БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ
ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 10 ДУГААР САРЫН МЭДЭЭ
НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР
-
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 сарын 20-ны өдрийн Их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай 321 дүгээр тогтоолыг батлууллаа. Тогтоолд заасан:
-
Дархан-Уул аймаг дахь Хөдөө аж ахуйн их сургуулийн харьяа Ургамал газар тариалангийн хүрээлэнгийн Агро-Экологи, бизнесийн сургуулийг хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх;
-
Өмнөговь аймагт геологи, уул уурхай, технологийн чиглэлээр Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн харьяа сургуулийг шинээр байгуулах;
-
Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт цогцолбор” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэхээр тусгасан болно. Манай улсад 88 их, дээд сургуульд 150 мянга орчим оюутан суралцдаг бөгөөд 143 мянга нь Улаанбаатар хотод суралцдаг бол 5 хувь нь орон нутаг дахь найман их, дээд сургуульд суралцаж байна. Өнөөдрийн байдлаар орон нутаг дахь их, дээд сургуулиуд хүчин чадлынхаа 30-40 хувийг ашиглаж байгаа бөгөөд цаашид 100 хувь бүрэн хүчин чадлаараа ажиллах нөхцөл боломжийг бүрдүүлэх эдгээр ажлыг гүйцэтгэх төлөвлөгөөг БШУЯ боловсруулан ажиллаж эхлээд байна.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны А/338 дугаар тушаалаар аймаг, нийслэлийн Боловсролын газар, дүүргийн боловсролын хэлтсийн ЕБС, цэцэрлэгийн хоол хүнсний асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд тавих нийтлэг шаардлага болон ЕБС-ийн хоол зүйчийн албан тушаалд тавих нийтлэг шаардлага, тогоочийн албан тушаалд тавих нийтлэг шаардлагыг тус тус батлан гаргалаа. Тус нийтлэг шаардлагад нийцүүлэн ажлын байрны сонгон шалгаруулалт зохион байгуулах, ажилд томилох, хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг хөдөлмөрийн харилцааг нэгж байгууллагууд зохицуулан ажиллах юм.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 10 сарын 18-ны өдрийн “Боловсролын зээлийн сангийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/353 дугаар тушаалаар Боловсролын зээлийн сангийн бүтэц, орон тоог шинэчлэн баталж Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар тогтоосон орон тооны хязгаарт багтаан 5 хэлтэстэй ажиллуулахаар боллоо. Зээлийн санд бүтцийн шинэчлэл хийснээр иргэдэд төрөөс үзүүлэх боловсролын санхүүгийн дэмжлэг илүү хурдан шуурхай, нээлттэй, ил тод болох юм.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 10 сарын 27-ны өдрийн “Ажлын хэсэг байгуулах тухай” А/362 дугаар тушаалаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит сургалтын тэтгэлэгт хамрагдах иргэнийг сонгон шалгаруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгууллаа. Ажлын хэсгээс сонгон шалгаруулалтыг 11-р сард багтаан зохион байгуулахаар ажиллаж байна.
-
Боловсролын багц хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд боловсролын салбарын шинэчлэл, Боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төслийн хэлэлцүүлгийг 10 сарын 30-ны өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлгээр:
- Боловсролын ерөнхий хуулийн төсөл;
- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл;
- Дээд боловсролын тухай хуулийн болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл;
- Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн үзэл баримтлалын төсөл;
- Хүмүүнлэгийн боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн талаар санал солилцлоо. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, боловсролын эрх зүйн шинэчлэлийн асуудлаар санал солилцлоо.
ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
-
Байгалийн ухааны хичээлийн олон улсын олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцох багш, сурагчдыг сонгон шалгаруулж нийт 5466 сурагчаас 23 шилдэг сурагчийг олон улсын олимпиадад эх орноо төлөөлүүлэн оролцууллаа. Олон улсын олимпиадад давхардсан тоогоор 420 орны 1973 сурагч оюун ухаанаа сорьсноос Монголын сурагчдын 78,2 хувь буюу 18 сурагч шагналт байруудад шалгарсан юм. Эдгээр сурагчдад Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит шагналыг олголоо. Олон улсын олимпиадаас алтан медаль хүртсэн сурагчид 10 сая, мөнгөн медаль 5 сая, хүрэл медаль 3 сая, тусгай байрт шалгарсан сурагчид 1 сая төгрөгийн батламжийг 10 сарын 14-ний өдөр гардууллаа. Мөн энэ жил сурагчдаа урамшуулахаас гадна олимпиадын хороодын үүрэг оролцоо, үйл ажиллагааг үнэлэн, олимпиадын хороо тус бүрийг БШУ-ны сайдын тушаалаар тус бүр нь 10 сая төгрөгөөр урамшуулав.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол улсаас Австралийн холбооны улсад суух элчин сайд, Бүгд найрамдах Энэтхэг улсад суух элчин сайд, Бүгд найрамдах Сингапур улсад суух элчин сайд, АНУ-д суух элчин сайд нарыг 10 сарын 19-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хоёр орны Боловсрол, шинжлэх ухааны салбарыг холбогч гүүр болж ажиллахыг элчин сайдуудаас хүсээд тус бүрд нь тодорхой ажлын саналуудыг дэвшүүлэн хамтран ажиллахыг хүслээ.
-
БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Чай Вэньруйг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан 10 сарын 18-ны өдөр хүлээн авч уулзан, хоёр орны боловсролын салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, бэхжүүлэх асуудлаар санал солилцлоо. Үүнд:
-
“КОВИД-19” цар тахлын тархалтаас шалтгаалан сурагчдын 2 жилийн хоцрогдлыг арилгах зорилгоор багш бүрийг компьютержуулах хэрэгцээг шийдвэрлэхэд БНХАУ-ын талаас дэмжлэг үзүүлэх;
-
Манай улсаас БНХАУ-д нарийн мэргэжлээр суралцаж буй оюутнууд танхимаар хичээллэх хэрэгцээ шаардлага өндөр байгаа тул тэднийг хилээр нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
-
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн хүрээнд ЕБС-д интернетийн утасгүй дотоод сүлжээний орчин бүрдүүлэх төсөлд дэмжлэг үзүүлэх;
-
Хөвсгөл, Увс, Дархан-Уул, Дорноговь аймгуудад барих ЕБС-ийн ТЭЗҮ-г боловсруулан ойрын хугацаанд Сангийн яамаар уламжлан хүргүүлэх тул тус асуудлыг шийдвэрлүүлэхэд анхаарлаа хандуулах;
-
Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь Монгол Улсын цөлжилт, экологийн доройтлыг бууруулах ач холбогдолтой юм. Тиймээс бүс нутгийн гео-экологи, цөлжилтөөс сэргийлэх чиглэлээр хоёр орны хамтарсан лаборатори байгуулж, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал хэрэгцээ шаардлага үүсч байна. Иймд лаборатори байгуулах боломжийг судлах, өөрийн орны холбогдох байгууллагуудад саналыг уламжилж өгөхийг элчин сайдаас хүслээ. Уулзалтын төгсгөлд элчин сайд Чай Вэньруй 2025 он хүртэлх хоёр орны боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд өөрийн зүгээс чармайлт гарган ажиллахаа мэдэгдээд, ажлын өндөр амжилт хүсэн БНХАУ-ын ЭСЯ БШУЯ-тай ойр дотно ажиллахаа илэрхийллээ.
-
ШУА-ийн Хими, химийн технологийн хүрээлэнгээс 4 жилд нэг удаа зохион байгуулдаг "ICCIUNR-2021" ОЛОН УЛСЫН ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ БАГА ХУРАЛ энэ жил “Хими-тогтвортой хөгжлийн хурдасгуур" уриан доор 10 сарын 14-нд зохион байгуулагдлаа. Эрдэм шинжилгээний бага хуралд Япон, БНХАУ, ХБНГУ, ОХУ, АНУ, Дани, БНСУ, Казакстан, Энэтхэг, Монгол зэрэг 10 гаруй орны 150 гаруй эрдэмтэн, судлаачид оролцож, химийн салбарын 15 чиглэлийн хүрээнд хийсэн судалгааны ажлын шинэлэг үр дүнг хэлэлцэж, харилцан туршлага солилцлоо. Хурлын эмхэтгэл “Springer Nature”-д бүртгэлтэйгээр шинжлэх ухааны салбарын дэлхийн томоохон хэвлэлийн газар болох “Atlantis Press”-д хэвлэгдэж байгаа нь уг хурлын олон улсын түвшний цар хүрээг харуулж байна. "ICCIUNR-2021" олон улсын эрдэм шинжилгээний бага хурлын үйл ажиллагааг цахим сүлжээгээр шууд цацсан бөгөөд дэлгэрэнгүй мэдээллийг http://icciunr2021.ac.mn вебсайтаас үзэх боломжтой юм.
