“Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөр

A- A A+
 “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөр

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2018 оны 9 дүгээр сарын 5-ны өдөр                                                                                                                                     Улаанбаатар хот

 

Дугаар 282

ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР БАТЛАХ ТУХАЙ

Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуулийн 10.3-т заасныг үндэслэн Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх” үндэсний хөтөлбөрийг хавсралт ёсоор баталсугай.

2. Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг батлан хэрэгжүүлэх, хөтөлбөрийн хүрээнд холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах тухай шийдвэрийн төслийг боловсруулж Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаад даалгасугай.

3. Үндэсний хөтөлбөрт тусгагдсан зорилт арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх жил бүрийн үндсэн чиглэл, улсын болон орон нутгийн төсөвт тусгаж, олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламжид хамруулах, хувийн хэвшлийн оролцоог нэмэгдүүлэх замаар санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нарт үүрэг болгосугай.

Монгол Улсын Ерөнхий сайд                                                      У.ХҮРЭЛСҮХ

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд                      Ц.ЦОГЗОЛМАА

 

 

Засгийн газрын 2018 оны 282 дугаар
      тогтоолын хавсралт

 

СУДАЛГААНД СУУРИЛСАН ИХ СУРГУУЛИЙГ
ХӨГЖҮҮЛЭХ ҮНДЭСНИЙ ХӨТӨЛБӨР


Нэг. Нийтлэг үндэслэл

Дэлхийн олон улс орон шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан мэдлэгийн эдийн засаг, дэвшилтэт болон өндөр технологийг хөгжүүлэх замаар үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хөгжлийн бодлогоо чиглүүлэн эдгээрт хөрөнгө, нөөцийг төвлөрүүлэхэд онцгой анхаарал хандуулж байна.

Мэдлэгийн эдийн засгийг хөгжүүлэх үндэс суурь болох үндэсний инновацийн үр ашигтай тогтолцоо бүрдүүлэхэд их сургуулиуд ялангуяа, судалгаанд суурилсан их сургуулиуд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байгааг хөгжилтэй орнуудын туршлага харуулж байна.

Манай улсын хувьд их сургуулиудыг судалгаанд суурилсан их сургууль болгон хөгжүүлэх чиглэлээр “Төрөөс шинжлэх ухаан, технологийн талаар баримтлах бодлого”-ын 2.2.1-д “...эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургуулийн инновацийн үйл ажиллагааг хөгжүүлэх”, 4.2.6-д “Судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэхэд санхүүжилт, хөрөнгө оруулалтын дэмжлэг үзүүлэх” гэж зарим зорилтыг тусгасан хэдий ч асуудлыг хөтөлбөрийн хүрээнд цогцоор нь авч үзэж байгаагүй болно.

Иймээс Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн    3.2.18-д “...судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ” гэж заасны дагуу асуудлыг үндэсний хөтөлбөр (цаашид хөтөлбөр гэх)-ийн хэмжээнд хэрэгжүүлэх шаардлагатай байна.

Мөн “Хэфэйн тунхаглал” -д орчин үеийн судалгаанд суурилсан их сургуулийн талаар дараахь үндсэн шинжийг нэрлэсэн:

-нээлттэй засаглалын тогтолцоотой байх, олон улсын хэмжээнд чадварлаг мэргэжилтнийг татах чадвартай шилдэг хүний нөөцийг бүрдүүлсэн байх;

-өнөөгийн болон ирээдүйн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн шинжлэх ухааны үндэслэлтэй эрхэм зорилгоо тодорхойлж, стратегийн төлөвлөгөө хэрэгжүүлдэг, судалгаа, сургалтын тэргүүлэх чиглэлээ бие даан тодорхойлох эрхтэй байх;

-судалгааны ёс зүй, түүнтэй холбоотой хэм хэмжээний стандартыг мөрддөг, эрдмийн эрх чөлөөг хариуцлагатайгаар хэрэгжүүлдэг байх;

-судлаачдыг тасралтгүй бэлтгэж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн судалгааны үр дүнг түгээн дэлгэрүүлдэг байх;
-тэргүүлэх салбарт бакалаврын, ахисан түвшний сургалтаар үндэсний болон олон улсын түвшинд инновацийг бий болгох, нэвтрүүлэх чадамжийг бүрдүүлсэн байх;

