Дэлхийн багш нарын 26 дахь, Монголын багш нарын 54 дэх өдрийг тохиолдуулан нийслэлийн Баянгол дүүргийн 86 дугаар цэцэрлэгийн багш, боловсролын тэргүүний ажилтан П.Болортуяатай ярилцлаа.
-Танд багш нарын өдрийн мэнд хүргэе. Багш бүхэн өнөөдөр мэргэжлээрээ бахархаж, баярлаж байгаа нь гарцаагүй.
-Баярлалаа. Танай сониноор дамжуулан Монголынхоо бүх багш нарт баярын мэнд дэвшүүлье. Төр, түмэндээ гавьяатай, нэр алдартай, ахмад хүмүүс ач, зээгээ хөтөлж ирээд “Багш аа” гээд дуудахад сайхан шүү. Ахлах бүлгээ 5-6 настайдаа төгссөн шавь нар минь хожим таниад ирэх нь бүр ч сайхан байдаг. Цэцэрлэгийн багшийг тэр болгон хүн таньдаггүй. Хоёр жилийн өмнө ӨМӨЗО-ы Эрээн хот руу явж байтал төмөр замчны хувцастай нэгэн залуу “Болороо багш аа” гээд хүрээд ирсэн. Би тухайн үед таниагүй л дээ. Тэгсэн Говьсүмбэр аймгийн Чойрт төгсгөсөн шавь минь байсан. Тэр олон жилийн дараа, тийм олон хүний дундаас таниад дуудсан шавиа хараад үнэхээр их баярласан.
-Та хэзээ цэцэрлэгийн багш мэргэжлийг эзэмшиж, ажил хөдөлмөрийн гараагаа хаанаас эхлүүлэв?
-Би нийслэлийн Налайх дүүрэгт төрж, өссөн. Хөгжим тоглож, дуу дуулж, зохиодог, урлагт дуртай охин байлаа. Энэ маань ч багш болоход нөлөөлсөн байх. 10 дугаар ангиа төгсөөд Багшийн сургуулийн харьяа Сурган хүмүүжүүлэх ухааны коллежид элссэн. Манай анги бакалаврын зэрэгтэй, анхны дээд мэргэжилтэй төгсөлт гэдгээрээ онцлог. Төгсөөд дүүргийнхээ тэргүүний 23 дугаар цэцэрлэгээс ажлын гараагаа эхлүүлсэн. Монгол Улсын гавьяат багш Ц.Тунгалаг эрхлэгч анхны хичээлийн жилийн нээлт дээр “Манай цэцэрлэгт анх удаа бакалаврын зэрэгтэй, дээд боловсролтой багш ирж байгаа” гээд л намайг хурдан морь шиг “цоллочихсон”. Тэр олон багш, эцэг, эхчүүдийн дунд нэр хүндтэй танилцуулагдсан хүн чинь анхнаасаа хичээж ажиллахаас өөр аргагүй боллоо. Дээд боловсролыг өндөр хариуцлага дагаж ирснийг тэгэхэд ойлгосон. Тэнд гурван жил ажиллаад, дараа нь Говьсүмбэр аймгийн Чойр зангилааны төмөр замын “Сансар” цэцэрлэгт найман жил болсон. 2010 оноос хойш 86 дугаар цэцэрлэгтээ багшилж байна. Манай 86 дугаар цэцэрлэг хүүхдийг монгол ардын тоглоом, наадгай, ялангуяа оньсон тоглоомоор хөгжүүлэх арга зүйг голчилдог онцлогтой.
-Харин одоо та хэдийн 20 гаруй жил ажилласан, дунд үеийн багш нарын төлөөлөл болжээ. Сурсан зүйлтэй, сургах ч туршлагатай болсон байх?