-
Боловсрол, шинжлэх ухааны яам болон “Facebook” компани хамтран Монгол Улсын 1000 багшид тоон бичиг үсгийн боловсролыг сургууль дээр нь олгох хамтын ажиллагааг эхлүүллээ. Хамтын ажиллагаа нь “Facebooк” компанийн 2021 оны дөрөвдүгээр сараас Монголын интернэт хэрэглэгчдэд боловсрол олгох, өөрийн аюулгүй байдлаа бүрэн хангаж чаддаг, эерэг, хариуцлагатай дижитал иргэдийг бэлтгэх “We Think Digital” боловсролын төслийн дараа эхэлсэн юм. Энэхүү хөтөлбөрийг БШУЯ, Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газар, НҮБ-ын Хүүхдийн сан /UNICEF/, MFCC тэргүүтэй байгууллагуудын дэмжлэгтэй “Faro Foundation Mongolia” ТББ Монгол Улсад хэрэгжүүлж байна. Хөтөлбөр нь дижитал иргэншил, цахим аюулгүй байдал, бусдыг үзэн ядсан үг хэллэг ба бусдыг дээрэлхэх үйлдэл, хувийн нууцлалыг хамгаалах болон хуурамч мэдээллийн эсрэг зэрэг сэдвийг хамарсан, найман модуль бүхий хичээлтэй. Ази, Номхон далайн бүсийн мэргэжилтнүүд, төрийн бус болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл болон багш нарын төлөөлөлтэй хамтран сургалтын материалууд боловсруулсан бөгөөд www.wethinkdigital.fb.com холбоосоор орж цахим хичээлийг татаж авах боломжтой юм.
-
БШУ-ны сайдын тушаалаар 3 дугаар сард 45 хүний бүрэлдэхүүнтэй ЕБС-ийн сурах бичигт дүгнэлт хийх ажлын хэсгийг байгуулж ахлагчаар нь Монгол Улсын Гавьяат багш С.Төмөр-Очирыг томилсон. Энэ ажлын хэсэг ЕБС-ийн 35 судлагдахууны 174 сурах бичигт хийсэн дүгнэлт, зөвлөмжөө 10 сарын 12-ны өдөр танилцууллаа. Ингэж дүгнэлт гаргахдаа сурах бичгийн
-
Агуулга;
-
Арга зүй;
-
Найруулга, зөв бичгийн дүрэм, логик холбоо;
-
Дизайн гэсэн үндсэн 4 хэсэгт төвлөрч ажилласан байна.
Шинжилгээний ажлын үр дүнг ерөнхийд нь авч үзвэл сургалтын хөтөлбөр, сурах бичгийн агуулга хоорондоо нийцсэн, сурах бичгийн дизайнд тавигдах шаардлага үндсэндээ хангалттай гэж дүгнэсэн.Ажлын хэсэг сурах бичиг тус бүрээр тайлан бичиж байгаа бөгөөд эндээс гарсан дүгнэлт, зөвлөмжөөр 20 орчим саналыг боловсролын ерөнхий хууль болон дагалдах хуулийн төсөлд тусган ажиллаж байна.
ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР
-
Ерөнхий боловсролын сургуульд ашиглагдаж буй ус цэвэршүүлэгч төхөөрөмжийн судалгаа, мэдээллийн тайланг бэлтгэн гаргалаа. Судалгаанд ерөнхий боловсролын 616 сургууль хамрагдаж, 448 сургуульд 2992 ширхэг ус цэвэршүүлэгч төхөөрөмж ашиглагдаж байгаа гэсэн тоон мэдээлэл гаргасан бөгөөд цаашид бүх дунд сургуулийг ус цэвэршүүлэгчээр хангах зорилгыг хэрэгжүүлэхээр ажиллахад тус тайлан суурь мэдээлэл болох юм.