Дээр дурдсан тунхаглалын үндсэн шинжүүдийг хөтөлбөрийн зорилго, зорилттой уялдуулан судалгаанд суурилсан их сургуульд тавигдах шаардлага болон шалгуурыг тогтоох, их сургуулийн удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг боловсронгуй болгох, судалгааны ажлын үр дүнг үнэлэх оновчтой тогтолцоо бүрдүүлэх, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхой болгох, өрсөлдөөнт тэтгэлгийн хэлбэрүүдийг хэрэгжүүлэх, хүний нөөцийг бэхжүүлэх, чадварлаг судлаачдыг төвлөрүүлэх, судалгаа боловсруулалтын хамтын ажиллагаа, түншлэл, инновацийн экосистемийг хөгжүүлэх арга замыг тодорхой болгон хэрэгжүүлэх шаардлагатай байна.


Хоёр. Хөтөлбөрийн зорилго, зорилтууд

2.1. Их сургуулийн үйл ажиллагааны удирдлага, зохион байгуулалтыг сайжруулах, сургалт, судалгаа, инновацийн үйл ажиллагааны чанар, үр өгөөжийг  дээшлүүлэх замаар судалгаанд суурилсан их сургууль болгон хөгжүүлэх үндэс суурийг бүрдүүлэх, Монгол Улсын нийгэм, эдийн засгийг мэдлэг, инновацид тулгуурлан хөгжүүлэхэд тэдгээрийн гүйцэтгэх үүрэг, оролцоог нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.

2.2. Хөтөлбөрийн хүрээнд дараахь зорилтыг хэрэгжүүлнэ:

      Зорилт 1. Судалгаанд суурилсан их сургуульд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоож,  судалгааны үр дүнг үнэлэх тогтолцоог бүрдүүлэх;

      Зорилт 2. Их сургуулийн засаглал, удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг судалгаанд суурилсан их сургуулийн шаардлага болон шалгуурт нийцүүлэн боловсронгуй болгох;

      Зорилт 3. Санхүүжилтийн оновчтой эх үүсвэрийг бий болгох, өрсөлдөөнт тэтгэлгийн хэлбэрүүдийг хэрэгжүүлэх;

      Зорилт 4. Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэшсэн чадварлаг эрдэмтэн, судлаачдыг судалгаанд суурилсан их сургуулиудад төвлөрүүлэх замаар ахисан түвшний сургалт, судалгааг хөгжүүлэх;

      Зорилт 5. Судалгаа боловсруулалт, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, дэд бүтцийг сайжруулах замаар инновацийн эко системийг хөгжүүлэх.

Гурав. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны үндсэн чиглэл

3.1. Судалгаанд суурилсан их сургуульд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоож, судалгааны үр дүнг үнэлэх тогтолцоог бүрдүүлэх 1 дүгээр зорилтын хүрээнд:

      3.1.1. судалгаанд суурилсан их сургуульд тавигдах шаардлага болон шалгуурыг олон улсын жишигт нийцүүлэн боловсруулж, хэрэгжүүлэх;
      3.1.2. олон улсын чансаа тогтоох байгууллагад их сургуулиудыг бүртгүүлж, үнэлгээ хийлгэх үйл ажиллагааг үе шаттайгаар хэрэгжүүлэх;

      3.1.3. их сургуулийн судалгааны үр дүнг үнэлэх тогтолцоог бүрдүүлж, мөрдүүлэх;

       3.1.4. докторын диссертаци, магистрын төгсөлтийн ажил, эрдэм шинжилгээний өгүүлэл, бусад бүтээлийг байршуулах эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн сан байгуулах;

       3.1.5. оюуны бүтээлийн эрхийн хамгаалалтыг сайжруулах, бүтээлийн зөвшөөрөлгүй хуулбарлалтыг шалгах программтай болох замаар судалгааны ёс зүйн талаар хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах нөхцөлийг бүрдүүлэх;

       3.1.6. олон улсын түвшинд нийцэхүйц мэргэжлийн хянан магадлагаа бүхий эрдэм шинжилгээний сэтгүүлийг их сургууль, мэргэжлийн нийгэмлэг, холбоод хамтран бий болгох үйл ажиллагааг дэмжих.

