МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ
2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Улаанбаатар хот
Дугаар 295
ТӨРӨӨС ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТАЛААР БАРИМТЛАХ БОДЛОГО БАТЛАХ ТУХАЙ
Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 8.4, 8.5-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.“Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг хавсралт ёсоор баталсугай.
2.”Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэлд тусгаж, шаардагдах хөрөнгийг улсын болон орон нутгийн төсөв, гадаад улс, олон улсын байгууллагын зээл, хандив, тусламжид хамруулах замаар санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Сангийн сайдын үүрэг гүйцэтгэгч Б.Чойжилсүрэн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатар, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3.”Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үүрэг гүйцэтгэгч Г.Чулуунбаатарт үүрэг болгосугай.
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Ж.ЭРДЭНЭБАТ
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААН, СПОРТЫН САЙДЫН ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭГЧ Г.ЧУЛУУНБААТАР
Засгийн газрын 2017 оны 295 дугаар тогтоолын хавсралт
ТӨРӨӨС ШИНЖЛЭХ УХААН, ТЕХНОЛОГИЙН ТАЛААР
БАРИМТЛАХ БОДЛОГО
Нэг.Ерөнхий мэдээлэл
Дэлхийн улс орнууд нийгэм, эдийн засгийн салбарт тулгарч байгаа аливаа бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг шинжлэх ухаан, технологи гэж үзэж, түүнд зарцуулах хөрөнгө, санхүүжилтийн хэмжээг тасралтгүй нэмэгдүүлэн, мэдлэгт суурилсан эдийн засгийг амжилттай хөгжүүлж байна.
Монгол Улсын Үндсэн хуулийн 7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна.” гэж, мөн хуулийн 2 дахь хэсэгт “Иргэний туурвисан оюуны үнэт зүйл бол зохиогчийнх нь өмч, Монгол Улсын үндэсний баялаг мөн.” гэж тус тус заажээ. Үндсэн хуулийн энэхүү үзэл санаанд тулгуурлан төрөөс шинжлэх ухаан, технологийг улс орны нийгэм, эдийн засгийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг, хөгжил, дэвшлийн тулгуур хүчин зүйлсийн нэг хэмээн үзэж, шинжлэх ухаан, технологийн салбарын хөгжлийн бодлого, зорилтыг төрөөс цаг тухай бүрт нь тодорхойлж, хууль эрх зүйн орчин, бүтэц, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох, салбарын чадавх, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх талаар онцгойлон анхаарч хөгжүүлж ирлээ.
Улсын Их Хурлын 1998 оны 55 дугаар тогтоолоор батлагдсан “Шинжлэх ухаан, технологийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын зорилго, зорилтыг хангаж ажилласны үр дүнд тус салбарын үйл ажиллагааны эрх зүйн орчин бүрдэж, оюуны болон материаллаг нөөцийн хувьд тодорхой түвшинд бэхжиж, салбарын бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь зах зээлийн харилцаанд шилжсэн бөгөөд Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг тодорхойлогч тулгуур хүчин зүйлсийн нэг нь шинжлэх ухаан, технологи мөн болохыг нийтээр хүлээн зөвшөөрөх болсон билээ.
Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын “Эдийн засгийн олон тулгуурт бүтэц” хэсгийн 3.2.1.7-д “Шинжлэх ухааны шинжилгээ, судалгаа, инновацийг стратегийн ач холбогдолтой салбаруудад төвлөрүүлж, эдийн засгийн бүтээмж, өрсөлдөх чадавхыг нэмэгдүүлнэ” гэж, 3.2.1.8-д “Өндөр технологийн хөгжлийг дэмжиж, нанотехнологи, биотехнологи, мэдээлэл, харилцаа холбооны технологийн салбарт олон улсын тавцанд өрсөлдөх чадавхыг хөгжүүлнэ” гэж тус тус заажээ.