-
Чадварлаг багш хөтөлбөрийн хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны яам, “Багшийн хөгжлийг дэмжих Боловсрол” сантай хамтран зохион байгуулсан Үндэсний шилдэг багш нарын шалгаруулалтын нэгдүгээр шатнаас 50 багшийг 9 сарын 1-ний өдөр шалгаруулсан билээ. Шалгаруулалтыг дэлхийн Шилдэг багш /Global teacher prize/ шалгаруулалтыг зохион байгуулагч Английн “Варки” сантай байгуулсан санамж бичгийн дагуу олон улсын аргачлалаар зохион байгуулж байгаа бөгөөд 10 сарын 18-ны өдөр хоёрдугаар шат буюу шилдэг 50 багшаас Үндэсний шилдэг 10 багшийн шалгаруулалтыг хийж дуусгалаа. Эдгээр шилдэг 10 багшаас ”Дэлхий шилдэг багш” шалгаруулалтад бичиг баримтыг хүргүүлэхээр ажиллаж байна.
-
“Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж буй хүүхдийн хөгжлийг үнэлэх арга зүй”-н зөвлөмжийг боловсруулан, нийслэлийн Сүхбаатар дүүргийн 143, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр цэцэрлэг дээр үнэлгээний арга зүйг турших ажлыг хийж эхлүүлээд байна. Цаашид арга зүйн туршилтын үр дүнд шинжилгээ хийж, зөвлөмжийг сайжруулан, улсын хэмжээний нийт багш нарт хүргэхээр бэлтгэлийг ханган ажиллаж байна.
-
Боловсрол, шинжлэх ухааны яамны өргөтгөсөн зөвлөн туслах баг 10 сарын 24-ний өдөр Баян-Өлгий аймагт ажиллалаа. Зөвлөн туслах багт Боловсролын хүрээлэн, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Монгол Улсын боловсролын их сургуулийн төлөөллөөс бүрдсэн 30 орчим хүн багтсан. Баян-Өлгий аймгийн тухайд боловсролын чанар, амжилтын үзүүлэлтээр бусад аймагтай харьцуулахад хойгуур байрт эрэмбэлэгддэг. Тиймээс чанар болон хүртээмж, менежмент, санхүүжилт гээд олон асуудлыг хамтарч шийдвэрлэх хүсэлтийг хоёр сарын өмнө аймгийн удирдлагууд болон УИХ-ын гишүүд БШУ-ны сайдад тавьсан юм. Ажлын хэсэг нөхцөл байдалтай танилцаж цаашид боловсролын үйлчилгээг хэрхэн чанартай үзүүлэх талаарх төлөвлөгөө боловсруулж байна. Төлөвлөгөөний дагуу жилд хоёр удаа нөхцөл байдлаа үнэлж, үр дүнгээ хэмжиж байх юм.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан, Стандарт, хэмжил зүйн газрын дарга Б.Билгүүнийг 10 сарын 14-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Монгол улсын боловсролын салбарт мөрдөж буй 167 стандартын заримыг шинэчлэх, хүчингүй болгох, түүнчлэн олон улсад боловсролын салбарт мөрддөг стандартуудын талаар ярилцаж, цаашид боловсролын салбарын стандартуудад шүүлт хийх, шинэчлэх хамтарсан ажлын хэсэг байгуулан хамтран ажиллахаар боллоо. Стандарт, хэмжил зүйн газраас стандарт, хэмжил зүйн мэргэжилтэн бэлтгэхэд анхаарал хандуулахыг салбарын сайдаас хүсээд, сургалтын хөтөлбөр боловсруулахад зөвлөн туслах саналаа илэрхийлэв. Уулзалтын төгсгөлд Боловсрол, шинжлэх ухааны салбарын стандартын техникийн хороог шинээр эмхлэн зохион байгуулах, үйл ажиллагааг идэвхжүүлэхээр талууд санал нэгдлээ.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан шинжлэх ухаан, технологийн салбарын байгууллагын удирдлагуудтай 10 сарын 22-ны өдөр уулзалт хийж, салбарын бодлого, санхүүжилтийн шинэчлэлийн хүрээнд хийгдэх ажлуудын талаар танилцууллаа. Засгийн газрын хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 299 дүгээр тогтоолыг батлуулснаар ШУ-ны салбарын шинэчлэлийн эхлэлийг тавьж байгааг энэ үеэр сайд онцлон хэллээ. Түүнчлэн шинжлэх ухаан, технологийн салбарынхны ирэх жилүүдэд хийх шинэчлэлийн ажлуудаар дараах ажлуудыг нэрлэлээ. Үүнд: :
-
Санхүүжилтийн олон талт эх үүсвэр бүхий үр дүнд суурилсан өрсөлдөөнт болон тогтмол санхүүжилтийн тогтолцоог бий болгох
-
Шинжлэх ухаан, технологийн санг Ажлын алба болгон менежментийг сайжруулж, хамтын ажиллагааны зарчмуудыг илүү тодорхой болгох
-