-Багшийн сургуульд орсон цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл суралцаж л явна. Намайг багш болгосон, олон зүйлийг ой тойнд минь ортол хэлж өгсөн Т.Эрдэнэчимэг, Л.Алтансувд багш, дадлагын удирдагч, одоогийн 141 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ц.Мөнхтуул нараа Багш нарын баярын энэ өдөр дурдаж, баярлаж явдгаа илэрхийлье. Багшийн заагаагүйг амьдрал бидэнд заадаг. Би дөнгөж багш болчихоод байсан үе л дээ. Хүүхдүүддээ “Өнхрүүш” үлгэрийг ярихдаа “Чоно чамайг иднэ дээ” гээд бүдүүн хоолойгоор хэлчихсэн чинь нэг шавь минь уйлчихсан. Маргааш нь цэцэрлэгтээ явахгүй, “Чоно, чоно” гээд уйлаад байсан гэсэн. Бага бүлгийн хүүхэдтэй ажиллахад дуу хоолойн өнгө хүртэл чухал юм байна гэдгийг тэр явдлаас мэдсэн. Энэ маягаар өдөр тутам суралцаж, ажилладаг. Ер нь хүн хүсвэл өөрийгөө хөгжүүлэх боломж олдоно. Зуны амралтаараа шинэ гарсан ном уншихаас гадна албан ёсны сургалтуудад суухыг хичээдэг. Хамгийн сүүлд АНУ-д амьдардаг монгол ээж M.Баярсайханы бичсэн “Орчин цагийн монгол хүүхдийн хүмүүжил” номыг уншсан. Техник технологийн хөгжлийг дагаад хүүхдийн хүмүүжил төлөвшилд гарч буй алдаа, түүнийг судалсан эрдэмтдийн хамгийн сүүлийн үеийн онол, гаргалгаа гэхчлэн багш хүний унших номын нэг л дээ. Хоёр жилийн өмнө “Англи хэлтэй багш” хөтөлбөрт хамрагдаж, АНУ-ын Вашингтон хотод хэлний дадлага хийсэн. Хамгийн сүүлд энэ оны наймдугаар сарын 26-нд сургалтын хөтөлбөрийн сайжруулалтын талаарх сургалтад суулаа. Хүн ер нь сурсан зүйлийнхээ хаан, сураагүй зүйлийнхээ боол гэдэг дээ. 2013 онд МУБИС-ийн багш н.Тамирын цахим сургалтын тухай сургалтад суусан юм. Түүнээс мэдсэн зүйлсээ хөл хорионы үеэр ашиглаж, цахим хичээл, үзүүлэн хийх арга зүйгээ нэлээд хөгжүүлж, туршлага хуримтлууллаа. Хүүхдийн эзэмших дадал, хэвшлээр зургаа, хотын соёлын талаар долоон хичээл боловсруулж, бүлгийн хүүхдүүддээ хүргэсэн. Мөн цахим орчинд түүнийгээ байршуулан, хөл хорионы үед ч хүүхдийн тасралтгүй суралцах боломжийг хангахыг хичээлээ.

-Өнгөрсөн жил БШУЯ-аас сургалтын хөтөлбөрийг сайжруулсан. Үүнд сургуулийн өмнөх боловсролын сургалтын хөтөлбөрийг хамааруулсан болов уу?
-Тийм ээ. Сургуулийн өмнөх боловсролын хөтөлбөр сайжирсан. Үр дүн нь энэ жилээс мэдэгдэнэ. Ер нь сургалтын хөтөлбөрийн сайжруулсан үр дүн хүүхдийн хөгжлөөр л илрэх ёстой. Хөтөлбөр цаг үе, техник технологийн хөгжлийг дагаад өөрчлөгдөж, сайжирч байх ёстой гэж боддог. Уламжлал ийм байсан гээд дэлхий нийтээс хоцорч болохгүй шүү дээ. Хүүхэд цаг үеэ дагаад хөгжиж байхад багш нэг байрандаа байж болохгүй. Шинэ юм хаана байна, тийш эрэлхийлж хөгжинө.
-Багшийн ажлын ачаалал их байгааг нийтээрээ л хэлдэг. Юунаас болж ихсээд байна вэ?
-Ачааллын гол шалтгаан нь бичиг цаасны ажил биш, хүүхдийн тоонд буй юм. Хүүхдийн тоог дагаж, бичиг цаасны ажил нэмэгдэнэ. 25 хүүхдийн үнэлгээний шалгуур хуудас бөглөхөд зарцуулдаг хугацаа 50 хүүхдийнхэд хоёр дахин ихсэх нь мэдээж. 25 хүүхдийн хэрэглэх цагаригийг жишээ нь, би хоёр цагт хийдэг. 55 болчихвол дөрвөн цагаас наашгүй. Гэхдээ нөхцөл байдал нэгэнт ийм болохоор багш хүн хувийн зохион байгуулалт сайтай байх ёстой. Өдрийн дэглэмээ яс баримталж, ачааллаа жигдэлнэ, үр дүнтэй ажиллана. Миний хувьд, өглөөний хүлээн авалт, орой тарах үеэр олдож буй завсар, чөлөөг сайн ашиглаж, хүүхэд нэг бүртэй тулж ажилладаг онцлогтой. Тэгэхээр эцэг, эхчүүд ч цаг баримтлах нь чухал. Тухайлбал, нэг хүүхдийг түрүүлээд авахад бусдад нь “Одоо явах болчихсон юм байна” гэдэг бодол төрж, багшийн зааж байгаа зүйлийг хүлээн авахаа больчихдог. Хүүхдүүд минь анги дээрээ амны алчуур хэрэглэж сурах гэж байхад аав, ээж нь ил задгай шүлсээ хаядаг. Энэ мэт энгийн зүйлийг эцэг, эхчүүд анзаарч, тусалдаггүйгээс багш дахин дахин ажиллаж, ачаалал нэмдэг. Тэгэхээр цэцэрлэгт сурсан юм бүхэн насан туршийн боловсрол гэдгийг эцэг, эхчүүд ойлгох ёстой.
-Эцэг, эхчүүдийн оролцоо дэмжлэг, ойлголцол чухал байх нь ээ?
-Хамгийн чухал нь багшид итгэх итгэл юм. Эцэг, эх багшид нь үл итгэсэн байдлаар хандаж, гэр орондоо хүртэл тэгж ярьдаг бол хүүхэд яг тийм гэж ойлгодог. Багшийнхаа үг, үйлдэлд итгээгүй хүүхэд юу ч сурдаггүй. Хүүхдээ хөтөлчихөөд, хүнтэй хэрэлдээд явж байгаа эцэг, эх мэр сэр харагддаг. Хүүхэд яг түүнийг сурч, тийм өнгө аясаар хүнтэй харилцаж эхэлдэг. Ноднингийнхоо дэвтэр, будгийг манай хүүхэд хэрэглэсэн юм уу, үгүй ч юм уу гэж уцаарлангуй хандахаас л энэ хичээлийн жилийн харилцаа эхэлж байгаа юм. Эцэг, эхчүүд жилд нэг удаа хүүхдэдээ сургалтын хэрэглэгдэхүүн, ариун цэврийн хэрэгсэл бэлддэг. Миний хувьд намар эцэг, эхийн хурал хийхдээ бүх зүйлийг нь тарааж өгч байгаад таних тэмдгийг нь наалгадаг. Хэрэглэж буй зургийн дэвтэр, хүүхдүүдийнхээ бүтээлийг үүдэндээ ил тод байлга гэж багш нартаа ч хэлдэг. Тэгэхээр эцэг, эхчүүд хараад, ойлгодог. Ер нь бүх л юмны үндэс нь харилцаа. Харилцааны эхлэл нь мэндлэх юм шүү дээ. Гаднаас ууртай хүн орж ирэхэд “Сайн байна уу, та, сайхан амарсан уу” гээд инээмсэглэхэд тэр хүний уур уцаар 25 хувиар буурдаг гэдэг. Дараа нь ойлголцол чухал. Бидний бичиг хэргийн зардал нэлээн өндөр. Бичгийн цаасыг бараг л” ууж, иддэг” гэхэд хилсдэхгүй. Нэг багш сард багаар бодоход 90 мянган төгрөгийг үүнд хувиасаа зарцуулдаг. Үнэн байдлаа хэлээд, хийсэн бүтээснээ харуулахад ямар ч хүн ойлгоно доо.

-Цалингаасаа бичиг хэрэглэлд зарцуулаад байхаар хэцүү л юм даа.
