БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМНЫ 2022 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН МЭДЭЭ
НЭГ. САЛБАРЫН ХУУЛЬ, ЭРХ ЗҮЙН ОРЧИНГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ЧИГЛЭЛЭЭР:
-
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Засгийн газрын агентлаг байгуулах тухай” 403 дугаар тогтоол гарсантай холбоотойгоор “Боловсролын ерөнхий газрын үйл ажиллагааны стратеги, зохион байгуулалтын бүтцийн өөрчлөлтийн хөтөлбөр, зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн А/11 дүгээр тушаалыг батлууллаа.
-
Боловсролын ерөнхий газрыг байгуулахтай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 1 сарын 14-ний өдрийн А/12 дугаар тушаалаар “Боловсролын ерөнхий газрын үйл ажиллагааг эхлүүлэх” ажлын хэсгийг байгууллаа.
-
Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2.5 дахь заалтын дагуу “Сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээнд тавих хяналтын журам батлах тухай” Монгол Улсын Шадар сайд, Боловсрол, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаалын төслийг боловсруулж, Эрүүл мэндийн сайдаар батлуулахаар БШУ-ны сайдын 2022 оны 1 сарын 06-ны өдрийн 1а/56 тоот албан бичгээр хүргүүллээ.
-
“Хүнд болон хөнгөн үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх байгууллагад эрх олгох журам”-ын хэрэгжилтийг хангах зорилгоор Хүнд үйлдвэрлэлийн технологийн түвшний үнэлгээ хийх эрдэм шинжилгээний байгууллагад эрх олгох, цуцлахад зөвлөмж, санал, дүгнэлт гаргах, хяналт тавих чиг үүрэг бүхий орон тооны бус Зөвлөлийн бүрэлдэхүүнийг Боловсрол, шинжлэх ухааны сайд, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/061/А05 дугаар хамтарсан тушаалаар баталлаа.
-
“Сургалт, эрдэм шинжилгээ, технологийн цогцолборын хөгжлийн төв” байгуулах тухай Засгийн газрын тогтоолын төсөл, цогцолборын дүрмийн төсөл, танилцуулга боловсрууллаа.
-
ЮНЕСКО-гийн Дээд боловсролын эрдмийн зэрэгт хамаарах дэлхий нийтийн конвенцийн орчуулгыг ГХЯ-аар хянуулан баталгаажууллаа. Тус конвенцийг Засгийн газарт оруулах асуудлыг тохиролцохоор Гадаад харилцааны сайдад Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Хүсэлт тавих тухай” 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 1а/293 тоот албан бичгээр хүргүүллээ.
-
Монгол Улсын Шинжлэх ухаан, технологийн тэргүүлэх чиглэлийг тогтоох, цөм технологийг тодорхойлох, хэрэгжүүлэх журмын төслийг шинэчлэн боловсрууллаа.
ХОЁР. САЛБАРЫН БОДЛОГО, ТӨЛӨВЛӨЛТИЙГ САЙЖРУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
-
Монгол Улсын 2023 оны улсын хөгжлийн төлөвлөгөөнд боловсрол, шинжлэх ухааны салбарын бодлого, төлөвлөлттэй холбоотойгоор тусгах арга хэмжээ, үйл ажиллагааны төслийг нэгжүүдийн саналыг тусган нэгтгэж, Эдийн засаг, хөгжлийн яаманд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 1 сарын 13-ны өдрийн 1а/160 тоот албан бичгээр хүргүүллээ.
