Боловсролын яам Азийн сантай бага насны хүүхдийн боловсрол, хөгжлийг номоор дамжуулан дэмжих зорилгоор “Хамтдаа уншицгаая” төслийн хүрээнд хамтран ажиллах санамж бичигт Боловсролын сайд П.Наранбаяр, Азийн сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч Сара Тэйлор нар гарын үсэг зурлаа.
Хамтын ажиллагааны хүрээнд талууд сургуулийн өмнөх боловсролын сургалтын үндэсний хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгийн сургалт, үйл ажиллагаанд үр дүнтэй чанга уншлагын аргачлалыг нэвтрүүлж, багш нарын чадавхыг бэхжүүлэх сургалт арга зүйд дэмжлэг үзүүлэх, эцэг эх, асран хамгаалагч нарт бага насны хүүхдэд ном уншиж өгөхийн ач холбогдлыг ойлгуулан таниулж, хүүхдэд ном уншиж өгөх дадлыг хэвшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа хамтран хэрэгжүүлэх юм.
Азийн сан нь Лоринэт сангийн дэмжлэгтэйгээр “Хамтдаа уншицгаая” төслийг хэрэгжүүлнэ.