-Би 530 мянган төгрөгийн цалинтай 8-9 жил ажилласан. 2018 онд багш нарын ажлын байрны үнэлгээ хийгдсэн. Түүний дагуу өнгөрсөн жил цалин 35 хувиар нэмэгдээд, миний үндсэн цалин 880 мянган төгрөг болов. Миний цалин бол дундаж. Ажилласан жил, илүү цаг, цол зэрэг, ур чадварын нэмэгдэлтэйгээ нэг сая 200 мянган төгрөгөөс дээш цалинтай багш нар манай цэцэрлэгт бий. Нэг үеэ бодоход цалин овоо болчихлоо. Санаа зовохгүй ажиллах хэмжээнд ирчихэж. Миний анхны цалин 12 600 төгрөг байсан. Анхны цалингаа эцэг, эхчүүдээс цуглуулах ёстой, хүүхдийн хоолны мөнгөнд тушаачихаж билээ. Дараа нь увж цувуулаад түүнийгээ нөхөж авсан л даа. Ер нь хүүхдийн төлөө сэтгэлтэй хүн цэцэрлэгийн багш болдог. Залуу байхад хэцүү санагдах үе байсан. Одоо бол гоё гэж хэлнэ. Бүр сурчихаж, харин ч хүүхдүүдээ амрахаар санадаг, чимээ шуугианыг нь үгүйлдэг. Сайхан, гэгээн, цагаан энергитэй мэргэжил дээ. Өглөө бүр зөөлөн хивсэн дээгүүр алхаж орж ирдэг ийм хүндтэй мэргэжил хаана байна.
-Тийм шүү, ихэвчлэн эмэгтэйчүүд цэцэрлэгийн багш болдог юм шиг ээ.
-Ихэвчлэн эмэгтэйчүүд энэ мэргэжлийг сонгодог нь үнэн. Тогтсон хандлага л байх. Гэхдээ Хан-Уул дүүргийн 2018 оны мэргэжлийн ур чадварын аваргаар эрэгтэй багш тодорч байсан. Би сургалт, үйл ажиллагааг нь үзсэн. Өвөрмөц бөгөөд эвлэг юм билээ. Дандаа эмэгтэй багшийн дуу хоолойг сонсдог хүүхдүүд эрэгтэй хүнийг сонсохоор илүү анхаарч байх шиг санагдсан. Ер нь аав нь цэцэрлэгт хүргэж өгдөг, анхаарал тавьдаг хүүхэд илүү хөгжөөд байгаа нь ажиглагддаг. Миний ээж бас цэцэрлэгийн багш. Тухайн өдөрт цэцэрлэг дээрээ болсон хүүхдүүдийн хөөрхөн яриаг орой гэртээ ирээд ярина. Бид тэрэнд нь их татагдана. Аав бүр ангийхныг нь эчнээ таньдаг болчихсон “Танай ангийн тэрнийг нэг харчих юм сан” гэдэг байлаа. Аав цэргийн хүн хэрнээ цэцэрлэгийн багшийн нөлөөгөөр уусаж, зөөлөрсөн гэдэг юм.
-Ямар сайхан тохиолдол вэ, ээжийгээ манай уншигчдад танилцуулаач?
-Миний ээжийг Мядагийн Сумъяа гэдэг. Налайх дүүргийнхээ цэцэрлэгт 50 жил ажилласан. Ээж минь одоо 70 настай ч цэцэрлэгүүдэд зөвлөн, туслаад ажиллаж байна. Сурчихмаар шинэ сэргэг зүйл юу байна гээд одоо ч надаас асуудаг. Цагийн зохион байгуулалтыг би ээжээсээ л сурсан. Хүүхдийг чин сэтгэлээсээ хайрлах ёстой гэж ээж минь хэлдэг юм. Ээжид зориулж бичсэн аавын нэг шүлэг бий.
Хүүхдийн цовоо дуугаар
Хөшиг татсан өргөөнд
Хүний хөөрхөн үрстэй
Хүйн холбоо залгасан
Эх орондоо хүндтэй
Би цэцэрлэгийн багш
Эгэл олондоо тустай
Би цэцэрлэгийн багш...
Хожим нь дуу болсон л доо. Налайх дүүргийн “Сод ирээдүй” цогцолбор цэцэрлэг, Баянзүрх дүүргийн 32 дугаар цэцэрлэг ойгоороо дуулж байсныг нь санаж байна. Аавынхаа энэ шүлгээр ээждээ болон нийт цэцэрлэгийн багш нартаа дахин мэндчилж байна.
ЭХ СУРВАЛЖ: ӨНӨӨДӨР СОНИН. 2020.10.05