-
Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран сургалтын интерактив контент бүтээх төслийн багийн чадавхыг бэхжүүлэх сургалтыг 1 сарын 20-ны өдөр зохион байгууллаа. 2020-2021 оны хичээлийн жилд хүүхдийн сурлага, хөгжлийг дэмжих зорилгоор НҮБ-ын Хүүхдийн сангаас “Цахим аялал” нэртэй 104 жишиг интерактив хичээлийг Монгол контенттой хамтран бүтээсэн. Эдгээр хичээлийг казак, тува хэл, сонсгол болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд тохиромжтой хэлбэрээр бүтээж, хүүхэд бүрийг тэгш хамруулснаараа онцлог юм. Энэ хичээлийн жилд мөн сургуулийн өмнөх болон бага боловсролын цахим сургалтын контент бүтээх ажлыг эхлүүлээд байна. “Марчаахай” болон “Номадик Бэйр Гэймс”-ийн багтай хамтран нийт 60 сургуулийн өмнөх ба бага боловсролын контент бэлтгэхээр ажиллаж байгаагаас гадна тоглоомоор дамжуулан заах арга барилыг туршиж байна.
-
Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, их, дээд сургуулийн номын санд буй нийт ном, үүнээс гадаад хэлээр буй номын тоог түүвэр судалгаа хийн тогтоолоо. Судалгаанд нийт 1273 байгууллага хамрагдав. Үүнээс нийт 88 их, дээд сургуулийн 21 буюу 24%, 76 мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн 38 буюу 50%, 848 ерөнхий боловсролын сургуулийн 488 буюу 58%, 1454 цэцэрлэгийн 726 буюу 50 хувь нь тус тус хамрагдсан. 21 их, дээд сургуульд нийт 1972488 ном, үүнээс 703301 нь, 38 мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд 473371 ном, үүнээс 71258 нь тус тус гадаад хэлээр буй ном байна. 488 ерөнхий боловсролын сургуульд нийт 6875534 ном, үүнээс 274258 нь, 726 цэцэрлэгт нийт 215682 ном, үүнээс 11932 нь тус тус гадаад хэлээр буй ном байна. Их, дээд сургуулийн номын сан дах нийт номын 35.7, мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн номын сан дах нийт номын 15.1, ерөнхий боловсролын сургуулийн номын сан дах нийт номын 4.0, цэцэрлэгийн номын сан дах нийт номын 5.5 хувийг гадаад хэлээр буй ном тус тус эзэлж байна.
-
Гадаад хэлний сургалтын төвд суралцагчдын талаар судалгаа хийлээ. Судалгаанд нийт 259 гадаад хэлний сургалтын төв хамрагдсан. Үүнээс Нийслэлд 240 /92.7%/, Төв, Увс, Өвөрхангай, Баян-Өлгий, Ховд, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Баянхонгор зэрэг аймагт 19 /7.3%/ сургалтын төв байна. Одоогоор 117 сургалтын төв үйл ажиллагаа явуулж байна. Сургалтын төвүүд англи, орос, хятад, япон, солонгос болон бусад хэлээр гадаад хэлний сургалт явуулдаг байна. Сургалтын төвд нийт 13165 суралцагч хамрагдаж байна. Нийт суралцагчдын 5.5% нь 5-9, 12.9% нь 10-14, 37.5% нь 15-19, 24.2% нь 20-24, 12.0% нь 25-29, 7.9% нь 30-аас дээш насны суралцагч байна. Аймаг орон нутгийн сургалтын төвд 547 суралцагч суралцаж байгаа нь нийт суралцагчийн 4.2 хувийг, нийслэлийн сургалтын төвд 12618 суралцагч суралцаж байгаа нь нийт суралцагчдын 95.8 хувийг тус тус эзэлж байна.
