УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХИЙГ 69,2 ХУВИЙН САНАЛААР ДЭМЖЛЭЭ

A- A A+
УИХ-ЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНААР БОЛОВСРОЛЫН ЕРӨНХИЙ ХУУЛИЙН ТӨСӨЛ БОЛОН ХАМТ ӨРГӨН МЭДҮҮЛСЭН ХУУЛЬ, ТОГТООЛЫН ТӨСЛҮҮДИЙН ХЭЛЭЛЦЭХ ЭСЭХИЙГ 69,2 ХУВИЙН САНАЛААР ДЭМЖЛЭЭ

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн 69,2 хувийн саналаар дэмжлээ.   

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.  

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг:

-Өнөөдөр багш хүнийг бэлтгэхэд санхүүгийн болоод эрх зүйн хувьд энэ хуулиар дэмжсэн ямар бодлогыг тусгасан бэ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Багшийг бэлтгэх, хөгжүүлэх тогтолцоог бид одоогийн байгаагаас шинэ шатанд гаргая гэж байгаа. ЕБС, СӨБ-д 40 гаруй мянган багш, сурган хүмүүжүүлэгч нар байна.  Монгол Улсад 40 сургууль магадлан итгэмжлэгдээгүй хөтөлбөрөөр багш бэлтгэж байна. Ямар хөтөлбөрөөр, ямар багш бэлтгээд байгаа нь өнөөдөр ойлгомжгүй байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэгдүгээрт, багш бэлтгэх сургуулиуд, багш бэлтгэх хөтөлбөр заавал магадлан итгэмжлэгдсэн байх ёстой гэдэг хуулийн зохицуулалтыг хийж өгч байгаа. Хоёрдугаарт, багшийн хөгжлийг одоогийн байгаа тогтолцоонд 5 жил тутамд багшийн мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамруулдаг байсныг багасгаад 3-5 жил тутамд мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт багш өөрийнхөө ажлын байран дээр хөгжих энэ боломжийг тусгаж өгсөн.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

-Хөдөөд ажиллах багш, боловсон хүчин, боловсролын байгууллагуудын менежерүүд дутагдалтай байдаг. Тиймээс хөдөөд очиж ажиллах ямар давуу талыг бий болгож байгаа вэ?    

БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир:

-Багшийн урамшуулал, цалин хөлсний нэмэлт санхүүжилтийн тогтолцоог үр дүнд суурилсан байдлаар оруулж ирж байгаа. Мэдээж хуучин хуулиудад байсан хөдөөгийн багш нарын нэмэгдэл, энэ нь зөвхөн багшаас гадна бусад бүх ажилтнуудад хамаарах, багш бус ажилтнуудын ээлжийн амралттай холбоотой зохицуулалт, нийгмийн асуудлыг шийдвэрлэх замаар оруулж ирсэн. Мөн хүүхдийн тоо, бүлэг дүүргэлт, хүчин чадлын ашиглалт, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөө боловсролын стандарт, багш, ажилтны дундаж цалин хөлснөөс хамаарсан сургалтын үйл ажиллагааны шууд зардлыг норматив зардалд тусгасан.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

-Сургууль, цэцэрлэгийн эрхлэгч нар сонгууль бүрийн дараа өөрсдийнхөө улс төрийн үзэл баримтлалаас хамаарч халагддаг, солигддог нөхцөл байдлаас болж 84 мянган багш нарын ажлын байрны асуудал хөндөгдөж байна. Энэ асуудлыг бид цэгцлэхгүй бол болохгүй болчихоод байна.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Сумын Засаг дарга, аймгийн Засаг дарга өөрийнхөө хүссэн дурын нэг хүнийг сонгуулийн үр дүнгээр манай нам ялсан гээд намынхаа үзэл бодлоор боловсролд ажиллаагүй, мэдлэггүй, чадваргүй, хамт олон нь хүлээн зөвшөөрдөггүй тийм хүнийг хүчээр тавьдаг энэ тогтолцооноос л бид салмаар байна. Боловсролын салбарын реформ хийж байгаа энэ үед Боловсрол, шинжлэх ухааны яам, агентлаг нь аймгийнхаа Боловсролын газрын даргаа томилж, Боловсролын газрын дарга нь сургууль, цэцэрлэгийнхээ эрхлэгчийг томилоод явж болохгүй гэж. Томилогдох хүмүүс нь тодорхой сонгон шалгаруулалт, шалгуур давсан жинхэнэ утгаар нь мерит томилгоо явах энэ боломжуудыг бид хангах ёстой гэж ойлгож байгаа.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

-Хүүхэд бүрийг 12 жилийн боловсрол эзэмшүүлнэ гэх нь зөв үү, үгүй юу. Хэрвээ 12 жил болгон гэвэл одоогийн байгаа мэргэжлийн боловсролын сургалтын тогтолцоог эвдэх нь. Энэ нь зөв хэр оновчтой юм бэ.

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:

-Заавал эзэмших 12 жилийн боловсролын тогтолцоонд шилжсэнээр мэргэжлийн боловсролыг улам боловсронгуй болгоно. Энэ бол мэргэжлийн боловсролыг эвдэх, сүйтгэх тухай асуудал биш. Харин 2012 онд Боловсролын яам МСҮТ буюу коллежуудын мэргэжлийн боловсролын энэ тогтолцоог боловсролын тогтолцооноос гаргаснаар маш том эвдрэл, гажуудлууд үүссэн шүү. Өөрсдийнхөө хүүхдийг өндөр төлбөртэй, англи хэлний сургуульд сургачихаад бусад хүүхдүүдэд англи хэл зааж болохгүй, 9-р ангиас нь гаргаж, ажилчин анги бэлтгэ гэдэг ийм ялгаварлан гадуурхал байж болохгүй. Энэ бол Монгол Улсын хувь заяа, аюулгүй байдлын асуудал гэж ойлгож байгаа шүү. Харин 12 жилийн тогтолцоонд шилжсэнээрээ Монголын мэргэжлийн боловсролын гажуудлыг арилгах, засаж залруулах маш том түүхэн боломж олдож байгаа гэж харж байгаа.  

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдааны төгсгөлд УИХ-ын дарга Г.Занданшатар олон нийтийн дунд өргөн хэмжээний хэлэлцүүлэг өрнүүлэхэд анхаарч ажиллахыг чиглэл болголоо.