Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад 2020 оны 7 дугаар сарын 10 өдөр Сангийн яаманд хүргүүлсэн.
  2. БНХАУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй төсөл болох 7 сургуулийн Монголын талын хариуцсан ажил болох гадна цахилгаан, гадна, дулаан, цэвэр бохир ус, холбоо дохиоллын ажлуудыг байнгын ашиглалтад оруулах шийдвэр гарсан.
  3. Улсын төсөвт тодотгол хийх болсонтой холбогдуулан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарт хэрэгжиж байгаа төсөл арга хэмжээнүүдийн санхүүжилт болон гүйцэтгэлд дүн шинжилгээ хийж төсвийн тодотголын саналыг Сангийн яаманд хүргүүлсэн.
  4. Япон, Америкийн нэгдсэн улсын зээл тусламжаар хэрэгжиж буй сургуулийн барилгын монголын талын санхүүжилтийг шийдвэрлүүлэх албан тоотыг Сангийн яаманд хүргүүлэн ажиллав.
  5. Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад зөөлөн эдлэл нийлүүлэх, Нийслэлийн Ерөнхий боловсролын “Монгол-Тэмүүлэл сургуульд тавилга тоног төхөөрөмж нийлүүлэх ажлуудын гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдтэй гэрээ байгуулсан.
  6. Салбарын үйл ажиллагааны зардлын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр:
  • Хичээлийн шинэ жил эхлэхтэй холбогдуулан анги танхимыг 3 удаа ариутгах, халдваргүйжүүлэхэд гарах зардлын тооцооллыг хийхэд ЕБС-д 827,5 сая, СӨБ-д 675,2 сая төгрөгийн зардлын тооцоолол гарсан. Санхүүжилтийг орон нутгийн Засаг дарга батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэнэ. Их, дээд сургуулийн анги танхимыг 3 удаа ариутгах, халдваргүйжүүлэхэд гарах 22.2 сая төгрөгийн зардлын тооцоолол гарсан бөгөөд санхүүжилтийг Боловсрол, шинжлэх ухааны сайдын батлагдсан төсвийн хүрээнд шийдвэрлэхээр ажиллаж байна.
  • Мөн хичээлийн шинэ жилд анги танхимыг ариутгах, халдваргүйжүүлэхэд шаардагдах тоног төхөөрөмж, ариутгалын бодисын тооцооллыг хийхэд:
  • СӨБ-ын хувьд 20.3 тэрбум төгрөг
  • ЕБС-ийн хувьд 6.9 тэрбум төгрөгийн зардал гарах тооцоо гарсан. Өмчийн хэлбэрээр ангилбал:

2020.09.01-2020.12.31 хүртэл 16 долоо хоног хичээллэнэ.

Бүтээгдэхүүн

Өмчийн хэлбэр

Тоо хэмжээ

Халуун хэмжигч

Төрийн өмчийн ЕБС, СӨБ

Хичээлийн байранд 10 ш,  Дотуур байранд 5ш  халуун хэмжигч

Гар ариутгагч

Төрийн өмчийн ЕБС, СӨБ

Нэг бүлэгт 2 долоо хоногт 1 буюу 1000 мл ариутгагч

Кварцын гэрэл 

Төрийн өмчийн ЕБС, СӨБ

Төрийн өмчийн ЕБС, Дотуур байр, СӨБ-ийн хичээлийн байрны тоогоор 1 кварцын гэрэл 

HEPA шүүлтүүр 

Төрийн болон төрийн бус өмчийн СӨБ

Төрийн болон төрийн бус өмчийн СӨБ-д бүлгийн тооны 50%-д HEPA шүүлтүүр 

Аяга, таваг угаагч

Төрийн өмчийн СӨБ

Төрийн өмчийн СӨБ-д бүлгийн тооны 50%-д аяга, таваг угаагч 

  • Боловсрол, шинжлэх ухаан, соёл, спортын салбарын 2021 оны төсвийн төсөл боловсруулах, нэгтгэх ажил хийгдэж эхэлж байна. Энэ үед Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам шинэ бүтэц зохион байгуулалтад орж байгаатай холбоотойгоор төсвийн төлөвлөлтийн Fiscal программд байгууллага салгах, шинэ байгууллага үүсгүүлэх зэрэг зохион байгуулалтын ажлууд хийгдсэн. Мөн харьяа байгууллагууд 2021 оны төсвийн төслийг хүлээн авах, программд шивж оруулах ажлуудыг зохион байгуулалтаар ханган ажиллаж байна.
  • Соёлын яам байгуулагдаж байгаатай холбоотой Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас /хуучнаар/ Соёлын сайдын багцад шилжүүлэх цалингийн тооцоолол, 2020 оны 1-7 дугаар сарын гүйцэтгэл, 8-12 дугаар сарын төсвийн мэдээллийг нэгтгэсэн. Соёлын яамны 2020 оны төсвийн тодотголд оруулах саналын тооцооллыг гаргалаа.
  1. Төрийн өмчийн 2020 оны 64 дүгээр тогтоолоор боловсролын салбарт 245.0 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан 147 сургууль, цэцэрлэг, соёлын салбарт 27.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан 21 барилга, спортын салбарт 7.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан 8 спортын барилгыг орон нутагт шилжүүлэн балансаас баланст бүртгүүлэв.
  2. Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан 2020-2021 оны хичээлийн жилд нийслэлийн сургуулиудаас хоолны газраа өөрсдөө эрхлэн ажиллуулдаг 16 сургуульд ажиллах хоол зүйчийн тооцоолол болон 2020 оны 09 дүгээр сарын 01-ээс 2020 оны 12 дугаар 31-ий хүртэлх цалингийн зардалд 63.663 мянган төгрөгийн зардал шаардлагатай байгаа тооцооллыг гарган 2020 оны төсвийн тодотголд тусгуулахаар санал хүргүүлэн ажиллалаа.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

