БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН МЭДЭЭ

A- A A+
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН МЭДЭЭ

БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ 2021 ОНЫ 12 ДУГААР САРЫН МЭДЭЭ

 

НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР:

  1. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 сарын 08-ны өдрийн хуралдаанаар Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээний тухай 372 дугаар тогтоолоор батлууллаа.

  2. Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 сарын 31-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Боловсролын ерөнхий газар байгуулах тухай асуудлыг хэлэлцүүлж “Засгийн газрын агентлаг байгуулах тухай” 403 дугаар тогтоолыг батлууллаа.

  3. ЗГҮАХ-ийн 2.3.13. дахь хэсэгт заасны дагуу Боловсролын судалгаа, шинжилгээ, сургалт, үнэлгээний байгууллагын чиг үүргийг оновчтой болгож, багшийн хөгжлийн институт, боловсролын чанарын үнэлгээний төв, Насан туршийн боловсролын хөгжлийн төвийг шинэчлэн зохион байгуулах талаар авах арга хэмжээний тухай асуудлыг хэлэлцүүлж “Засгийн газрын тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” 407 дугаар тогтоолыг батлууллаа.

  4. Шинжлэх ухаан, технологийн Үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай Засгийн газрын хуралдааны тэмдэглэлийн төсөл, танилцуулга, тогтоолын төсөлд яамдаас санал авч нэгтгэн, Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлэхээр Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 1а/6284 тоот албан бичгээр ЗГХЭГ-т хүргүүллээ.

  5. Боловсролын ерөнхий хуулийн төсөл, Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төсөл, Хүмүүнлэгийн боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2021 оны 12 сарын 11, 18-ны өдрүүдэд Дорноговь, Хэнтий аймагт зохион байгууллаа.

  6. Боловсролын багц хуулийн ажлын хэсэг ээлжит хэлэлцүүлгийг 2021 оны 12 сарын 13-ны өдөр Дархан-Уул аймагт хийж, боловсролын салбарынхантай уулзлаа. Тус хэлэлцүүлэгт Төвийн бүсийн Сэлэнгэ, Булган, Хөвсгөл, Орхон, Дархан-Уул аймгуудын боловсролын салбарын багш, ажилтан, албан хаагчдаас бүрдсэн 400 гаруй төлөөлөл оролцлоо. Хэлэлцүүлгээр:

    • Боловсролын ерөнхий хуулийн төсөл

    • Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн төсөл

    • Дээд боловсролын тухай хуулийн болон Судалгааны их сургуулийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл

    • Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн үзэл баримтлалын төсөл

  • Хүмүүнлэгийн боловсролыг дэмжих тухай хуулийн төслийн талаар санал солилцож, асуулт, хариулт өрнүүллээ.

  1. Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр,    нийгмийн хамгааллын сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар авах арга хэмжээний тухай” 128/А/433,А/754/,А/196 тоот тушаалыг боловсруулан батлууллаа.

  2. Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Засгийн газрын “Жагсаалт батлах тухай” 2021 оны 359 дүгээр тогтоол батлагдаж, аймаг, нийслэлийн Засаг дарга, Төрийн худалдан авах ажиллагааны газарт худалдан авах ажиллагаа зохион байгуулах эрх шилжсэн. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн “Эрх шилжүүлэх, худалдан авах ажиллагаа зохион байгуулах тухай” А/430 дугаар тушаалаар  Төрийн худалдан авах ажиллагааны газарт 71, Нийслэлд 27, аймгийн Засаг даргад 73 төсөл арга хэмжээний худалдан авах ажиллагааны эрх шилжүүлэх ажлыг зохион байгууллаа.

ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:

  1. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон албаны бусад хүмүүс АНЭУ-д 12 сарын 09-17-ны өдрүүдэд ажиллаж боловсролын салбарын “REWIRED” дээд хэмжээний уулзалтад оролцлоо. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-амгалан 12 сарын 11-ний өдөр Дэлхийн Банкны боловсролын асуудал хариуцсан захирал Жайме Сааведратай уулзлаа.

Уулзалтын үеэр Дэлхийн банкны санхүүжилтээр Монгол улсад хэрэгжиж байгаа “Боловсролын чанарын шинэчлэл” төсөл болон цар тахлын улмаас үүссэн сурагчдын хоцрогдлыг арилгах төлөвлөгөө боловсруулж, оношлох үнэлгээ хийхэд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлсэн юм. Манай улсын тухайд боловсролын салбарт хүртээмжээс илүү чанарт анхаарах шаардлагатай байгааг БШУ-ны сайд Л.Энх-Амгалан дурьдаад боловсролын гүйцэтгэлд суурилсан санхүүжилт, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх талаар төлөвлөж буй ажлуудаа танилцууллаа. Мөн дижитал шилжилт, цахим агуулга, хэрэглэгдэхүүний платформ, Перу улсад хийгдсэн боловсролын санхүүжилт болон үнэлгээний шинэчлэлийн талаар, тэр дундаа багш, сургуулийн гүйцэтгэлийн үнэлгээ, цаашдаа туршлагатай экспертүүдтэй хамтран ажиллах боломжийн талаар сайд онцолж ярилцлаа.

  1. БШУ-ны сайд Л.Энх-амгалан 12 сарын 14-ний өдөр АНЭУ-ын Боловсролын сайд Хуссейн Иврахим Аль Хаммадитай уулзлаа.

Уулзалтын үеэр Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газраас Монгол Улсад хүүхдийн цэцэрлэг барихад зориулж буцалтгүй тусламж олгосон. Энэ тусламжаар Улаанбаатар хот, Хэнтий, Дорноговь аймагт тус бүр 1 цэцэрлэг барьж ашиглалтад бүрэн оруулсан болохыг уулзалтын үеэр БШУ-ны сайд онцоллоо.

Арабын Нэгдсэн Эмират Улсын Засгийн газраас жил бүр 2 оюутныг бакалаврын түвшинд суралцуулах тэтгэлэг олгож ирсэнд талархал илэрхийлээд, тэтгэлгийн тоог нэмэгдүүлж, магистр, докторын түвшинд оюутан сургах боломж олгохыг хүссэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн хүрээнд бакалавр, магистр, докторын түвшинд оюутан суралцуулахад дэмжлэг үзүүлж, засгийн газар хоорондын хэлэлцээрээр сургахад хамтран ажиллах талаар ч уулзалтын үеэр хөндөн ярилцсан юм.

“Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Арабын Нэгдсэн Эмират Улсын Боловсролын яам хооронд боловсрол, шинжлэх ухааны салбарт хамтран ажиллах тухай Харилцан ойлголцлын санамж бичиг”-ийг судлан үзэж, ойрын хугацаанд байгуулах талаар хоёр улсын боловсролын сайд ярилцлаа.

  1. Тус дээд хэмжээний уулзалтад оролцож байгаа Монголын төлөөлөгчид өнөөдөр ЮНЕСКО-ийн боловсролын асуудал хариуцсан орлогч захирал хатагтай Стефаниа Жианнинитай уулзлаа.

Уулзалтын үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын засгийн газар боловсролыг тэргүүлэх салбар хэмээн тодорхойлж байгааг онцолсон. Ковидоос үүдэлтэй сорил бэрхшээл дэлхийн бусад улсын нэгэн адил Монгол улсын боловсролын салбарын өмнө ч тулгарч байна. Сурлагын хоцрогдлыг зөв оношлох, хоцрогдлыг нөхөх, арилгах чиглэлээр тууштай ажиллах, онлайн, зайн сургалтуудын нөхцөл байдал, дэд бүтцийг бэхжүүлэх дижитал шилжилт хийх талаар санал солилцлоо.

Харин хатагтай Стефаниа Жианнини Парист болсон ЮНЕСКО-ийн Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Монголын төлөөлөгчидтэй уулзаж тодорхой асуудлуудын хүрээнд дэмжлэг үзүүлэх боломжтойгоо илэрхийлж байсан юм. Техник, мэргэжлийн боловсрол, сургалт болон ур чадварыг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, үнэн зөв статистик мэдээллийн санг хөгжүүлэх, тогтвортой хөгжлийн зорилтын үндэсний бенчмаркийг бий болгох зэрэгт дэмжлэг үзүүлэхээ илэрхийллээ. Мөн Монгол улс тогтвортой хөгжлийн зорилтыг сайн хэрэгжүүлж байгаа цөөн орны нэг гэдгийг онцоллоо.

  1. БШУ-ны сайд Л.Энх-амгалан болон албаны бусад хүмүүс АНЭУ-ын Дубай хотод зохион байгуулагдаж буй боловсролын салбарын RewirED дээд хэмжээний уулзалтад оролцох үеэрээ GPE (Global Partnership for Education) сангийн ТУЗ-ийн дарга Жакаяа Кикветэ болон албаны бусад төлөөлөгчидтэй уулзаж хамтын ажиллагааны талаар санал солилцлоо. Уулзалтын хүрээнд:

  • Ковидоос үүдэлтэй сурагчдын хоцрогдлыг нөхөх, арилгах, зайнаас суралцахад дэмжлэг үзүүлэх, тоног төхөөрөмжийн хангалтыг сайжруулах;

  • ЕБС-ийн бага, дунд ангийн багш нарын чадавхыг бэхжүүлэх замаар тусгай хэрэгцээт хүүхдүүдийг боловсролд тэгш хамруулах;

  • Сургуулийн хоол, хүнсний үйлдвэрлэлийн орчныг стандартчилан суралцагчдад чанартай, эрүүл, аюулгүй хоолоор үйлчлэх гэсэн чиглэлээр төсөл хэрэгжүүлэх зорилгоор 5,0 сая долларын буцалтгүй тусламжийг нэмэлтээр олгохоор ярилцлаа.

Төсөл нь 2022-2024 оны хооронд гурван жилийн хугацаанд “Боловсролын салбарын хөгжлийн дунд хугацааны төлөвлөгөө 2021-2030”-ний хэрэгжилтэд дэмжлэг үзүүлэх юм.

  1. Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын хэсэг сарын 21-ний өдөр Боловсрол, шинжлэх ухааны үе үеийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга нартай хуулийн төслийн хэлэлцүүлэг өрнүүллээ. Боловсролын ерөнхий хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг хэлэхдээ бүх нийтийн боловсролыг 1-9 жил, 1-12 жил болгох эсэх, цэцэрлэгийн насыг 3 болгох, англи хэл хоёрдогч хэл байх, аймаг, нийслэлийн Боловсролын газар, сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилгоо зэрэг асуудлыг хэлэлцэж, хуулийн төсөлд саналаа тусгах шаардлагатай байгааг онцолсон. Өнгөрсөн хугацаанд Боловсролын хуулийн төслийг шинэчлэхдээ томилгоотой холбоотой өөрчлөлтүүд их хийсэн. Харин энэ удаа бодлогын томоохон шинэчлэл хийх чухал цаг үед ирээд байгааг хэллээ.

БШУ-ы дэд сайд Г.Ганбаяр “Өнгөрсөн хугацаанд боловсролын салбарынхнаар хуулийн төслийг хэлэлцүүлж байхад хамгийн ихээр гарч байсан саналуудаас хэлье. Тухайлбал, цалинг хоёр дахин нэмэгдүүлэх, орон нутагт ажилласны нэмэгдлийг гурван жил болгох, тэтгэврийн насыг урагшлуулах, сургууль, цэцэрлэгийн удирдлагын томилгоог улс төрөөс ангид байлгах, сургалтын хөтөлбөрийг тогтвортой болгох зэрэг саналыг хэлж байсан” гэв. Хэлэлцүүлэгт оролцсон үе үеийн сайд, дэд сайд нар багш бэлтгэх тогтолцоог сайжруулах, боловсролын ирээдүйн чиг хандлага, насан туршийн боловсролын агуулгыг тодорхой тусгах, удирдлагын томилгоог мерит зарчмаар явуулах гэхчлэн олон асуудлаар өөрсдийн саналаа илэрхийллээ.

  1. ЮНЕСКО-гийн Насан туршдаа суралцахуйн институтийн Насан туршдаа суралцахуйн бодлого, стратегийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүдтэй 12 сарын 08-ны өдөр цахим уулзалт хийж, насан туршдаа суралцахуйн үзэл баримтлал, хөгжлийн бодлого, төлөвлөгөө боловсруулахад 2022 онд хамтран ажиллахаар тогтлоо.

  2. ЮНЕСКО-гийн Насан туршдаа суралцахуйн институтийн Насан туршдаа суралцахуйн бодлого, стратегийн хөтөлбөр хариуцсан мэргэжилтнүүдтэй 12 сарын 08-ны өдөр цахим уулзалт хийж, насан туршдаа суралцахуйн үзэл баримтлал, хөгжлийн бодлого, төлөвлөгөө боловсруулахад 2022 онд хамтран ажиллахаар тогтлоо.

ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:             

  1. Монгол Улсын засгийн газар, УОК-ын 12 сарын 06-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэж, цар тахлын нөхцөл байдлыг үнэлэн, боловсролын бүх шатны байгууллагын хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр боллоо. Үүнд:

  • Улаанбаатар хотод энэ баасан гарагийг дуустал, орон нутагт 17-ны өдрийг дуустал хичээллээд цэцэрлэгүүдийн үйл ажиллагааг түр зогсоохоор шийдвэрлэлээ.

Харин эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдал, хөгжих хэвийн орчин нь алдагдсан, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь гэр бүлийн орчинд харах боломжгүй хүүхдийг цэцэрлэгт нь үргэлжлүүлэн сургах боломжоор хангахаар тогтлоо.

  • Нийслэлд байршилтай өмчийн бүх хэлбэрийн ерөнхий боловсролын сургуулийн танхимын сургалтыг 12 сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож, 13-17-ны өдрүүдийн хичээлийг 100 хувь цахимаар зохион байгуулахаар боллоо.

Халдварын эрсдэл харьцангуй бага байгаа учир орон нутгийн сургуулиуд 5/9 зарчмын дагуу хичээллэж 12 дугаар сарын 18-ны өдрөөс нэгдүгээр улирлын амралтыг эхлүүллээ.

  • Их, дээд сургуулиудын танхимын сургалтыг 12 сарын 10-ны өдрөөр дуусгавар болгож, нэгдүгээр улирлын амралтыг 12 дугаар сарын 13-ны өдрөөс эхлүүллээ.

  1. Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, МУИС-ийн захирал Б.Очирхуяг, МУБИС-ийн захирал О.Алтангоо, АШУҮИС-ийн Н.Хүрэлбаатар, ХААИС-ийн захирал Т.Хэрүүга, Их сургуулиудын хотхоны ашиглалтын өмнөх захиргааны дарга Ю.Энхбат нар Ховд их сургуулийн Баян-Өлгий аймаг дахь салбар сургууль болон аймгийн МСҮТ-д 12 сарын 06-ны өдөр ажиллалаа.

Тус сургууль 32 жилийн хугацаанд багш бэлтгэж ирсэн бөгөөд төгсөгчид аймгийн хэмжээний ерөнхий боловсролын сургуулиудад ажилладаг. Төгсгөж буй хөтөлбөрийн багш нарын мэргэжлийг дээшлүүлэх асуудлыг төвлөрүүлж, МУБИС-ийн харьяалалд шилжүүлэх саналтай байгаагаа сургуулийн удирдлагууд хэлж байлаа. Мөн хос хэлний боловсрол эзэмшүүлэх сургалтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд мэргэшсэн багш нарыг чадавхжуулах. Улмаар хос хэлний боловсролтой бага ангийн багш, цэцэрлэгийн багш, байгалийн ухааны хичээлүүдийг тусгай хөтөлбөрөөр бэлтгэх хэрэгцээ байгааг онцолсон. МУБИС-ийн харьяалалд шилжсэнээр "Багш хөгжлийн төв", "Хос хэл судлал"-ын төвтэй болох, хөтөлбөрийн тоог нэмэгдүүлэх боломжтой тухайгаа илэрхийллээ.

  1. БШУ-ы дэд сайд Г.Ганбаяраар ахлуулсан, төрийн өмчийн их сургуулийн удирдлагуудаас бүрдсэн ажлын хэсэг Ховд их сургууль болон аймгийн МСҮТ-д 12 сарын 07-ны өдөр ажиллалаа.

Тус сургуульд ажиллах үеэрээ БШУ-ы дэд сайд “Хууль, дүрэм зөрчсөн асуудал гаргахгүй байх, сургуулийн дотоод журам, стратеги төлөвлөгөөг шинэчлэн найруулах зэрэг ажлуудыг сайтар боловсруулж ажиллах шаардлагатай байна. Дотоод зөрчлөө арилгахгүй бол цаашид үйл ажиллагаагаа явуулахад хүндрэлтэй. Сургуульд элсэгчдийн тоо буурч байгаа нь сургалтын чанар муу байгаатай холбоотой. Иймд сургуулийнхаа өрсөлдөх чадварын судалгааг гаргаж, түүндээ дүн шинжилгээ хийх шаардлагатай” гэдгийг онцоллоо.

ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР 

  1. АХБ-тай 2022 оноос “Судалгааны их сургууль хөгжүүлэх төсөл”-н бэлтгэл ажлын хүрээнд зохион байгуулах Үндэсний хэлэлцүүлгийн бэлтгэл ажлыг хангах чиглэлээр үргэлжлүүлэн ажиллаж байна. Үндэсний хэлэлцүүлгийн зохион байгуулалтыг хэллэлцэх ээлжит уулзалтыг буюу 6 дахь /2021.11.16, 18, 25; 2021.12.03,10,22-ны өдрүүдэд/ уулзалтыг 2021 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хийлээ. Энэ удаагийн уулзалтаар  АХБ-аас өгч буй зөвлөмжийн дагуу Үндэсний хэлэлцүүлгийг тодорхой аргачлалын дагуу 2 өдөр зохион байгуулах, хэлэлцүүлгийг 2022 оны 01 дүгээр сарын 13, 14-ний өдрүүдэд зохион байгуулах урьдчилсан тов гаргалаа.

  2. Боловсрол, шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр Боловсролын мэдээллийн технологийн төвийн хэрэгжүүлж буй ерөнхий боловсролын сургуулийн 1-12 дугаар ангийн “Ээлжит хичээлийн цахим контентын сан” бүрдүүлэх үйл ажиллагааны хүрээнд багш нарын дунд цахим контент боловсруулах ажлыг 2021 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн www.medle.mn сургалтын цахим платформд нээлттэй зохион байгуулж байгаа билээ. "Ерөнхий боловсролын сургуулийн суралцагчийн хичээл, сургалтын үр дүнг үнэлэх шалгуур, зөвлөмжийг танилцуулах, шалгуурыг оношлох, явцын, үр дүнгийн үнэлгээнд хэрэглэх арга зүй, аргачлалыг таниулах” сургагч багш бэлтгэх вакум сургалтыг 12 сарын 23-24, 27-28-ны өдрүүдэд өдөр зохион байгууллаа.

  3. Сургалтад аймаг, нийслэлийн боловсролын газрын бага анги, математик, монгол хэл, гадаад хэл, түүх, нийгэм судлал хичээл хариуцсан арга зүйчид зэрэг албаны 180 гаруй хүн оролцлоо.

Ээлжит хичээлийн цахим контент боловсруулах уралдаант шалгаруулалтад амжилттай оролцож 483 хичээлийг контентын санд байршуулсан 43 багшийг БШУ-ы сайд Л.Энх-Амгалан сарын 28-ны өдөр хүлээн авч талархал илэрхийлэн, мөнгөн шагналаар урамшууллаа. Эдгээр багшид ээлжит хичээлийн цахим контент боловсруулсан тоогоороо 400.000-5.500.000 төгрөг хүртэл мөнгөн урамшуулал олгохоос гадна Боловсролын цахим шилжилтэд анхдагчид болж гар бие оролцсон идэвх санаачилгыг нь үнэлэн Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, багш нарыг 1-5 хүртэл сая төгрөгөөр нэмж урамшуулахаар болсноо мэдэгдлээ. Тухайлбал:

  • Үндэсний бичиг хичээлээр 55 ээлжит хичээл боловсруулсан Орчлон олон улсын дунд сургуулийн Монгол хэл уран зохиолын багш Э. Батдэлгэрт 5.000.000 төгрөг

  • Дизайн зураг зүй технологи хичээлээр 40 ээлжит хичээл боловсруулсан Дорноговь аймгийн Сайншанд сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн багш Ц.Батбаярт 3.000.000 төгрөг

  • Англи хэлний 30 ээлжит хичээл боловсруулсан Хөвсгөл аймгийн Галт сумын ерөнхий боловсролын сургуулийн багш Б.Дэчмаад 3.000.000 төгрөг

  • Хөгжмийн хичээлээр 29 ээлжит хичээл боловсруулсан Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын номт наран сургуулийн багш Г.Наранзулд 3.000.000 төгрөг

  • Биологийн хичээлээр 19 ээлжит хичээл боловсруулсан Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 44 дүгээр сургуулийн багш М.Ариунтунгалаг нарыг тус бүр 3 000 000 төгрөгөөр

  • Бусад 38 багшийг тус бүр 1.000.000 төгрөгөөр нэмж урамшуулахаар шийдвэрлэлээ.

ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР

  1. Боловсрол, шинжлэх ухааны яам, тус яамны  харьяа байгууллагуудын төсөв, зарцуулах эрхийн хүрээнд 2021 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 12 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хугацаанд 307.6 тэрбум төгрөгийн 18,938 ширхэг гүйлгээ хийгдсэн байна.

  2. Боловсрол, шинжлэх ухааны Сайдын 202 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн А/414 дүгээр тушаалаар хоол үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж нэн шаардлагатай байгаа 99 сургуульд нийт 3.7 тэрбум төгрөгийн санхүүжилтийн эрхийг шилжүүлэн улсын төсвийн хөрөнгөөр худалдан авах ажиллагааг зохион байгуулах чиглэл хүргүүлж, дээрх сургуулиуд худалдан авах ажиллагааг холбогдох хуулийн хүрээнд зохион  байгуулсан.

ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД:

  1. Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх “хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах орон тооны бус дэд зөвлөл”-ийн ээлжит хурал 12 сарын 17-ны өдөр боллоо. Хурлаар 2021 онд БШУ-ны салбарт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын талаар авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар яамны газар, хэлтсийн дарга нар мэдээлэл хийж, төрийн бус байгууллагын төлөөллүүдтэй хамтын ажиллагааны санал солилцон, 2022 оны ажлын төлөвлөгөөний төслийг хэлэлцэн баталлаа.

  2. Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд гэрэл зургийн үзэсгэлэнг 12 дугаар сарын 21-ний өдөр нээлээ. 1921 онд анхны ардын хүүхдийг сургах танхим байгуулагдсанаас эхлээд өнөөдрийг хүртэлх боловсролын салбарын түүхтэй танилцах боломж нээгдэж байна. Гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 25-ны өдрийг дуустал уран зургийн галерейд үргэлжиллээ.

Үзэсгэлэнд боловсролын салбарын анхны сайд нар, Монголоос гадаадад суралцсан анхдагчид, “Улаан толгой” хэмээх сурах бичиг, багш нарыг бэлтгэх анхны сургуулийн аттестат гээд олон сонирхолтой зургийг дэлгэж, үе үеийн сурагчдын дүрэмт хувцас, сурах бичиг, ширээ сандал, төгсөгчдийн зургийн цомог гээд гэрэл зургийн үзэсгэлэнгээс түүхийн олон сонирхолтой баримттай танилцах боломжийг олон нийтэд хүргэн ажиллалаа.

  1. Орчин цагийн боловсролын салбарын 100 жилийн ойн сэдэвт маркны нээлтийг 12 дугаар сарын 30-ны өдөр хийлээ.

“Oрчин цагийн боловсролын салбарын 100 жил” сэдэвт блок марканд салбарын гол цөм болсон багш, сурагчид хоорондын харилцаа, эх болсон дэлхийтэй танилцах, мэдлэг олгож байгаагаар дүрсэлжээ. Блокны чимэглэлд гэр сургууль, цагаан толгой, багш шавийн барилдлага, анхны ерөнхий боловсрол, их сургууль, багшийн мэргэжил дээшлүүлэх институт, олон улсад суралцсаныг төлөөлүүлэн Эйфелийн цамхаг, цахим боловсрол нэвтрүүлснийг дүрсэлж компьютер, байгалийн ухаан, нийгмийн ухааны боловсролыг дүрслэн химийн элемент, гортиг, шугам зэргээр төлөөлүүлэн харуулсан. Маркийг бүтээхэд Боловсрол, шинжлэх ухааны яамны хамт олон мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллалаа.

  1. Сургуулийн орчин дахь гадуурхал, сошиал орчин дахь аюулгүй байдлын зөрчил, багш ажилтнуудын ёс зүйгүй үйлдэл 2021 онд хэд хэдэн удаа гарсан. Энэ байдлыг таслан зогсоохын тулд боловсролын салбарт сэтгэл зүйч ажиллуулж эхэлсэн. Тэгвэл эхэлсэн ажлаа үр дүнд хүргэж үүнд чиглэсэн үйл ажиллагааг илүү өргөн хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж боловсролын салбар 2022 оныг “Ёс зүйн жил” болгон зарлалаа.