Түүнчлэн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ийн 2.2.3-ын Зорилт 5-д “Шинжлэх ухаан, үйлдвэрлэлийн харилцан уялдааг хангаж, мэдлэгт суурилсан нийгмийг хөгжүүлнэ” гэж заасан бөгөөд “I үе шат (2016-2020): Инновацийг дэмжиж, үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд шинжлэх ухааны байгууллага, аж үйлдвэрийн хамтын ажиллагааг өргөжүүлэн, шинжлэх ухаан, технологийн судалгаа, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 2 хувь хүртэлх түвшинд хүргэх”, “II үе шат (2021-2025): Технологи, инновацийг хөгжүүлж, шинжлэх ухаан, технологийн судалгаа, туршин нэвтрүүлэх санхүүжилтийг дотоодын нийт бүтээгдэхүүний 2.5 хувь хүртэлх түвшинд хүргэх” зорилтыг дэвшүүлсэн.
Дээр дурдсан бодлогын баримт бичигт туссан зорилтуудын хэрэгжилтийг хангахын тулд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх төрийн бодлогыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх замаар дараах тулгамдсан асуудлыг шийдвэрлэх шаардлагатай байна. Үүнд:
1.Улсын төсвөөс шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд зарцуулж байгаа санхүүжилтийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад жилээс жилд буурч байгаагаас үүдэн эрдэм шинжилгээний ажлын цар хүрээ хумигдаж, шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны үр дүн, судалгаа боловсруулалтын ажлын өрсөлдөх чадвар хангалтгүй түвшинд байна. Тус салбарын гол бүтээгдэхүүн болох мэдлэг, технологи нь үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтэрч, улсын эдийн засагт дорвитой хувь нэмэр оруулж чадахгүй байна.
Ийнхүү салбарын хөрөнгө оруулалт хангалтгүй байгаагаас эрдэм шинжилгээний байгууллагад ашиглагдаж байгаа лабораторийн багаж, техник, тоног төхөөрөмж хуучирч, энэ нь эрдэм шинжилгээний ажлын чанар, өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж, түүний нийгэм, эдийн засгийн үр нөлөө, өгөөжийг бууруулсаар байна.
2.Эрдэм шинжилгээний ажилтны цалин хөлс, урамшууллын тогтолцоо оновчтой бус байгаагаас тодорхой чиглэлээр мэргэшсэн, өндөр мэдлэг, чадвартай цөөнгүй судлаачид өөр салбарт шилжих, эсхүл гадаадын орнуудад ажиллах болсон нь салбарын хүний нөөцийн бодлогод сөргөөр нөлөөлж байна.
3.Шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагааны менежментийг олон улсын жишигт хүргэж хөгжүүлэх шаардлага тулгарч байна. Шинжлэх ухаан-боловсрол-аж үйлдвэрийн хамтын ажиллагаа сул, төрийн болон хувийн хэвшлийн их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, үйлдвэр, аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны уялдаа холбоо хангалтгүй хэвээр байна.
Шинжлэх ухаан, технологийн бүтээлч, цогц үйл ажиллагааг хангах нь Монгол Улсын хөгжлийн нэг үндэс юм. Иймд шинжлэх ухаан, технологийг эрчимтэй хөгжүүлснээр Монгол Улсад мэдлэгт суурилсан эдийн засаг бүрэлдэн тогтох нөхцөлийг бий болгоно.
Ийнхүү дээр дурдсан үндэслэл шаардлагыг харгалзан нийгэм, эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад чухал үүрэгтэй шинжлэх ухаан, технологийн салбарыг эрчимтэй хөгжүүлэх зорилгоор Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын баримт бичгийг шинэчлэн боловсруулсан болно.
Хоёр.Бодлогын зорилго, зорилт, хэрэгжүүлэхэд баримтлах зарчим
2.1.“Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын зорилго нь шинжлэх ухаан, технологийг Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах, амьдралын чанар, үндэсний чадамж, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх үндсэн хүчин зүйл болгон хөгжүүлэхэд оршино.
