Монгол Улсын Засгийн газрын 2013 оны “Журам шинэчлэн батлах, журамд өөрчлөлт оруулах тухай” 271 дүгээр тогтоолоор батлагдсан “Дэлхийн шилдэг сургуульд оюутан суралцуулах журам”, Засгийн газрын 2020 оны “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоол, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 19-ны өдрийн A/316 тоот тушаалын хавсралтаар баталсан “Дэлхийн шилдэг их сургуульд оюутан суралцуулах журам”-ын дагуу Дэлхийн шилдэг их сургуулиудад 2020-2021 оны хичээлийн жилээс Боловсролын зээлийн сангийн зээлийн санхүүжилтээр бакалаврын сургалтад суралцуулах иргэдийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулна.
Дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтоодог олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн World University Rankings https://www.timeshighereducation.com/world-university-rankings/2019/world-ranking#!/page/0/length/25/sort_by/rank/sort_order/asc/cols/stats
Academic ranking of world universities: http://www.shanghairanking.com/ARWU2018.html жагсаалтын эхний 100-д багтсан их сургуулийг дэлхийн шилдэг их сургуульд тооцно.
Журамд заасан Дэлхийн шилдэг их сургуульд бакалаврын зэргийн үндсэн ангид суралцах урилга авсан эсвэл суралцаж байгаа Монгол Улсын иргэн энэхүү сангийн зээлд хамрагдах хүсэлтийг гаргах эрхтэй.
Жич: Дэлхийн шилдэг их сургуулийн 21-100-д бичигдсэн сургуульд тэнцсэн бол 2020 оны “Боловсролын зээлийн сангийн талаар авах арга хэмжээний тухай” 70 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Монгол Улсад шаардлагатай тэргүүлэх чиглэлийн мэргэжлийн жагсаалт”-д дурдсан мэргэжлээр суралцах шаардлагатай болохыг анхаарна уу.
Бүрдүүлэх баримт бичгийн жагсаалт
1. Бүрэн, зөв бөглөсөн анкет; https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандаж цахим өргөдөл бөглөн, дараах баримт бичгийг өргөдөлд татаж оруулна.
2. Хүлээн авч суралцуулах тухай урилга, албан захидал: a) Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын үндсэн ангид шинээр суралцах оюутнууд тухайн хүлээн авч суралцуулах сургуулиас ирүүлсэн албан ёсны урилга эсвэл захидлын хуулбар; (урилга англи хэл дээр бол хуулбарыг хавсаргах, англи хэл дээр биш бол урилгын албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах; b) Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын үндсэн ангид суралцаж байгаа бол суралцаж байгаа тухай албан бичиг; (албан бичиг англи хэл дээр бол хуулбарыг хавсаргах, англи хэл дээр биш бол албан бичгийн албан ёсны монгол орчуулгыг хамт хавсаргах)
3. Суралцах зорилго, мэргэжил, сургуулиа сонгосон байдал, суралцах тухай болон төгсөөд хийх ажлын төсөөлөл зэргийг илэрхийлсэн эссэ (эссэ 2 нүүрнээс хэтрэхгүй, times new roman 12 бичигдсэн байх, монгол ба тухайн суралцах орны хэл дээр);
4. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн гадаад хэлний мэдлэгийн түвшин тогтоох шалгалт өгсөн тухай баримт эсвэл тухайн хэл дээр суралцах шаардлагыг хангаж байгааг нотлох баримт
5. Төрсний гэрчилгээний нотариатаар баталгаажуулсан хуулбар
6. Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар
7. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ, дүнгийн хавсралтын нотариатаар баталгаажуулсан хуулбар
8. Багшийн тодорхойлолт
9. Бүртгэлийн хураамж 25 000 ₮, бүртгэлийн хураамжийг Төрийн сан дахь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 100900015003 тоот дансанд тушаана. Хураамж төлсөн баримтад бүртгүүлэгчийн овог, нэр, регистрийн дугаар, утасны дугаар, гүйлгээний утга буюу ямар тэтгэлэгт бүртгүүлэх тухай (БЗС, бакалавр) мэдээллийг заавал оруулах шаардлагатай.
Та цахим өргөдлийг бөглөж илгээсэн эсэхээс үл хамааран бүртгэлийн хураамжийг буцаан олгох боломжгүй тул сонгон шалгаруулалтад тавигдах шаардлагыг сайтар судалсны дараа төлбөрийг дансанд тушаана уу.
2020 оны 06 сарын 26-ны 14.30-аас 07 сарын 17-ны 17.30 цагийн хооронд https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, цахим өргөдлийг бөглөх, илгээх гарын авлагатай танилцан, өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дээр дурдсан баримт бичиг тус бүрийг PDF /1 файлын хэмжээ 5Mb-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.
Ерөнхий шаардлага:
Баримт бичиг тус бүрийг 1 PDF, цаасны хэмжээ А4 /5Mb дотор багтаах/ болгон баримт бичгийн монгол нэрээр нэрлэсэн байх
Баримт бичиг цэвэрхэн хуулбарлагдсан, үг үсэг бүр уншигдахуйц байх
Боловсролын баримт бичиг монгол хэл дээр биш бол нотариатаар баталгаажуулсан хуулбарыг бол монгол хэл дээрх албан ёсны нотариатаар баталгаажуулсан орчуулгыг хамт хавсаргах
Биечлэн ярилцлагад орох иргэн бүрдүүлсэн баримт бичгийн эх хувийг ярилцлагад орохдоо заавал авч ирнэ.
Цахимаар ярилцлагад орох буюу гадаадад суралцаж буй иргэн
- Гадаад паспортын хуулбар (гадаад паспортын нүүр хуудас, хүчинтэй хугацааг харуулсан нүүр, тухайн оронд оршин сууж буй визтэй хуудас, нэвтрэн орсон тамга 1 PDF болгох)
- Бүтэн улирал суралцсан бол тухайн сургуульд суралцаж буй сурлагын амжилтыг батлах дүнгийн хуулбарыг хавсаргах
Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн мартериалаа ИЛГЭЭХ товчин дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу (илгээх товчийг дарснаар танд и-майл хаягаар хариу ирэх болно)
Бүртгэлийн хугацаа дуусахаас өмнөх өдрүүдэд системийн ачаалал ихэсдэг тул та зохицуулалтаа оновчтой хийхийг зөвлөж байна. Бүртгэлийн системтэй холбоотой асуултыг зарлал гарснаас хойш 14.00-17.00 цагт 7577-8080 дугаараас авна уу.
Сонгон шалгаруулалт
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын тушаалаар байгуулагдсан комисс нь батлагдсан удирдамжийн дагуу сонгон шалгаруулалтыг журамд заасны дагуу зохион байгуулна.
Сонгон шалгаруулалтын хугацааг 2020 оны 07 сарын 24–ний дотор Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны ВЭБ САЙТААР /Гадаадад суралцах цэсэд/ мэдэгдэнэ.
Сургалтын зээлийн санхүүжилт нь /сургалтын төлбөр, номын сангийн төлбөр, эрүүл мэндийн даатгал/ зөвхөн бакалаврын зэргийн өдрийн ангийн суралцагчдад олгоно. Түүнчлэн Боловсролын зээлийн сангийн зээлээр болон Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу гадаадын их, дээд сургуульд суралцах эрх авсан буюу суралцаж байгаа иргэн энэхүү тэтгэлэгт хамрагдахгүй.