БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ  ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН МЭДЭЭ

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР

     Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулах зориулалтын байр болон түүнд ашиглах тоног төхөөрөмжийг худалдан авах, засвар үйлчилгээ хийхэд зориулсан “Хандив, тусламжийг хүлээн авах ажлыг зохион байгуулах журам”-ыг эцэслэн боловсруулж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн А/264 тоот тушаалаар батлан гаргалаа. Журмыг Улсын бүртгэлийн нэгдсэн санд бүртгүүлэхээр холбогдох материалыг ХЗДХЯ-нд албан бичгээр хүргүүлэв. 

  • “Тусгай хоолны дэглэмтэй хүүхэд болон ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрын хүүхдийн хоол үйлдвэрлэлийн жор технологийн гарын авлага” боловсруулах ажлын хэсгийн тушаалыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн А/262 дугаар тушаалаар баталлаа.
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Тушаалд өөрчлөлт оруулах тухай” 2021 оны А/267 дугаар тушаалаар Мэргэжлийн чиглэл индексийн 0732-т авто замын барилгын инженер, 073203, гүүрийн барилгын инженер 073204 индексийг шинээр орууллаа. Боловсролын ангиллын олон улсын стандартад мэргэжил, хөтөлбөрийн талаар тусгадаггүй боловч “Юнескогийн боловсролын ангиллын олон улсын стандарт, дэлгэрэнгүй чиглэлийн тодорхойлолт хэмээх баримт бичигт” “building and civil engineering” /0732/ дэлгэрэнгүй чиглэлийн 22 хөтөлбөрт багтсан ангиллаар /гүүрийн барилга, замын барилга/ мэргэжилтэн бэлтгэх боломжтой болж байна.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР   

  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/126 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг ерөнхий боловсролын сургуульд сэтгэл зүйч ажиллуулах эрх зүйн орчин болон дэлхийн улс орнуудын туршлагыг харьцуулан судалж, богино, дунд хугацааны төлөвлөлтийг боловсруулсан бөгөөд энэ хүрээнд “Тогтвортой хөгжлийн боловсрол II” төслийн түшиц ерөнхий боловсролын 30 сургуульд ажиллах сэтгэл зүйчийг сонгон шалгаруулах ажлыг Төрийн нарийн бичгийн даргын 2021 оны А/64 дүгээр тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг 2021 оны 7 дугаар сарын 05-аас 7 дугаар сарын 21-ний өдрүүдэд зохион байгууллаа. Ерөнхий боловсролын сургуулийн сэтгэл зүйчийг мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулан батлуулж, сонгон шалгаруулалтад тэнцсэн сэтгэл зүйчдийн 45 хоногийн мэргэшүүлэх сургалтыг 2021 оны 7 дугаар сарын 26-ны өдрөөс эхлүүлж сургалтад 25 сургуулийн 26 сэтгэл зүйч хамрагдаж байна.
  • Ерөнхий боловсролын сургуулийн I-XII ангийн 149 нэрийн сурах бичиг, 4 нэрийн Багшийн журнал, 12 нэрийн оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын сурах бичиг, багшийн ном ерөнхий гэрээгээр худалдаж буй барааны жагсаалтад орж Төрийн худалдан авах ажиллагааны цахим системийн “ЦАХИМ ДЭЛГҮҮР”-т /https://www.tender.gov.mn/mn/news/detail/1625852099926/байршуулаа. Ерөнхий гэрээний дагуу “Цахим дэлгүүр”-ийн системээр сурах бичиг худалдан авах ажиллагааг зохион байгуулснаар тендер шалгаруулалтын тоо буурах /3 жил тутамд 1 тендер зохион байгуулах/, цаг хугацаа, төсөв мөнгө хэмнэхийн зэрэгцээ үндэсний үйлдвэрлэгчдийн үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтой юм. Мөн түүнчлэн сурах бичиг дутагдах асуудлыг шийдэж, боловсрол эзэмших адил тэгш эрх, боловсролын чанарын баталгааг хангах зорилгоор тухайн байгууллага өөрсдийн хөрөнгөөр шаардлагатай сурах бичгээ захиалга хийж худалдан авах боломж бүрдэж байна.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР             

  • Монгол Улсын мал эмнэлгийн салбарын чадавхыг сайжруулах, тусламж, үйлчилгээ үзүүлэх, урьдчилан сэргийлэх, оношлох, сургалт явуулж, гарын авлага боловсруулах, мал, амьтны эмнэлэг байгуулах төслийг БНСУ-тай хамтран хэрэгжүүлж байна. Төслийн хүрээнд мал, амьтны эмнэлгийн шав тавих ёслолын ажиллагааг 7 дугаар сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Энэ төслийн хүрээнд ХААИС-ийн Мал эмнэлгийн сургуульд мал, амьтны эмнэлэг байгуулагдаж, орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангагдан тус сургуулийн багш нарт БНСУ-ын мал эмнэлгийн нарийн мэргэжлийн профессор багш нар сургалт зохион байгуулна. Мөн төрийн болон хувийн хэвшилд ажиллаж байгаа малын эмч нарын төгсөлтийн дараах үргэлжилсэн болон малын эмчид итгэмжлэл олгох сургалт зохион байгуулах нөхцөл бүрдэх юм. БНСУ-ын буцалтгүй тусламжаар хэрэгжиж буй уг төсөл 2023 он хүртэл үргэлжлэх юм.
  • Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн А/237 дугаар тушаалаар баталсан Сургуульд суурилсан менежментийн сургалт зохион байгуулах, түгээн дэлгэрүүлэх ажлын хүрээнд 2021-2022 онд төслийн сургалтад хамрагдах 200 сургуулийг БМДИ, орон нутгийн БСУГ-ын оролцоотойгоор сонгож , сургалтад оролцогчдын мэдээллийг нэгтгэн системд бүртгэж байна.
  • 2021-2022 оны хичээлийн жилд Бүгд Найрамдах Польш Улс, Бүгд Найрамдах Болгар Улс, Румын Улсын тэтгэлгийн сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн мэдээллийг нэгтгэж, Гадаад харилцааны яамаар дамжуулан холбогдох Элчин сайдын яамдад хүргүүлэн ажиллалаа.
  • Бэлтгэл бүлгийн сургалтын чанарыг сайжруулах  хүүхэд сургуульд элсэн суралцахад үүсэж буй ялгаатай байдлыг арилгах, цаашид амжилттай суралцах бэлтгэлийг хангах зорилгоор 5 настай хүүхдэд зориулсан дасгал ажлын дэвтэр, багшид зориулсан зөвлөмжийг боловсруулж байна. Бэлтгэл бүлгийн хүүхдэд зориулсан дасгал ажлын дэвтрийг 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн сургалтад ашиглуулах юм.
  • “2021-2022 оны хичээлийн жилийн бэлтгэл хангах ажлын төлөвлөгөө”-ний дагуу Аймаг, нийслэлийн Боловсрол, соёл урлагийн газарт хичээлийн жилийн сургалт үйл ажиллагааг эхлүүлэх, бэлтгэл хангах удирдамж чиглэлийн төслийг боловсруулсан. Улс орнуудын сургуулийн өмнөх боловсролын сургалтыг явуулж буй сайн туршлага, Монгол Улс дахь халдварын нөхцөл байдал, тандалт судалгааны дүнд үндэслэн сургалт үйл ажиллагааг эхлүүлэх хувилбаруудыг боловсруулж байна. Тухайн орон нутаг дахь халдварын тархалтын түвшнээс хамааруулсан сургалтын хувилбарыг сонгох хариу арга хэмжээний стратегийг дийлэнх улс хэрэгжүүлж байна. Сургалтыг зайн (цахим апп, ТВ, радио, бичгээр солилцох г.м), танхим, холимог гэсэн хувилбаруудыг нөхцөл байдлаас хамааруулан сонгож байна. Иймд халдварын тархалт болон цэцэрлэгийн өөрийнх нь нөхцөл байдлаас хамааруулан сонгох, өөр хоорондоо шилжих шинжтэй хувилбаруудыг санал болгож байгаа юм.
  • Оюуны хөгжлийн бэрхшээлтэй сурагчдын 1-5 дугаар ангийн Монгол хэл, математик, Дүрслэх урлаг, технологийн 11 нэрийн  нийт 5700ш сурах бичиг хэвлэгдсэнийг хүлээн авч нийлүүлэх ажлыг зохион байгуулж байна.
  • Эрдэм шинжилгээний ажилтныг 4 жил тутам аттестатчилдаг уламжлалт ажлыг энэ оны 7-8-р сард зохион байгуулж байна. Аттестатчлалд Шинжлэх ухаан академи, их сургуулиудын харьяа хүрээлэнгүүд хамрагдана. Уг арга хэмжээ 2021 оны 7 сарын 1-ээс 8 сарын 15-ныг дуустал зохион байгуулагдана.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

  • Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь Францын Версалийн их сургуультай хамтран CIMPA буюу Олон улсын онолын болон хэрэглээний математикийн төвийн дэмжлэгтэйгээр "Data assimilation, optimization, and applications" сэдэвт олон улсын зуны сургалтыг  7 дугаар сарын 5-аас 10-ны хооронд амжилттай зохион байгууллаа. CIMPA-аас магистр, докторын оюутнууд, судлаачдад зориулсан энэхүү зуны сургалтыг 1997 оноос хөгжиж буй орнуудад зохион байгуулж эхэлсэн бөгөөд Монголын хувьд өмнө нь 2013 онд МУИС, ШУТИС-д, 2015 онд МУИС, мөн 2017 онд ШУТИС болон Ховд их сургуультай хамтран зохион байгуулж байсан. Энэ удаагийн "Data assimilation, optimization, and applications" сэдэвт сургалтыг COVID-19 цар тахалтай холбоотойгоор МГТИС-д цахимаар болон танхимд гэсэн хосолмол хэлбэрээр зохион байгуулснаараа онцлогтой бөгөөд ШУА-ийн Математик, тоон технологийн хүрээлэн, МУИС, ШУТИС, МУБИС, МГТИС болон Франц, Итали зэрэг орнуудаас 50 гаруй хүн оролцлоо. Энэ удаагийн сургалтад оптимизацийн үндэс, бүхэл тоон программчлал, квази гүдгэр оптимизаци, тоглоомын онол, оптимизацийн эдийн засаг, санхүү дэх хэрэглээ, болон хар хайрцгийн симуляци, тодорхойгүй нөхцөл дэх оптимизацийн үндэс зэрэг практик хэрэглээ бүхий сэдвүүдээр профессор, багш нар 2-3 удаагийн сонирхолтой лекцийг хэлэлцүүлсэн нь оролцогчид, судлаачдын хувьд судалгаанд хэрэгцээтэй суурь мэдлэгийг өгч, цаашид энэ чиглэлээр судалгаанд оролцоход дэмжлэг үзүүлсэн сургалт боллоо.
  • Олон улсын биологийн 32 дугаар олимпиад Португал улсын Лиссабоа хотноо 7 дугаар сарын 18-ны өдрөөс 7 дугаар сарын 25-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, олимпиадад Монгол улсын дөрвөн сурагч амжилттай оролцон, 1 мөнгө, 2 хүрэл медаль тус тус хүртлээ. Олон улсын математикийн олимпиад ОХУ-ын Санкт-Петербург хотноо 7 дугаар сарын 14-өөс 7 дугаар сарын 24-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, тус олимпиадаас 2 алт, 2 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж Монгол улс багаараа 11 дүгээр байрт эрэмбэлэгдлээ. Мөн олон улсын физикийн 51 дэх олимпиад Литва улсын Вильнюс хотод  7 дугаар сарын 17-ноос 7 дугаар сарын 28-ны өдрүүдэд зохион байгуулагдаж 2 сурагч хүрэл медаль хүртэв.  
  • Олон Улсын хэмжээний 5 дахь буюу химийн Япон улсын Хигашиосака хотноо 7 сарын 24-өөс 8 сарын 2 хүртэл зохиогдож 79 орны 312 сурагч оролцлоо. Химийн олимпиадаас Монгол Улсын баг 2 мөнгө, 1 хүрэл, 1 тусгай байрын шагнал авлаа. Энэ жилийн тухайд манай сурагчид газар зүйгээс бусад 5 олимпиадад оролцож нийт 2 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль авч байгаа бол 4 сурагч тусгай байрт шалгарлаа. Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүллээ. Цар тахалтай холбоотойгоор Улсын олимпиадуудыг цуцалж, олон улсын олимпиадын буухиаг таслахгүй байх зорилгоор ажлын хэсэг байгуулан сурагчдаа сонгон шалгаруулж, бэлтгэж, дасгалжуулж, шаардлагатай төсөв санхүүжилтийг шийдвэрлэж ажилласан юм.

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

  • Боловсрол, шинжлэх ухааны төсвийн ерөнхийлөн захирагчийн 2022 оны төсвийн төсөл, 2023-2024 оны төсвийн төсөөллийг боловсруулах ажил үргэлжилж байна. Үүнд “Цахим төсвийн төсөл - 2022” арга хэмжээний хүрээнд улсын хэмжээний ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгүүдийн төсвийн төслөө боловсруулах үйл ажиллагаа, аймаг, нийслэл, дүүргийн төсвийн төслийн хяналт, нэгтгэл, харьяа байгууллагуудын төсвийн төслийн үйл ажиллагаа 100 хувь дууссан. Одоо ТЗШ-н төсвийн төслийн хяналт, танилцуулга тайлбар, үндсэн үзүүлэлтийг хийж байна.
  • Эхний хагас жилийн тайлангаар БНХАУ-ын болон Япон улсын ЗГ-ын тусламжаар барьж ашиглалтад оруулсан сургууль, цэцэрлэгийг орон нутгийн өмчийн бүртгэлд бүртгүүлэх талаар ТӨБЗГ-т 88,5 тэрбум төгрөгийн 7 төсөл арга хэмжээний жагсаалтыг материалын хамт хүргүүллээ. 

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД

  • Бичиг хэргийн эргэлтийн мэдээ: 2021 оны 07 дугаар сарын 30-ны байдлаар гадны байгууллага, иргэдээс яаманд хандаж 4374 хариутай бичиг, 1012 шууд бичиг, 1424 өргөдөл гомдол, нийт 47755 хуудас бүхий 6810 бичиг ирүүлсэн байна. 4195 хариутай албан бичиг, 1360 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж,   нийт өргөдөл, гомдлын 95.50%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Мөн 152 албан бичиг, 62 өргөдөл хугацаандаа судлагдаж, 25 албан бичиг, 8 өргөдөл  хугацаа хэтэрсэн байна.  Яамнаас гадны байгууллага иргэдэд хандаж  8566 хуудас бүхий 3771 албан бичиг явуулсан байна.
  • Яаманд ирсэн албан бичиг, өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүртгэн, хариуцсан албан хаагчдад хүргэж өгөх, 262227 утсаар хандсан иргэдэд мэдээлэл өгөх, яамнаас байгууллага, иргэдэд явуулж байгаа албан бичгийг хянах, эйбл программын хэвийн үйл ажиллагааг хангах, албан хаагчдад албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэдээлэл, зөвлөмжийг өгөх зэрэг ажлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна. 

2021 ОНЫ 07 ДУГААР САРЫН БИЧГИЙН ЭРГЭЛТИЙН ТОО /ХҮСНЭГТЭЭР/

Ангилал

Тоо

Хуудасны тоо

1

Ирсэн бичиг

5386

39719

2

Өргөдөл, гомдол

1424

8036

3

Явсан бичиг

3771

8566

 

Нийт дүн

10581

49149

 

 

---оОо---