2.2.Бодлогыг дараах зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ:
2.2.1.шинжлэх ухаан, технологийн салбарын бүтэц, зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох;
2.2.2.судалгаа боловсруулалтын ажлыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх;
2.2.3.шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, дотоодын нийт бүтээгдэхүүнд шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийн эзлэх хувийг 2016-2020 онд 2 хувь, 2012-2025 онд 2,5 хувьд хүргэх;
2.2.4.шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг тогтвортой хөгжүүлэн эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлж, эрдэмтэн, судлаачдын бүтээлч үйл ажиллагааг дэмжих;
2.2.5.шинжлэх ухаан, технологийн салбарт олон улсын жишигт нийцсэн барилга байгууламж, лабораторийн орчин, нөхцөл бүхий дэд бүтцийг бий болгох;
2.2.6.шинжлэх ухаан, технологийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх.
2.3.Төрөөс шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэхэд дараах зарчмыг баримтална:
2.3.1.шинжлэх ухаан, технологийн хөгжлийг төрийн бодлого, зохицуулалтаар тасралтгүй дэмжих;
2.3.2.шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд ил тод байдлыг эрхэмлэх, өмчийн хэлбэрийг үл харгалзан тэгш оролцоо, чөлөөт өрсөлдөөнийг хангах;
2.3.3.шинжлэх ухаан, технологийн хөгжилд үндэсний чадамжийг оновчтой ашиглах, олон улсын туршлага, гадаадын дэвшилтэт технологийг зохистой нутагшуулах;
2.3.4.шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлд хөрөнгө оруулалт, оюуны нөөцийг төвлөрүүлэх;
2.3.5.судалгаа боловсруулалтын ажил нь нийгмийн хөгжил, зах зээлийн эрэлт хэрэгцээнд тулгуурласан эрдмийн (академик) эрх чөлөөг эрхэмлэсэн байх;
2.3.6.аюулгүй байдал, хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчинд сөргөөр нөлөөлж болзошгүй судалгаа, боловсруулалтын ажил явуулахыг хориглох.
Гурав.Бодлогыг хэрэгжүүлэх хугацаа, үе шат
3.1.Бодлогыг 2017-2025 онд дараах үе шаттай хэрэгжүүлнэ:
I үе шат:2017-2020 онд шинжлэх ухаан, технологийн салбарын бодлого, хууль эрх зүйн орчин, бүтэц, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгож, дэд бүтцийг сайжруулан санхүүжилтийг үе шаттай нэмэгдүүлж, шинжлэх ухааны паркийн дэд бүтцийг байгуулах ажлыг эхлүүлж, эрдэм шинжилгээний ажлын нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, өрсөлдөх чадварыг дээшлүүлнэ.
II үе шат:2021-2025 онд дотоодын нийт бүтээгдэхүүнд шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийн эзлэх хувийг зорилтот түвшинд хүргэж, салбарын чадавх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлж, улсын эдийн засгийн хөгжлийн тулгуур хүчин зүйлсийн нэг болгон хөгжүүлнэ.
Дөрөв.Бодлогын зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа
4.1.”Шинжлэх ухаан, технологийн салбарын бүтэц, зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох” зорилтын хүрээнд:
4.1.1.холбогдох хууль тогтоомж бусад эрх зүйн баримт бичиг, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөөг улс орны нийгэм, эдийн засаг болон шинжлэх ухаан, технологийн хөгжлийн түвшин, олон улсын хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх;
4.1.2.салбарын бүтэц, удирдлага, зохион байгуулалтын тогтолцоог боловсронгуй болгох;
4.1.3.шинжлэх ухаан, технологи, инновацийн үйл ажиллагаанд хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн эдийн засгийн таатай орчныг бүрдүүлж, төр, олон нийт, хувийн хэвшлийн үр ашигтай түншлэлийг дэмжих;
4.1.4.салбарын хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлтийг олон улсын жишигт нийцүүлж, статистикийн мэдээллийн тогтолцоог сайжруулах;
4.1.5.шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд оролцогчдын хариуцлагыг өндөржүүлж, гүйцэтгэлийн хяналтыг боловсронгуй болгох;
4.1.6.төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагад үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд үйлдвэрлэлийн төсөл, хөтөлбөрт оролцох, туршилт-үйлдвэрлэл эрхлэх боломжийг бий болгох;
4.1.7.бүс болон орон нутгийн онцлогийг харгалзан эрдэм шинжилгээний төв, хүрээлэн байгуулахыг дэмжих;
4.1.8.шинжлэх ухааны мэдлэг, инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
4.1.9.салбарын үйл ажиллагаанд мэргэжлийн нийгэмлэг, холбоодын оролцоог нэмэгдүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх.
