БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 06 ДУГААР САРЫН МЭДЭЭ

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

     Боловсролын ерөнхий хуулийн төсөл, түүнийг дагалдан гарах хуулиудын төслийг сайжруулах ажил хийгдэж 2021 оны 06 сарын 16-ны өдрийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэн УИХ-д өргөн барихыг дэмжсэн шийдвэрийг гаргууллаа. УИХ-ын чуулганы 06 сарын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэн 69,2 хувийн саналаар дэмжсэн болно.

  • БШУ-ны сайдын 2021 оны 03 сарын 26-ны өдрийн А/119 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг “Технологи дамжуулах төв, эсхүл хамтын оффист гишүүнчлэлээр бүртгүүлсэн гарааны компани болон программ хангамжийн үйлдвэрлэл, хөгжүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжид дэмжлэг үзүүлэх журам”-ын төслийг боловсруулж, холбогдох мэргэжлийн байгууллага, яамдаас санал авч тусган эцэслэж, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэх бэлтгэл ажлыг хангаж байна.
  • Монгол Улсын хууль, Улсын Их Хурлын тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг зэрэг 9 төрлийн эрх зүйн актын боловсрол, шинжлэх ухааны яамны чиг үүрэгт хамаарах хууль тогтоомж, тогтоол шийдвэрийн нийт 388 заалтын биелэлтийг хуулийн хугацаанд тайлагнан ажиллалаа. Боловсрол, шинжлэх ухааны салбарт хэрэгжүүлэхээр заасан, хяналтад авсан зүйл, заалтуудын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд: Бүрэн хэрэгжсэн буюу 100%-ийн биелэлттэй 270, Хэрэгжих шатанд байгаа буюу 70%-ийн биелэлттэй 65, Хэрэгжилт хангалтгүй буюу 30%-ийн биелэлттэй 40, Хэрэгжилтийг тооцох хугацаа болоогүй Үнэлэх боломжгүй 13 заалт байна. Хэрэгжээгүй буюу 0 хувийн биелэлттэй заалт байхгүй болно. 2021 оны эхний хагас жилийн байдлаар хууль, тогтоомж тогтоол шийдвэрийн хэрэгжилт 87,33% -тай үнэлэгдлээ.   
  • БШУ-ны сайдын 2021 оны 06 сарын 11-ний өдрийн “Цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулах тухай” А/214 дүгээр тушаалаар 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн нийслэлийн зарим цэцэрлэгийн 40-өөс дээш хүүхэдтэй бэлтгэл бүлэгт ээлжийн багш ажиллуулах, түүнд шаардагдах санхүүжилтийг баталлаа. Цэцэрлэгүүдийн байршил, хүүхдийн тоо зэргийг харгалзан 60 бүлэгт ирэх хичээлийн жилээс ээлжийн багшийг туршилтаар ажиллуулахаар болж байна.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   

  • Боловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн төслийг боловсруулах, нэгтгэх үйл ажиллагааг эхлүүлээд байна. Үүнд:

-Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын салбарын 2022 оны төсвийн төслийг цахимаар боловсруулах, хүлээн авах, нэгтгэх “Цахим төсвийн төсөл-2022” арга хэмжээний үндэсний сургалтыг 06 сарын 23-аас 25-ны өдрүүдэд 5 удаагийн давтамжтайгаар төсөв, санхүүгийн 2000 гаруй мэргэжилтнүүдийг хамруулан зохион байгууллаа;

-Сургууль, цэцэрлэгээс бусад шинжлэх ухаан, боловсролын салбарын байгууллагуудын 2022 оны төсвийн төсөл, 2023-2024 оны төсвийн төсөөллийг боловсруулах маягтыг төсвийн мэргэжилтнүүд хамтран боловсруулж, нэгж байгууллагуудад цахимаар хүргэж заавар удирдамжийг хүргүүлж ажиллаа;

  • Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэлийн газрын нөхцөл байдлыг тодорхойлох асуумж судалгааг Боловсролын удирдлага мэдээллийн системд ажлын 21 хоногийн хугацаанд байршуулан авч дууслаа. /БМТТ (esis.edu.mn)/ Судалгааны үр дүнд боловсруулалт хийж, тайлагнахаар ажиллаж байна.
  • “Тэгш хамруулан сургаж” байгаа багшийн хичээл болон анги зохион байгуулалтыг үнэлэх үнэлгээний хуудсыг Жайка ОУБ-ын дэмжлэгтэйгээр 6 сарын 22-нд боловсруулж дуусгалаа. Тус үнэлгээг ирэх 9 дүгээр сараас ЕБС-ийн зарим сургууль дээр турших юм.
  • Боловсрол Шинжлэх Ухааны Яам, Швейцарын хөгжлийн агентлаг, “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төсөл, Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэг хамтран ЕБС төгсөх 12 дугаар ангийн суралцагчдад шалгалтын өмнөх айдас, стрессээ даван туулахад мэргэжлийн сэтгэл зүйчдийн зөвлөгөө тусламжийг үнэ төлбөргүй үзүүлэх “Чатбокс” үйлчилгээг 5 сарын 24-өөс 6 сарын 24-ний өдрүүдэд амжилттай зохион байгууллаа. Нэг сарын хугацаанд үргэлжилсэн чатбокс сэтгэл зүйн зөвлөгөө, үйлчилгээнд нийт давхардсан тоогоор 1326 хүүхэд хандсан байна.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР             

  • Орчин цагийн Шинжлэх ухааны байгууллага үүсгэн байгуулагдсаны 100 жилийн ойд зориулсан “Шинжлэх ухааны хроник” он цаг дарааллын түүхэн ном, “Шинжлэх ухааны британика нэвтэрхий толь бичиг”-ийн тендерийн баримт бичгийг боловсруулж, Үнэлгээний хорооны хурлаар хэлэлцүүлж, баримт бичгийг эцэслэн, техникийн тодорхойлолтыг батлуулж, тендерийг цахимаар зарлах ажлыг зохион байгуулж байна. 
  • Зайн болон танхимын сургалтаар дамжуулан орон нутгийн иргэдэд инновацийн талаар мэдлэг олгох, инновацийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, орон нутагт шинэ технологи, инновацийн бүтээгдэхүүн, эрдэмтэн, судлаачдын сайн туршлагыг  түгээн дэлгэрүүлэх төлөвлөгөөний дагуу  ХААИС-тай хамтран  “Газар тариалан, ургамал хамгаалал, Мал аж ахуй, амьтны биотехнологи , Мал, амьтны эрүүл мэнд, Инженер, технологи” гэсэн 4 чиглэлээр 8 сургалтыг орон нутагт зохион байгуулахаар ажиллаж байна. 
  • Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний ажиллагсдад зориулж, бүсчилсэн сургалтыг үе шаттайгаар зохион байгуулах ажлын хүрээнд төрийн болон төрийн бус өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургуулийн тогооч нарыг чадавхжуулах цахим сургалтыг 6 сарын 4-өөс 12-ны өдрүүдэд зохион байгуулсан. Сургалтад  тогооч, нярав, эмч зэрэг 5000 орчим ажилчдыг хамруулсан бөгөөд  дараагийн  шатны сургалтыг 3, 4 дүгээр улиралд зохион байгуулахаар төлөвлөөд байна. 
  • Барилга, хот байгуулалтын сайд, БШУ-ны сайдын 2021 оны 130 болон А/202 тоот хамтарсан тушаалын хүрээнд байгуулагдсан ажлын хэсгээс барилгын инженерийн мэргэжлийн чиглэлээр их, дээд сургууль төгссөн иргэдийн дипломын мэдээллийг “Дээд боловсролын удирдлагын мэдээллийн систем”-д оруулах ажлын төлөвлөгөөг гаргалаа. Тус ажлын хүрээнд ШУТИС-ийг 1998-2015 оны хооронд төгссөн иргэдийн дипломын лавлагааны мэдээллийн санг үүсгэх, яамны архивтай тулгах ажлыг БМТТ-тэй хамтран зохион байгуулан ажиллаж байна. Ажлын явц одоогоор 40 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.
  • Ерөнхий боловсролын салбарын 2020-2021 оны хичээлийн жилийн төгсөгчдийг системд бүртгэх, баталгаажуулах Суурь боловсролын гэрчилгээ болон Бүрэн дунд боловсролын үнэмлэх олголтыг 100% хийж дуусгалаа.
  • “Бага насны хүүхдийн хөгжлийн чиг хандлага-сургалтын арга зүй, технологийн хөгжил” сэдэвт и-форумыг үндэсний хэмжээнд НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр зохион байгууллаа. И-форумд Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монгол улсын боловсролын их сургууль,  орон нутаг дахь сургуулийн өмнөх боловсролын багш бэлтгэдэг их дээд сургуулийн багш, цэцэрлэгийн  арга зүйч, багш нарын төлөөлөл бүхий 20 гаруй эрдэмтэн, судлаач, багш нар оролцож 12 илтгэлийг хэлэлцүүллээ. Форумд хэлэлцүүлсэн илтгэлүүдийг эмхэтгэн хэвлүүлж, түгээх ажлыг зохион байгуулж байна.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

  • ЗГҮАХ-ийн 2021 оны эхний хагас жилийн биелэлтэд хяналт-шинжилгээ үнэлгээ хийлээ. Хяналт-шинжилгээ, үнэлгээ хийхэд: Үр дүнтэй 100%-ийн биелэлттэй 9, Тодорхой үр дүнд хүрсэн 90%-ийн биелэлттэй 4, 70% -ийн биелэлттэй  31, Эрчимжүүлэх шаардлага буюу 50%-ийн биелэлттэй 36, 30%-ийн биелэлттэй  12,  Хэрэгжээгүй буюу 0 хувийн биелэлттэй арга хэмжээ байхгүй болно. Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2020-2024 онд хэрэгжүүлэх төлөвлөгөөний хэрэгжилт 2021 оны эхний хагас жилийн байдлаар 60,7% хувийн биелэлттэй дүгнэгдлээ.
  • Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах ажлын хүрээнд 06 сарын 29-ний өдөр Франц улсын Элчин сайдын яам, Францын Үндэсний боловсрол, залуучууд, спортын яам, Бордугийн их сургуультай хамтран туршлага солилцох уулзалт, сургалтыг зохион байгууллаа.  Сургалтаар Францын сургуулийн сэтгэл судлалын тогтолцоо, ерөнхий боловсролын сургуулийн суралцагчдад ямар сэтгэл судлалын үйлчилгээ үзүүлдэг, сургуулийн сэтгэл судлаачдыг Францад хэрхэн бэлтгэдэг, сэтгэл судлаачид сургуульд ямар арга барилаар ажилладаг зэрэг асуудлаар харилцан туршлага солилцов. Монгол Улсын хэмжээнд 2020 оны байдлаар ерөнхий боловсролын 839 сургуульд нийт 76 сэтгэл зүйч үндсэн орон тоогоор ажиллаж байна. Үүнээс 85.5 хувь буюу 65 нь мэргэжлийн сэтгэл зүйч, 14.4 хувь буюу 11 нь мэргэжлийн бус хүмүүс ажилласан байна. Тодруулбал, өсвөр насныхны сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх судалгаанд хамрагдсан 10 хүүхэд тутмын 4 нь сэтгэл зүйчтэй уулзах хүсэлтэй байдаг байна. БШУ-ны яамнаас “Ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах, богино дунд хугацааны төлөвлөлт”, “Нийгэм, сэтгэл зүйн үйлчилгээний бодлого, цогц төлөвлөгөө боловсруулах” ажлын хэсгүүдийг байгуулж холбогдох бичиг баримтын төсөл боловсруулахаар ажиллаж байна.
  • 2021-2022 оны хичээлийн жилд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төсөл хэрэгждэг ерөнхий боловсролын 30 сургууль дээр сэтгэл зүйчдийг мэргэшүүлэн сургаж, нэг жилийн хугацаанд ажиллуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд БШУ-ны сайдын 2021 оны “Сэтгэл зүйч ажиллуулах, ажлын хэсэг байгуулах тухай” тушаалыг батлан гаргалаа. Энэхүү төсөл нь Боловсролын орчинд сэтгэл зүйн үйлчилгээ нэвтрүүлэх замаар боловсролын чанарт дэмжлэг үзүүлэх зорилготой бөгөөд сургуулийн сэтгэл зүйч нь зөвхөн суралцагчдад бус багш эцэг эх, асран хамгаалагчдад сэтгэл зүйн тусламж зөвлөгөө хүргэж сургуульд аюулгүй суралцах таатай орчин бүрдүүлэх өргөн хүрээний үйл ажиллагааг явуулна. 
  • Багш, сурагчдыг холбосон medle.mn платформийн нээлтийн үйл ажиллагааг 6 сарын 28-ны өдөр зохион байгууллаа. Монголын өнцөг булан бүрд ажилладаг шилдэг багш нарын бэлтгэсэн хичээлүүдийг нийслэл, аймаг, сумын төв гээд хаана ч амьдарч буй хүүхэд үзэх боломжийг тус платформ олгох юм. Өөрөөр хэлбэл багш, сурагчдыг холбох зорилго бүхий боловсролын цахим контентын сан юм. Багш, сурагчдыг холбосон энэхүү платформ нь сурлагын хоцрогдлыг нөхөх, боловсролыг тэгш хүртээмжтэй болгоход чиглэх бөгөөд илүү хурдтай, чанартай байх шийдлүүдийг нэг дор агуулж байгаагаараа онцлогтой. Тус төсөл нь боловсролын салбарын цахим шилжилтийн ажлын нэг хэсэг бөгөөд цаашид үе шаттайгаар үргэлжлэх юм.   
  • БШУ-ны сайдын 2021 оны А/142 дугаар тушаалаар олон улсад зохион байгуулагдах математик, биологи, газар зүй, физик, хими, мэдээлэл зүйн олимпиадад оролцох суралцагчдыг цахимаар сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулан хэрэгжилтийг ханган ажиллалаа. Сонгон шалгаруулалтад бүртгүүлсэн 21 аймаг, 9 дүүргийн нийт 5466 суралцагч/хими-865, математик-3000, физик-316, мэдээлэл зүй-245, биологи-1040/-аас олон улсын олимпиадад 22 суралцагчийг оролцуулахаар Ажлын хэсгээс шийдвэрлээд байна.

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт туссан “Ерөнхийлөгчийн нэрэмжит тэтгэлэг” олгох үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг 2021 оны төсөвт нэмж тусгуулах саналыг БШУ-ны сайдын 2021 оны 06 сарын 28-ны өдрийн 1а/3252 тоот албан бичгийн хавсралтаар Сангийн яаманд хүргүүлэн ажиллалаа.
  • Гачуурт тосгоны 63 дугаар цэцэрлэгийн 100 хүүхдийн ортой өргөтгөлийн шинэ барилгыг ашиглалтад хүлээн авлаа. Уг цэцэрлэг ашиглалтад орсноор тойргийн цэцэрлэгийн насны нийт 680 хүүхдийн 440 нь цэцэрлэгт хамрагдах боломж бүрдэж байна. Цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор шинээр 27 ажлын байр нэмэгдэнэ. Барилгын ажлыг “Шил дээд” компани 2.2 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэйгээр гүйцэтгэлээ. Барилгын өргөтгөлийг НҮБ-ын Хүүхдийн Сан, Солонгосын Хүүхдийн Сан, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүгийн дэмжлэгтэйгээр барьсан юм.
  • Боловсролын салбарын цахим шилжилтийг 6 сарын 11-ний өдөр эхлүүллээ. Цахим шилжилтийг хийснээр жил бүр төсөвлөдөг 1,7 их наяд төгрөг болон 300-400 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт сурагчдын сурах орчин, сургалтын чанар, хүртээмжид шууд зарцуулагдаж байгаа эсэхийг хянах боломжийг бүрдүүлж байгаа юм. Цахим төсвийн төсөлд шилжсэнээр:
  • Төсвийн төслийн санхүүжих дундаж хүүхдийн тоог албан ёсны статистик мэдээлэлд үндэслэн боловсруулна
  • Улсын хэмжээнд 2400 гаруй ажилтны томилолтын зардал болох 171 сая төгрөг, 125 мянган хуудас цаас болон хэвлэх хорны зардал хэмнэгдэнэ
  • Нэг хүний 3-15 хоногийн ажлыг хөнгөвчилнө
  • Багш, ажилтны дэлгэрэнгүй мэдээлэлд үндэслэн төсвийг төлөвлөнө
  • Төсвийн төслийн саналыг боловсруулах, нэгтгэл алдаагүй, нэг стандарттай болно
  • Төсвийн үр дүнгийн шалгуур үзүүлэлтийг цахим системээр дамжуулан тооцож, бодлогын баримт бичгүүдтэй уялдуулан ил тод мэдээлнэ.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

  • Бичиг хэргийн эргэлтийн мэдээ: 2021 оны 06 сарын 01-ээс 30-ны өдрийн байдлаар гадны байгууллага, иргэдээс БШУ-ны яаманд хандаж 3974 хариутай бичиг, 816 шууд бичиг, 1305 өргөдөл гомдол, нийт 42342 хуудас бүхий 6095 бичиг ирүүлсэн байна. 3705 хариутай албан бичиг, 1235 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт өргөдөл, гомдлын 94.6%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Мөн 235 албан бичиг, 40 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. БШУЯ-наас гадны байгууллага иргэдэд хандаж 6807 хуудас бүхий 3322 албан бичиг явуулсан байна. 
  • Тус яаманд ирсэн албан бичиг, өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүртгэн, хариуцсан албан хаагчдад хүргэж өгөх, 262227 утсаар хандсан гадны иргэдэд мэдээлэл өгөх, яамнаас гадны байгууллага, иргэдэд явуулж байгаа албан бичгийг хянах, эйбл программын хэвийн үйл ажиллагааг хангах, албан хаагчдад албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэдээлэл, зөвлөмжийг өгөх зэрэг ажлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна. 

2021 оны 06 дугаар сарын бичгийн эргэлтийн тоо /хүснэгтээр/

Ангилал

Тоо

Хуудасны тоо

1

Ирсэн бичиг

4790

35096

2

Өргөдөл, гомдол

1305

7246

3

Явсан бичиг

3322

6807

 

Нийт дүн

9417

49149

 

---оОо---