Шинжлэх ухаан, технологийн үндэсний зөвлөлийн үйл ажиллагааг идэвхжүүлэхийн зэрэгцээ эрдэм шинжилгээний байгууллагуудын судалгааны үндэсний чиглэлийг тогтоох, өрсөлдөх чадвар, санхүүжилтийг нэмэгдүүлэх
-
Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эзэмшиж байгаа 18 га газрыг зориулалтын дагуу ашиглуулах зорилгоор улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг шийдвэрлүүлэх
-
Цахим шилжилтийг эрчимжүүлэх зорилгоор цахим технологи, мэдээлэлд суурилсан шинжлэх ухааны үйлчилгээг нэвтрүүлэх, салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, шаардагдах санхүүжилтийг жил бүрийн төсөвт тусган шийдвэрлүүлэх
-
Төсвийн хөрөнгөөр хэрэгжүүлсэн судалгаа, шинжилгээний ажлын мэдээллийг ил тод болгон, төслийн үнэлгээг сайжруулах, судалгааны үр дүнг нийгэм, эдийн засгийн эргэлтэд оруулах
-
Залуу судлаачдыг дэмжих чиглэлээр анхаарч, Боловсролын зээлийн сангаас магистр, докторын тэтгэлэгт эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн залуу ажилтан нарыг хамруулах юм.
ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
-
БШУ-ны сайдын 2021 оны 10 сарын 05-ны өдрийн А/338 дугаар тушаалаар Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад бага боловсролыг эх хэлээрээ эзэмшиж байгаа II-Y ангийн сурагчдад зориулсан “Монгол хэлний хичээлийн сургалтын жишиг хөтөлбөр”-ийг батлан гаргалаа. Энэхүү “Монгол хэлний хичээлийн сургалтын жишиг хөтөлбөр”-ийг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургалтын сайжруулсан хөтөлбөртэй уялдуулан Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулиудад хэрэгжүүлэх юм.
-
БШУ-ны сайдын 2021 оны 10 сарын 04-ний өдрийн А/339 дүгээр тушаалаар Хөвсгөл аймгийн Тува(цаатан) иргэдийн хүүхдэд зориулсан “Тува хэл, соёлын сургалтын жишиг хөтөлбөр”-ийг батлан гаргалаа. Энэхүү “Тува хэл, соёлын сургалтын жишиг хөтөлбөр”-ийг 2022-2023 оны хичээлийн жилээс эхлэн Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын ерөнхий боловсролын сургууль хичээлээс гадуурх сургалтын үйл ажиллагаагаар хэрэгжүүлэх юм.
-
Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх туршилтын судалгааг 2021-2022 оны хичээлийн жилээс эхлэн 1 дүгээр ангийн элсэн суралцаж буй суралцагчдын тоон мэдээлэлд үндэслэн газар зүйн байршил, сургуулийн өмчийн хэлбэрийг харгалзан түүврээр сонгон, нийт суралцагчийн 30 хувь/24.0 мянга/-ийг хамруулан 2021 оны 09 сарын 20-ны өдрөөс 10 сарын 20-ны өдөр хүртэл зохион байгуулж 22-ны өдрөөс судалгааны үр дүнг үнэлгээний программд оруулан ажиллаж байна. Судалгааны явцад тулгамдаж буй болон анхаарах асуудлын талаар аймаг, нийслэлийн боловсролын газрын сургуулийн өмнөх болон бага боловсролын мэргэжилтнүүд оролцсон онлайн уулзалт зохион байгуулж судалгааны арга зүй, тайлан гаргах талаар зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа. Энэхүү судалгааг нийслэлийн 9 дүүргийн 27 сургууль, 8 аймгийн 23 сургуулийг хамруулан зохион байгууллаа. Зөвлөн туслах ажилд БШУЯ-ны СӨБ-ын хэлтэс болон Боловсролын үнэлгээний төвийн 18 хүнтэй баг ажилласан. Судалгааны ажлын явцын тайлан, судалгаа зохион байгуулсан талаарх аймаг нийслэлийн эцсийн тайланг хүлээн авч шинжилгээ хийх, сайжруулах санал боловсруулах бэлтгэлийг ханган ажиллаж байна.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны “Түр журам батлах тухай” А/331 дүгээр тушаалаар “Цэцэрлэгт ээлжийн багш ажиллуулахад мөрдөх түр журам”-ыг батлан гаргалаа. Уг тушаалыг 2021-2022 оны хичээлийн жилээс мөрдөж байгаа бөгөөд энэхүү түр журмаар цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааны зохион байгуулалт, ээлжийн багшийн чиг үүрэг, ажиллах цаг болон ээлжийн багшид үзүүлэх дэмжлэг, оройн хоолны үйлчилгээ, зардал, багшийн илүү цагийг тооцох харилцааг зохицуулах юм.