4.2.”Судалгаа боловсруулалтын ажлыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх” зорилтын хүрээнд:
4.2.1.шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг олон улсын чиг хандлага, улс орны хөгжлийн бодлого, төлөвлөлттэй уялдуулан тодорхойлж хөгжүүлэх;
4.2.2.судалгаа боловсруулалтын ажлыг шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэл, улсын эдийн засаг, нийгмийн хэрэгцээ, шаардлагатай уялдуулан хөгжүүлэх;
4.2.3.үндэсний аж үйлдвэрийн технологийг хөгжүүлэх судалгаа боловсруулалтын ажлыг дэмжих;
4.2.4.судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэхэд шаардлагатай лабораторийн болон туршилт-үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, мал, амьтан, туршилтын талбай, ургамал, бусад материалыг татвар, төлбөрөөс чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжид тусгуулах замаар судлан шийдвэрлэх;
4.2.5.судалгаа боловсруулалтын ажлын үр дүнд бий болсон оюуны өмчийн харилцааны эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
4.2.6.судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэхэд санхүүжилт, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх;
4.2.7.шинжлэх ухаан, технологийг инноваци, бүсчилсэн хөгжил, аж үйлдвэрийн бодлоготой нягт уялдуулан хөгжүүлэх.
4.3.”Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, дотоодын нийт бүтээгдэхүүнд шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийн эзлэх хувийг 2016-2020 онд 2 хувь, 2021-2025 онд 2,5 хувь хүргэх” зорилтын хүрээнд:
4.3.1.салбарын төсвийн бодлого, төлөвлөлтийн тогтолцоог боловсронгуй болгох;
4.3.2.дотоодын нийт бүтээгдэхүүнд шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийн эзлэх хувийг үе шаттайгаар тогтвортой нэмэгдүүлэх;
4.3.3.шинжлэх ухаан, технологийн салбарт санхүүжилт, хөрөнгө оруулалтын олон талт эх үүсвэрийг бий болгох;
4.3.4.эрдэм шинжилгээний байгууллагууд үндсэн үйл ажиллагааныхаа хүрээнд нэмэлт орлого олох, түүнийг захиран зарцуулах эрх зүйн орчныг боловсронгуй болгох;
4.3.5.төрийн өмчит эрдэм шинжилгээний байгууллагуудад хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, захиалгат, хамтарсан судалгаа боловсруулалтын ажил гүйцэтгэх эдийн засгийн хөшүүргийг бий болгож, эрх зүйн орчныг бүрдүүлэх.
4.4.”Шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг тогтвортой хөгжүүлэн эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлж, эрдэмтэн, судлаачдын бүтээлч үйл ажиллагааг дэмжих” зорилтын хүрээнд:
4.4.1.салбарын хүний нөөцийг хөгжүүлэх хөтөлбөр боловсруулж хэрэгжүүлэх;
4.4.2.салбарын үйл ажиллагааны цар хүрээтэй уялдуулан эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлж чадваржуулах;
4.4.3.эрдэмтэн, судлаачид өндөр хөгжилтэй орнуудад суралцах, мэргэжил дээшлүүлэх, ахисан түвшний судалгаа хийх, гадаадын нэр хүндтэй эрдэмтдийг урьж ажиллуулахад санхүүгийн дэмжлэг үзүүлэх;
4.4.4.гадаадад ажиллаж байгаа нэр хүндтэй, чадварлаг эрдэмтэн, судлаачдыг эх орондоо ирж ажиллах нөхцөл боломжоор хангах, дотоодын судалгааны ажилд оролцоход нь дэмжлэг үзүүлэх;
4.4.5.эрдэм шинжилгээний ажилтны мэдлэг чадвар, бүтээлийг үнэлэх шалгуур үзүүлэлтийг олон улсын үнэлгээний жишигт нийцүүлж, үр дүнд тохирсон цалин, урамшууллын тогтолцоог бүрдүүлэх;
4.4.6.салбарын мэргэжилтнүүдийг мэдлэг, технологи дамжуулалт, технологийн менежмент, инновацийн удирдлагын чиглэлээр мэргэшүүлэх, мэргэшлийн зэрэг олгох тогтолцоо, механизмыг бий болгох;
4.4.7.эрдэм шинжилгээний байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлага, стандартыг шинэчлэн мөрдүүлэх;
4.4.8.шинжлэх ухаан, технологийн үйл ажиллагаанд судалгаа боловсруулалтын ажлын болон судлаачийн ёс зүйн хэм хэмжээг мөрдүүлэх.
4.5.”Шинжлэх ухаан, технологийн салбарт олон улсын жишигт нийцсэн барилга байгууламж, лабораторийн орчин, нөхцөл бүхий дэд бүтцийг бий болгох” зорилтын хүрээнд:
4.5.1.судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах, дэвшилтэт технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилго бүхий шинжлэх ухааны парк байгуулах;
4.5.2.шинжлэх ухаан, технологийн кластер, хотхон байгуулж, татвар, санхүү, хөрөнгө оруулалтын таатай нөхцөлөөр дэмжих;
4.5.3.эрдэм шинжилгээний байгууллагыг зориулалтын барилга байгууламжаар хангаж, ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах;
4.5.4.олон улсын стандартад нийцсэн лабораторийн тоног төхөөрөмжийг орчин үеийн судалгааны шаардлагад нийцүүлэн тогтмол шинэчилж, магадлан итгэмжлэгдсэн лабораториудыг байгуулах;
4.5.5.салбар дундын судалгааны нэгдсэн, төрөлжсөн лаборатори, үндэсний хэмжээний төв, хүрээлэн байгуулах, чадавхжуулах замаар судалгааны байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих;
4.5.6.технологи дамжуулах төв, гарааны компани, инкубатор байгуулж, технологи бойжуулах, туршин нэвтрүүлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх;
4.5.7.судалгаа боловсруулалтын ажлын үр дүнг эдийн засгийн эргэлтэд оруулах технологийн бирж ажиллуулах;
4.5.8.салбарын мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, олон улсын шинжлэх ухааны мэдээллийн сүлжээний нэг хэсэг болгон нээлттэй ажиллуулах, эрдэм шинжилгээний номын сангуудын нэгдмэл үйл ажиллагааг хангаж, цахим сүлжээг нэвтрүүлэх;
4.5.9.салбарын дэд бүтцийг хөгжүүлэхэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг татварын бодлогоор дэмжих асуудлыг судлан шийдвэрлэх.
4.6.”Шинжлэх ухаан, технологийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх” зорилтын хүрээнд:
4.6.1.шинжлэх ухаан, технологийн салбарын гадаад хамтын ажиллагааны чиглэл, стратегийн түнш байгууллагыг тодорхойлж, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх;
4.6.2.дотоод, гадаадын эрдэм шинжилгээний байгууллага, эрдэмтэн, судлаачдын хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, судалгааны үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, дэвшилтэт технологийг нутагшуулахад чиглэсэн санаачилга, хөрөнгө оруулалт, бүтээлч үйл ажиллагааг дэмжих;
4.6.3.гадаадын нэр хүндтэй эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарсан судалгааны төв, лаборатор байгуулахыг дэмжих;
4.6.4.судалгааны лабораторийн бааз, инновацийн дэд бүтцийг бэхжүүлэх болон шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэшсэн судлаач бэлтгэхэд гадаадын зээл, тусламжийн тодорхой хэсгийг зарцуулах;
4.6.5.гадаад орнуудтай судлаач солилцох хөтөлбөр хэрэгжүүлэх.
Тав.Бодлогын үр нөлөө, түүнийг үнэлэх шалгуур үзүүлэлт
Энэхүү бодлогыг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрнэ:
№ |
Бодлогын зорилт |
Шалгуур үзүүлэлт |
2017 суурь он |
2020 он |
2025 он |
1 |
Шинжлэх ухаан, технологийн салбарын бүтэц, зохион байгуулалт, менежментийг боловсронгуй болгох |
Салбарын бүтэц, зохион байгуулалт, менежментийг сайжруулах хууль, эрх зүйн орчинг бүрдүүлж төлөвшүүлсэн байна. |
|
+ |
|
2. |
Судалгаа боловсруулалтын ажлыг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлж, нийгэм, эдийн засагт үзүүлэх үр нөлөө, өрсөлдөх чадварыг дээшлүүлэх |
Нэг жилд хэвлүүлсэн нийт бүтээлийн тоо |
10000 |
20000 |
30000 |
Нэг сая хүнд оногдох эрдэм шинжилгээний өгүүлэл тоо |
57 |
150 |
301 |
||
Хэвлүүлсэн нийт бүтээлд гадаадад хэвлүүлсэн бүтээлийн эзлэх хэмжээ (хувиар) |
21 |
25 |
30 |
||
Гадаадын нэр хүндтэй сэтгүүлд хэвлүүлсэн өгүүллийн тоо |
65 |
130 |
260 |
||
Шинэ бүтээлийн гэрчилгээ авсан бүтээлийн тоо |
50 |
200 |
500 |
||
Нэг зуун судлаачид оногдох патентын тоо |
5 |
10 |
15 |
||
Эрдэм шинжилгээний байгууллагын дэргэд байгуулсан гарааны компани (технологи, бүтээгдэхүүн) |
32 |
100 |
250 |
||
3. |
Шинжлэх ухаан, технологийн салбарын санхүүжилтийн тогтолцоог боловсронгуй болгож, дотоодын нийт бүтээгдэхүүнд шинжлэх ухаан, технологийн салбарын төсвийн санхүүжилтийн эзлэх хувийг үе шаттайгаар тогтвортой нэмэгдүүлэх |
Судалгаа боловсруулалтын ажилд Засгийн газраас зарцуулах санхүүжилтийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ (хувиар) |
0.11 |
0.5 |
1 |
Судалгаа боловсруулалтын ажилд төсвийн бус эх үүсвэртэй санхүүжилтийн эзлэх хувь хэмжээ (хувиар) |
0.3 |
1 |
1.5 |
||
4. |
Шинжлэх ухаан, технологийн хүний нөөцийг тогтвортой хөгжүүлж, эрдэм шинжилгээний ажилтны тоог нэмэгдүүлэх |
Арван мянган хүнд ногдох эрдэм шинжилгээний ажилтны тоо |
5 |
10 |
15 |
Эрдмийн зэрэгтэй үндсэн судлаачдын нийт ажиллагчдад эзлэх хувь |
23 |
30 |
40 |
||
5. |
Шинжлэх ухаан, технологийн салбарт олон улсын жишигт нийцсэн барилга байгууламж, лабораторийн орчин, нөхцөл бүхий дэд бүтцийг бий болгох |
Шинжлэх ухааны парк байгуулах бүтээн байгуулалт (хувиар) |
- |
50 |
100 |
Эрдэм шинжилгээний тоног төхөөрөмжийн паркийн шинэчлэлт (хувиар) |
- |
40 |
80 |
||
6. |
Шинжлэх ухаан, технологийн салбарын гадаад хамтын ажиллагааг өргөжүүлэх |
Судалгаа боловсруулалтын ажилд зарцуулсан зардлын гадаад эх үүсвэрийн хэмжээ (тэр.төг) |
2.0 |
4.0 |
10.0 |
Гадаад хамтын ажиллагааны хүрээнд байгуулсан судалгааны лаборатори, туршилтын баазын тоо |
4 |
10 |
15 |
Зургаа.Бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ
6.1.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дөрвөн жил тутам хөндлөнгийн үнэлгээ хийлгэх ажлыг зохион байгуулж, тайлан тус бүрийг Засгийн газрын хуралдаанаар танилцуулж хэлэлцүүлнэ.
6.2.Шинжлэх ухаан, технологийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь бодлогын хэрэгжилтэд хөндлөнгийн үнэлгээ хийлгэх, шаардагдах зардлыг улсын болон орон нутгийн төсөвт тусгуулах ажлыг зохион байгуулна.
-----оОо----