3.2. Их сургуулийн засаглал, удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг судалгаанд суурилсан их сургуулийн шаардлага болон шалгуурт нийцүүлэн боловсронгуй болгох 2 дугаар зорилтын хүрээнд:

       3.2.1. их сургуулийн хүний нөөцийн бодлого, менежментийг шинэчлэн, академик тенур тогтолцоог нэвтрүүлэх;

       3.2.2. судалгаанд суурилсан их сургуулийн бие даасан байдлыг хангах, хөндлөнгийн хяналт бүхий төр, их сургууль дундын байнгын ажиллагаатай “Судалгаанд суурилсан их сургуулийн үндэсний хороо” байгуулах асуудлыг судлах;

       3.2.3. эрдмийн зэрэг хамгаалуулах, олгох тогтолцоог судалгаа боловсруулалт, инновацийн үйл ажиллагааны чанар, өгөөжийг дээшлүүлэх, олон улсын жишигт нийцүүлэн боловсронгуй болгох.

3.3. Санхүүжилтийн оновчтой эх үүсвэрийг бий болгох, өрсөлдөөнт тэтгэлгийн хэлбэрүүдийг хэрэгжүүлэх 3 дугаар зорилтын хүрээнд:

       3.3.1. их сургуулийн судалгаа боловсруулалтын санхүүжилтийн талаар дараахь арга хэмжээг авч хэрэгжүүлнэ:

               3.3.1.1. их сургуулийн судалгаа боловсруулалт, инновацийн үйл ажиллагаанд зарцуулах санхүүжилтийг нэмэгдүүлэх;

               3.3.1.2. олон улсын байгууллагын болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгийн тодорхой хувийг судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэхэд зарцуулах асуудлыг шийдвэрлүүлэх;

               3.3.1.3. хувийн хэвшлийн дэмжлэг, хөрөнгө оруулалтыг бодлогоор дэмжих;

               3.3.1.4. их сургуулиудыг гарааны компани байгуулах, бизнесийн байгууллагын дүрмийн санд хувь эзэмших замаар судалгааны санхүүжилтийн эх үүсвэр бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
               3.3.1.5. их сургуулиудын эрдэм шинжилгээ, судалгаа, инновацийн үйл ажиллалааг дэмжихэд чиглэсэн тусгай зориулалтын хөрөнгө оруулалтын сан (Венч, Эндаумент сан гэх мэт)-г байгуулж, ажиллуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх.

       3.3.2. “Судалгаанд суурилсан их сургууль”, “Судалгааны баг”, “Судлаач оюутан”-д судалгааны өрсөлдөөнт тэтгэлэг олгох журам боловсруулж, хэрэгжүүлэх;

       3.3.3. их сургуулийн инновацийн үйл ажиллагааг дэмжих, гарааны бизнесийг хөгжүүлэх хөрөнгө оруулалт, санхүүжилтийн оновчтой арга хэлбэрийг бий болгох;

       3.3.4. улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэх, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдсэн судалгааг төр болон хувийн хэвшлээс санхүүжүүлэх арга хэлбэрийг оновчтой болгох.

  3.4. Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр мэргэшсэн чадварлаг эрдэмтэн, судлаачдыг судалгаанд суурилсан их сургуулиудад төвлөрүүлэх замаар ахисан түвшний сургалт, судалгааг хөгжүүлэх   4 дүгээр зорилтын хүрээнд:

       3.4.1. их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудын чадварлаг профессор, багш, судлаачдыг дотооддоо харилцан солилцох, урилгаар ажиллуулах, гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагад зочин судлаачаар ажиллах нөхцөлийг бүрдүүлэх;

       3.4.2. өндөр хөгжилтэй оронд ажиллаж байгаа гадаад, дотоодын профессор, чадварлаг судлаачдыг их сургуульд ажиллуулах, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхийг дэмжих;

       3.4.3. гадаад, дотоод оюутан солилцооны болон ахисан түвшний сургалт, судалгааны хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

       3.4.4. судалгаа хөгжүүлэлт, инновацийн хүний нөөц (их сургуулийн гүйцэтгэх удирдлагын ажилтан, судалгааны менежер, инновацийн менежер, патентын менежер, оюуны өмчийн үнэлгээчин, лабораторийн техникийн ажилтан гэх мэт)-ийг бэлтгэхэд Боловсролын зээлийн сангаас дэмжлэг үзүүлэх;

