БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ БОЛОН МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЗАР (2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ)

A- A A+
БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ БОЛОН МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЗАР (2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ)

БҮГД НАЙРАМДАХ ФРАНЦ УЛСЫН ЭЛЧИН САЙДЫН ЯАМ БОЛОН МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ХАМТАРСАН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЗАР

(2021-2022 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛ)

Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам хамтран 2021-2022 оны хичээлийн жилд Франц Улсын их, дээд сургуульд хоёр орны Засгийн газар хооронд оюутан солилцох хамтарсан гэрээний хүрээнд тэтгэлгээр суралцуулах 8 оюутныг сонгон шалгаруулна.

Хүсэлт хүлээн авах эцсийн хугацаа: 2021 оны 05 сарын 31

Тэтгэлгийн зорилго:

• Хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх;

• Өрсөлдөх чадвартай Монгол иргэнийг бэлтгэх;

•Монгол-Францын их, дээд сургууль, судалгаа, шинжилгээний байгууллага хоорондын хамтын ажиллагааг дэмжих, хөгжүүлэх;

Тэтгэлэг олгох чиглэл:

• Мастерын сургалт / франц болон англи хэл дээр/

• Хоёр талын хамтын ажиллагааны тэргүүлэх чиглэл болох мал аж ахуй, газар тариалан, хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, малын эрүүл мэндийн шинжлэх ухаан, биотехнологи, сэргээгдэх эрчим хүч, геофизик, соёл, урлаг, нано технологи, инженер зэрэг мэргэжлээр суралцах бол давуу тал болно.

Тавигдах нийтлэг шаардлага:

• Монгол Улсын иргэн байх;

• Франц дахь их дээд сургуульд бүртгүүлэх шаардлага хангасан, Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулийн бакалаврын зэрэгтэй байх, голч дүн 3.0 доошгүй байх;

• Суралцахаар сонгосон сургууль, хөтөлбөрт тавигдах франц эсвэл англи хэлний түвшингийн шаардлагыг хангасан байх;

• Өмнө нь өөр улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдаагүй байх.

Англи хэлний мэдлэг:

• TOEFL-н 40-с доошгүй оноотой байх, эсвэл IELTS шалгалтын 5,5-с доошгүй оноог сүүлийн хоёр жилийн дотор авсан байна.

Франц хэлний мэдлэг:

• DELF (Франц хэлний сургалтын диплом) 2 дахь шатны буюу CECRL –н B2 түвшин;

• DALF (Франц хэлний гүнзгийрүүлсэн шатны диплом) ;

• TCF –н диплом B2 түвшингээс дээш болон нэмэлт шалгалтын диплом;

• Хэрэв та Франц хэлний эдгээр дипломын аль нэгийг эзэмшигч биш бол Монгол Францын төвөөс франц хэлний шалгалт авах хуваарийн талаарх мэдээллийг авна уу.

Бүрдүүлэх баримт бичиг:

• Бүрэн, зөв бөглөсөн анкет /татаж авах/

Formulaire en français

    (Word - 32.5 ko)

мэдүүлэг монгол хэл дээр

    (Word - 41 ko)

• CV буюу товч намтар;

• Суралцах хөтөлбөр, төлөвлөгөөг багтаасан эссэ /франц хэл дээр суралцах бол франц хэл дээр монгол орчуулгын хамт, англи хэл дээр суралцах бол англи хэл дээр монгол орчуулгын хамт, A4*2 нүүрнээс хэтрэхгүй, “Times new roman” 12 фонтоор бичигдсэн байх/;

• Их, дээд сургууль төгссөн диплом, дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар, тэдгээрийн франц хэл дээрх орчуулгын хамт;

• Францын их, дээд сургуульд урьдчилан бүртгүүлсэн тухай сургуулиас ирүүлсэн албан захидал эсвэл тодорхойлолт. Campus France-н жагсаалтад орсон сургуулиудад бүртгүүлсэн байх (https://ressources.campusfrance.org/guides_etab/inscription/fr/etablissements_connectes_fr.pdf)

Францын их дээд сургуульд бүртгүүлэх талаарх мэдээллийг Аллианс франсайз төвд Campus France-н төлөөлөгчөөс авна уу. Утас : 351914 / https://www.afm.mn/

• Хамгийн сүүлд суралцаж төгссөн их, дээд сургуулиас тэтгэлэгт хамрагдахыг дэмжсэн албан захидал;

• Тэтгэлэгт хамрагдахыг дэмжиж, зөвшөөрч байгааг илэрхийлсэн ажил олгогчийн албан бичиг + нийгмийн даатгалын дэвтэр ;

Тэтгэлэгт хамрагдахыг хүсэгч дээр дурдсан баримт бичгийг хоёр хувь /нэг хувь нь франц/англи хэл дээр, нөгөө хувь нь монгол хэл дээр/ бүрдүүлнэ.

2021 ОНЫ 5 ДУГААР САРЫН  31-НИЙ ДОТОР дараах хаягаар Францын элчин сайдын яаманд ирүүлнэ.

Энх тайвны өргөн чөлөө -15

Монгол Улсад суугаа Франц Улсын ЭСЯ-нд

“Сургалтын тэтгэлгийн хүсэлт”

Баримт бичгийн бүрдэл дутуу, хугацаа хоцорсон бол сонгон шалгаруулалтад оруулахгүй.

Сонгон шалгаруулалт:

Сонгон шалгаруулалтыг баримт бичигт үнэлгээ өгөх, ярилцлага гэсэн 2 үе шаттай зохион байгуулна.

Бичиг баримтын бүрдүүлэлтийг хамтарсан Ажлын хэсэг 2020 оны 6 дугаар сарын 01-14-ний хооронд хянах ба шалгарсан иргэдийн ярилцлагын цагийн хуваарийг Монгол дахь Франц Улсын ЭСЯ-аас утсаар эсвэл цахим шуудангаар мэдэгдэнэ.

Францын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагч дараах эрхийг эдэлнэ.

• Угтуулан тосох үйлчилгээ авах,

• Францын визийн хураамжаас чөлөөлөгдөх,

• Франц дахь сургалттай холбогдолтой зардал, хоол, байрны зардалд зориулагдсан сарын 767 € хүртэл мөнгөн тэтгэмж сургалтын хугацааны турш авах,

• Онгоцны буудалд буусан даруй эхний тэтгэмж авахад Travelex үйлчилгээ авах эрх нээнэ.

• Эхний жилийн оршин суух зөвшөөрлийн хураамжийг буцаан авах,

• Сургалтын материал, номын төлбөрийг жилд нэг удаа буцаан авах,

• Хэрэв оюутан CROUS байгууллагын оюутны байранд хамрагдаж чадаагүй бол түрээсийн байрны төлбөрийг буцаан авах, мөн Францын их дээд сургуулийн оюутны байранд бүртгүүлэхэд давуу эрх эдлэх,

• Дээд сургуулийн бүртгэлийн хураамжаас чөлөөлөгдөх,

• Франц улс дахь эрүүл мэндийн даатгалаас чөлөөлөгдөх.

Тэтгэлэг нь Франц дахь их сургуулийн сургалт, амьжиргааны бүх зардал, бусад зардлыг бүгдийг бүрэн хангах хэмжээтэй бус гэдгийг анхаарч, хувийн зүгээс нэмэлт санхүүжилттэй байх хэрэгтэй гэдгийг сануулж байна.