-
Судалгааны их сургууль хөгжүүлэх төслийн бэлтгэл ажлын хүрээнд 2022 оны 1 сарын 26-27-ны өдрүүдэд “Монгол Улсын хөгжлийн сорилт ба шийдэл” үндэсний хэлэлцүүлгийг АХБ-тай хамтран цахимаар зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт их сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, аж ахуйн нэгж, ТББ-ны төлөөлөл оролцлоо.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалангаар ахлуулсан “Монгол хэлний тухай хуулийн хэрэгжилтийг улсын хэмжээнд нэгдсэн зохицуулалтаар хангах” чиг үүрэг бүхий ажлын хэсэг 1 сарын 14-ний өдөр хуралдаж, монгол бичгийн үндэсний хөтөлбөрт туссан 69 үйл ажиллагааг гурван чиглэлд хувааж, дэд ажлын хэсгүүдийг байгууллаа. Төрийн байгууллагууд албан бичгээ үндэсний болон крилл хос бичгээр явуулахын тулд:
-
Төрийн албан хаагчийг үндэсний бичгийн анхан, дунд, ахисан шатны сургалтыг зохион байгуулах
-
Үндэсний бичгийн гарын байрлалын стандарт, юникод, зөв бичих дүрмийн стандартыг боловсруулж байж үндэсний бичгийн хэрэглээ нэмэгдэнэ.
-
Монгол бичгийн үндэсний хөтөлбөрт туссан үйл ажиллагааг зохион байгуулж, үйл ажиллагааг эрчимжүүлэн яам, агентлагийн дарга нарт хариуцуулахаар тогтов. Ажлын үр дүнг ирэх гуравдугаар сарын 25-нд хэлэлцэхээр боллоо.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Холбооны Бүгд Найрамдах Герман Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч, Дэд сайд хатагтай Регина Рутенбергийг 1 сарын 14-ний өдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Монгол-Германы боловсролын салбарын хамтын ажиллагаа, Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн статусын талаар нухацтай ярилцаж, мэргэжлийн боловсрол олгох Магистрийн хөтөлбөр эхлүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо. Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургууль анх 2013 онд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн дээд сургуулийн статустай байгуулагдаж 2015 онд Их сургууль болж өөрчлөгдсөн төрийн өмчийн их сургууль бөгөөд 2021-2022 оны хичээлийн жилд 290 гаруй оюутан суралцаж байна. Уулзалтын үеэр хатагтай Регина Рутенберг Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийг Азийн бүсийн технологийн тэргүүлэгч сургууль болгохыг эрмэлздэг гэдгээ илэрхийлж, эрх зүйн таатай орчин бүрдүүлэхэд анхаарч ажиллахыг хүслээ.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л. Энх-Амгалан Монгол Улс дахь НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комланыг 1 сарын 11-ний өдөр хүлээн авч уулзлаа.
НҮБ-ын Хүүхдийн сангийн 2017-2021 онд улс орнуудад хэрэгжүүлсэн хөтөлбөрүүдийн үр дүнг дүгнэж, 2022-2027 он хүртэлх ирэх 5 жилийн хугацаанд улс орнуудад хэрэгжүүлэх төслүүдээ төлөвлөж байгаа цаг үед боловсролын салбарт хамтран ажиллах асуудлаар санал солилцож байгаад баяртай байгаагаа уулзалтын эхэнд Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан илэрхийлээд, хамтран ажиллах хэд хэдэн санал дэвшүүллээ. Үүнд:
-
0-3 настай хүүхдийн цогц хөгжлийг дэмжих хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
-
Боловсролын салбарын цахим шилжилтийг хэрэгжүүлэхэд тулгамдсан асуудал болох сургууль, цэцэрлэгүүдийн цахилгаан эрчим хүч интернэт холболтыг шийдвэрлэхэд GIGA төсөл дээр хамтарч ажиллах;
-
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон үндэсний цөөнхийн хүүхэд бүрийг тэгш хамран сургах гэсэн 3 чухал асуудалд хамтран ажиллахыг Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгчөөс хүслээ.
ГУРАВ. САЛБАРЫН БОДЛОГЫН ХЭРЭГЖИЛТИЙГ ЗОХИЦУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР:
-
Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Засгийн газрын агентлаг байгуулах тухай” 403 дугаар тогтоолын 5 дахь заалтыг үндэслэн Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн “Ажлын хэсгийг батлах тухай” А/12 дугаар тушаалыг боловсруулан батлууллаа.