       3.4.5. ахисан түвшний сургалт, судалгааны ажлын удирдагч багшийн ёс зүй, хандлагыг сайжруулах, чадавхжуулах арга хэмжээ авах;

       3.4.6. ахисан түвшний сургалтын чанарыг дээшлүүлэхэд чанарын дотоод баталгаажуулалтыг сайжруулж, магистр, докторын хөтөлбөрүүдийг дотоодод болон олон улсад магадлан итгэмжлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.

3.5. Судалгаа боловсруулалт, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, дэд бүтцийг сайжруулах замаар инновацийн эко системийг хөгжүүлэх  5 дугаар зорилтын хүрээнд:

       3.5.1. их сургууль, эрдэм шинжилгээний байгууллагын хамтын ажиллагааг судалгаа хөгжүүлэлт, дэвшилтэт болон шинэ технологи, бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох, нэвтрүүлэх, нутагшуулах чиглэлд өргөтгөх;

       3.5.2. судалгаанд суурилсан их сургууль, төр, хувийн хэвшил, мэргэжлийн нийгэмлэг, холбоодын хамтын ажиллагааг дэмжих эдийн засгийн нөхцөл, хууль эрх зүйн орчин бий болгох;

       3.5.3. их сургуулиудыг олон улсын шинжлэх ухааны төвүүдтэй хамтарсан судалгаа, боловсруулалт, инновацийн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

       3.5.4. их сургуулиудын судалгааны лабораторийн ашиглалтыг сайжруулах, салбар дундын нээлттэй лаборатори байгуулахад дэмжлэг үзүүлэх;

       3.5.5. улсын хэмжээнд салбар дундын нээлттэй лабораторийн нэгдсэн сүлжээ байгуулан ажиллуулах, магадлан итгэмжлүүлэх ажлыг зохион байгуулах;

       3.5.6. судалгааны лабораториудыг бүртгэлжүүлж, мэдээллийн нэгдсэн сан бий болгох;

       3.5.7. судалгаанд суурилсан их сургуулийн инновацийн дэд бүтцийн нэгж (технологи дамжуулах төв, инкубатор, дундын оффис, шинжлэх ухаан, инновацийн парк гэх мэт) байгуулахыг дэмжих.

Дөрөв. Хөтөлбөр хэрэгжих хугацаа

4.1. Хөтөлбөрийг 2019-2023 он хүртэл 4 жилийн хугацаанд дараахь үе шаттайгаар   хэрэгжүүлнэ:

        4.1.1. Нэгдүгээр үе шат (2019-2020 он);

        4.1.2. Хоёрдугаар үе шат (2021-2023 он).

Тав. Хөтөлбөрийн санхүүжилт

5.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг дараахь эх үүсвэрээс санхүүжүүлнэ:

        5.1.1. улсын болон орон нутгийн төсөв;

       5.1.2. олон улсын байгууллага, гадаадын зээл, тусламж, төсөл, хөтөлбөрийн санхүүжилт;

        5.1.3. их сургуулийн өөрийн хөрөнгө;

        5.1.4. хууль, тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.

Зургаа. Хөтөлбөрийн үр нөлөө, шалгуур үзүүлэлт

6.1. Хөтөлбөрийг хэрэгжүүлснээр дараахь үр дүнд хүрнэ:

       6.1.1. судалгаанд суурилсан их сургуулийн шаардлага, шалгуур батлагдаж, судалгааны үр дүнгийн үнэлгээний тогтолцоо хэрэгжиж эхэлсэн байна;

       6.1.2. их сургуулийн засаглал, удирдлага, зохион байгуулалт олон улсын түвшинд ойртож, хүний нөөцийн удирдлагыг сайжруулах академик тенур тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэн байна;

       6.1.3. их сургуулийн хөгжлийг дэмжсэн судалгааны санхүүжилт болон өрсөлдөөнт тэтгэлгийн хэлбэрүүд бий болж, судалгаа боловсруулалт, инновацийн орлогыг захиран зарцуулах, үр ашгийг хүртэх боломж бүрдэж, их сургуулиудын эдийн засгийн чадавх дээшилнэ;

       6.1.4. ахисан түвшний сургуулиудад ажиллах чадварлаг судлаачдын тоо нэмэгдэж, дотоодод болон олон улсад магадлан итгэмжлэгдсэн хөтөлбөрийн тоо нэмэгдсэн байна;

       6.1.5. судалгаа боловсруулалтын хамтын ажиллагаа, түншлэл хөгжиж, инновацийн эко систем хөгжинө.

6.2. Хөтөлбөрийн хэрэгжилтийг дараахь шалгуур үзүүлэлтээр үнэлнэ:

Бодлогын зорилт

Шалгуур үзүүлэлт

Хэмжих нэгж

Суурь түвшин

Зорилтот түвшин

Хэрэгжүүлэх байгууллага

Он

Үзүүлэлт

Он

Үзүүлэлт

 

Зорилт 1.              Судалгаанд суурилсан их сургуульд тавигдах шаардлага, шалгуурыг тогтоож,   судалгааны үр дүнг үнэлэх тогтолцоог бүрдүүлэх

 

Судалгаанд суурилсан их сургуулийн шаардлага, шалгуур батлагдсан байна.

тоо

2017

-

2022

Шаардлага, шалгуур, хэрэгжиж эхэлсэн байна.

БСШУСЯ

Азийн топ 100-д эрэмбэлэгдсэн их сургуулийн тоо

тоо

2017

-

2022

2 их сургууль хүсэлтээ илгээсэн байна.

Их сургуулиуд

Судалгааны үр дүнгийн үнэлгээний тогтолцоо

тоо

2017

-

2022

Судалгааны үр дүнгийн үнэлгээний тогтолцоо бүрдэж эхэлсэн байна.

Их сургуулиуд

Эрдэм шинжилгээний мэдээллийн нэгдсэн онлайн сан

тоо

2017

-

2022

Нэгдсэн онлайн сантай болсон байна.

БСШУСЯ, ШУА, ШУТС                        Их сургуулиуд

Оюуны бүтээлийн хуулбарлалтыг шалгах программ хангамж

тоо

2017

-

2022

Программ хангамжийг нэвтрүүлж эхэлсэн байна.

БСШУСЯ, ОӨГ             Их сургуулиуд

Олон улсын бүртгэлийн санд орсон дотоодын эрдэм шинжилгээний сэтгүүлийн тоо

тоо

2017

1

2022

2

БСШУСЯ, ШУА,            Их сургуулиуд

Олон улсын бүртгэлийн санд орсон сэтгүүлд хэвлэгдсэн өгүүллийн тоо

тоо

2017

269

2022

350

БСШУСЯ, ШУА,             Их сургуулиуд

Зорилт 2.             Их сургуулийн засаглал, удирдлага, зохион байгуулалт, үйл ажиллагааг судалгааны их сургуулийн шаардлага болон шалгуурт нийцүүлэн боловсронгуй болгох

Судалгаанд суурилсан их сургуулиудын хараат бус, давуу талд суурилсан зарчмаар сонгогддог удирдах албан тушаалын хувь

хувь

2017

0

2022

80%

Их сургуулиуд

Зорилт 3.  Санхүүжилтийн оновчтой эх үүсвэрийг бий болгох, өрсөлдөөнт тэтгэлгийн хэлбэрүүдийг хэрэгжүүлэх

Байгуулсан гарааны компанийн тоо

тоо

2017

18

2022

35

Их сургуулиуд

Их сургуулиудын төрийн захиалгаар хийсэн судалгааны тоо

тоо

2017

2

2022

8

Засгийн газар, БСШУСЯ

“Судалгаанд суурилсан их сургууль”-ийн тэтгэлэг хүртсэн их сургуулийн тоо

тоо

2017

0

2022

4

БСШУСЯ

“Судалгааны баг”-ийн тэтгэлэг хүртсэн баг, хамтлагийн тоо

тоо

2017

0

2022

20

БСШУСЯ

“Судлаач оюутан”-ы тэтгэлэг хүртсэн оюутны тоо

тоо

2017

0

2022

100

БСШУСЯ, БЗС

Зорилт 4.  Шинжлэх ухаан, технологи, инновацийн хөгжлийн орчин үеийн тэргүүлэх чиглэлээр нарийн мэргэшсэн чадварлаг эрдэмтэн, судлаачдыг судалгааны их сургуулиудад төвлөрүүлэх замаар ахисан түвшний сургалт, судалгааг хөгжүүлэх