  1. Улсын төсвийн 2020 оны хөрөнгөөр санхүүжигдсэн “Шинжлэх ухааны байгууллагуудад суурин компьютер”, “Ерөнхий боловсролын сургууль болон  сургуулийн өмнөх боловсролын байгууллагад суурин компьютер”, “Соёл, урлагийн байгууллагад компьютер, техник хэрэгсэл”, “Ерөнхий боловсролын сургуулийн спорт зааланд техник хэрэгсэл”, “Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тоглоом”, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавилга худалдан авах “Багц-1 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад тавилга”, “Багц-2 Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад худалдан авах сандал, эмчийн үзлэгийн ор” нийлүүлэх гүйцэтгэгчээс бараа хүлээн авах комиссыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн А/06 дугаар тушаалаар байгууллаа.
  2. Яамны шинэ веб хуудас хөгжүүлэлтийн ажлыг эхэлсэн бөгөөд веб дизайныг батлуулан ажиллаж байна.
  3. Шинэ хичээлийн жил эхлэхтэй холбогдуулан багш нарын нэгдсэн сургалтыг 8 дугаар сард багшийн хөгжлийг дэмжих, судлагдахуун бүрээр сургалтын сайжруулсан хөтөлбөрийн агуулга, аргазүй, үнэлгээний цогц сургалт зохион байгуулах хөтөлбөр, удирдамж, төсвийн тооцоолол, сургалтын хуваарийг Боловсролын хүрээлэн, Боловсролын үнэлгээний төв, Багшийн Мэргэжил Дээшлүүлэх Институттэй хамтран боловсрууллаа. Энэхүү сургалтыг цахим болон танхимын сургалтаар зохион байгуулахаар сургагч багш бэлтгэх хөтөлбөрийг боловсруулж байна.
  4. УИХ-ын гишүүд, байнгын хороодын гишүүдэд зориулсан Боловсрол, шинжлэх ухааны яам, салбарын товч танилцуулгыг бэлтгэж нэгтгэн боловсруулж УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын болон Инноваци, цахим бодлогын байнгын хорооны гишүүдэд Сайдын 2020 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 1а/161 тоот албан бичгээр хүргүүлэв. Тус танилцуулгад Боловсрол, шинжлэх ухааны салбарын өнөөгийн байдал, санхүү, хөрөнгө оруулалтын гэх зэрэг багц мэдээллийг багтаан статистик мэдээллийг хавсаргасан болно. 
  5. Засгийн газрын бүтцэд өөрчлөлт орсонтой холбогдуулан Соёлын яам, Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир спортын улсын хороонд тус тус шилжүүлэн ажиллуулах албан хаагчидтай Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагаа хийж шийдвэрийн төслийг боловсруулав.
  6. Харьяа байгууллагын дарга, захирал нарт 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн “Хуулийн хэрэгжилтийг хангах тухай” 2/94 тоот албан бичгийг цахим шуудангаар хүргүүлсэн. /Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх заалтыг хэрэгжүүлэн ажиллах талаар/
  7. Яамны архивын үйл ажиллагааг сайжруулах, хадгалалт, хамгаалалт, ашиглалтыг шаардлагад нийцүүлэх зорилгоор Багшийн хөгжлийн ордон, архивын өрөөний хадгалалт хамгаалалт, гал, усны аюулгүй байдалд хяналт тавьж цэвэрлэгээг тогтмол хийж  чийг, дулааны бүртгэл хөтөлсөн. Цахим санг тасралтгүй нэмэгдүүлэн 2020 оны БСШУС-ын сайдын тушаал 6 хн, боловсон хүчний 1 хн тушаалуудыг  файл үүсгэн хадгалсан. Яамны бүтэц, зохион байгуулалтад өөрчлөлт орж байгаатай холбогдуулан БСШУС-ын яамны 2020 оны эхний хагас жилийн үйл ажиллагааг ХХНЖ-ийн дагуу архивын нэгж үүсгэн хадгалуулах ажлын зохион байгуулав.
  8. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбатаас 2020 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн ХЭГ/1679 тоотоор Боловсрол, шинжлэх ухаан сайд Л.Цэдэвсүрэнд ирүүлсэн “Зөвшөөрөл олгох тухай” албан бичгийн дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандаж “Боловсрол, шинжлэх ухааны яамны гэрчилгээ, тамга, тэмдгийг шинэчлэн хийлгэв.
  9. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Б.Ганбатаас 2020 оны 7 дугаар сарын 9-ны өдрийн ХЭГ/1680 тоотоор Соёлын сайд С.Чулуунд ирүүлсэн “Зөвшөөрөл олгох тухай” албан бичгийн дагуу Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн газарт хандаж “Соёлын яамны гэрчилгээ, тамга, тэмдгийг шинээр хийлгэж Соёлын сайдад 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдөр хүлээлгэж өгөв.
  10. Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын хэмжээнд коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлын тайланг ОБЕГ-т цахимаар хүргүүлэв.
  11. Бичиг хэргийн эргэлтийн мэдээ:  2020 оны 07 дугаар сарын 31-ны  байдлаар гадны байгууллага, иргэдээс яаманд хандаж  5297 хариутай бичиг, 1245 шууд бичиг, 1193 өргөдөл гомдол, нийт 7735 бичиг ирүүлсэн байна. 5055 хариутай албан бичиг, 1157 өргөдөл, гомдол буюу нийт  бичгийг шийдвэрлэж, хариутай бичиг, өргөдөл, гомдлын 95.7%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. 3.6% нь буюу 206  албан бичиг, 28 өргөдөл хугацаандаа судлагдаж, 36 албан бичиг, 7 өргөдөл буюу 0.7% нь хугацаа хэтэрсэн байна. Яамнаас гадны байгууллага иргэдэд хандаж 97 албан бичиг явуулсан байна.

 

 

---000---