Тус тушаал батлагдсанаар Боловсролын ерөнхий газар байгуулагдсантай холбогдуулан татан буугдсан Насан туршийн боловсролын үндэсний төв болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийнорон тоо, барилга, тоног төхөөрөмж, эд хөрөнгийг балансаас баланст шилжүүлэх, холбогдох байгууллагаас чиг үүрэг шилжүүлэх арга хэмжээг зохион байгуулах ажил хийгдэнэ.
-
Боловсролын салбарын төсвийн шинэчлэлийг хэрэгжүүлэхэд Нийслэлийн дүүргүүдэд бий болох ажлын ачааллыг шинээр байгуулагдах Боловсролын ерөнхий газрын чиг үүрэгт хуваарилахад анхаарах чиглэлээр нийслэл, дүүргийн Боловсролын газар, хэлтсийн даргатай онлайн уулзалтыг 01 сарын 19-ний өдөр зохион байгууллаа. Уулзалтад БШУЯ-ны Боловсролын нэгдсэн бодлого төлөвлөлтийн газрын дарга, Сургуулийн өмнөх боловсролын хэлтсийн дарга, Ерөнхий боловсролын хэлтсийн дарга болон нийслэлийн Боловсролын газрын дарга, орлогч дарга, дүүргүүдийн Боловсролын хэлтсийн дарга нар оролцож санал солилцлоо.
-
Боловсрол, шинжлэх ухааны яам, НҮБ-ийн Хүүхдийн сантай хамтран “Сургуулийн менежмент, технологи, манлайлал” сургалтыг нийслэлийн Баянзүрх дүүрэг, Өмнөговь аймгийн ерөнхий боловсролын сургуулийн 100 захирал, сургалтын менежерийг хамруулан зохион байгууллаа.
-
Статистикийн тухай хуулийн дагуу салбарын 2021 оны албан ёсны статистикийн мэдээ гарах хугацаа болсонтой холбогдуулан салбарын нийт байгууллагын Эрдэмтэн нарийн бичгийн дарга болон статистик мэдээ хариуцсан нийт 120 гаруй мэргэжилтэн нарт маягт бөглөх аргачлал болон цахимаар мэдээ цуглуулахад тулгардаг хүндрэлүүдийн шийдвэрлэлтийн тухай цахим сургалтыг БШУЯ-ны Цахим бодлого, статистикийн хэлтэс 01 сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
-
Монгол Улсын Засгийн газрын “Цахим засаглалд шилжих, хүнд суртал, авлигагүй төрийн үйлчилгээг бүрдүүлэх” ажлын хүрээнд төрийн зарим чиг үүргийг төрийн бус байгууллага, хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх боломжийг тодорхойлох судалгааг Удирдлагын академиас ирүүлсэн жишиг хүснэгтийн дагуу салбарын 26 байгууллагаас мэдээллийг авч нэгтгэн хүргүүллээ.
-
Коронавируст халдвар /КОВИД-19/-ын шинэ хувилбар болох “Омикрон” шинэ хувилбар болон томуу, томуу төст өвчний эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Улсын онцгой комисс, Засгийн газрын хуралдаанаас цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн танхимаар зохион байгуулах зохицуулалт хийхийг даалгасан. Үүнтэй холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайдын “Хичээл, сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийх тухай” 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн А/25 дугаар тушаал батлагдсан бөгөөд энэхүү тушаалыг хэрэгжүүлэхэд анхааран ажиллах чиглэлийг аймаг, нийслэлийн боловсролын газруудад хүргүүллээ.
-
Монгол Улсын Засгийн газрын 01 сарын 26-ны өдрийн хуралдаанаар бүх шатны боловсролын байгууллагын хичээл, сургалтын үйл ажиллагааг эхлүүлэх асуудлыг хэлэлцлээ. Мэргэжлийн байгууллагын тооцооллоор халдварын тохиолдол энэ сарын сүүл, хоёрдугаар сарын эхэнд оргил үедээ хүрнэ. Иймд хичээл, сургалтын үйл ажиллагааг дараах байдлаар эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Үүнд:
Сургуулийн өмнөх боловсрол:
-
Цэцэрлэгийн хичээл, сургалтын үйл ажиллагааг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс эхлүүлнэ. Цэцэрлэгт 3-5 настай хүүхдийг хамруулна. Цэцэрлэг өдрийн дэглэмийн дагуу 8-10 цаг ажиллана.
Ерөнхий боловсрол:
-
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 14-ний өдрөөс 5/9 зарчмаар эхлүүлнэ. Сургуулийн анги бүлгээс халдвар илэрч батлагдсан тохиолдолд тухайн анги бүлгийн хүүхдүүдийг танхимын бус сургалтад 3-5 хоног шилжүүлнэ. Хоёрдугаар сарын 28-ны өдрөөс 100 хувь танхимаар хичээллэнэ.
МСҮТ болон их, дээд сургууль:
-
Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын байгууллага, их, дээд сургуулийн хичээлийг хоёрдугаар сарын 7-ны өдрөөс зайн, цахим хэлбэрээр эхлүүлнэ. Харин хоёрдугаар сарын 28-ны өдрийн Даваа гарагаас танхимаар хичээллэнэ.
-
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Дархан-Уул аймгийн төрийн болон хувийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, ажилтны төлөөлөлтэй уулзлаа. Багш нарын төлөөлөл Боловсрол, шинжлэх ухааны сайдаас насан туршийн боловсрол, үдийн хоол, хувьсах зардал, цалин хөлс, багшийн хөгжил, сургуулийн өргөтгөл, хуулийн шинэчлэл зэрэг олон асуудлыг тодрууллаа.
ДӨРӨВ. ЗАСГИЙН ГАЗРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨРИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛЭЭР
-
Засгийн газрын 2021 оны “Их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 321 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймагт 1 сарын 22-ны өдөр ажиллалаа.
Орхон аймаг дахь ШУТИС-ийн харьяа “Эрдэнэт” дээд сургуулийг уул уурхай, технологийн чиглэлээр төрөлжүүлэн хөгжүүлэх ажлыг БШУЯ, “Эрдэнэт” ТӨҮГ-тай хамтран хэрэгжүүлэхээр болж 4 жилийн хугацаатай санамж бичиг байгууллаа.
-
Засгийн газрын 2021 оны “Их, дээд сургуулийг “Сургалт-эрдэм шинжилгээ-үйлдвэрлэлийн цогцолбор” болгон орон нутагт хөгжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 321 дүгээр тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллах ажлын хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Дархан-Уул аймагт 1 сарын 24-ний өдөр ажиллалаа.
Тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Дархан хотод цогцолборт оюутны байр, хичээлийн байр, инновацын төв, номын сан, инновац, технологи дамжуулах төв, туршилт судалгааны төв, их сургуулийн дэргэдэх эмнэлэг байгуулахаар төлөвлөсөн. Ажлын хэсэг шинээр оюутны хотхон байгуулах 30 га газартай танилцаж, аймгийн удирдлагууд газрын асуудлыг шийдвэрлэхээр боллоо.
Дархан дахь АШУҮИС-ийн дэргэд эмнэлэг байгуулж, 2030 он гэхэд 100 мянган хүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөжээ. Эмнэлэг барихад шаардлагатай 8,5 тэрбум төгрөгийн санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэж өгөхөө Боловсрол, шинжлэх ухааны сайд хэллээ.
-
Боловсрол, шинжлэх ухааны яам, Биеийн тамир, спортын хороо, Монголын Үндэсний олимпын хороо хамтран “Олимпизм-Спорт-Бие бялдрын хүмүүжил” сэдэвт үндэсний цахим чуулга уулзалтыг 1 сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтын хүрээнд олимпизм ба спорт, бие бялдрын хүмүүжлийн ажилд тулгамдаж буй асуудлыг онол, арга зүй, практикийн талаас хэлэлцэж, тодорхой үнэлэлт, дүгнэлт гаргах, харилцан уялдаатай хөгжүүлэх, өв тэгш хөгжилтэй иргэдийг бэлтгэн гаргах асуудлаар санал солилцов. 21 аймаг, 9 дүүргийн Боловсрол, соёлын газар, Биеийн тамир, спортын газар, Олимпын зөвлөл, ЕБС болон Спортын холбоод, Биеийн тамирын дээд сургууль, Спортын дунд сургуулиудын удирдлага, захирал, арга зүйч, мэргэжилтэн, багш, дасгалжуулагч 600 гаруй хүн оролцлоо.
-
Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Засгийн газар хоорондын байгуулсан “Хамтарсан Фулбрайт тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилт, үйлчилгээний хэлэлцээр”-ийг 1 сарын 27-ны өдөр шинэчлэн байгууллаа.
Боловсрол, шинжлэх ухааны яам анх 2010 онд АНУ-ын Олон улсын боловсролын хүрээлэнтэй Фулбрайтын “Тэтгэлгийн хэлэлцээр”-ийг байгуулж, байсан юм. Энэ цагаас хойш Монгол Улсын Засгийн газар жил бүр 10 суралцагчийг хамтарсан Фулбрайтын тэтгэлэгт хөтөлбөрөөр АНУ-ын шилдэг их, дээд сургуульд магистрын түвшинд суралцуулсаар ирсэн. Өмнө нь тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнууд Боловсролын зээлийн санд үл хөдлөх хөрөнгө барьцаалдаг байсан бол шинэчлэн байгуулж буй хамтарсан хэлэлцээрээр энэ шаардлагыг цуцалсан юм. Харин хөтөлбөрөө амжилттай төгссөн бүх суралцагчийг эх орондоо эргэн ирж 5 жил үр бүтээлтэй ажиллах заалтыг тусгалаа. Мөн АНУ-ын Засгийн газрын санхүүжилттэй, Монгол Улсын Засгийн газрын санхүүжилттэй гэж хоёр төрөлд хуваагдан, сонгон шалгаруулалтыг тусдаа зохион байгуулж ирснийг өөрчилж Монголын болон Америкийн талын хоёр хөтөлбөрийг нэгтгэж, сонгон шалгаруулалтыг хамтран зохион байгуулахаар тогтлоо.
-
Боловсрол, шинжлэх ухааны яам, Хятадын их, дээд сургуулиудын консорциум “Шилдэг боловсон хүчин бэлтгэх” хамтын ажиллагааны санамж бичигт 01сарын 27-ны өдөр гарын үсэг зурлаа.
Монгол Улсаас БНХАУ-д өнөөдрийн байдлаар 14 мянга орчим суралцагчид суралцаж буй бөгөөд энэ тоо жил ирэх бүр нэмэгдэж байгаа юм. Дэлхийд өрсөлдөх чадвартай шилдэг мэргэжилтэн, хөрвөх чадвартай хүний нөөцийг бүрдүүлэх нь “Шилдэг боловсон хүчин бэлтгэх” хөтөлбөрийн гол зорилго юм. Өнөөдрийн байдлаар БНХАУ-д суралцаж буй гадаад оюутны тоо 500 мянгад хүрээд байгаа аж. Хятадын их, дээд сургуулиудын консорциумд Бээжин, Шанхай, Харбин зэрэг 20 орчим хотын их сургуулиуд байдаг. Хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа өргөжиж байгаа нь боловсролын салбарт хамтарч ажиллах боломжийг бүрдүүлж байна. Цаашид багш, эрдэмтэн, судлаачдыг сургах, 2+2 хөтөлбөр зэрэг бусад хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ гэдгийг Хятадын их, дээд сургуулиудын консорциумын нарийн бичгийн дарга хэллээ.
Санамж бичиг байгуулах ёслолд Боловсрол, шинжлэх ухааны яамны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Ш.Нарантуяа, Боловсролын зээлийн сангийн дэд захирал Д.Гарди, Хятадын их, дээд сургуулиудын консорциумын нарийн бичгийн дарга, Шанхай их сургууль олон улсын сургуулийн захирал Во Гуо Чен, Хятадын их, дээд сургуулиудын консорциумын удирдлагын хорооны захирал Гао Жин тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо.
-
Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний эрхлэх асуудлын хүрээнд чиг үүрэг шилжсэнтэй холбогдуулан “Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль”-ийн 4 дүгээр зүйлийн 4.2 (Мэргэжлийн болон техникийн боловсрол олгох сургалт, түүнчлэн энэ хуулийн 4.1.4-т заасан үйл ажиллагааг хамтад нь мэргэжлийн боловсрол, сургалт гэж ойлгоно.)-т заасан хамрах хүрээний мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагыг шилжүүлэн авах ажлын хэсэг байгуулах Боловсрол, шинжлэх уханы, сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар багуулагадсан ажлын хэсэг орон нутаг дахь Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг хүлээн авах ажлын хэсгийн хүрээнд холбогдох албан тушаалтнууд орон нутагт томилолтоор ажиллалаа.
ТАВ. САНХҮҮ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ЧИГЛЭЛЭЭР
-
Боловсролын салбарын чанар, үр дүнд суурилсан төсвийн шинэчлэлийг 2022 оноос эхлүүлж, хэрэгжүүлж байгаатай холбоотой сургууль, цэцэрлэгийн санхүүжилтийн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас олгож эхэлсэн. Үүнтэй холбоотой төрийн болон орон нутгийн өмчит сургуулийн өмнөх боловсролын байгууллага, Ерөнхий боловсролын сургуулийн 2022 оны батлагдсан төсвийн 1 дүгээр сарын хуваарийг БШУС-н 2022 оны А/14 дүгээр тушаалаар батлуулж, Сангийн яамны төсвийн төлөвлөлтийн fiscal программ дээр байгууллага бүрээр шивж оруулан санхүүжилтийг олголоо.
-
БШУЯ, НҮБ-ын Хүүхдийн сан, Баянзүрх дүүргийн ЗДТГ хамтран 17-р хороонд 100 хүүхдийн хүчин чадалтай цэцэрлэгийг барьж 01 сарын 11-ний өдөр ашиглалтад орууллаа. Энэхүү цэцэрлэг нь бага насны хүүхдийн цогц хөгжлийг дэмжсэн загвар цэцэрлэг бөгөөд цэцэрлэгийн барилга нь дотоод орчны агаарын чанар, аюулгүй байдлыг хангасан хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлж байгаа онцлогтой.
-
2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс сургууль, цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагааг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд нийслэлийн Ерөнхий боловсорлын сургууль, цэцэрлэг, сургуулийн дотуур байрны тусгаарлах өрөөний халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах, дэмжих зорилгоор Боловсрол, шинжлэх ухааны яам, Монголын улаан загалмай нийгэмлэг хамтран АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, НҮБ-ийн Хүүхдийн сангийн санхүүжилтээр 1461 ширхэг ариун цэврийн багц олгох ажлыг зохион байгууллаа.
ЗУРГАА. ДОТООД АЖЛЫН ХҮРЭЭНД:
-
Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн биелэлтийн тайлан, Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт Боловсрол, шинжлэх ухааны салбарын чиглэлээр тусгагдсан арга хэмжээний 2021 оны хэрэгжилтийн тайланг тус тус гарган ЗГХЭГ-ын хяналт-шинжилгээ, үнэлгээний нэгдсэн системд хуулийн хугацаанд оруулж баталгаажуулж ажиллаа.
-
НҮБ-ын Хүүхдийн сан, WaSH Action ТББ-тай хамтран Бага насны хүүхдэд зориулсан “2 минут, 20 секунд аян”-ыг зохион байгуулж байна. Энэхүү аяны хүрээнд хүрээнд СӨБ-ын багш нарт амны хөндийн эрүүл ахуй болон гарын эрүүл ахуйн талаарх сургалтыг 1 сарын 18-19-ний өдрүүдэд цахимаар зохион байгууллаа. Сургалтад Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Өмнөговь аймаг, Нийслэлийн Баянзүрх дүүргийн цэцэрлэгийн багш нар оролцлоо.
-
Бичиг хэргийн эргэлтийн мэдээ: 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн байдлаар гаднын байгууллага, иргэдээс яаманд хандаж 760 хариутай бичиг, 78 шууд бичиг, 400 өргөдөл гомдол, нийт 1238 бичиг ирүүлсэн байна. 397 хариутай албан бичиг, 298 өргөдөл, гомдлыг шийдвэрлэж, нийт ирсэн бичиг, өргөдөл, гомдлын 60%-ийг шийдвэрлэж хариу өгсөн байна. Мөн 363 албан бичиг, 102 өргөдөл хугацаандаа судлагдаж байна. Яамнаас гаднын байгууллага иргэдэд хандаж 430 албан бичиг явуулсан байна.
-
Яаманд ирсэн албан бичиг, өргөдөл, гомдлыг хүлээн авч, бүртгэн нэгж бүрээр ангилах, шийдвэрлэлтэд хяналт тавих, 262227 утсаар хандсан гаднын иргэдэд мэдээлэл өгөх, яамнаас гаднын байгууллага, иргэдэд явуулж байгаа албан бичгийг хянах, эйбл программын хэвийн үйл ажиллагааг хангах, албан хаагчдад албан хэрэг хөтлөлттэй холбоотой мэдээлэл, зөвлөмжийг өгөх, цаг үеийн болон холбогдох тайлан, мэдээллийг хугацаанд нь гаргах, хүргүүлэх зэрэг ажлыг өдөр тутмын үйл ажиллагаандаа тогтмол хэрэгжүүлэн ажиллалаа.
-
Нийт ирсэн, явсан 1668 албан бичиг, өргөдөл, гомдлыг албан хэрэг хөтлөлтийн программд бүртгэж, цахим санг тасралтгүй нэмэгдүүлэн ажиллалаа.
-
Иргэд, төрийн бус байгууллагаас БШУЯ болон харьяа байгууллагад ирүүлсэн өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийн 2021 оны жилийн эцсийн тайланг нэгтгэн боловсруулж, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2/85 тоот албан бичгээр ЗГХАГ-т хуулийн хугацаанд нь хүргүүллээ.
-
2022 онд Архивын ерөнхий газраас зохион байгуулах төлөвлөгөөт сургалтад хамрагдах архив, албан хэрэг хөтлөлтийн ажилтны судалгааг харьяа байгууллагуудаас авч нэгтгэн нийт хамрагдах ажилтны судалгааг гаргаж, БШУЯ-ны Төрийн нарийн бичгийн даргын 2/176 тоот албан бичгээр Архивын ерөнхий газарт хүргүүллээ.
-
Засгийн газрын 2021 оны 403 дугаар тогтоолоор Боловсрол, шинжлэх ухааны сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Боловсролын ерөнхий газар байгуулагдсантай холбогдуулан тус агентлагийн Улсын бүртгэлийн гэрчилгээ авах хүсэлт, Тамга хийлгэх зөвшөөрөл авах хүсэлт, тэмдэг хийлгэх зөвшөөрөл авах хүсэлт, хэвлэмэл хуудас хэвлүүлэх зөвшөөрөл авах хүсэлтийг тус тус холбогдох байгууллагууд руу хүргүүлэн хариуг хүлээн авч, холбогдох албан хаагчид хүлээлгэн өглөө.