45-аас дээш хувь нь эрдмийн зэрэгтэй багштай их сургуулийн тоо

хувь

2017

1

2022

4

Их сургуулиуд

Солилцоогоор ажилласан профессор, судлаачийн тоо

хувь

2017

n/a

2022

8

Засгийн газар, БСШУСЯ, Их сургуулиуд

Нээлттэй сонгон шалгаруулалтаар гадаадааас ирж ажилласан профессорын тоо

тоо

2017

0

2022

6

Их сургуулиуд

Олон улсын хамтарсан төсөл удирдаж байгаа профессорын тоо

тоо

2017

n/a

2022

8

Их сургуулиуд

Гадаадын их сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байгаа ахисан түвшний  хөтөлбөрийн тоо

тоо

2017

10

2022

20

Их сургуулиуд

Гадаадын их сургуулиудтай хамтран хэрэгжүүлж байгаа судалгааны төслийн тоо

тоо

2017

n/a

2022

20

Их сургуулиуд

Дотоодод магадлан итгэмжлэгдсэн ахисан түвшний хөтөлбөрийн тоо

тоо

2017

20+1

2022

40+8

БМИҮЗ, их сургуулиуд

Олон улсад магадлан итгэмжлэгдсэн ахисан түвшний хөтөлбөрийн тоо

тоо

2017

13+0

2022

8+4

БМИҮЗ, их сургуулиуд

Зорилт 5. Судалгаа боловсруу-лалт, инновацийн хамтын ажиллагаа, түншлэлийг өргөжүүлэх, дэд бүтцийг сайжруулах замаар инновацийн эко системийг хөгжүүлэх

Глобал Инновацийн Индекс-Инновацийн түншлэлийн индекс

байр

2017

123

2022

100

БСШУСЯ, ШУА

Глобал Инновацийн Индекс-Судалгаа, хөгжүүлэлтийн индекс

байр

2017

104

2022

95

БСШУСЯ, ШУА

Олон улсад итгэмжлэгдсэн судалгааны лабораторийн тоо

тоо

2017

3

2022

6

БСШУСЯ, БМИҮЗ,         Их сургуулиуд

Шинээр байгуулсан салбар дундын  судалгааны лабораторийн тоо

тоо

2017

2

2022

4

БСШУСЯ, Их сургуулиуд

Их сургуулиудын дамжуулсан технологи, аж ахуйн нэгжтэй байгуулсан лицензийн гэрээний тоо

тоо

2017

n/a

2022

8

Их сургуулиуд

Инновацийн дэд бүтцийн нэгжийн тоо

тоо

2017

5

2022

8

Их сургуулиуд

Долоо. Хөтөлбөрийн хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ

7.1. Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь жил бүр холбогдох журмын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, шаардлагатай тохиолдолд хөндлөнгийн үнэлгээ хийлгэнэ.

7.2. Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн хөтөлбөрийн хэрэгжилтийн тайланг дараа оны нэгдүгээр улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

7.3. Хөтөлбөрийн хэрэгжилтийн явцын хяналт-шинжилгээ, үнэлгээний дүгнэлт, зөвлөмжийг үндэслэн хөтөлбөрийн үйл ажиллагааны төлөвлөгөө, шалгуур үзүүлэлтэд холбогдох хууль, журамд заасны дагуу нэмэлт, өөрчлөлт оруулж болно. 

Найм. Хөтөлбөрийн удирдлага, зохион байгуулалт

8.1. Хөтөлбөрийг улсын хэмжээнд хэрэгжүүлэх арга хэмжээг нэгдсэн удирдлага, зохион байгуулалтаар хангах үүргийг боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага гүйцэтгэнэ.

8.2. Төрийн захиргааны бусад байгууллагууд, салбарын яам, агентлаг нь хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллах, үр дүнтэй хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.

8.3. Их сургууль, Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний байгууллага нь хөтөлбөрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлан  хэрэгжүүлнэ.