-
Эрүүл мэндийн сайд, БСШУС-ын сайдын 2018 оны 11 сарын 27-ны өдрийн А/48а, А/739 тоот хамтарсан тушаалаар батлагдсан “Оюутан, залуучуудын эрүүл мэндийг дэмжих 1 сарын аян”-ны үйл ажиллагааг энэ жил Эрүүл мэндийн яам, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийслэлийн эрүүл мэндийн төвтэй хамтран 2021 оны 10 сарын 1-ний өдрөөс 11 сарын 1-ний өдөр хүртэл зохион байгуулан ажиллалаа. Оюутнууд эцэг эх, асрамжлагчийн хараа хяналтаас холдож, бие даан амьдарч эхэлдэг бөгөөд эрүүл мэндийг хамгаалах мэдлэг, чадвар, туршлага дутмаг, нийгэм орчны өөрчлөлтийн улмаас насанд хүрэгчдийн зан үйлийг турших, архи, тамхи хэрэглэх, буруу хооллох, хамгаалалтгүй бэлгийн хавьталд орох, хүсээгүй жирэмслэлт, үр хөндөлт, бэлгийн замаар дамжих халдварт өртөх нь илүүтэй байдаг. Иймд оюутан залууст эрүүл мэндийн боловсрол олгож, эрсдэлийг бууруулах, эрсдэлт зан үйлийг өөрчлөх, мэдлэг, мэдээлэл олгох зорилгоор энэхүү аяныг зохион байгууллаа.
ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
-
Монгол Улсын засгийн газрын 2019 оны “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 183 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд “Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын дэргэд өөрийн санхүүжилтээр цэцэрлэг байгуулах санал, санаачилгыг дэмжин ажиллах, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд Улсын II төв эмнэлгийн дэргэд нийслэлийн 50 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг бүхий 100 хүүхдийн ортой цэцэрлэгийг байгууллаа. Тус цэцэрлэг нь дөрвөн бүлэг, 22 багш, ажилтантайгаар сургалт, үйл ажиллагаагаа эхлүүлж байгаа бөгөөд БШУЯ-ны зүгээс 32,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн болно.
-
2021 оны 10 дугаар сард боловсрол, шинжлэх ухааны харьяа байгууллагуудын төсөв, зарцуулах эрхийн хүрээнд 27,4 тэрбум төгрөгийн 753 ширхэг гүйлгээ хийгдсэн байна. 2021 оны 09 дүгээр сарын төсвийн гүйцэтгэлийн мэдээг хүлээн авч, нэгтгэхэд: Боловсрол, шинжлэх ухааны сайдын багц 2021 оны 09 дүгээр сард улсын төсвөөс 1,384,566.2 сая төгрөгийн санхүүжилт авахаар төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1,156,267.8 сая төгрөгийн санхүүжилт авсан ба нийт төсвийн 84%-ийг санхүүжүүлсэн байна.
Нийт урсгал зардал 1,054,697.7 сая төгрөг батлагдсанаас 971,690.5 сая төгрөг буюу92% -ийн гүйцэтгэлтэй байна.
-
Монгол улсын Засгийн газрын 2019 оны “Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар авах арга хэмжээний тухай” 183 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэл дэх иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өмчлөлийн барилгыг түрээслэн СӨБ, ЕБ-ын сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа билээ. Сургалтын үйл ажиллагаа явуулахад шаардагдах түрээсийн зардлыг БШУ-ны сайд 2021 оны 10 сарын 29-ний өдрийн А/368 дугаар тушаалаар баталлаа. Ингэснээр нийслэлийн 12 дугаар сургууль, 146 дугаар цэцэрлэгүүд 2021 оны 11 сарын 01-ний өдрөөс эхлэх сургалтын үйл ажиллагааг хэвийн зохион байгуулах нөхцөлийг бүрдүүллээ.
ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД
-
Монгол Улсад орчин цагийн боловсролын байгууллага үүсэж, хөгжсөний 100 жил, Дэлхийн багш нарын баярын 27 дахь өдөр, Монголын багш нарын 55 дахь өдрийг тохиолдуулан Сургуулийн өмнөх боловсролын салбараас төрсөн Монгол Улсын гавьяат багш нарыг хүлээн авч хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд оролцож Сургуулийн өмнөх боловсролын салбарт хийж буй бодлогын шинэчлэл, хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж, гавьяат багш нарын сургамж, зөвлөгөөг сонссон үйл ажиллагаа боллоо.
-
Боловсролын зээлийн сангаар хөнгөлөлттэй зээлээр төгссөн иргэдээс 225.8 орчим сая төгрөгийн эргэн төлөлтийг 10 дугаар сард хийлгэн ажиллалаа.
-
Олон улсын багш нарын өдрийг тохиолдуулан БШУЯ, Монголын Ахмад багш нарын холбоо хамтран “Боловсрол-100” эрдэм шинжилгээний бага хурлыг 10 сарын 4-ний өдөр зохион байгууллаа. Энэ үеэр орчин үеийн Монголын боловсрол судлалын шинэ дэг, сургууль, үүсэл хөгжил, боловсрол, шинжлэх ухааны салбарт хувь нэмрээ оруулсан эрхмүүдийн тухай, 100 жилийн хугацаанд боловсролын яамны гүйцэтгэсэн үүргийн талаар сонирхолтой илтгэлүүдийг тавилаа. Тус хурлын үеэр БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Бүтээлч ахмад багш”, “Тэргүүний холбоо зөвлөл”-д шагнал гардууллаа.
“Бүтээлч ахмад багш”
1-р байрт: Дорноговь аймгийн МСҮТ-ийн ахмад багш С.Нарантуяа
2-р байрт: Баянхонгор аймгийн ахмадын хорооны дарга, ахмад багш Ж.Энхбаяр, Сонгинохайрхан дүүргийн 74 дүгээр сургуулийн ахмад багш Ж.Жаргалсайхан, Хан-Уул дүүргийн ахмад багш Д.Адъяажав
3-р байрт: Дорнод аймгийн ПТК-ийн ахмад багш Б.Мөнхцэцэг, Өвөрхангай аймгийн Баянгол сумын ахмад багш С.Энхээ, Чингэлтэй дүүргийн ахмад багш Г.Батбаяр
Тусгай байрт: Баянгол дүүргийн ахмад багш Л.Эрдэнэчимэг, Багануур дүүргийн ахмад багш Д.Оюундолгор нарыг тус тус шагналаа.
“Тэргүүний холбоо, зөвлөл”-өөр Хөвсгөл, Сүхбаатар, Өвөрхангай, Говь-Алтай аймаг, Сүхбаатар дүүргийн Ахмад багш нарын зөвлөл, холбоод шалгарсан юм.
-
Бичиг хэргийн эргэлтийн мэдээ: 2021 оны 10 сарын 31-ний байдлаар гадны байгууллага, иргэдээс яаманд хандаж 6569 хариутай бичиг, 1523 шууд бичиг, 2384 өргөдөл гомдол, нийт 10476 бичиг ирүүлсэн байна. 6256 хариутай албан бичиг, 2286 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт өргөдөл, гомдлын 95.88%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Мөн 265 албан бичиг, 94 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. Яамнаас гадны байгууллага иргэдэд хандаж 5590 албан бичиг явуулсан байна.
-
Яаманд ирсэн албан бичиг, өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүртгэн, хариуцсан албан хаагчдад хүргэж өгөх, 262227 болон шуурхай утас 18001001 утсаар хандсан гадны иргэдэд мэдээлэл өгөх, яамнаас гадны байгууллага, иргэдэд явуулж байгаа албан бичгийг хянах, эйбл программын хэвийн үйл ажиллагааг хангах, албан хаагчдад албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэдээлэл, зөвлөмжийг өгөх зэрэг ажлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна.